Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/671

 

 

 

 

 

 

 

 

 2021         06         03                                    2021/ШЦТ/671

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-т холбогдох эрүүгийн 2106 00000 0994 дугаартай хэргийг шүүх 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Их Уул ХХК-д дотоод засал чимэглэлийн ажилтан ажилтай, ам бүл 3, эмээ, ээж, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22а байр 113 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,

Нийслэлийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн шүүхийн 53 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Ц.Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Г-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зурагтын төхөөрөмжөөр толгойн зулайн хуйх хэсэгт, баруун мөр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр  хохирогч О.Г-гийн мэдүүлэг /хх-08-11, 13/, гэрч С.Одгэрэлийн мэдүүлэг /хх-19/, гэрч Д.Отгонбаярын мэдүүлэг /хх-22/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3448 дугаартай дүгнэлт /хх-25-26/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Г-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зурагтын төхөөрөмжөөр толгойн зулайн хуйх хэсэгт, баруун мөр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-1-2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Г-гийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сэтгэшгүй” гэх эмнэлэгт барилгын дотор заслын ажил хийж байгаа 2 эрэгтэй найз болох Ц.Б, Отгоо хоёр дээр очсон...Тэндээс гарч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархаданд байрлах Ц.Б гэх залуугийн эгчийнх нь эзэнгүй гэрт ирсэн...Тэгсэн чинь Ц.Б уурлаж орон дээр хэвтэж байсан над руу дайрч зурагтын хар төхөөрөмжөөр миний баруун мөр, гар, бугуй, сарвуун тус газар цохисон. Мөн миний толгойг хагалсан...Надад одоо санал хүсэлт байхгүй. Миний бие хэвийн болсон.” гэх мэдүүлэг /хх-8-11, 13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Одгэрэлийн өгсөн: “...Тэгээд хаалгаар дөнгөж орж ирээд үүдний өрөөнд зогсож байтал Гантуяа хажууд сандал дээр хэвтэж байсан. Тэгтэл Ц.Б нөгөө өрөөнөөс зурагтын хар төхөөрөмж аваад Гантуяа руу шидэхэд толгойг нь оноод хагалсан.” гэх мэдүүлэг /хх-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонбаярын өгсөн: “...Ц.Б юм аваад Гантуяа руу шидэх шиг. Тэгээд Гантуяагийн толгойд нь оноод би одоо больцгоо гээд байж байтал Гантуяа Одгэрэл 2 гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-22/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3448 дугаартай дүгнэлтэд:

1. О.Г--н биед зулайн хуйхны язарсан шарх, баруун мөрний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-25-26/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Г-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зурагтын төхөөрөмжөөр толгойн зулайн хуйх хэсэгт, баруун мөр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч О.Г нь гомдол саналгүй, эмчилгээний бүх зардлыг авсан болохоо бичгээр илэрхийлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Хохирогч О.Г нь хохирлоо барагдуулсан талаар бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн ба шүүгдэгч Ц.Б-ийн зүгээс хохиролд 366.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хохирол төлбөрөө нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ц.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Ц.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС