Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр ,

Хохирогч: Я.Б,

Шүүгдэгч: О.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114001290121 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 15 дугаар гудамж 5 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Я.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, үл ялих зүйлээр шалтаглаж баруун далны доод талд нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч О.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би Я.Бтай хамтран амьдрагч байсан. 2020 оны 11 дүгээр сарын 15- ний өдөр Баянхонгор сумын 6 дугаар баг 15-05 тоотод гэртээ зурагт үзэж байгаад Я.Бтай маргалдаж, гэр байсан жижиг хутгаар өнгөц нурууны ард хатгасан. Тухайн үед уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн байсан юм. Ийм зүйл болсон. Харуй бүрий болохоор ийм зүйл болдог. Тухайн үед миний дотор би биш байсан. Би одоо бөөгийн сахиус авах гэж байгаа. Я.Б энэ бүх зүйл болох талаар мэдэж байсан гэж би бодож байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, ярих зүйлгүй гэв.

 3. Хохирогч Я.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би О.Т гэх залуутай 2018 оны 09 дүгээр сард танилцаж 11 сараас хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх үед бид хоёрын дунд байнга хэрүүл маргаан гарч О.Т тэр болгонд надад гар хүрч зодож, цохиж асуудлыг шийддэг байсан. Би салах талаар ярихад намайг “ална, охин, ээж хоёрыг ална” гэж хэлж сүрдүүлж, би айсандаа салдаггүй байсан. 2020 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод сургалтад суухаар О.Тын хамт явж Улаанбаатар хотод айлд оройн хоол идэхээр сууж байхад Фейсбүүк дээр тавьсан чатаас болж зодож, миний гуя хэсэгт хутгаар зүсэж, үстэж, чирч баруун хөл орчимд зулгарч гэмтэл үүсгэсэн. Тэгтэл цагдаа ирж Улаанбаатар хотод уг асуудал шалгагдаж шийдэгдэж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 15 дугаар гудамж 5 тоотод О.Тын гэрт угаалга хийж дуусаад хамтран амьдрагч О.Тыг хараад өхөөрдөж инээхэд “намайг доромжилж инээлээ” гэж хэлээд босож ирээд миний баруун гар орчимд цохисон. Би О.Тод хандаж “хоёрын хооронд зүйлээс болж юм болдог шүү” гэж хэлээд хувцсаа өмссөн. О.Т “чи хаачих гэж байгаа юм" гэж асуухад нь “би гэртээ ээж дээрээ очлоо” гэж хэлсэн. Тэгтэл “би чамайг явуулахгүй, жаахан асуудлыг дэвэргэж байдаг болохоор би явлаа” гэхэд босож ирээд хутга авч над руу дайрах гэсэн. Тэр үед гаднаас О.Тын ээж орж ирж таарч бид хоёрын дундуур орж салгасан. Миний баруун далны доод талд халуун оргих шиг болсон. Гараа хийж үзэхэд цус дүүрч гарч ирсэн. Намайг зүссэнийг тэр үед би мэдсэн. О.Тын ээж сандарч “битгий цагдаад хэлээч, бид хоёр энд эмчилнэ” гэж хэлж гуйсан. Тухайн үед О.Т “юун сүртэй юм хутганы үзүүр хүрсэн төдий” гэж хэлээд биеэ өмөөрч намайг дарамтлаад байсан. О.Тын ээж Э намайг эмчилж эдгээсэн. О.Т надаас салаагүй. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр О.Т бид хоёр салж, тусдаа амьдрах болсон. О.Т одоо өөр найз охинтой болж би О.Тоос юм асуух гэхэд дургүйлхэж янз бүрийн зүйл бичиж хэлдэг. Би “чамайг цагдаад өгнө” гэж ярихад “би чамайг ална, чамтай хамт үхнэ” гэж хэлж дарамталж сүрдүүлж байгаа. Намайг гэмтээхэд О.Тын ээж Э, хоёр дүү нь байсан өөр хүн байгаагүй... Цагдаад 2 удаа хандаж шалгагдаж шийдвэрлэгдэж байсан. Намайг бол байнга зодож, цохидог байсан. Тэр болгонд би цагдаад хандаад байдаггүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 /,

 .... 2019 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн 10 дугаар баг 303 дугаар байрны гадаа О.Тын машинд сууж байгаад маргалдаж намайг мөргөж миний хамрыг гэмтээж байсан. Тухайн үед бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Орой 22 цагийн орчим байсан санагдаж байна. Тухайн үед би ажилд орох гэж өргөдөл өгсөн байсан. Тэгээд цагдаад хандаагүй. Тэгж байгаад хамар эдгэрч зүгээр болсон. Шар өнгийн модон иштэй хутга байсан. Тэр хутгыг яасан талаар мэдээгүй дараа очиход тэр хутга байхгүй байсан. Би тэр хутганы талаар асуухад хаячихсан өөр хутга авсан гэж надад хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Б мэдүүлэхдээ:

 5. Гэрч Ч.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Миний хүүтэй Я.Б үерхдэг байсан. Албан ёсоор хамтран амьдарч байгаагүй. Намайг хөдөөнөөс ирэх үед манай гэрт харагдаж байдаг байсан. 2020 оны 11 дүгээр сард би Баянхонгор сумын 6 дугаар баг 15-5 тоот гэртээ байхад манай хүү О.Т, Я.Б нар гэрт байсан. Би хувцас угааж байгаад угаасан хувцсаа өлгөхөөр гэрээс гарсан хойно хүмүүс орилж, хашхирах чимээ гарсан. Тэгээд юу болсон юм бол гэж бодоод гэрт ороход Я.Бы нурууны ар хэсэгт хутгаар зүсэгдэж цус гарч байсан. Би хүү О.Тыг загнаж хүүгээсээ хутгыг авч гадаа үнсний сав руу шидчихсэн. Я.Бы зүсэгдсэн хэсгийг маарлаар дарж боож өгсөн. Өнгөц зүсэгдсэн шарх байсан. О.Т, Я.Б хоёр ч тухайн үед эвлэрсэн... Би ямар шалтгааны улмаас хутгаар зүссэнийг мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 /,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 219 дугаартай шинжээчийн:

... 1. Я.Бы биед нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийг үүсгэсэн хүчин зүйл болон үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 43-44/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 15 дугаар гудамж 5 тоотод байх гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах хамтран амьдрагч Я.Быг мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож, нурууны ар хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Я.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Эийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 219 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Тыг өөрийн байнга оршин суух Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 15-05 тоот газраас явахыг хоёр сарын хугацаагаар хориглож, мөн хохирогчид аюул учруулах эрсдэлтэй гэж дүгнэж хохирогч Я.Бтай биеэр бусад техник хэрэгсэл, бусдаар дамжуулж харилцахыг хоёр сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Уг хязгаарлалт тогтоох ялыг техник хэрэгсэл ашиглаж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хохирогч Я.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын эмчилгээний төлбөрт таван сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хамрын ясыг эмчлэх хагалгаанд орно гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч О.Тоос гурван сая төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэж хоёр сая төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Я.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй боловч түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хамрын ясыг эмчлэх хагалгаанд орно гэж өөрөө мэдүүлж нүүрний хэсгээ заасан байдал болон тус аймгаас Улаанбаатар хот ирж очих, хэвтэж эмчлүүлэх зардал зэргийг зах зээлийн ханшаар шүүх тооцож дээрх гурван сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Харин шүүгдэгч О.Тын эзэмшлийн 02-30 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Учир нь шүүх шүүгдэгч О.Тоос хохирогч Я.Бд эмчилгээний зардал гурван сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан хохирогчид эмчилгээний зардал гаргах боломжгүй нөхцөл үүсвэл уг авто машиныг зарж борлуулж хохирлыг гаргуулж илүү гарсан орлогыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзэж, харин хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлсөн тохиолдолд авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож авто машиныг эзэмшигч О.Тод буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч О.Т нь урьд нь шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь шийтгүүлж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч О.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Тыг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Тыг өөрийн оршин суух газраас буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 15 дугаар гудамж 5 тоотоос хоёр / 02 / сарын хугацаагаар явахыг хориглож, уг ялыг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Тыг хохирогч Я.Бтай харилцахыг хориглож хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3,-д зааснаар шүүгдэгч О.Тод нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг дурдсугай.

 6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Тоос гурван сая / 3.000.000 / төгрөгийг гаргуулж хохирогч Я.Бд олгож, хохирогчийн нэхэмжилсэн хоёр сая /2.000.000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч О.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч О.Тын эзэмшлийн Тоёота Гранд Марк-2 маркийн 02-30 БНХ улсын дугаартай автомашин битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй..

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ