| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0112/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Б.Д, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Дандар овогт Буян-Өлзийн Дэлгэрдалай, ВБ01312311 регистрийн дугаартай.
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Дандар овогт Буян-Өлзийн Даваадалай, ВБ00271518 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь Б.Дтай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах спорт зааланд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь Б.Дтай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах спорт зааланд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Дн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дуурсах 3 дугаар багийн заланд тоглож байхад хамт тоглож байсан Аззаяа гэх хүн намайг бөмбөгөөр зохиод тэгээд бид хоёр хоорондоо зандалцсан. Аззаяа нь намайг өвдөглөсөн, миний хоолойг боогоод би ямар ч аргагүй болоод Аззаяа гэх хүнийг 1 удаа нүүрэн хэсэгт цохисон. Тэгээд заланд байсан хүмүүс салгасан. Аззаяаг манай ах Д цохиж байхыг би хараагүй. Би Аззаяаг манай ах Д нь цохисон эсэхийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Шүүгдэгч Б.Дн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би дүүгийн хамт Дуурсах 3 дугаар багийн спорт заланд сагсан бөмбөг тоглож байгаад хамт тоглож байсан Аззаяа гэх хүн нь манай дүүтэй маргалдаад тэр хоёр хоорондоо зандалцаад Аззаяа гэх хүн нь манай дүү Дн хоолойг боогоод байхаар нь Аззаяа гэх хүнийг нэг удаа нүүрэн хэсэгт өшиглөсөн. Тэгээд заланд байсан хүмүүс салгасан. Манай дүүгийн хоолойг боосон байсан болохоор би дүүгээ өмөөрөөд Аззаяа гэх хүнийг нэг удаа өшиглөсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Хохирогч С.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 03 сарын 07-ны өдөр би ажлынхаа хүмүүстэй зааланд тоглож байгаад зааланд байсан хүмүүстэй сагс тоглож байгаад хамт тоглож байсан залуу намайг бөмбөг залаад явж байхад цохихоор нь би араас нь бөмбөг шидэхэд оноогүй. Тэгсэн намайг цохисон залуугийн ах нь ирээд өшиглөөд ах дүү 2 намайг зодсон. Тэгээд зодуулж байх үед Б гэх залуу ирж салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 07-12 /
6. Гэрч Л.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой 19 цаг 20 минутын үед ажлынхаа хүмүүс болох Аззаяа, Ц, Ч, Б гэх хүмүүсийн хамт Баянхонгор сумын 3 дугаар багийн спорт зааланд цаг авч тоглосон. Тэгээд сагс тоглож байгаад нэг том биетэй залуу нь намайг түлхэхээр нь би яаж байна гэсэн чинь тэр залуу намайг зодох гэж дайрсан чинь тэр залуугийн дүү гэх залуу нь бас хажуугаас намайг нийлж зодох гэж дайрсан. Тэгээд бид эвлэрээд буцаад тоглож байх үед бие биеэ түлхэж хүчний тоглолт хийж байгаад Аззаяа ахыг нөгөө 2 залуугийн дүү нь эхэлж цохисон. Тэр үед Аззаяа ах нөгөө залуу руу бөмбөгөө шидсэн чинь нөгөө залуу заамдаад авсан байх үед хажуугаас нь ах нь гэх залуу очоод цохиод авсан. Ах нь цохиод авсан чинь Аззаяа ахыг дүү нь мөргөөд авсан. Тэгээд би очоод салгах үед ах нь Аззаяа ахын нүүрэнд нь өшиглөсөн...... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
7. Гэрч А.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би зодоон болох үед заалны үүдэнд хувцсаа сольж байсан. Тэгээд маргаан дуусаж байх үед очсон намайг очих үед манай нөхөр Дд зууралдсан байсан. Манай нөхөр Д, Д хоёр намайг нийлж зодлоо гэж надад хэлсэн. Би Аззаяа, Д хоёрыг зууралдсан байх үед нь очсон тэгэхэд Д гэх залуу Аззаяа, Д хоёрыг тойроод гүйгээд байсан. Би Аззаяаг Д гэх залуу цохиж байхыг хараагүй. Д гэх залуу нь манай нөхөр Аззаяаг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг очих үед Аззаяа, Д хоёр хоорондоо зууралдсан байсан. Аззаяа нь Дг боосон байсан эсэхийг мэдэхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 18-22/
Гэрч Б.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой Дуурсах 3 дугаар багийн зааланд Д, Д, Б, Ц, Аззаяа гэх хүмүүстэй хамт зааланд сагсан бөмбөг тоглож байсан юм аа. Тэгсэн чинь Аззаяа ах Дтай зууралдсан байсан тэгээд Б гэх залуу тэр хоёрыг салгаж байсан. Аззаяаг Д гэх хүн зодсон би харсан. Аззаяа Дн биед гар хүрч цохиж зодсон эсэхийг би мэдэхгүй. Би хол байсан болохоор хараагүй. Цагдаа нар ирэх үед Аззаяа ахын хөмсөг нь сэтэрсэн байсан. Дн хоолой улаан болсон байсан. Би Дг барж байсан болохоор Аззаяа ахын биед гар хүрчы цохиж зодсон асуудал байхгүй. Зааланд Д, Д, Б, Ц, Аззаяа ах, Аззаяа ахын эхнэр, Д, Д нарын ээж нь байсан. Би зодоон болох үед Аззаяа ах, Д хоёр луу явуулахгүй Дг барьж байсан. Тэгээд Аззаяа ах Д 2 маргалдаад салахгүй болохоор нь би Дг байж бай гэж үлдээчхээд Аззаяа ах, Д ах 2 дээр очсон чинь Д араас хүрээд ирсэн. Тэгээд уурлаад Аззаяа ахын нүүр хэсэгт нэг өшиглөсөн, нэг удаа цохиж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-47/
9. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Б.Бийн “ 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой Дуурсах 3 дугаар багийн зааланд Д, Д, Аззаяа, Ц, Ч, Д, Д хоёрын ээж, Аззаяа ахын эхнэр бид нар байсан. Бид нар сагсан бөмбөг тоглож байсан гэнэт Аззаяа, Д хоёр барилцаад авахаар нь би дундуур нь салгах гэж орсон. Тэгээд салгаад байж байсан цагдаа нар ирсэн. Би Аззаяа, Д, Д гэх хүмүүсийг танихгүй. Зааланд хамт нэг хэдэн удаа тоглож байсан. Өөр өөр бол ямар нэгэн найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. Би Аззаяа, Д хоёр хоорондоо зууралдаж байхад нь голоор нь орж салгасан юм аа. Намайг очих үед Аззаяа ахын хөмсөг сэтэрсэн байсан. Аззаяа ах Дн хоолойг боосон байсан. Аззаяа ах Дн биед гар хүрээгүй. Дг Ч ах барсан байсан. Аззаяа ахын биед хүрээгүй. Би зааланд зодоон болох үед цаад талын шийдэн дээр тоглож байсан. Ц, Д, Д, ээж нь Аззаяа, Аззаяагийн эхнэр гэх хүмүүс байсан. Би Аззаяа ах, Д хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 50-54/
10. Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 03 дугар сарын 07-ны орой намайг гэртэй байж байсан чинь Ц залгаад хамт 18 цагт зааланд тоглоё гэсэн би ажилтай байна гэсэн тэгээд би Д, Д хоёртой хамт бид гурав 19 цаг 30 минутад Дуурсах 3 дугаар багийн зааланд очсон. Бид гурвыг очих үед зааланд хүмүүс волейбол тоглож байсан. Тэгээд би волейбол тоглож байсан хүмүүстэй хамт тоглосон. Волейбол тоглож дуусаад эрэгтэйчүүд сагсан бөмбөг тоглосон. Тэгээд сагсан бөмбөг тоглож байгаад манай хүү Д, Аззаяа хоёр маргалдаад барьцалдаад авсан. Аззаяа манай хүүхдийг цамцных нь захаар боогоод гараа манай хүүхдийг цохиж аваад байсан. Тэгээд хүмүүс салгах гэж очсон чинь тэр хоорондоо зууралдаад нэгнийгээ тавихгүй байсан тэгсэн чинь Д өвдөглөөд унасан тэгээд тэр хоёр салсан. Би Аззаяа гэх хүнийг танин аа. Аззаяа гэх хүн нь манай нөхөртэй холын хамаатан юм байна лээ. Аззаяа нь манай хүү болох Дг заамдчихаад хүзүү рүү нь цохиод, мөргөөд байсан. Би яг хэдэн удаа цохиж гэдгийг нь мэдэхгүй. Манай хүү Д боолгоод ингээд үх хэн гэж бодоод Аззаяаг цохисон гэсэн. Би яг цохиж байхыг нь хараагүй. Тэр хоёр тоглож байгаад хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Дн баг хожоод ирсэн чинь Аззаяа уурласан байхаа. Аззаяа, Д хоёр зодолдож байхад Д хол зогсож байсан. Би хүүхэд аллаа гэсэн чинь Дг Ч явуулахгүй байсан. Д Аззаяаг цохиж зодоогүй. Гар хүрсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/
11. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн:
1. С.Аззаяагийн баруун хамрын дээд 1 шүдний сулрал, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, духанд шарх, зовхи, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой......гэх дүгнэлт /хх-ийн 68-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Д, Б.Д нар нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах спорт зааланд иргэн С.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, үйл баримт болсон нь хохирогч С.Аззаяа, гэрч Л.Ц, А.Ц, Б.Ч, Б.Б, Б.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 140 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Д, Б.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Д, Б.Д нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан ялаас чөлөөлж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ялаас чөлөөлөх ойлголт нь шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх талаар заасан бөгөөд шүүх уг ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэхдээ шүүгдэгч нарт тухайн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж уг ялаас чөлөөлж албадлагын арга хэмжэгэ хэрэглэж ойлгох нь зүйтэй юм.
Шүүх шүүгдэгч Б.Д, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д, Б.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Д, Б.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Д нарыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Д, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Д нарт зургаан / 06 / сарын хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Д нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Д, Б.Д нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ