Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2017/00088/И |
Дугаар | 146/ШШ2017/00112 |
Огноо | 2017-04-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 146/ШШ2017/00112
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1951 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, Зөрүүлэг гэх газар оршин суух, ЙБ54010901 дугаарын регистртэй, Адуучин овгийн Аюушийн Мягмардулам
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Мягмардулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Мягмардулам нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“...Миний бие 1951 онд төрсөн. 1970 оны 10 дугаар сарын 13-нд Д.Ванчинтай гэр бүл болон 1971 оны 6-р сарын 5-нд Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчинаар орж 1991 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан билээ. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр бичигдсэн боловч тухайн албан тушаалтны хайхрамжгүй байдлаас болж миний хөдөлмөрийн дэвтрийн овог нэрийг Галсангийн Мягмарзул гэж буруу бичсэн байна. Миний ээж Должин нь анх Галсантай гэр бүл болон 4 хүүхэд төрүүлж аж төрж байгаад намайг 3 настай байхад миний эцэг Галсан нас баран улмаар Аюуш гэдэг хүнтэй гэр бүл болон бид бүгдийг өсгөсөн юм. Энэ үеэс Аюушийн Мягмардулам гэж бичигдэх болсон. Миний тэтгэвэр авах эрх хасагдаж зогсоод байгаа билээ. Энэ байдлыг харгалзан үзэж 1971-1980 оныг дуустал 105 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн Галсан овогт Мягмарзул гэж ташаа бичсэнийг Аюуш овогтой Мягмардулам нэрээр минь залруулж мөн 1981-1991 оныг дуустал ажиллаж байсан Аюушийн Мягмардулам миний хөдөлмөрийн дэвтрийн касс гэсэн тамга дарсан гэсэн үндэслэлээр татгавар авах эрх маань хаагдсан байна. Иймд энэ байдлыг харгалзан үзэж 1971-1991 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч А.Мягмардулам нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Аюушийн Мягмардулам миний бие 1971 оны 06 дугаар сарын 05-наас 1991 оныг дуустал Батзам нэгдэлд ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг боловсон хүчин маань миний овог нэрийг Галсангийн Мягмарзул гэж бичиж зөрчил гаргасан учир энэ дэвтрийг миний дэвтэр мөн болохыг сэргээн тогтоож өгнө үү. Урьд өмнө нь би анзаардаггүй байсан. Энэ дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь би өөрөө мөн юм....” гэжээ.
Хүсэлт гаргагч А.Мягмардулам нь шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие 1971 оноос 1991 оныг дуустал Батзам нэгдэлд ажиллаж байснаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. Батзам нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Мягмардулам нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
А.Мягмардуламд 1971 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Галсангийн Мягмарзул гэсэн нэртэйгээр хөдөлмөрийн дэвтэр олгогдсон байна.
Хүсэлт гаргагч нь “...Миний хөдөлмөрийн дэвтрийг боловсон хүчин маань миний овог нэрийг Галсангийн Мягмарзул гэж бичиж зөрчил гаргасан...” гэж тайлбарласан нь мөн дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Аюушийн Мягмардулам болох нь түүний цахим үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №72 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1971 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1979 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №18 дугаартай гэрлэлтийн баталгаа, гэрч М.Алтанхуяг, А.Лхамхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд 1971 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Галсангийн Мягмарзул гэсэн нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч Аюушийн Мягмардулам мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “эдгээр үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч А.Мягмардуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар хүсэлт гаргагч Адуучин овогтой Аюушийн Мягмардуламын 1971 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Галсангийн Мягмарзул нэртэйгээр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар А.Мягмардуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА