Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0209

 

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 970 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2019/0995/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Л” ХХК-иас “нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 970 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1 Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д “... “Л” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/54 дүгээр захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн 2.0 га газар нь 1996 оны А/140 дүгээр захирамжаар олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар “Н төв” эзэмших эрхийг нь баталгаажуулсан 2152.0 га газартай бүхэлдээ давхцалтай байсан болох нь тогтоогдож байна ...” гэжээ.

Гэтэл бодит байдал дээр 2000 онд анх нэхэмжлэгч компани тухайн газрын хууль ёсоор эзэмшиж эхэлсэн бөгөөд энэ үед уг газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байсан газартай ямар нэгэн байдлаар давхцал үүсээгүй байсан атал анхан шатны шүүх тухайн үйл баримтад бодитоор хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.

2000 онд ОУ-ын Н төвийн 2152.0 га эзэмшил газар нь байршлын хувьд уулын баруун энгэрт, харин “Л” ХХК-ийн 2.0 га эзэмшил газрын байршил нь уулынхаа зүүн энгэрт байсан бөгөөд “Л” ХХК болон Н төвийн эзэмшил газруудын хоорондын зай давхцах ямар боломжгүй, Н төвийн газрын хэмжээ одоогийнхоос бага байсан зэрэг нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй.

Мөн “Л” ХХК-д 2000 онд анх газар эзэмшүүлэх эрх олгохдоо Н төвийн газартай давхцуулж олгосон талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүйгээс гадна Н төвийн эзэмшил газар нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн баримтаар нотлогдон тогтоогдсон.

Гэтэл шүүх нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн байршлын зургийг үндэслэн Н төвийн газартай давхцуулан “Л” ХХК-д газар олгосон гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтыг үзвэл “Л” ХХК-д анх 2000 онд газар эзэмших эрх олгох үед болон 2015 онд уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үед ч газрын давхцал үүсээгүй байсан атал анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшлийн газар давхцалтай гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

3.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5, 6 дахь хэсэгт “...Эрх бүхий этгээдийн тухайн бүс нутгийг байгалийн цогцолборт газраар тогтоож, нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшүүлэхтэй холбоотой дүгнэлт гараагүй байхад А/218 дугаар захирамжаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь хуульд нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

Тодруулбал, А/218 дугаартай захирамж нь ямар хуулийн заалттай хэрхэн нийцээгүй талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй төдийгүй маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдаагүй, талуудын маргаж, мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг тус тус үндэслэж гарсан бөгөөд “нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшихтэй холбоотой дүгнэлт гараагүй байхад газар олгосон нь буруу” гэх үндэслэлийг огт заагаагүй болохыг анхаарч үзэхийг хүсье.

3.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар тухайн актыг гарснаас хойш 5 жил өнгөрсөн байх атал уг актыг хүчингүй болгосон нь буруу гэх үндэслэлээр мэтгэлцсэн.

Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг огт анхаарч үзээгүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй.

Үүнээс гадна хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуульчлан тогтоосон.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж, зохих тайлбар, баримт гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг “Л” ХХК-д хуульд заасан арга, хэлбэрээр хүргүүлсэн талаар нотлох баримтгүй байх атал анхан шатны шүүх “...Холбогдох тайлбар гаргах, бичиг баримт ирүүлэх хугацаа тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдлийг “Л” ХХК-д хүргүүлсэн болох нь явуулсан бичгийн бүртгэлд тэмдэглэсэн байна” гэх хийсвэр дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг “Л” ХХК-д хүргүүлсэн гэдгээ шүүхийн өмнө нотолж чадаагүй. Нэхэмжлэгч “Л” ХХК нь Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй буюу эрх бүхий байгууллага, түүний албан тушаалтнаас олгосон эрхийн хүрээнд тухайн газрыг эзэмшиж, уг газарт газрын дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн атал 19 жилийн дараа захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт туйлын их гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 970 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Л” ХХК-иас “нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар “... “Н төв”-ийн орчинд бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан газар олгосон...” гэх үндэслэлээр нэр бүхий 24 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч “Л” ХХК-ийн газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацааг сунгасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамж багтсан байна.

2.3. Анх нэхэмжлэгч “Л” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/54 дүгээр захирамжаар “Н” зуслангийн зүүн талын энгэрт зуслангийн байр барих зориулалтаар 2.0 га газрыг эзэмшүүлж, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилээр сунгасан байх ба нэхэмжлэгчээс “2000 онд анх нэхэмжлэгч компани тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн бөгөөд уг газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байсан газартай ямар нэгэн байдлаар давхцал үүсээгүй байсан” гэж тайлбарлан маргажээ.

2.4. Гуравдагч этгээд “Н төв”-ийн эдэлбэр газрын баталгаат хэмжээг нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар газрын хэмжээг 2152 га болгож газар эзэмших эрхийг шинэчлэн тогтоосон байна.

2.5. Улмаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар тогтоолоор Бага Хэнтийн нурууны баруун урд төгсгөл хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт Баянголын хөндийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний 482 дугаар захирамжаар “Н төв”-д 970.5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд гуравдагч этгээдээс 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/21 дүгээр албан бичгээр “газрын хэмжээг 970.5 га гэж бичсэн нь ташаа болсон, ... тус төвийн эзэмшил газрын хэмжээг 1225 га болгон залруулж гэрчилгээг шинэчлүүлэх”-ээр нийслэлийн Газрын албанд ханджээ.

2.6. Ийнхүү нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар газрын хэмжээг 1225 га болгон өөрчилсөн ба “Н төв”-өөс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажилчдын орон сууцны зориулалтаар барилга барьсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжаар 1225 га газрыг хүүхдийн зуслан, орон сууц, зуслангийн зориулалтаар дахин баталгаажуулж, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.7. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “Л” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/54 дүгээр захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн 2.0 га газар нь 1996 оны А/140 дүгээр захирамжаар олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар “Н төв” эзэмших эрхийг нь баталгаажуулсан 2152.0 газартай бүхэлдээ давхцалтай байсан болох нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн байршлын зургаар тогтоогдож байна” гэх үндэслэлтэй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

2.8. Тодруулбал, “Л” ХХК-д олгосон газар нь “Н төв”-ийн эзэмшил газрын дунд байрлалтай байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2000 онд Н төвийн 2152.0 га эзэмшил газар нь байршлын хувьд уулсын баруун энгэрт, харин “Л” ХХК-ийн 2.0 га эзэмшил газрын байршил нь уулынхаа зүүн энгэрт байсан “Л” ХХК болон Н төвийн эзэмшил газруудын хоорондын зай давхцах ямар боломжгүй” гэж давж заалдах гомдолдоо дурдах боловч энэ нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн байршлын зургаар няцаагдаж байна.

2.9. Эдгээрээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж “Л” ХХК-д газар эзэмшүүлсэн гэж үзэхээр байх тул хариуцагч нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

2.10. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “хариуцагч тал сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг “Л” ХХК-д хүргүүлсэн гэдгээ шүүхийн өмнө нотолж чадаагүй” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01-06/2803 дугаар албан бичиг болон тус газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр зэргээр няцаагдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН