Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга:Р.Цогдэлгэр,

Улсын яллагч: Э.Гантулга,

Иргэдийн төлөөлөгч: Б.Мөнхтогоо / онлайнаар /,

Шүүгдэгч: Л.Ш / онлайнаар /, П.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000366 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Зана овогт Лувсандоржийн Шаравдорж / Регистрийн дугаар: ВД90120713

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар баг Ухаагийн ам гэх газарт Ц.Цг модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Өмгөөлөгч Улаанбаатар хотод ажилтай байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 197/

...Өмнө гэрчээр болон сэжигтнээр мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 198/

... Би 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр болсон зүйлийн талаар 2019 оны 30-ны өдөр гэрчээр мэдүүлэг үнэн зөв мэдүүлсэн учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Миний бие маш их гомдолтой байна. Ах дүү хамаатан саднаараа нийлж намайг гүтгэж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 199/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ш мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хэргийн талаар дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч Л.Ш мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

...Би эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96, 195-196/

 4. Хохирогч Ц.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би талийгаачийн биеийг үзээгүй, намайг очиход бүтээлгээр бүтээсэн байсан, гэрийн баруун талд газар тавьсан байхад нь толгой хэсгээс нь цус гарсан бололтой хулдаас нил цус болсон байсан, сая талийгаачийн 21 хоногийг нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хураасан юм, тэгтэл манай том банди болох Ш.Д өвөөг, аав модоор цохисон гэж хэлсэн. Мөн бага дүү Ц.Ө хүргэн ах Л.Ш аав руу мод шидсэн хүзүү рүү нь шаасан, аав газарт унахаар нь очиход чигчий хурууны чинээ нүх гарсан, цус нь тогтохгүй, годогдоод байсан гэсэн гэж ярьсан. Тэгээд аавыг гэрт ээж, А эгч, Даваа-Оргил, дүү Ө нар өргөж оруулсан гэсэн. Би тухайн үед манай аавыг модоор цохисон гэж мэдээгүй юм. Сая талийгаачийн 21 хоногийг хураахад манай том хүү цохисон талаар ярихаар нь мэдээд танай байгууллагад хандаж байгаа юм. Том хүүг энэ талаар хэлэхээр нь ээж, дүү 2-оос аавыг модоор цохисныг хэлэхгүй яасан юм бэ гэхэд дуугай л байгаад байсан, мөн манай нөхөр том хүүгээ энэ талаар хүнд яривал ална шүү гэж хэлсэн гэсэн. Тухайн үйл явдлыг манай ээж дүү, хүүхэд харсан байсан. Манай нөхөр аймагт байгаа, талийгаачийн 21 хоногийг дуусгаад гэрээд аваад, надаас салаад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/,

... 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт ирсэн, манай хөдөө гэр Жинст сумын 3 дугаар багийн нутаг Ухаагийн ам гэх газар нутагладаг, намайг аймаг явахад манай талийгаач аав, нөхөр Л.Ш ээж Б.М, дүү Ц.Ө, Ц.Ө, хүү Ш.Д, Ш.Б нар үлдсэн юм тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр манай нөхөр Л.Ш утсаар яриад аав өнгөрчихлөө гэж хэлэхээр нь А ахын хамт хөдөө гэртээ очсон, очиход талийгаачийг гэрийн баруун талд газар тавьсан байсан, тэгээд 08 сарын 26-нд Богд сумын нутаг Тэвшийн тал гэх газарт нутаглуулсан юм, Намайг аймаг явахад талийгаач аавын бие зүгээр байсан, манай талийгаач манай багийн айлуудын ухна хуцыг хариулж байсан юм. Би талийгаачийн биеийг үзээгүй, намайг очиход бүтээлгээр бүтээсэн байсан, гэрийн баруун талд газар тавьсан байхад толгой хэсгээс нь цус гарсан бололтой хулдаас нил цус болсон байсан, талийгаачийн 21 хоногийг нь 2019 оны 9 сарын 13-ны өдөр хураасан юм, тэгтэл манай том банди болох Ш.Д өвөөг аав модоор цохисон гэж хэлсэн, мөн бага дүү Ц.Ө хүргэн ах Л.Ш аав руу мод шидсэн хүзүүн дээр оноод, аав газарт унахаар нь ээж очоод цус гарч байсан хүзүүн дээр нь дарахад чигчий хуруун чинээ нүх гарсан, цус нь тогтохгүй годогдоод байсан гэж ярьсан, тэгээд аавыг гэрт өргөж оруулсан гэсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 84-85/

5. Хохирогч Ц.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 08 дугаар сарын 24-ны 09 цагийн үед дүү Ц.Ө аав нас барчихлаа гэж хэлсэн удалгүй дахиад хүргэн Л.Ш аав нас барчихлаа хурдан ир гэж хэлэхээр нь өдөртөө аавындаа ирсэн ирэхэд аавыг том гэрт оруулаад гэрийн баруун талд агшаагаад тавьсан, дээгүүр нь хөнжлөөр хучсан байсан, аавыг 2019 оны 08 сарын 26-ны өдөр Богд сумын нутагт нутаглуулсан. Намайг ирэхэд талийгаачийг том гэрийн баруун талд тавиад хөнжлөөр бүтээсэн байсан, би талийгаачийн биеийг үзээгүй болохоор ямар нэг гэмтэл шарх байсан талаар мэдэхгүй байна харин 2019 оны 09 сарын 13-нд талийгаач аавын 21 хоногийн хураахад талийгаач аавыг Л.Ш цохиж алсан талаар мэдсэн юм тэгээд ээжээс болсон зүйлийн талаар асуухад Л.Ш аав руу мод шидээд модон нь хүзүүн дээр нь цохиод, газар шууд унасан, очиход хүзүүний зүүн талаас цус гараад байсан тэгээд гэртээ өргөж оруулаад байж байгаад нас барсан гэж хэлсэн юм. Миний хувьд аавыг Л.Ш модоор цохиж амь насыг хохироосонд гомдолтой байна, 35.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64 /,

 6. Насанд хүрээгүй гэрч Ө.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө өвөө Ц.Ц босоод цайгаа цайгаа уучхаад мотоциклоороо айл руу явах гэтэл өвөөг манай аав Ш ухна хуцаа хариулахгүй юу пизда минь гэж хэлтэл, өвөө мотоциклоосоо буугаад аав руу чулуу шидээд тохой руу нь оносон. Тэгтэл аав мод аваад шидсэн чинь өвөөгийн хүзүү дээр нь оносон., өвөө урагшаа тонгойгоод унахаар нь очиход хүзүүнээс нь цус годогдоод гараад байхаар нь би эмээ О.Мт очиж хэлэхэд ээ балраа гээд өвөө дээр ирсэн. Эмээ О.М, эгч Өыг дуудаад дараа ах Ц.Өыг дуудсан өвөөг эмээ О.М, эгч Ө, Ц.Ө нар өргөөд гэрт оруулаад баруун талд газар тавьсан. Манай аав Л.Ш өвөөг цуг өргөж оруулаагүй, ямаагаа саагаад байсан. өвөө “гах гах” чимээ гаргаж дуугараад байсан. Манай аав өвөө руу урт мод аваад шидсэн өвөөгийн хүзүү дээр нь оносон, өвөө урагшаа унасан. Манай аав болон талийгаач өвөө тухайн үед архи уугаагүй. Манай эмээ О.М, эгч Ц.Ө нар харсан. Харин ах Ц.Ө ишгээ туугаад явсан байхгүй байсан. Өглөө эрт болсон 07 цагийн үед байх, ямаагаа саах гэж байсан, ямааг өглөө эрт саадаг юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 /,

7. Гэрч Ц.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...намайг ирэхэд том гэрийн өрх бүтээлттэй, аавыг том гэрийн баруун талд орны пүршин дээр тавьсан, хөнжлөөр бүтээсэн байсан, би биеийг нь үзээгүй болохоор биед нь гэмтэл байгаа талаар мэдээгүй, талийгаачийг нутаглуулах гээд гэрээс гарахад доор нь тавьсан гудас цус болсон, мөн хулдаасан дээр цус урссан байсан, талийгаач 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр нас бараад 08 дугаар сарын 26-нд нутаглуулсан тэр хооронд би талийгаачийн байгаа гэрт ороогүй мөн талийгаачийн 21 хоногийг хураахад ээж талийгаачийг хүргэн Л.Ш модоор цохисон талийгаач унасан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Ээж ярихдаа Л.Ш аав руу мод шидээд, аавыг газар унасан, чихнээс нь цус гараад байсан талаар хэлсэн, өөр зүйл хэлээгүй мөн би асуугаагүй. Л.Ш талийгаач аавыг зодож цохиж байхыг хараагүй, 2018 онд би хотод ажил хийж байхад аавыг Л.Ш зодсон сураг дуулдсан өөр зодож цохисон талаар мэдэхгүй байна. Талийгаач хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг, биеийн байдал зүгээр, өвдлөө гэж хэлж байгаагүй, 07 сарын үеэс зүүн гарын хөдөлгөөн муудаад гэж хэлж байсан, талийгаачийг хувьд 3 дугаар багийн айлуудын ухна, хуцыг 2018 оноос хойш авч хариулдаг болсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 /,

 8. Гэрч Б.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...тэгээд талийгаачийг оруулж тавьсан гэр лүү орж талийгаачийг үзье гэж хэлэхэд ягаан малгайтай эгч нэгэнт нас барсан юм чинь орж үзэж яах гээд байгаа юм, эмнэлгийнхэн угаасаа удаан ирдэг, өмнө 08 сарын эхээр нь зүрх нь өвдөөд нэг талын гар хөл нь мэдээгүй болчхоод багийн эмчид дуудлага өгсөн ирээгүй гэж хэлээд байхаар нь талийгаачийг орж үзээгүй юм. Миний хувьд Жинст суманд ажилд ороод 1 жил болж байгаа, Өвөрхангай аймагт төрж өссөн болохоор Жинст сумын хүмүүсийг тэр болгон танихгүй учир тухайн хүмүүсийг хэн хэн гэдгийг нь мэдэхгүй байна мөн 2019 оны 03 сараас жирэмсний амралтаа аваад 08 сарын 01-нд ажилдаа орсон юм.Миний хувьд сургуулиа төгсөөд ажилд ороод нэг жил болж байгаа мөн талийгаачийг харваад нас барсан гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй мөн цагдаагийн байгууллагад мэдэгддэг талаар мэддэггүй юм. Талийгаачийн хувьд намайг ажиллаж байх хугацаанд манай эмнэлэгт үзүүлж байгаагүй ээ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 /,

9. Гэрч А.Даваа-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Талийгаач Ц.Ц манай ээжийн дүүгийн нөхөр байгаа юм. Харин Л.Ш нь талийгаачийн том охины нөхөр байгаа юм. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг өнгөрч байхад ээж станцаар Ц.Ц ахынд хараад ир гэхээр нь ирсэн. Ирээд талийгаачийнд ороход талийгаач зүүн талын орон дээр байсан, толгой дээр нь Л.Ш мөн хацар, хамар дух хэсэг халцарч зулгарсан байхад ямар нэг цус болоогүй байхыг бодвол арчсан байх талийгаачийн зүүн талын хавирга хөхөрснийг бол би хараагүй, дээшээ харсан байхад зүүн тийш нь харуулаад хажуугаар нь тавьсан болохоор харагдаагүй байх, талийгаачийн биеийг байрлуулж байхад гар цус болохоор нь гадаа гараад Л.Шоос гар яагаад цус болов, юу болоод нүүр нь халцарсан юм гэхэд шургаад унасан /нүүрээрээ/ тэлээд цус болсон байх гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй, мөн талийгаачийн эхнэр хүүхдээс асуух гэхэд уйлаад байсан болохоор асууж чадаагүй намайг талийгаачийнд ирэхэд эхнэр хүргэн Л.Ш, том охиныхон хүү, манай ээж нар байсан. Харин том хүү нь өөр газар байсан, том ахыг дуудах гэж бага хүү Ц.Ө явсан гэж байсан. Талийгаачийн 21 хоногийг хураахад хүүхдүүд нь аавыг Л.Ш цохисон гэж хэлэхээр нь би талийгаачийн гарыг шанаа доогуур нь дэрлүүлэхэд гар нь цус болсныг бодоод хүзүү хэсэгт цохиод хүзүүнээс нь цус гарсан юм байна гэж бодсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-85/

10. Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минутын үед талийгаач Ц.Цгийн охин Ц.Ө ирээд аав сонин болчихлоо ээж таныг хүрээд ир гэхээр нь алхаж ирсэн. Манай 2 гэр 600 метр орчим байдаг. Намайг талийгаачийнд ирэхэд талийгаач том гэрийнхээ зүүн талын орон дээр дээшээ хараад хэвтсэн, нүд нь аниатай, ам нь жимийсэн, Л.Ш духыг нь хойш элээд байж байсан, биеийг нь барьж ирэхэд бие нь хөшсөн, нас барсан байсан. Талийгаач зүүн талын орон дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан ямар ил харагдах гэмтэл шарх байгаагүй, харагдаагүй. Намайг талийгаачийн гэрт орж ирэхэд талийгаачийг зүүн талын орон дээр цээжээрээ хувцасгүй шалдан, өмдтэй оймс гуталгүй байсан, бие нь ямар нэг цус болсон зүйл харагдаагүй. Би биеийг нь дарж үзэхэд хөрсөн байсан. Талийгаачийг би, хүү Даваа-Оргил, Л.Ш нарын хамт зүүн талын орон дээр байхад нь баруун талын орны пүршийг салгаж аваад газар тавиад зүүн талын орноос өргөөд газар орны пүршин дээр тавьсан. Тэр үед манай хүү талийгаачийн толгой хэсгээс өргөхөд гар нь цус болохоор нь чихнээс гоожсон гэж бодсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-88/

11. Гэрч Ц.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Талийгаач босоод цайгаа уугаад манайд хоносон Б ахын хамт дээд айл руу явах гээд мотоциклынхон араар суусан чинь хүргэн ах Л.Ш талийгаач аавыг ухна хуцаа аваад манай буудлаас зайл, мотоциклоосоо буу гээд орилоод байсан тэгтэл талийгаач мотоциклоосоо буугаад чи намайг хөөдөг хэн бэ гээд алхаад малын хашааны өмнө очоод зогсож байсан, би тэр хооронд сувай малдаа гэрийн урд талын жалгаас туугаад малын хашаан дээр ирэхэд талийгаач аав газар унасан, ээж дүү, Л.Ш нар хажууд нь зогсож байсан. Малын хашааны онгойдог хаалганы урд талд 5 метр орчимд түрүүлгээ хараад унасан байдалтай байсан, зүүн талын хүзүүний хэсгээс цус гараад урсаж байсан, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын хэсэгт шалбарсан байсан, зүүн талын шанаа, нүүр нь цус болсон мөн дээл хувцас нил цус болсон, бид нар тэндээсээ талийгаачийг өргөөд гэрт оруулсан. Би Шийг цохихыг хараагүй, намайг мал руу явахад малын хашааны өмнө талийгаач аавыг Л.Ш ухна, хуцаа аваад зайл гэж хэлээд байсан. дүү Ц.Өаас аав яасан юм бэ гэхэд Л.Ш мод шидсэн чинь оноод, аав өнхрөөд унасан гэж хэлсэн. Ээж болон Л.Ш нар юм хэлээгүй, талийгаачийг гэрт оруулсан байхад ээж талийгаачийн цусыг нойтон алчуураар арчиж арилгаад байсан. Намайг цэрэгт явахын урьд жил буюу 2017 онд аавыг Л.Ш хамар луу цохиод, дэвсэж зодож байсан. тэрнээс хойш зодож байхыг хараагүй намайг цэрэгт явсны дараа зодсон сураг гарч байсан. би 2018 оны 05 сард цэрэгт яваад 2019 оны 5 сард халагдаж ирсэн. Сумаас эмч 12 цагийн үед ирсэн талийгаачийг эмч үзэх гэхэд А.Даваа-Оргил, А эгч нар нэгэнт өнгөрсөн юм чинь үзүүлээд яах юм бэ гээд үзүүлээгүй сумаас ирсэн эмч буцаад явсан, цагдаагийн байгууллагад ямар учраас дуудлага өгөөгүй талаар мэдэхгүй байна.Бид нарыг Л.Ш айлгадаг зүйл байхгүй, Л.Ш талийгаачийг байнга ална шүү гэх зэргээр янз бүрийн хараалын үгээр хэлээд байдаг, ямар учраас аавыг янз бүрийн хараалын үгээр хэлдэг талаар мэдэхгүй байна.Талийгаач болон Л.Ш нар өглөө согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан, урьд орой нь талийгаач аав, .Бийн хамт 1 аяга монгол архийг ээж хийж өгөөд хувааж уусан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-81 /

12. Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Намайг ирэхэд Ц гуай гэртээ байсан, унтахын өнө талийгаач бид хоёр 0.5 литртэй Ерөөл архи хувааж уугаад унтсан, өглөө 06 цаг өнгөрөөж босоод цай уугаад талийгаач надтай хамт дээд айлд очих гэхэд хүргэн Л.Ш нь талийгаачийг ухна, хуц чинь гай болоод байна, пизда чинь гэж хэлэхээр нь би талийгаачийг та буугаад үлдэх юм уу гэхэд талийгаач мотоциклоос буугаад үлдсэн. Би хөдлөөд дээд айлд очиход 07 цаг 50 минут болж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 /

13. Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт босоод цайгаа чанасан, талийгаач 07 цагийн үед боссон, тэр шөнө манайд саахалт айлын Ц.Б хоносон тэгтэл талийгаач Ц.Бтэй хамт саахалт айл руу явчхаад ирье гэж гэрт хэлж байсан, би ямаагаа саах гээд малын хашаан дээр бага охин Ц.Ө, хүргэн Л.Ш, ач хүү Ө.Д нартай байж байсан, Ц.Б явах гээд мотоцикл дээрээ мордсон байж байтал талийгаач гэрээс гараад Ц.Бийн мотоциклийн араар суутал хүргэн Л.Ш, талийгаачийг мотоциклоосоо буу, ухна, хуцаа хариул, ухна, хуцаа аваад зайл гэж хэлсэн тэгтэл Ц.Б та орой манайд хүрээд ир гэж хэлээд яваад өгсөн, талийгаач малын хашаа руу алхаад Л.Шийг чи яахаараа намайг явуулдаггүй юм гэж хэлээд газарт хэвтэж байсан банзыг аваад малын хашаанд дотор зогсож байсан Л.Ш руу шидэхэд малын хашаанд очиж цохиод хугарч унасан, талийгаач газраас дахиж чулуу аваад Л.Ш руу шидэхэд гаран дээр нь цохиод чулуу газар унасан, газар унасан чулууг Л.Ш эргүүлж шидээд баруун талын хавирга хэсэгт цохисон тэгтэл Л.Ш газарт хугарч унасан 2 банзны нэгийг нь аваад талийгаачийн зүүн талын хавирга хэсэгт цохисон талийгаач цаашаа эргэтэл араас нь Л.Ш банзаа далайж байгаад шидсэн талийгаачийн хүзүүний зүүн талын хэсэгт оноод түрүүлгээ хараад ойчихоор нь юу болов оо гээд талийгаач дээр гүйгээд очиход зүүн талын чихний доод хэсгээс цус годогдоод мөн хамар, амнаас нь цус гараад байхаар нь хүзүүний цусыг гараараа дарахад цус нь гараад тогтохгүй байсан, мөн охин Ц.Ө, хүргэн Л.Ш нар ирээд байж байтал хүү Ц.Ө ирээд бид нарыг талийгаачийг гэрт оруулаад зүүн талын орон дээр тавиад охин Ц.Ө, хүргэн Л.Ш нар ямаагаа саах гээд гарсан, хүү Ц.Ө адуу айлд хүргэж өгөх гээд яваад өгсөн, би талийгаачийг харж байгаад цус нь гоожихоо болихоор нь гарч ямаагаа саасан, ямаа сааж дуусаад охин орж талийгаачийг үзээд аав сонин болсон байна гэхээр нь орж үзэхэд нүд аниад, амаа жимийсэн байхаар нь биеийг нь барьж үзэхэд хүйтэн байхаар нь нас барж гэж бодоод охин Ц.Өыг, төрсөн эгч Б.Аг дуудаад ир гэж явуулсан, Б.А эгчийн манайхаас 4-5 км орчим зайтай байдаг, удалгүй Б.А эгч ирээд талийгаачийн гарын барьж үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн, удалгүй Б.А эгчийн хүү болох А.Даваа-Оргил ирээд гэрийн тавилга гаргаад талийгаачийг гэрийн баруун талд агшааж байрлуулсан. Талийгаач Ц.Бтэй хамт 08 сарын 23-ны орой 21-22 цагийн үед 1 шил 0.5 литртэй архийг хувааж уусан, дээр нь нэг аяга монгол архи уугаад унтаад өгсөн, өөр архи уугаагүй, талийгаач тухайн шөнө согтсон зүйл байгаагүй, өглөө босоод ямар нэг архи уугаагүй, талийгаачийн хувьд хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг, би өмнө мэдүүлэг өгөхдөө талийгаачийг 1 шил 0.5 литртэй цагаан архи уусан талаар хэлэхээ мартсан байна лээ. Хааяа нэг зүрх өвдөөд гэж хэлж байдаг байсан, хавар сумын эмнэлэгт үзүүлээд эм бичүүлээд ууж байсан, аймаг сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагүй санагдаж байна, 2019 оны 08 сарын 15-ны үеэр зүүн гар сайн хөдлөхгүй байна гэж хэлж байхаар харвалж өгөх гээд байгаа юм биш үү 2-уулаа сумын эмнэлэг орж үзүүлье гэхэд үзүүлээгүй юм, архаг хууч өвчин байхгүй, бие сайтай хүн байсан. Хамаатан садан болон бусад хүмүүс, Цагдаагийн байгууллагад хэлье гэж бодсон боловч хэлж чадаагүй юм, талийгаачийн хоногийг хураахад нь хүүхдүүддээ хэлсэн юм, Л.Шийн хувьд ямар нэг дарамталсан сүрдүүлсэн зүйл байхгүй, тухайн үед дуугүй суугаад байдаг байсан, талийгаачийн хоногийг хураачхаад гэрээ ачаад манай охиноос салаад яваад өгсөн. Талийгаачийг гэрт оруулж ирээд футболкийг тайлахад зүүн талын хавирга хэсэгт хөхөрсөн харагдсан харин хамар бага зэрэг шалбарсан, баруун талын хөмсөгний дээд талд зүссэн юм шиг байсан тухайн гэмтлүүд нь цохиулаад нүүрээрээ газар унахдаа шалбалсан байх, харин зүүн чихний доод талд цус гарч байсан газрыг гараараа дарахад долоовор хурууны хэмжээтэй нүх шиг зүйл байсан, гараараа дарахад хажуугаар нь цус гараад байсан. Талийгаач цай ууя гэж хэлээгүй гэрт оруулаад орон дээр тавьсны дараа би амруу жаахан сүү хийж өгсөн уугаагүй, хурхирч байгаа юм шиг дуугараад байсан, талийгаач Л.Шид цохиулаад унаснаас хойш ямар хэн нэгэнтэй ямар нэг зүйл яриагүй, талийгаачийг яг хэдэн цагт өнгөрсөн талаар мэдэхгүй байна, ойролцоогоор 07 цаг өнгөрч байхад нас барсан байх, миний хувьд талийгаачийг нас барснаас хойш сэтгэл санаа муу, зарим зүйлийг мартах зэрэг янз бүрийн л юм болж байна өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг буруу зөрүү ярьсан байх энэ удаа өгөхдөө залруулж хэлж байгаа юм. Би эмчид үзүүлэх талаар Б.А эгчээс асуухад нэгэнт өнгөрсөн, агшааж тавьсан болохоор яах юм гэхээр нь үзүүлээгүй юм. Хүргэн Л.Ш 2019 оны 08 сард талийгаачтай хамт явж байгаад зодчихоод хүрээд ирсэн байсан, талийгаачийн хөмсөгнөөс цус гарсан байсан, 2019 оны 06 сард талийгаачийг Л.Ш зодсон байсан, тэр үед гар, нүүрийг нь шалбалсан байсан, 2018 оны 11 сард Л.Шийн хүнсээ төхөөрсөн тэр үед очиж хүнсийг төхөөрөлцөхөд талийгаачийг Л.Ш зодсон байсан, тэрнээс өмнөхийг сайн санахгүй байна, 2019 оны 08 сарын 24-ны өглөө талийгаач бид 2-н дунд ямар нэг хэрүүл, маргаан, нэгнийгээ зодож, цохисон зүйл байхгүй, талийгаач надтай 28 жил цуг амьдарч байхдаа намайг зодож, цохиж байсан удаа байхгүй, хааяа маргалдах зүйл бол байсан. Би талийгаачийг нас барсны дараа Л.Шийн талийгаачийг цохисон модыг түлсэн харин нөгөө хугарч унасан мод болон чулууг цагдаа нарт өгсөн, харин цус болсон футболк, цусыг нь арчсан даавууг шатаасан, харин дээл болон гудасны өнгийг угаасан юм ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-93, 102-105 /,

.....Талийгаачийг Л.Ш цохих үед би малын хашаан дотор ямаагаа саагаад хараад сууж байсан юм, манай малын хашаа 3 эгнээ банз байгаа юм өндөр 1м орчим байх, нэг банз нь 10 гаран см байх, тухайн 3 банз нь дундаа зайтай 2 талд нь банз тавьж хадсан хашаа байгаа юм, тийм учраас сууж байхад бүх зүйл харагддаг, тухайн өглөө талийгаачийг Ц.Бтэй мотоциклоор явах гэж байхад нь Л.Ш мотоциклоосоо буу ухна хуцаа хариул, ухна, хуцаа аваад зайлаарай гэж хэлэхэд талийгаач Ц.Ц, Ц.Бийн мотоциклоос буугаад малын хашаа руу алхах замдаа Л.Шийг чи яахаараа намайг явуулдаггүй юм бэ гэж хэлээд газарт хэвтэж байсан банзыг аваад малын хашаанд дотор байсан Л.Ш руу шидэхэд банз малын хашааг очиж цохиод 2 хэсэг болж хугарч унасан, нэг хугарсан банз нь малын хашаанд дотор унасан, нөгөө банз малын хашааны гадна талд унасан тэгтэл Л.Ш малын хашаан дотроос чулуу аваад
шидэхэд талийгаачийн баруун талын хавирга дээр чулуу оносон, талийгаач чулууг
аваад эргүүлээд шидэхэд гаран дээр нь оносон, тэгтэл талийгаачийн
Л.Ш руу шидээд хугарч 2 хуваагдсан банзны 1 болох малын хашаан дотор
унасан банзыг Л.Ш аваад талийгаачийн зүүн талын хавирга хэсэгт цохиход
талийгаач цаашаа эргэтэл араас нь банзаа шидсэн банз талийгаачийн хүзүүн дээр
очиж цохиод газар унахаар би өөрөө гүйж очсон юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-88/

14. Насанд хүрээгүй гэрч Ц.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Аав хажуугаар нь гараад газар байсан хугархай банзыг аваад шидтэл хүргэн Л.Шийг оноогүй хажуугаар нь гараад малын хорооны барьсан чулуу дээр цохиод дундуураа хугарч унасан тэгтэл аав чулуу авч шидээд хүргэн Л.Шийн гар дээр цохисон, Л.Ш газарт хугарч унасан 2 банзны нэгийг аваад зүүн талын хавирга хэсэг рүү цохиход аав цаашаа харахад банзыг далайгаад шидэх шиг болсон. Аав газарт унасан Л.Шийг банзыг далайгаад шидэх үед би тонгойж хувингаа авсан болохоор би сайн харж чадаагүй. Маш хурдан хугацаанд болсон болохоор миний эхэлж харснаар далайж байгаад шидэх шиг болсон. Аавыг газарт унахаар нь ээж бид хоёр гүйж очоод ээж аавыг эргүүлэхэд хүзүүний зүүн талаас цус годогдоод гоожоод байсан бид нар даавуу тавихад цус нь тогтохгүй байсан. Талийгаачийн унасан газарт хааш хаашаа 40 см хэртэй газар цус болсон, мөн гэрийн зүүн талын орны гудас, бүтээлэг цус болсон байсан...2019 оны 08 сарын 24-ны өглөө 2019 оны 08 дугаар сарын 24-ны өглөө 07 цаг 10 минутын үед талийгаач аав намайг сэрээгээд босоод ямаагаа саагаарай гэж хэлээд орноосоо боссон, аав тэр үед дээлээ өмсөж байгаад намайг энгэрийн товч товчлоод өгөөч гэхээр нь би энгэрийн товчийг нь товчилж өгсөн, талийгаач аав дээд айл руу болох А эгчийн очоод ирье гэж хэлээд аав бид 2 гэрээс гарахад саахалт айлын Ц.Б ах мотоцикл дээрээ мордсон хүлээж байсан, талийгаач аав очоод араар мордоход хүргэн ах Л.Ш мотоциклоороо буу, ухна хуцаа аваад зайл гэж хэлэхэд Ц.Б ах та буу, буу, орой манайд хүрээд ирээрэй гэж хэлээд мотоциклтойгоо яваад өгсөн, тэр үед ээж бид 2 малын хашаан дээр ямаагаа сааж байсан хүргэн Л.Ш ах ямаа хашаа руу хашиж байсан тэгтэл аав мотоциклоос буугаад гэр лүүгээ явж байснаа гэнэт малын хашаа руу эргээд хүргэн Л.Шийг яахаараа чи намайг айл руу явуулдаггүй юм гээд замдаа байсан банзыг аваад, малын хашаан дээр ирээд хүргэн ах Л.Ш руу шидтэл банз нь малын модон хашааг очиж цохиод хугарч унасан, хүргэн ах Л.Ш талийгаач аав руу чулуу аваад шидтэл зүүн талын хавирга хэсэгт цохиод чулуу нь газар унасан, газар унасан чулууг талийгаач аав аваад Л.Ш руу шидэхэд зүүн талын гар хэсэгт цохисон тэгтэл Л.Ш газар хугарч унасан банзны нэгийг аваад талийгаач аавын зүүн талын хавирга хэсэг рүү цохиод аав цаашаа эргэтэл, цохисон банзаа араас нь шидтэл талийгаач аав шууд түрүүлгээ хараад газар унахаар нь ээж очоод өндийлгөхөд хүзүүний зүүн талын хэсгээс цус годогдоод гараад байхаар нь гэр лүү явж даавуу авчраад дарахад цус нь тогтохгүй, даавууг нэвтрээд байсан, мөн ам хамраас нь цус гараад байсан тэр үед ах Ц.Ө ирээд хүргэн ах Л.Ш, ээж бид нар өргөөд том гэр лүүгээ оруулаад баруун талын орон дээр тавьсан тэр үед талийгаач аавын хоолой сонин дуугараад амьсгалж байсан, бид нар аавыг үлдээчхээд бүгд гараад ээж, би, хүргэн ах Л.Ш бид нар ямаагаа саагаад, ах Ц.Ө айлын адуу хүргэж өгөх гээд явсан, ээж ямаагаа сааж байгаад гэр лүүгээ ороод талийгаач аавыг ус уух уу гэж хэлэхэд том харж байна гээд гарч ирээд ямаагаа сааж дуусгаад би том гэр лүүгээ ороход аав нүд нь аньсан, ам нь жимийсэн, сонин харагдахаар нь би ээжийг дуудсан, ээж орж ирээд биеийг барьж үзчихээд, хүргэн Л.Шийг дуудаад намайг эгч Б.Аг дуудаад ир гэхээр нь дүү Ө.Дын хамт Б.А эгчийн очиж хэлээд тэндээ үлдсэн Б.А эгч, дүү Ө.Дын хамт манай гэр лүү явсан, тэгтэл Б.А эгчийн хүү А.Даваа-Оргил ирэхээр нь аав сонин болсон байна гэж хэлэхэд манай гэр лүү явсан, би Б.А эгчийнд байж байтал хүргэн Л.Ш ирээд аавыг өнгөрсөн байна гэж хэлэхээр Л.Шийн хамт гэртээ ирсэн, Б.А эгчийнхээс манай гэр 4 км орчимд байдаг, намайг гэртээ ирэхэд гэрийн тавилгыг зөөж гаргаад, талийгаачийн гэрийн талын орон дээр агшааж тавьж байсан. Манай гэр малын зүүн хойд талд байсан, талийгаач гэр лүү явж байгаад болиод малын хашаар уу эргээд замаасаа банз аваад ирсэн Л.Ш малын хашааны дотор талд зогсож байсан, талийгаач аав банзаа шидэхэд Л.Шийн цаад талын малын банзан хашааг оноод хугараад, 2 хэсэг болсон, Л.Ш малын хашаан дотроос чулуу аваад шидэхэд аавын баруун талын хавирган дээр цохисон, чулууг аав эргүүлж аваад шидэхэд хүргэн Л.Шийн зүүн гар хэсэгт цохисон тэгтэл Л.Ш талийгаач аавын шидээд хугарч унасан банзны нэгийг аваад малын хашаан дотроос зүүн талын хавирга руу цохиход аав эргэсэн, тэгтэл араас нь банзаа шидтэл зүүн талын хүзүү хэсэгт оноод аав шургаад доошоо хараад унасан, талийгаач аав хүргэн ах Л.Ш руу шидсэн банз малын хашаа хийж байсан хуурай банз байсан, банз малын хашаа оноод голоороо цуурч хугарсан, хүргэн Л.Шийн талийгаач аав руу шидсэн банзны үзүүр нь долоовор хуруун чинээ үзүүртэй байсан, талийгаач аавыг цохисон банзыг ээж аавыг оршуулснаас хойш шатаасан гэж байсан, харин банзны нөгөө талын хугархай болон шидсэн чулууг цагдаа нарт олж өгсөн. Би ямаа саагаад хашааны гадна талд байсан, ээж, хүргэн ах Л.Ш нар хашааны дотор талд байсан, дүү Ө.Д хашааны гадна талд байсан, ах Ц.Ө урд талын жалга руу ямаагаа туух гээд явсан байсан, талийгаач модоор цохиулж унаснаас хойш ямар нэг зүйл яриагүй. Намайг Б.А эгчийнхээс ирэхэд талийгаач аавыг хувцсыг тайлаад, ганцхан дотуур хувцастай нь үлдээгээд, гэрийн баруун талд орны пүршин дээр гудас тавиад, зүүн тийш харуулж агшааж тавьсан, тэр үед нь харахад зүүн талын хавирга хэсэг хөхөрсөн харагдсан мөн баруун талын хөмсөгний дээд талд шалбарсан харагдсан, хүзүү хэсгээс гоожсон ямар нэг цус байгаагүй, бүгдийг арчсан бололтой ямар нэг цус байгаагүй. Талийгаач аав 2019 оны 08 дугаар сарын 24-ны өглөө ээжтэй ямар нэг хэрүүл, маргаан хийгээгүй, зодож, цохисон зүйл байхгүй...Л.Ш аавыг банзаар зүүн талын хавирга руу нь цохиод эргэхэд нь Л.Ш банзаа далайж байсан би тэр үед хувинтай сүүгээ тонгойж аваад харахад аавын хүзүүн дээр банз нь очиж оноод аав газар унасан мөн шидсэн банз нь газар унахыг харсан, Л.Ш банз авч шидэж аавыг онохыг харсан. Л.Ш ямар нэг зүйл хэлээгүй, талийгаачийг нас барах үед уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-101 /,

.... 2019 оны 08 дугаар сарын 24-ны өглөө 07 цаг өнгөрч байхад талийгаач аав намайг сэрээгээд босоод ямаагаа саа гэж хэлэхээр нь би боссон, аав намайг дээл товчлоод өг гэхээр нь аавын дээлийн энгэрийн товчийг товчилж өгсөн. Талийгаач аав дээд айл руу явна надтай хамт гэрээс гарсан тэр үед талийгаач Ц.Б ах мотоцикл дээрээ мордоод хүлээж байсан, талийгаач аав Ц.Б ахын мотоцикл дээр очоод мордсон тэгтэл Л.Ш аавыг мотоциклоосоо буу, ухна, хуцаа аваад зайл гэж хэлсэн, аав мотоциклоос буусан талийгаач Ц.Б ах хөдлөөд яваад өгсөн аав уурлаад чи яахаараа намайг захирч байдаг юм, яахаараа намайг айл руу явуулсан юм гэж хэлээд малын хашаа руу явах замд байсан банзыг аваад малын хашаан дотор зогсож байсан Л.Ш руу шидсэн тэгтэл банз нь малын модон хашааг оноод нэг хугарсан хэсэг нь хашааны дотор талд, нэг хэсэг нь хашааны гадна талд унасан тэгтэл Л.Ш хороон дотор байсан чулууг аваад талийгаач аав руу шидэхэд ар нуруу, далны доод хэсэгт оносон тэгтэл талийгаач чулууг эргүүлж Л.Ш руу шидэхэд зүүн талын гаран дээр оносон Л.Ш хашаан дотор, газар байсан банзыг аваад талийгаач аавын зүүн талын хавирга хэсэг рүү цохиход аав цаашаа эргэтэл банзны хугархайгаа шидэхэд талийгаач аавын хүзүүний зүүн талын хэсэгт оноод талийгаач аав түрүүлгээ хараад газар унасан, би очсон юм, талийгаач аав, Л.Шид модоор цохиулах үедээ миний баруун урд талд 3 орчим алхам зайтай байсан болохоор болсон зүйлийг бүгдийг харсан юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90 /

15. Гэрч Д.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 07 сард багийн айлуудаар үзлэгээр явж байгаад талийгаачийн гэрт нь очиж үзэхэд даралт нь хэвийн буюу 110/70-тай байсан, бие нь хэвийн өвдөж зовуурилсан зүйл байгаагүй, 2018 оны 07 сарын 20-ны үеэр хүүхэд нь мотоциклтой явж байгаад унаад биеэ гэмтээгээд сумын эмнэлэгт хэвтэж байсан, тэр үед талийгаач сум дээр ирээд манай гэрт орой нь ирэхээр нь би даралт болон биеийг нь үзэхэд хэвийн байсан юм, тэр үеэс хойш дахиж талийгаач биеийг үзээгүй мөн тэр үеэс хойш манай нөхрийн бие өвдөөд хэвтрийн болоод гэртээ нөхрөө хараад багийн айлуудаар очиж үзлэг хийж чадаагүй юм. 2018 оны 08 сард талийгаач болон түүний ар гэрээс ямар нэг дуудлага ирээгүй, би талийгаачийг өнгөрснөөс хойш үзлэгээр явж байгаад очсон юм, талийгаачийн хувьд архаг хууч өвчин байхгүй, олон жил тамхи татсан болохоор уушги нь жаахан боронхийттай байсан, талийгаач өөрөө ямар нэг өвчин хэлдэггүй хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 /,

16. Гэрч С.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Талийгаач Ц.Ц тухайн үед юу гэж хэлж үзүүлж байсныг санахгүй байна, ямар ч байсан бие нь өвдөж өвчилсөн зүйл байгаагүй мөн талийгаач архаг хүнд, хууч өвчин гэх зүйл байдаггүй, ямар нэг архаг хүнд өвчинтэй бол хяналтад орж байнга үзүүлж, диспансерын хяналтад авдаг юм..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114 /,

17. Гэрч Л.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би Л.Шийн хамгийн эгч том нь байгаа юм, манай дүү Л.Ш нь 1990 онд төрсөн, багаасаа мал дээр өссөн, сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, Өмнөговь аймагт цэргийн алба хаасан, миний 3 дахь хүү байгаа юм, миний дүү их зөөлөн өвөрч, хүнд элдэв, муу санаа байхгүй, хүний үгнээс гардаггүй, хүүхдээрээ зантай, ажилсаг, өөрт оногдсон ажлаа сайн хийдэг, элдэв янз бүрийн зан байхгүй, дуу,цөөтэй, хүний үгнээс гардаггүй, хүнтэй юм ярихдаа жаахан муу хүн байгаа юм. 2010 онд эхнэр болох Ц.Өтай танилцаад 2012 онд гэр бүл болоод 5аян-Өндөр суманд 1 жил гаран айлын мал маллаж байгаад Жинст сум руу хадмынх руугаа нүүсэн тэр үеэс хойш хадмынхтайгаа хамт байгаа, эхнэр л Өгийн хувьд манай дүүтэй суухаас өмнө нэг хүүхэдтэй, манай дүүтэй сууснаас хойш нэг хүүхэд гаргасан, сүүлийн хүүхэд нь манай дүүгийн хүүхэд байгаа юм, одоо ам бүл-4 үүлээ, хадмынхантайгаа их сайн харилцаатай, бид нар аймагт ороод ир гэхээр орж ирдэггүй, хадмынхаа хаяанаас салдаггүй хүн байсан юм, хаа нэг аймаг орж ирэхээрээ манайхаар нэг орж ирээд гардаг хүн байгаа юм, хааяа загнахаар өмнөөс юм хэлээд байдаггүй, доошоо хараад уйлаад байдаг, зориг муутай хүн байгаа юм…гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140/

18. Шинжээч Ц.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Хүний цус илэрсэн Цгийн булчингийн хэсэг гэх 5х2 см хэмжээтэй шаргал өнгийн хатсан зүйл, Цгийн хүзүүнээс гарч ирсэн гэх мод мэт зүйл, цагаан өнгийн хадган дээрх цус нь өмхийрч муудсан цусны хэмжээ нь бага, объектын бохирдол их байсан улмаас цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байсан.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-174 /,

19. Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ..Мохоо хүчин зүйл гэдэгт банз орох ба хурц ир үзүүртэй зүйл физик химийн хүчин зүйлээс бусад зүйлс мохоо зүйлд орно. Тийм учраас банз нь банз нь мохоо зүйлд орно. Цочмог цус алдалд гэдэг нь маш хурдан хугацаанд буюу 1-5 минутын хооронд гүрээний судаснаас их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокийн улмаас нас барсан байна. Тухайн гэмтлийг авсан даруйд цус алдалтын шокоор нас барсан байна. Ясны арьсан доор хүрэн улаан өнгийн цус хурсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-177 /

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5833 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Амь хохирогч Ц.Цгийн биеийн хэсгээс авсан эд 1” гэж хаягласан гялгар ууттай булчингийн эдэд спиртийн зүйл илрээгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 149/,

21. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5823 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн Цгийн булчингийн хэсэг гэх 5х2 см хэмжээтэй шаргал өнгийн хатсан зүйл, Цгийн хүзүү хэсгээс гарч ирсэн мод мэт зүйл, цагаан өнгийн хадган дээр хүний цус илэрсэн.

2. Цгийн булчингийн хэсэг гэх 5х2 см хэмжээтэй шаргал өнгийн хатсан зүйл Цгийн хүзүү хэсгээс гарч ирсэн мод мэт зүйл, цагаан өнгийн хадган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

3. Цэнхэр өнгийн дээл дээр цус илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 150-152/,

22. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн:

1. Талийгаачийн биед хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний доогуур гүрээний зүүн дотор салаа тараагуур судсыг бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх, цээжний зүүн талын 5,6,7-р хавирганы ясны хальсан доорхи цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний доогуур гүрээний зүүн дотор салаа тараагуур судсыг бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаач нь гүрээний зүүн дотор салаа тараагуур судасны бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокийн улмаас нас барсан байна.

 4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

 5. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 145-146/

 23. Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 73 дугаар шинжээчийн:

 1. Хохирогч Л.Ш нь ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчингүй.

 2. Л.Ш болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...гэх мэдүүлэг /хх-ийн 162/

 24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1433 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх хар саарал өнгийн чулуутай, хүрэн бор өнгөтэй шорооны хэсэг дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр О(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна...гэх дүгнэлт /хх-ийн 100-101/ болон 1 дүгээр хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1-р хх-ийн 44-47 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, 1-р хх-ийн 49-53 дугаар хуудсанд авагдсан дээлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1-р хх-ийн 163-165 дугаар хуудсанд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 1-р хх-ийн 166-169 дүгээр хуудсанд авагдсан мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчийн санал, прокурорын даалгавар, 1-р хх-ийн 147-148 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл, 1-р хх-ийн 180-190 дүгээр хуудсанд авагдсан сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал, прокурорын санал, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, 2-р хх-ийн 24-29 дүгээр хуудсанд авагдсан хохирлын баримт зэрэг нотлох баримтыг шинжлэв судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээч эмч Б.Оюун-эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулах талаарх хүсэлтээсээ татгалзаж байгаа талаар бичгээр хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд илэрхийлж, мэдүүлсэн тул шүүх бүрэлдэхүүн талуудын санал, хүсэлтийг харгалзан уг хүсэлтийг хүлээн авч хангаж шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

Шүүхээс шүүгдэгч Л.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар баг “Ухаагийн ам” гэх газарт хадам аав Ц.Цг хувийн таарамжгүй харьцааны улмаас мод шидэж уг мод нь Ц.Цгийн зүүн хүзүү хэсэгт зоогдож хохирогч нь гүрээний зүүн дотор салаа тараагуур судасны бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокийн улмаас нас барсан буюу хүнийг алсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Өийн, Ц.Ө, насанд хүрээгүй гэрч Ө.Д, гэрч Ц.Ө, Б.Ү, Ц.Ө, Ц.Б, Б.М, насанд хүрээгүй гэрч Ц.Ө, гэрч Д.Нарантуяа, С.Урангоо нарын мэдүүлэг, шинжээч эмч Ц.Оюун-эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 44, 5833 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Шийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Шийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.Шид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.Ш нь хохирогч Ц.Цг модоор хүзүү тус газар цохиж улмаар цус алдаж нас барсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Л.Ш нь уг гэмт хэргийг үйлдсэн талаараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруутай байна гэж дүгнэлээ.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5823 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн Цгийн булчингийн хэсэг гэх 5х2 см хэмжээтэй шаргал өнгийн хатсан зүйл, Цгийн хүзүү хэсгээс гарч ирсэн мод мэт зүйл гарч ирсэн...” гэх дүгнэлтээс дүгнэхэд гэрч нарын мэдүүлсэн болсон үйл баримтыг шинжээчийн дүгнэлт баталсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Мөнхтогоо нь шүүгдэгч Л.Шийг “хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна” гэж дүгнэлтээ уншиж сонсгосон бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Л.Шийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн буруутай гэж тооцохдоо иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Л.Шид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Өгийн зүгээс дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянган төгрөг нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс хохирогчид дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянган төгрөг төлсөн талаар хохирогч Ц.Ө, хохирогчийн өмгөөлөгч Д.Мэндээ, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ө нар гарын үсэг зурж бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Л.Шийг хохирогчид төлөх төлбөргүй үзлээ.

Хэрэгт хөх цэнхэр өнгийн дээл нэг ширхэг, 22 см урттай банкны тал хэсэг нэг ширхэг, 20 см урттай хөх чулуу нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шороо зэргийг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 03-ний тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Ш нь энэ хэргийн учир 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 623 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь нээлттэй, хаалттай хохих 413 дугаар ангийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа буюу давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдээгүй бол шүүгдэгч Л.Шийг нээлттэй хорих байгууллагад хүргэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л.Ш нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа ял шийтгүүлж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Шийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Шийг таван жил дөрвөн / 05 жил 04 сар / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Л.Шид таван жил дөрвөн / 05 жил 04 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Шийн энэ хэргийн учир 623 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Л.Ш нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хөх цэнхэр өнгийн дээл нэг ширхэг, 22 см урттай банкны тал хэсэг нэг ширхэг, 20 см урттай хөх чулуу нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шороо зэрэг зүйлсийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Шид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлстйн цагдан хорих байранд хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.             

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Шид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

 ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА