Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 116/2021/0013/З |
Дугаар | 221/МА2023/0250 |
Огноо | 2023-04-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2023/0250
С.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч С.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, С.Г-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С
Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Г.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, өмгөөлөгч В.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 116/2021/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г-оос Дорнод аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, С.Г-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 31.3.2, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, гол үндэслэл нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаагүй” гэж байна. Аймгийн Засаг дарга хүсэлтийг аваад шууд сунгаад захирамжаар гаргачихдаггүй. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар буюу харьяа агентлаг албандаа шилжүүлсэн тэндээс хянаж шалгаад сунгах бол Засаг даргын захирамжийг төлөвлөөд ирүүлдэг гэсэн. Засаг даргад сунгуулах хүсэлт бичихэд аймгийн Засаг дарга тэнд давхцал үүссэн эсэх, тэнд хэн, хэрхэн эзэмшиж ашиглаж байгааг өөрөө шууд хянахгүй дээрх Засаг даргын дэргэдэх мэргэжлийн ажлын алба л шалгаж хянах ажлыг гүйцэтгэдэг юм байна.
Миний бие Засаг даргад хүсэлтээ бичихгүй, миний уг газрыг эзэмших эрх дуусахаас 7 сарын өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тодорхой өргөдөл бичиж хандсан. Уг өргөдөлд “Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамжаар “Г” компани зүүн талд 215 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших болсон. Уг захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Иймд уг эзэмшиж байгаа газрын гэрээг сунгуулахаар өргөдөл гаргав” гэсэн байдаг. Энд газар эзэмших хугацаа, эзэмших гэрээ сунгуулах тухай хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой тусгагдсан хэн ч ойлгохоор байгаа.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Засаг даргад хандаж хүсэлтээ гаргах ёстой байжээ. Түүнийгээ мэдэхгүй иргэн би Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдлөө, материалын хамт аваад очиход уг өргөдлийг авч байгаа албан тушаалтан “энэ өргөдлийн манайх хүлээж авдаггүй юм. Та аймгийн Засаг даргад ханд” гээд миний өргөдлийг авахгүй байх байжээ. Гэтэл өөрийн байгууллагын хүлээж авах ёсгүй өргөдөл материалыг хүлээж аваад, аймгийн Засаг дарга шийддэг асуудал юм бол хэний зөвшөөрлөөр, хэний шийдвэрээр, шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй асуудлыг шийдвэрлэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 177 дугаар тоотоор “гаргасан гэрээ гэрчилгээг шинэчлүүлэх хүсэлт ирүүлсний судалж үзэхэд тухайн газар дээр иргэн Ш.Э-д Хэрлэн сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар захирамж болон 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаартай захирамжаар 300 м.кв газрыг эзэмшүүлж газрын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талбарын хувийн хэрэг үүсгэгдсэн тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Таны ирүүлсэн өргөдөл болон хавсаргасан 9 хуудас материалыг буцаав” гэж хариуг өгсөн. Энэ хариунаас болж миний газар дээр Ш.Э гэгчид 1995 онд гарсан захирамжийн дагуу 2009 онд захирамж гарган олгосныг ойлгоод намайг 2000 онд анх газар эзэмших өргөдөл өгөхөд тэр газар дээр ямар ч хүн эзэмшээгүй хоосон газар байсан, тухайн үед аймгийн Засаг дарга зөвшөөрөл өгсөн мөн газрынхаа байршлын схем хэмжээг тодорхой зурж өгсөн, тэр материалыг гаргаж өгөөчээ. Тэрийг үзвэл андуу ташаа асуудлыг ойлгоод засаж залруулах асуудал хийгдэнэ гэж ойлгосон ба хүсэлт өргөдлөө зохих газарт нь гаргаад байсан. Дээрх 177 тоотод 2009 оны Засаг даргын захирамж нь аль Засаг даргынх болохыг ч дурдаагүй байдаг. Гэтэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хэрлэн сумын газрын асуудал хариуцсан ажилтан нар хоорондоо шидлэн материалаа танайд өгсөн гээд, нөгөө нь манайд байхгүй гэж өчнөөн чирэгдүүлж явуулсан. Түүнээс хойш би газар эзэмших эрхээ сэргээлгэх, хамгаалах гэж Дорнод аймгийн иргэний хэргийн шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхээр явж дараа нь дахин иргэний хэргийн шүүхэд хянагдаж байхад иргэний хэргийн шүүх захиргааны шүүхийн хэрэг байна гэснээс захиргааны хэргийн шүүхэд материал шат дамжин тасралтгүй 7-8 жил явж байна.
Ийнхүү тасралтгүй 8 дахь жилдээ эрхээ сэргээлгэхээр явж байгаа учир зөвхөн Аймгийн Засаг даргад хандаагүй гээд миний 20 жил хөдөлмөрлөж эзэмшиж ашигласан төлбөрийг төлсөн газар байршлыг минь “зөвхөн дээрх үндэслэлээр 2016 онд С.Г-ийн 275 м.кв газар эзэмших эрх дуусгавар болсон байна” гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Миний газар эзэмших эрх надаас болж дуусгавар болоогүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажилтны хариуцлагагүй, хайхрамжгүй эсвэл бүр зориуд танил талдаа үйлчилж байсан ажиллагаанаас болж 8 жил шахам шүүхүүдийг дамжиж явахад дуусгавар болох нөхцөл үүссэн.
Би бол 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар газар эзэмших эрх үүссэн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний эзэмших эрхийн хугацаа дуусах байсан учир 2015 оны 003 дугаар сарын 23-ны өдөр гэрээ гэрчилгээ сунгуулах хүсэлт бичиж хандсан. Сунгуулах хүсэлтийг манайх хүлээж авдаггүй хуулийн дагуу хандах газраа ханд гээд хүсэлтийг хүлээж аваагүй бол би ингэж хохирохгүй байсан. Захиргааны хэргийн шүүх ч гэсэн сунгуулах тухай хүсэлтийг, гэрээ гэрчилгээг шинэчлүүлэх хүсэлт гэж дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Гэтэл н.Э гэгч хүн 1995 онд захирамжаар Хэрлэн сумын 12 дугаар багт газар эзэмших эрхтэй болсон түүнийгээ хэрэгжүүлээгүй байсан. Татвараа ч төлөөгүй явж байгаад 2009 онд гэнэт төлөөгүй татвараа тушаасан. Тэгээд л 2001 оноос хойш миний эзэмшиж ажиглаж байгаа газар дээр 2009 онд Э-д захирамж гаргаад өгчихсөн байна. 2009 онд оноос өгсөн газар дээр тэр ирээгүй байж байгаад намайг газар эзэмшдэг болохоо нотлохоор анх бүрдүүлсэн баримтаа шаардаад яваад байх үед гэнэт 2018 онд Дорнод аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж гаргаж чөлөөлүүлнэ гэх болсон.
2009 онд Ш.Э-д газар эзэмших эрх олгох захирамж гаргахдаа уг газар дээр хэн нэг хүн эзэмшиж ашиглаж байгаа эсэх, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан тодорхойлолтыг ямар журмаар яаж гаргуулсан зэргийг бүгдийг хянах шалгах чиг үүргээ аймгийн Засаг дарга, түүний дэргэдэх мэргэжлийн байгууллага болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажилтнууд хэрэгжүүлээгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар журмаа зөрчсөн энэ хууль бус үйлдэлд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн санаачилгаараа шалгаж нотлох баримт бүрдүүлэн шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэж гомдолтой байна.
Шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч нь газар эзэмших эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 205 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлагын дагуу уг маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон ч тухайн газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй” гэсэн. Энэ нь төр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байж болох мэтээр дүгнэж, ингэж шударгаар эзэмшиж ашиглаж явсан иргэн миний эрхийг хуйвалдаж хууль бусаар бусдад давуу байдал олгож байгаа төрийн албан хаагчийн албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг хамгаалсан шийдвэр гаргасныг ойлгохгүй байна.
Миний Засаг даргад хандаж сунгуулах хүсэлтээ гаргаагүйгээс болж эрх ашгийг минь хохироосон, би хохирсон явдал төрийн хуулийг зөрчин, хууль ёсыг зориуд гажуудуулан зөрчиж бусдад давуу байдлыг олгож байгаа албан тушаалтны хууль бус үйлдэл хоёрын аль нь нийгэмд илүү хор хөнөөлтэй вэ? Нийгмийн шударга ёс хэзээ, хаана гарч ирж хэрэгжих ёстой вэ? гэдэг талаас шүүх үнэлж өгсөнгүй. Харин ч миний 2000 оноос хойш эзэмшиж ашиглаж байсан газрын эрхийг сунгах боломж олгосон бол шүүхийн шийдвэрийг иргэд шударга боллоо гэж үнэлэх байсан. Газрын байршлын хувьд хариуцагч Ш.Э-ын газар миний газар дээр давхцах ямар ч үндэслэлгүй захирамжууд байгаа. Захирамжууд нь Ш.Э-д 1995 онд Хэрлэн сумын 12 дугаар багт гэж /байршил тодорхойгүй/, н.Б 2000 онд СМУ-гийн 32 байрны баруун талд гэж газар аваад “И” ХХК-д 2007 онд шилжүүлсэн, С.Г-ийн 2000 онд “Г” төвийн зүүн талд гэж, Ш.Э-д 2009 онд СМУ-ийн 32 байрны баруун талд гэж заасан. Ертөнцийн зүгээр байршлыг бичвэл СМУ-ийн 32 байр зүүн талдаа, түүний баруун талд Ш.Э-д, Ш.Э-ын газрын баруун талд “И” ХХК, “И” ХХК-ийн баруун талд С.Г-ийн нэр дээр газар олгогдсон. Энэ байршлын талаар шүүх тодорхой байна гэж үзээд захиргааны хэргийн шүүх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 121 дүгээр захирамжаараа газрын байршил давхцалын асуудлаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон ба захирамжид дурдсан баримтууд шүүхэд ирсэн, хэрэгт байгаа.
Гэтэл Дорнод аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 622 дугаартай хүчингүй болсон шийдвэрийг Ш.Э гэгч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч ийм хүчин төгөлдөр шийдвэртэй учир Ш.Э эзэмшигч нь мөн болохыг Газрын харилаа, барилга, хот байгуулалтын газар тогтоож, С.Г-ийн уг газарт буй хүлэмж, амбаар зэрэг эд зүйлийг албадан нүүлгэх тухай шийдвэрлэгдсэн байгааг уламжилъя гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар биш Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар газраа чөлөөл гээд намайг байхгүй хооронд Ш.Э-ын төлөөлөгч нар 2021 онд миний эд зүйлийг зайлуулсан. Тэр хүртэл би 20 жил эзэмшсэн. Ш.Э гэдэг хүн нэг ч удаа харагдаагүй. Улаанбаатар хотод арван хэдэн жил амьдарч байгаа Дорнодод амьдардаггүй, ажилдаггүй Ш.Э гэдэг хүн Дорнодод газар эзэмшинэ, ашиглана гэх нэрээр төлөөлөгч Н л хөөцөлддөг.
Ер нь Газрын тухай хуулиар эзэмших эрх авсан газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаж эзэмшээгүй бол захирамжийг нь хүчингүй болгодог гэдэг. Ш.Э гэгч 1995 онд газар эзэмших захирамж гаргуулаад 2009 он хүртэл таг чиг байсан. 2009 онд Ш.Э-ын төлөөлөгч н.Н л хөөцөлдсөн, шинээр захирамж гаргуулсан байдаг тэр үед Ш.Э хот руу явчихсан байсан гэсэн.
Ш.Э эгч 1995 онд газар эзэмшиж эхэлсэн бол хаана эзэмшиж ашигласан байсан юм бэ? Миний газар дээр лав байгаагүй. Цуг нэг захирамжаар газар эзэмших байсан н.Э нь СМУ-ийн 32 дугаар баг байрны зүүн талд газартай тэр 2 нэг дор газар авсан гэж байсан. Энэ мэт бүх тодорхойгүй зүйлүүд байсаар байтал анхнаасаа захирамжийнхаа дагуу заагдсан газраа эзэмшиж ашиглаж байсан миний газрыг булаагаад байгаа. Энд газрын албаны бүх буруутай ажиллагаанаас болсон. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн н.А Захиргааны хэргийн шүүхэд өгсөн тайлбартаа “С.Г-ийн газар, Ш.Э-ын газартай давхцаагүй байх магадлалтай” гэдэг. Бас шинжээчийн дүгнэлтээр манай газрын зүүн талд залгаа хиллэдэг “И” ХХК нь зөвшөөрөгдсөн эзэмшил газраасаа 194 м.кв газар илүү ашиглаж байна гэсэн байдаг. Одоо 32 дугаар байрны баруун талд бага зэрэг газар байгаа. Тэр дээр “И” ХХК-иас илүү эзэмшиж байгаа газрыг нь чөлөөлүүлээд Ш.Э-д өгвөл болохгүй юм алга гэж үздэг. Гэтэл зөвхөн намайг буруутгаж намайг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Г миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч С.Г-оос “Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, С.Г-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Ш.Э-д анх Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 3 дугаар захирамжаар Хэрлэн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 0.03 га газар эзэмшүүлсэн бөгөөд маргаан бүхий аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаар захирамжаар дээрх Хэрлэн сумын Засаг даргын 3 дугаар захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Ш.Э-д тус сумын 6 дугаар баг, СМУ-ийн 32 дугаар байрны баруун талд буюу анх эзэмшүүлсэн байршилд нь 280 м.кв талбай бүхий газрыг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн баталгаажуулсан байна.
2.3. Ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохдоо газрын хаягийг нь Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 32 дугаар байрны баруун талд гэж өөрчилсөн байх бөгөөд тухайн үеийн 12 дугаар баг нь одоогийн 6 дугаар баг болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогджээ.
2.4. Харин нэхэмжлэгч С.Г-ийн хувьд анх Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамжаар Хэрлэн сумын 6 дугаар баг, “Г” ХХК-ийн зүүн талд 600 м.кв газрыг гражийн зориулалтаар газар эзэмшүүлсэн байх боловч 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/14/00266 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Хэрлэн сумын нутаг 275 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, уг хэмжээгээр газар ашиглах, эзэмших гэрээг байгуулсан байна.
2.5. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...С.Г-д ... Хэрлэн сумын 6 дугаар баг, одоогийн Нарлаг бөөний төвийн зүүн талд залгаа 600 м.кв газар олгохоор шийдвэрлэсэн. Гэвч газрыг нарийвчлан хэмжиж байршлыг тогтооход 275 м.кв баруун зүүн тийш нь хойш урагшаа 25 м талбайтай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон гэх газартай давхацсан, давхцал байгаа эсэхийг цэг солбицлоор нарийвчлан тогтоолгох”-оор шинжээч томилсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “нэхэмжлэгч С.Г болон газар эзэмшигч иргэн Ш.Э-ын газрын кадастрын мэдээллийн санд баталгаажсан зургийг газар дээр нь хийсэн хэмжилттэй давхцуулан үзэхэд 50 м.кв-аар илүү хэмжээтэй, хоорондоо давхацсан байдалтай” болох нь тогтоогдсон төдийгүй кадастрын мэдээллийн санд гуравдагч этгээд Ш.Э-ын нэр дээр баталгаажсан болох нь харагдаж байна.
2.6. Эдгээрээс үзэхэд, маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Ш.Э-д цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх төдийгүй нэхэмжлэгч С.Г-д 2000 онд тухайн газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
2.7. Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухай шатны Засаг даргад гаргах...” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч С.Г-ийн хувьд дээрх хуульд зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Засаг даргад хандсан үйл баримт тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.
2.8. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...уг газрыг эзэмших эрх дуусахаас 7 сарын өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тодорхой өргөдөл бичиж хандсан. Уг өргөдөлд “Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамжаар “Г” компанийн зүүн талд 215 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших болсон. Уг захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Иймд уг эзэмшиж байгаа газрын гэрээг сунгуулахаар өргөдөл гаргав” гэсэн байдаг” гэж тайлбарлан гомдох боловч хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өргөдөлд ийм агуулга тусгагдаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах өргөдөл гаргасан гэж үзэхээргүй байна.
2.9. Учир нь нэхэмжлэгчээс тус өргөдөлдөө “...газрын гэрчилгээ, гэрээг шинэчилж өгнө үү” гэсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийг нэхэмжлэгч С.Г-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэгэнт нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлт гаргаж байгаагүй, хариуцагчаас хугацаа сунгахаас аливаа байдлаар татгалзсан эс үйлдэхүй гаргаагүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй юм.
2.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны хэргийн шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэдэг.
2.11. Түүнчлэн анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан “...аймгийн Засаг даргын 2009 оны 205 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын дагуу уг маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон ч тухайн газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН