Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2017/00024

 

   “Тулга констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 “Сүхжин” ХХК-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Доржмягмар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, Р.Ганчулуун, хариуцагчийн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00451 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор “Тулга констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Сүхжин” ХХК-д холбогдох “гэрээний үүргийн биелэлт 143`000`000 төгрөг, алданги 71`500`000 төгрөг, нийт 214`500`000 төгрөг гаргуулах тухай”, “гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 120 айлын орон сууцны засварт гарсан зардлын 180`019`036 төгрөгийг хувь тэнцүүгээр тооцон 90`009`518 төгрөг, алданги 45`004`759 төгрөг нийт 135`014`277 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус компанид инженерээр ажилладаг. Миний хувьд “Тулга констракшн” ХХКомпанийг төлөөлөн “Сүхжин” ХХКомпанитай Хамтран ажиллах гэрээ байгуулан 120 айлын хоёр орон сууц барихаар тохиролцож угсралтын ажлыг манай тал хийж, дотоод засал чимэглэлийг “Сүхжин” ХХКомпани хийхээр гэрээгээр тохиролцсон. Хуучин хоёр барилга буулгах ажлыг манайх гүйцэтгэсэн. Хоёр барилга нь 10 орцтой 5 давхар байшин байсан. Бид дөрвөн орцтой 60 айлын хоёр орон сууцыг угсрах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан. Энэ гэрээндээ ашгаа 50:50 хувиар хувааж авахаар тохирсон. Эхний барилга ашиглалтанд орсны дараа тохиролцоо хийж уулзалт протокол хийхэд ашиг өгөхийг эдний тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Нэг барилга 3,6 тэрбум төгрөг болсны ашиг 1.9 сая төгрөгөөр ярьсан. Гэвч эдний компани санхүүгийн хүндрэлтэй байна, НӨТ төлнө гэхээр нь ашгаа манайх 1,7 сая төгрөгөөр тохирсон. Бид 2010 онд Дорноговь аймагт энд барьж байгаа барилгатай ижил барилга буулган орон сууц бариад 1 м2-ийг 350,0 мян төгрөгөөр өгөхөд адил хэмжээний ашиг гарч байсан. Тэр үед Шивээ-Овоо сумаас байшингаа буулгаж 250 км-т зөөвөрлөж байхад ийм хэмжээний ашигтай байсан. Тухайн үед буулгасан барилгын хоёр орц, нэг суурь үлдсэн боловч байхгүй болсон. “Сүхжин” ХХК-иас яасан талаар асуухад тэд дээрх барилга барихад оруулсан гэсэн. Үүнийг нэхэмжлээгүй байгаа. Зөвхөн тохиролцсон ёсоор 700`000`000 төгрөгийн ашгаас “Сүхжин” ХХКомпани нь 560`000`000 төгрөг шилжүүлсэн байгаа одоо үлдэгдэл 143`000`000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй алданги 71`500`000 төгрөг нийт 214`500`000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Бид “Сүхжин” компаний захирал Дэлгэрмаатай удаа дараагийн уулзалт хийж ашгаа төлөх талаар уулзалт протокол хөтөлсөн байгаа. “Сүхжин” ХХКомпаний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 4.2 нь барилга угсралтын ажлын явцад гарах эрсдлийг заасан байгаа. Нэхэмжлээд байгаа шаардлага нь барилга барих явцад биш барилга ашиглалтанд орсны дараа нь гарсан эрсдэл учир манай компани хариуцахгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. “Сүхжин” ХХКомпани нь удаа дараагийн уулзалт-протоколоор ашиг 700`000`000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч баталгаа гаргаж байсан. Гэрээний 1.3-т зааснаар манай компани нь “Чойбалсан хотын төвд 2 ширхэг 60 айлын орон сууцны барилгыг 2010 оны 05 сард угсарч бэлэн болгоно. Барилга угсралтын ажилд шаардагдах цамхагт краныг тээвэрлэн суурилуулах ажлыг хариуцна” гэсний дагуу дээрх ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Манай компани угсралтын ажиллагааны явцад гарсан алдагдлыг хариуцахаар гэрээнд заасан. Харин ашиглалтын явцад үүссэн эрсдлийг гэрээнд заагаагүй учир хариуцахгүй, хамаагүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай хоёр компани Хамтран ажиллах тухай гэрээ байгуулан 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийж барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцож барилгын ашгийг адил хэмжээгээр хувааж авахаар тохирсон юм. “Сүхжин” ХХКомпаний өмч болох Хэрлэн сумын 1-р багт байрлах хуучин Орос цэргийн ангийн барилга болох 5 давхар угсармал барилга, түүнчлэн “Тулга констракшн” ХХКомпаний өмч болон мөн багт байрлах 5 давхар угсармал барилгыг буулгаж улмаар Хэрлэн сумын 6-р багт байрлах манай компаний эзэмшлийн газарт 60 айлын хоёр орон сууцыг барихаар гэрээ байгуулсан юм. Дээрх хоёр угсармал барилгын буулгах ажлыг “Тулга констракшн” ХХКомпани хариуцаж буулгасан, хавтгайлжийг тээвэрлэх ажлыг манай компани хариуцан ажилласан. Чойбалсан хотод баригдах 120 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр барихаар гэрээнд заасан боловч “Тулга констракшн” ХХКомпани нь тус барилгын ажилд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Манай компани нь 120 айлын орон сууц барих ажилд нийт 2`380`829`326 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс борлуулалтын орлого 3`581`445`020 төгрөг үүнээс хөрөнгө оруулалт 2380829326 төгрөгийг хасч цэвэр ашиг 1`200`615`694 төгрөг болсон. Уг цэвэр ашгийг гэрээний дагуу хоёр хуваахад нэг компанид 600`307`847 төгрөг болсон. Манай компани нийт 18 удаагийн шилжүүлгээр 645`000`000 төгрөгийг “Тулга констракшн” ХХКомпанийн дансанд шилжүүлж, барилгын ажилд хяналтын ажил гүйцэтгэсэн барилгын инженерийн ажлын хөлсөнд 15`000`000 төгрөг бэлэн олгож нийт 660`000`000 төгрөгийг тус компанид ашигт тооцон өгсөн. Тус барилга барих ажиллагаанд “Тулга констракшн” ХХКомпани нь таван хүн ажиллуулна гэсэн боловч хоёр хүн л байж байгаад явсан. Энэ барилгыг барихад манай компаний 90 гаруй ажилтан, ажилчид ажилласан. “Тулга констракшн” ХХКомпани нь ашгаа хийсвэр тоогоор тооцож 700`000`000 төгрөгийн ашиг нэхээд байгаа болохоос өөрсдөө уг барилгыг барихад оролцоогүй шүү дээ. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг барилгын дээврийг төмрөөр хийгдэх зураг төсөвтэй байсан боловч “Тулга констракшн” ХХКомпаний инженер техникийн ажилтан нь зардал өндөр гарна гэж орчин үеийн шинэ технологи ашиглаж хийнэ бид мэргэшсэн гэсний үндсэн дээр барилгын хавтгай дээвэрт нь хар цаас наалгүйгээр уур тусгаарлагч материал ашиглаж дээврийг хийсэн. Гэтэл ашиглалтанд ороод нэг жил болоогүй л ус гоожсон, мөн барилгын суурийг буруу алдаж гүн хийснээс болж байрны орцонд их хэмжээний ус орж барилга суулт өгч хагарч эхэлсэн. Энэ бүгдийг манай компани дахин зардал гаргаж засварласан. Барилгын тухай хуулийн дагуу чанарын баталгаа 3 жил байхаар заасны дагуу бид хариуцсан. Иймд энэ ажилд гарсан зардал, тохижилт үйлчилгээнд зарцуулсан нийт зардлыг тооцоод 180`019`036 төгрөг гарсаны 50 хувь 90`009`518 төгрөгийг гэрээний дагуу “Тулга констракшн” ХХКомпани төлөх ёстой. Гэтэл төлөхгүй байгаа учир гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж алданги 45`004`759 төгрөгийг нэхэмжилж байна. Иймээс тус компаниас нийт 135`014`277 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00451 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11-д тус тус заасныг баримтлан “Тулга констракшн” ХХКомпаниас 90009518 төгрөгийг гаргуулан “Сүхжин” ХХКомпанид олгож, “Тулга констракшн” ХХКомпаний нэхэмжлэлийн шаардлага 214`500`000 төгрөгийг бүхэлд нь, “Сүхжин” ХХКомпаний нэхэмжлэлийн шаардлагаас 45`004`759 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 138/ШЗ2016/03354 дугаартай Хүсэлт хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2015 оны 08 сарын 05-ны өдрийн 1492 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Тулга констракшн” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1`388`400 төгрөгийг, “Сүхжин” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833`021 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Тулга констракшн” ХХКомпаниас 607`998 төгрөгийг гаргуулж “Сүхжин” ХХКомпанид олгож, “Тулга констракшн” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157`950 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, А.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун нар давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 90009518 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв талаас нь бодитой үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч талыг “хамтын ажиллагаанаас олсон ашгаа хэрхэн тооцож 700000000 төгрөг авахаа ...нотлох баримтаар нотолж чадаагүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Тухайлбал: №2010/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу олсон ашгаас 700 сая төгрөгийг манайд хуваарилах тухай 2012 оны 02 сарын 24-ний өдрийн уулзалтаар Дорнод аймагт баригдсан 120 айлын орон сууцны барилгын Хөрөнгө оруулалт, ашгийн хуваарилалтын талаар ярилцан тохиролцсон тухай Уулзалтын протокол хавтаст хэргийн 4 дэх хуудаснаа авагдсан бөгөөд энэ тооцоог баталж 2012 оны 11 сарын 15-ны өдөр дахин хийсэн уулзалтын тэмдэглэлд “Захирал Дэлгэрмаа: Нябо нар тооцоогоо хийнэ биз, одоо 640 сая төгрөгийн үлдэгдэл байгаа өгнө.” гэж үүрэг хүлээн 2 компанийн удирдлагын түвшинд хэлэлцэн тохирч харилцан баталж гарын үсэг зурсан нотлох баримтыг огт үнэлээгүй байна. Мөн хавтаст хэргийн 12 болон 16-р хуудаснаа 2 компанийн нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн акт болон хариуцагч компанийн “нягтлан бодогч Нараа” гэж гарын үсэг зурсан манай компанид холбогдох тооцоог манайд шилжүүлсэн мөнгөн дүнгээр 700 сая төгрөгөөс хасч 143 сая төгрөгийн үлдэгдэл тооцоо байгааг баталсан бусад нотлох баримтуудыг огт үнэлсэнгүй.

2. “Нэхэмжлэгч нь хамтын ажиллагаанаас олсон ашгаас 700 сая төгрөгийн ашгийг авах ёстой талаар шүүхэд нотолж чадаагүй байх тул...” гэж анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж энэ үндэслэлээр “гэрээний дагуу алданги тооцох үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.

...Эхний барилгыг ашиглалтад оруулсан байдлаар хийгдсэн тохиролцоог нотлох зориглоор шүүхэд гарган өгсөн 2012 оны 02 сарын 24-ний өдрийн Уулзалтын тэмдэглэлд Д.Дэлгэрмаа захирал 2 дугаар барилгад зардалд 450 сая төгрөгийн зардал гараад дуусна, эхний барилгын ашгийн үлдэгдэлд 300 сая төгрөг өгнө, 1.5 турбум төгрөг орж ирнэ гэж тоо баримт гарган ярьсан нь хариуцагчийн тус барилгад 2.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэх тайлбартай зөрж байгаа болно. Хариуцагчийн 2 барилгад манай компанийг нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, мөнгө шилжүүлсэн баримт байхгүй гэх тайлбар ч мөн үндэслэлгүй юм. Хариуцагчийн хамтран ажиллаж гэрээний дагуу гаргасан гэх зардлууд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдоогүй, Д.Дамдимаа шинжээчийн дүгнэлт ч үндэслэлгүй болохыг тогтоосон болно.

Хариуцагч компани манайд олговол зохих 143 сая төгрөгийн тооцоог хийхдээ Хамтран ажиллах гэрээний дагуу авах ашгийн мөнгийг 700 сая төгрөгөөр тооцож энэ үнийн дүнг баримтлан манайд шилжүүлсэн мөнгийг хасч тооцон үлдэгдлийг баталгаажуулж байсан байхад ямар үнийн дүнгээс тооцож үлдэгдэл гэж баталгаажуулж байсан гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй, зүгээр л нэхэмжлэгч тооцоог нотолж чадсангүй гэж товч дүгнээд алданги тооцох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Хариуцагчийн 2380829326 төгрөгийн зардал гаргасан гэж хуурамч баримт материал шүүхэд гарган өгч, зардлыг үндэслэлгүйгээр зориуд нэмэгдүүлсэн байхад шүүх дүгнэлт хийж чадсангүй. Тухайлбал: Хавтаст хэргийн 144 дүгээрт авагдсан Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болон “Сүхжин” ХХК-иас энэ гэрээний дагуу гүйцэтгэгч “Аварга Геопроект” ХХК-д 2275000 төгрөг төлсөн гэх баримт нь илтэд хуурамч, зах зээлийн ханш нь 200 гаруй мянган төгрөгийн ажлыг 2 сая төгрөг болгосон, мөнгө хүлээн авсан бус өөрсдийн зарлагын баримтыг шүүхэд гарган өгсөн нь ажил гүйцэтгэгч “Аварга Геопроект” ХХК-ийн захирал Ц.Ганхуягийн нэрийг ашиглан зардалд хуурамч баримт бүрдүүлсэн, түүнчлэн хэргийн 91-р хуудсанд авагдсан 27 сая төгрөг шилжүүлсэн баримтыг банкны дансны хуулгаар шүүж үзэхэд манай дансанд орж ирээгүй, хуурамч болох нь илэрч байна.

4. Шинжээч нягтлан бодогч Д.Дамдимаа “Сүхжин” ХХК-ийн үйл ажиллагааны зардал 2010-2012, 2015 оны нийт хугацаанд хариуцагч компанийн гаргасан нийт зардлыг маргаж байгаа 64, 65 дугаар байрыг ашиглалтад оруулахад гаргасан зардал мэтээр дүгнэсэн бөгөөд энэ шинжээчийн дүгнэлтээр энэ барилгад ажилласан хүмүүст зөвхөн цалинд 457,6 сая төгрөг олгосон гэж тооцогдсон байна. Түүнчлэн “Сүхжин” ХХК нь энэ хугацаанд 159,5 сая төгрөгийн шатахуун, барилгын материалын үнэ 1260 сая төгрөгийн зардал гаргасан байж болох боловч яг маргаж байгаа 2 барилга барих ашиглалтад оруулах ажилд зарцуулсан гэдгийг хэрхэн тогтоосон нь тодорхой бус, орон нутгийн нутаг нуга, танил талын хүрээнд ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр үндэслэлгүй болох нь тодорхой байгаа болно.

5. Анхан шатны шүүх хавтаст хэргийн нотлох баримттай танилцах боломж олгоогүй, манай компанийн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, А.Батжаргал нарыг шүүх хуралд нотлох баримттай танилцуулалгүй оролцуулсан нь талуудын мэтгэлцэх тэгш эрхийг нь хангах хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батжаргал шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2017 оны 05 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос ирж хэргийн баримт материалтай танилцаж хуулбар хийж авснаар бид хэрэгт “Сүхжин” ХХК-ийн зардлын хуурамч баримт материал бүрдүүлэн хуваарилагдах ашиг бууруулах хууль бус ажиллагаа явуулсныг мэдсэн болно. ...

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ... манай гаргаж өгсөн баримтыг хүргүүлсэн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд манай компани өмгөөлөгч Р.Ганчулуунаар дамжуулан өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын буюу “Үүрийн туяа” хотхоны барилгын хавтангийн тоо хэмжээг харьцуулсан баримт, барилгын зургийг нотлох баримтаар гарган өгсөн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батжаргалыг хэргийн баримттай танилцахад ч байхгүй байсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч нарын 039 дугаартай дүгнэлт, журнал, гэрээ нийт 129 хуудас, 5 хавтас баримт материалыг хүргүүлсэн гэх боловч анхан шатны шүүхэд хэргийн баримт ердөө 2 хавтас байгаа нь тодорхой бус байдлыг шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байгааг анхаарч үзнэ үү.

7. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хариуцагч “Сүхжин” ХХК-ийн ажил гүйцэтгэсэн зардлаар бус харин ажлын төсөвт заагдсан үнийн дүнгээр ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Тухайлбал, сөрөг нэхэмжлэлд дурдагдсан тоглоомын талбай тохижуулах ажил нь барилга угсралтын болон ашиглалтад оруулахтай огт холбоогүй ажил байхад үүнийг анхаарч үзсэнгүй барилгын ажлын гологдолд тооцож манай компанид төлбөр хариуцуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00451 дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх бөгөөд 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар.

            Нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК нь хариуцагч “Сүхжин“ ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 143`000`000 төгрөг, алданги 71`500`000 төгрөг, нийт 214`500`000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хариуцагч “Сүхжин“ ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 120 айлын орон сууцны засварт гарсан зардал 180`019`036 төгрөгийг хувь тэнцүүгээр тооцон 90`009`518 төгрөг, алданги 45`001`759 төгрөг, нийт 135`014`277 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Хариуцагч “Сүхжин“ ХХК нь  хамтран ажиллах гэрээндээ ашгийг 50,50 хувиар авна гэж заасан боловч нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК нь ашгийг хийсвэрээр  тооцон 700,0 сая төгрөгөөс үлдсэн 143,0 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК нь  хариуцагч “Сүхжин“ ХХК-тай 2010 оны 10 сарын 02-ны өдөр 2010/01 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. / 1-р хавтас, хх-ийн 13-15 дахь талууд /

            Хариуцагч “Сүхжин“ ХХК нь нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-д 2012 оны 02 сарын 20-ны өдрөөс 2013 оны 04 сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 18 удаагийн гүйлгээгээр 660`000`000 төгрөг шилжүүлсэн / Оюунжаргалд өгсөн 15,0 сая төгрөг орсон / бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. / 1-р хавтас, хх-ийн 85-94 дэх талууд /

            Хамтран ажиллах гэрээний 3.1-д “ ... 60 айлын 2 ширхэг орон сууцны барилга тус бүрийг ашиглалтанд оруулсны дараа өртөг зардлыг тооцож, ашгаа тодорхойлон ашгийг 50, 50 хувиар хуваарилна “ гэж заасан байна.

            Нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК нь дээрх хамтран ажиллах гэрээний 3.1-д заасны дагуу ашгаа хувааж авах талаар хариуцагч “Сүхжин“ ХХК-ийн төлөөлөгч /захирал/ -тэй 2012.02.24, 2012.11.15, 2014.02.15-ний өдрүүдэд нийт 3 удаа уулзалт хийж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна. / хх-ийн 4-6, 8-11 дэх талууд /

            2012 оны 02 сарын 24-ний өдрийн уулзалтын протокол / тэмдэглэлд / ... “Сүхжин“ ХХК-ийн Дэлгэрмаа “ ... нөт-ийн тал дээр манайд тусал. Бид 10-ны дотор 100 саяыг оруулна. Ашгийн хуваарилалтыг 2 барилгыг ашиглалтанд өгөхөөр өгье. Ашгийн хуваарилалтанд 700,0 сая төгрөг танайд өгөхөд болно. Тэр хэмжээний ашиг гаралгүй яахав. Гол нь 2-р барилга ашиглалтанд өгсний дараа больё ... “ гэжээ. / 1-р хавтас, хх-ийн 4 дэх талын арын хэсэгт /

            2012 оны 11 сарын 15-ны өдрийн уулзалтын протокол №2 / тэмдэглэлд /-т “Сүхжин“ ХХК Дэлгэрмаа “ ... Ня-бо нар тооцоогоо хийнэ биз. Одоо 640,0 сая төгрөгийн үлдэгдэл байгаа өгнө... “, “ ... эхний орсон мөнгөнөөс 30,0 саяыг маргааш хийе. ... Бундагаа ня-бо захилагч нараас танайх байрандаа орсон уу гээд утсаар лавлаж байж болно. ... Оюунжаргалд 2 талаасаа тус бүр 15,0 сая төгрөг өгье “ гэсэн, мөн нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-ийн ня-бо Бундагаа ... он дуусталх хугацаанд манайд 640,0 сая төгрөгөө төлж дуусгахаар тохирох хэрэгтэй байна ... “ гэжээ. / 1-р хавтас, хх-ийн 5 дахь тал /

            2014 оны 02 сарын 15-ны өдрийн уулзалтын протокол / тэмдэглэлд / “Сүхжин “ ХХК-ийн менежер Эрдэнэбаатар “ ... Бид түншлэгч, сайн ХХК-ний хувьд 120 айлын орон сууц барихад зоригжуулж, ашиглалтанд оруулсан. Одоо үлдэгдэл 143,0 сая төгрөгөө өгч чадаагүй нь үнэн ... , ... шийдвэрийн хэсэгт “ ... Энэ оны 1 дүгээр улиралд санхүү мөнгө орж ирвэл төлнө... “  гэсэн байна. / 1-р хавтас, хх-ийн 9, 11 дэх талууд /

            Мөн талуудын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар хариуцагч “Сүхжин“ ХХК нь нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-д өгөх 700,0 сая төгрөгөөс 560,0 сая төгрөгийг шилжүүлж, 143,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоо гарсан байна. / 1-р хавтас, хх-ийн 6 дахь тал /

            Хэрэгт авагдсан нотлох баримт болох уулзалтын тэмдэглэлд тэмдэглэгдсэнээс дүгнэж үзэхэд талууд ашгаа 50,50 хувиар авахаар гэрээндээ заасны дагуу нэг тал нь 700,0 сая төгрөгийн ашиг авахаар тохирсон, хариуцагч тал нэхэмжлэгч талд 143,0 сая төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа болох нь дээрх баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Мөн 2012 оны 02 сарын 24-ний өдрийн уулзалтын протокол / тэмдэглэлд /  “ “Сүхжин“ ХХК-ийн Дэлгэрмаа: ... Бид 10-ны дотор 100 саяыг оруулна. Ашгийн хуваарилалтыг 2 барилгыг ашиглалтанд өгөхөөр өгье. Ашгийн хуваарилалтанд 700,0 сая төгрөг танайд өгөхөд болно... “ гэж тэмдэглэгдсэнээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Доржмягмарын “ “Сүхжин“ ХХК-иас манай компанид шилжүүлсэн 660,0 сая төгрөгийн 100,0 сая төгрөгийг өөрийн оруулсан хөрөнгийн үйл ажиллагааны зардал гэж авсан юм. Одоо 143,0 сая төгрөгийн үлдэгдлийг “Сүхжин“ ХХК төлөөгүй байгаа “ гэсэн тайлбар, нэхэмжлэлийн шаардлага  нотлогдож байна. 

Хариуцагч “Сүхжин“ ХХК нь 120 айлын орон сууц барихад оруулсан хөрөнгө оруулалтын тооцоог тогтоолгохоор санхүүгийн мэргэжсэн шинжээчээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2016 оны 03 сарын 31-ний өдөр 01 тоот шинжээчийн дүгнэлт гарсан байна. / 1-р хавтас, 229-232 дахь талууд /

Нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК нь 01 тоот шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 039 дугаар шинжээчийн дүгнэлт гаргуулжээ. / 2-р хавтас, 85-95 дахь талууд /

039 дугаар шинжээчийн дүгнэлтээр “ ... 2010-2012 онуудын 60 айлын байрны зардлын баримтууд байх бөгөөд эдгээр зардлуудыг санхүүжүүлсэн талаархи мөнгөн урсгалын, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй байна. ... Өмнөх шинжээчийн дүгнэлтээр: Борлуулалтын орлого: 3`255`859`109,91 төгрөг, үйл ажиллагааны зардлууд: 2`172`279`548 төгрөг, нийт ашиг 1`083`579`561,91 төгрөг гэж тооцсон. Дахин шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд борлуулалтын орлого, ББӨ өртөг тооцох боломжгүй байгаа тул олсон ашгийг тооцох боломжгүй байна. ... 2016 оны 01 сарын 31-ний өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна “ гэжээ.

Талууд хамтран ажилласныхаа үр дүнд нэг тал нь 700,0 сая төгрөгийн ашиг авахаар тохирсон болох нь талуудын хооронд хийгдсэн удаа дараагийн уулзалтын тэмдэглэлүүд, тооцоо нийлсэн акт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч “Сүхжин“ ХХК нь “ нэхэмжлэгч тал 700,0 сая төгрөгийн ашиг авахыг  хийсвэрээр тооцсон “ гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй / хариуцагч талын шүүхэд гаргасан баримтууд шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй / байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.   

Иймд хариуцагч “Сүхжин“ ХХК-иас гэрээний үүргийн биелэлт 143,0 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Талуудын хооронд 2014 оны 09 сарын 25-ны өдөр тооцоо нийлж, энэ тухай “ тооцооны үлдэгдлийн баталгаа №24 “ гэх баримтанд “ ... “Сүхжин“ ХХК нь 143,0 сая төгрөгийн төлбөртэй гарсныг харилцан тооцож 2014 оны 11 сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцов “ гэснийг үндэслэн нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК 71,5 сая төгрөгийн алданги нэхэмжилснийг гаргуулах үндэслэлгүй юм. Учир нь алданги тооцох талаар талуудын хооронд гэрээ хийгдээгүй байна. / 1-р хавтас, 12 дахь тал /

  1. Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч “Сүхжин“ ХХК нь нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 120 айлын орон сууцны засварт гарсан 180`019`036 төгрөгийг хувь тэнцүүгээр тооцон 90`009`518 төгрөг, алданги 45`004`759 төгрөг, нийт 135`014`277 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч “Тулга констракшн“ ХХК нь “Хамтран ажиллах гэрээ”-нд заасны дагуу  манай компани 120 айлын 2 орон сууцны угсралтын ажлыг,  “Сүхжин“ ХХК гадна дотор талын засал чимэглэл болон бусад ажлыг хариуцан ажилласан.  Иймд 2 орон сууц ашиглалтанд орсны дараа гарсан зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2010 оны 10 сарын 22-ны өдөр хийгдсэн 2010/01 дугаар “хамтран ажиллах гэрээ“-ний 1.2-т “ “А“ тал нь / “Тулга констракшн“ ХХК / өөрийн хөрөнгөөр Чойбалсан хотод баригдах 120 айлын орон сууцны барилгыг барихдаа угсармал хавтгаалжин хавтангаар угсарч 60 айлын хоёр ширхэг орон сууцыг бэлэн болгоно”, 1.3-т “ “А“ тал Чойбалсан хотын төвд 2 ширхэг 60 айлын орон сууцны барилгыг 2010 оны 05 сард угсарч бэлэн болгоно. Барилга угсралтын ажилд шаардагдах цамхагт краныг тээвэрлэх суурилуулах ажлыг хариуцна, “Б“ тал нь / “Сүхжин“ ХХК / “А“ талын угсарч бэлэн болгосон 2 ширхэг 60 айлын орон сууцны барилгыг хүлээн авч гэрээний 1.2-т заагдсан “Б“ талын гүйцэтгэх ажлуудыг хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулна”, 4.1-д “ Хамтын ажиллагааны үр дүн, алдагдал, хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг талууд дараах зарчмаар хариуцна “ гэж тус тус заасан байна. / 1-р хавтас, хх-ийн 13 дахь тал /

2010/01 тоот гэрээний зохицуулалтаас үзэхэд 120 айлын орон сууцны барилгын угсралтын ажлыг “Тулга констракшн“ ХХК, барилгын гадна дотор талын засал чимэглэл зэрэг бусад ажлыг “Сүхжин“ ХХК гүйцэтгэж ашиглалтанд оруулахаар тохирсон бөгөөд хариуцагч “Сүхжин“ ХХК 120 айлын 2 орон сууцны дээврийг  дахин засаж шувуун оройтой болгоход, 64 дүгээр байранд /2 орон сууцны эхний байр/ дахин ус зайлуулах суваг шинээр хийхэд, мөн 2 орон сууцны гадна талын тохижилт хийхэд / хүүхдийн тоглоомын талбай хийх / гарсан зардал зэрэг нь хариуцагч “Сүхжин“ ХХК-ийн ажлын доголдлын улмаас гарсан зардал байх тул тухайн компани уг зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй юм. Хариуцагч “Сүхжин“ ХХК-ийн төлөөлөгч Д.Дэлгэрмаа ажлын доголдлоос гарсан зардал гэдгийг үгүйсгээгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг “Тулга констракшн“ ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн хэрэг танилцуулсан баримтанд хэрэгтэй танилцаж гарын үсэг зурсан байх тул “ нэхэмжлэгчийн төлөөлөгч нарыг шүүх хуралд хэргийн нотлох баримттай танилцуулалгүй оролцуулсан “ гэж нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  / 2-р хавтас, хх-ийн 108 дахь тал /

Нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608`000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 138/ШШ2017/00451 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүлийн 476.1 дэх хэсэгт зааснаар “Сүхжин“ ХХК-иас 143`000`000 төгрөгийг гаргуулж, “Тулга констракшн“ ХХК-д олгож, нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 71`500`000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Сүхжин“ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 135`014`277 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай “ гэж , 3 дахь заалтын “ ... 833`021 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,” гэсний дараа “  “Сүхжин“ ХХК-иас 872`950 төгрөгийг гаргуулж “Тулга констракшн“ ХХК-д олгож, “Тулга констракшн“ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157`950 төгрөгийг улсын орлогын данснаас буцаан олгосугай “ гэж өөрчилсүгэй.

  2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Тулга констракшн“ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608`000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                                                      ШҮҮГЧИД                         Я.АЛТАННАВЧ          

                                                                                                З.ЭНХЦЭЦЭГ