Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00074

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01275 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1884 дүгээр магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 50.850.930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрахын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Х ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н-77 тоот Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч Х ХХК-д HD120 крантай автомашин нэг ширхэг, HD72 крантай автомашин нэг ширхэгийг тус тус хүлээлгэн өгөх, Хасу Мегаватг ХХК нь HD120 крантай автомашин, HD72 крантай автомашины үнэ тус бүр 176.000.000 төгрөг, нийт 352.000.000 төгрөгийг 6.667.287 төгрөгийн хүүгийн төлбөрийн хамт гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж уг автомашинуудыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Худалдан авагч нь HD72 маркийн автомашины урьдчилгаа төлбөрийг хугацаандаа төлсөн боловч үлдсэн 70 хувийг төлөхдөө гэрээгээр тохиролцсон хугацаанд төлж дуусгаагүй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулан баталсан.

Гэвч өөрчлөлт оруулсан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, 2017 оны 2 дугаар сарын 02, 3 дугаар сарын 02, 8 дугаар сарын 31,11 дүгээр сарын 13, 12 дугаар сарын 01, 12 дугаар сарын 28, 2018 оны 1 дүгээр сарын 03, 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд нийт 132.100.000 төгрөгийг /үндсэн болон хүүгийн төлбөрт/ төлж, үлдэгдэл болох үндсэн төлбөрт 50.567.287 төгрөгийг төлж барагдуулаагүй. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу алданги нь 25.283.643 төгрөг, нийт төлбөр 75.850.930 төгрөг болоод байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчаас 25.000.000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 25.567.287 төгрөгийг, алданги 25.283.643 төгрөг нийт 50.850.930 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр автомашин худалдах, худалдан авах тухай Н-77 тоот гэрээ байгуулсан. Манай компанид шаардлагатай HD72 маркийн крантай автомашин тухайн компанийн агуулахад бэлэн байгаагүй тул захиалга өгч төлбөрийн урьдчилгаа 30 хувь буюу 52.800.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн. Х ХХК-тай байгуулсан Н-77 тоот гэрээгээр хүлээсэн автомашины төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн урьдчилгаа 52.800.000 төгрөгийг оруулаад 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл 10 удаагийн төлөлтөөр 157.100.000 төгрөг буюу гэрээгээр хүлээсэн үүргийн үнийн дүнгийн 86 хувийн төлбөр хийсэн нь санхүүгийн баримтаар нотлогдоно. Манай байгууллагын зүгээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 25.567.287 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах саналаа Х ХХК-ийн удирдлагад уламжилж, шүүхээс нэхэмжлэлээ татах санал хүргүүлсэн боловч бидний саналыг хүлээж аваагүй. Төлбөрийн үлдэгдэл 25.567.287 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, алданги 25.283.643 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01275 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас бүгд 50.850.930 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1884 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1884 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-д заасан эрх үүргийн хэмжээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд нэмэлт шаардлагатай нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх зохигчид, эдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн цуглуулсан нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэх явцад шүүхийн зүгээс нэмэлт шаардлагатай нотлох баримт хэрэгтэй эсэхийг шүүгч өөрийн итгэл үнэмшлээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх дутуу үнэлсэн.

Талуудын хооронд байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээний 7.5 дахь заалт бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д заасны дагуу анз шаардах эрхийг үүсгэж байгаа болохоос анз төлүүлэх тухай заалт биш юм. Харин талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний 7.5 дахь заалтаа үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу анз (алданги тооцох гүйцэтгээгүй үүргийн дүн, хугацаа, хувь хэмжээг тогтоосон)- нь гэрээг бичгээр байгуулах ёстой байсан.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1884 дүгээр магадлалыг бүхэлд хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01275 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаарх гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, төлбөрийн үлдэгдэл 25.567.287 төгрөг, алданги 25.283.643 төгрөг нийт 50.850.930 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч “Х” ХХК төлбөрийг бүрэн төлсөн, алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр зохигч талууд HD120 болон HD72 крантай автомашиныг тус бүр 176.000.000 төгрөгөөр буюу нийт 352.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохирчээ.

Уг гэрээний дагуу хариуцагч HD120 крантай машиныг хүлээн авч, төлбөрийг бүрэн төлсөн, энэ талаар маргаагүй байна.

Харин HD72 автомашины үнийг төлсөн эсэх, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Гэрээний 4.2.2-т зааснаар хариуцагч нь HD72 автомашины урьдчилгаа төлбөр 30 хувийг худалдагчийн нэхэмжлэхийг үндэслэн хуанлийн 3 хоногийн дотор төлж, үлдэгдэл 70 хувийг барааг хүлээн авахаас хуанлийн 1 хоногийн өмнө төлөхөөр тохирсон ба үнийг

хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр гэрээний 7.5-т заажээ.

“Х” ХХК нь HD72 машиныг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, акт үйлджээ /хэргийн 18 дугаар тал/.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...хэргийн оролцогч нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-т зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой...” гэсэн нь хуульд нийцээгүй байна.

Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т заасан. Энэ тохиолдолд үүрэг солиход эрх зүйн үр дагавар өөр болох тул энэ талаар талууд тохиролцох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зохигчид худалдах-худалдан авах гэрээний зүйл, үнэ төлөх журам, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлагын талаар харилцан тохиролцсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх “...худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлээр худалдах, худалдах авах гэрээний үүргээр /гэрээ-2/ сольсон, ...хариуцагч нь нэхэмжлэгчид алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь баримтаар нотлогдоогүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 8 дугаар сарын 15-ний өдөр төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулан баталсан талаар дурдсан ба хариуцагч төлбөрийг тохирсон хугацаанд төлсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн энэ тохиолдолд хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1884 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрахын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 284.370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ