| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/93 |
| Огноо | 2021-07-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Турдыбек |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2021 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт С-гийн С-д холбогдох эрүүгийн 2135000560074 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт С-гийн С, 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар:............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.С нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 13-14 тоот Б.Ц-гийн гэрээс 200’000 төгрөгтэй мөнгөний гахай, шар цай нэг ширхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Ц-д 227’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр талууд эрүүгийн 2135000560074 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүний биед үзлэг хийсэн “Үзлэгийг 02 дугаар сарын 25-ны өдрийн 21 цаг 20 минутад ...эхлүүлэв. ...С.С нь дээлийн өврөөс хадаг барьсан эмэгтэйн зурагтай улаан цаасан савлагаатай, шар өнгийн хүрээтэй, “гүрж ногоон цай, хадагтаа, дугуй булант” гэсэн бичигтэй шар цайг сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
2. Хохирогч Б.Ц-гийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “Би 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ...гэртээ ирсэн чинь манай хүүхдүүд гэрээ эзэнгүй орхиод хажуу талын айл руу орж даам тоглож байгаад гэртээ орж ирсэн чинь мөнгөний гахай алга болсон байна гэсэн. Би мөнгөний гахайнаас өөр юм алга болсон эсэхийг шалгахад дугуй булантай цай нэг ширхэг алга болсон байсан. ...Манай хүүхдүүд Х гэх хүн гэрт орж ирсэн гэж хэлсэн. Би Хг манай мөнгөний гахайг хулгайлж авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг[2],
2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн “...анх мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн тооцоо байхгүй 220’000 төгрөг болсон байх гэж таамаглаж хэлсэн. Харин сүүлд нөхөр хүүхдүүдийн хамтаар баримжаалж үзэхэд 200’000 орчим төгрөг цугласан байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг[3],
3. Гэрч Б.А-гийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...Манай дүүгийн хүүхдүүд өнөөдөр авдар дээр байсан мөнгөний гахай хулгайд алдагдсан гэж хэлэхээр нь би согтуу хүн авсан байж магадгүй гэж бодоод Цаст дэглий хүнсний дэлгүүр ороход худалдагч А.Ж гэх залуу “Х гэж хүн манай дэлгүүрт орж ирээд ундааны сав тайруулаад явсан. Өвөртөө нэг юм хийчихсэн, нэлээн том харагдаж байсан” гэж хэлсэн. Би хүүхдүүдээс асуухад “Х өдөр манай гэрт орж ирсэн, Х ах орж ирэхээс өмнө мөнгөний гахай гэрт байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],
4. Гэрч А.Ж-ын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Б.А болон Б.Ц нарт “Хг өвөртөө нэг зүйл хийчихсэн нэлээн том харагдаж байсан” гэж ямар нэгэн зүйл хэлээгүй, “манай дэлгүүрт орж ирээд 2’000 төгрөгөөр тамхи аваад гарлаа ундааны сав тайруулсан, бор өнгийн дээлтэй явж байсан” гэж хэлсэн, өөр ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг[5],
5. Насанд хүрээгүй гэрч Н.Н-ын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...Цагаан сарын дараа би дүү Н.Н /11 настай/, Н.Н /8 настай/, Н.Х /6 настай/ нарын хамтаар гэртээ байж байгаад 19 цагийн үед манай хажуу талын Б.А гэх айлын гэр лүү Н.Н-ын хамт ороод хэсэг байж байгаад гэртээ ороход манай дүү Н.Н “ахаа манай мөнгөний гахайг Х /С.С/ гэх ах орж ирээд цайны идээтэй хамт аваад явчихлаа” гэж хэлсэн. Би хашаанаас гараад араас нь харахад ямар нэгэн хүн байхгүй алга болчихсон байсан... Би Х гэдэг хүнийг сайн танихгүй. Дандаа манайд нэг хүн ирдэг тэр хүнийг манай ээж, аав Х гээд дуудаад байдаг...” гэх мэдүүлэг[6],
6. Насанд хүрээгүй гэрч Н.Н-ийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...би ах Н.Н, Н.Н, дүү Н.Х нарын хамт байж байтал Н.Н, Н.Н нар манай хажуу талын айл болох Маамуу ахын гэр лүү орчихсон. Би дүү Н.Х-ын хамт хүүхэлдэйн кино үзэж байтал манай гэрт Х гэдэг ах ороод ирсэн. ...Манай гэрт орж ирээд зогсож байхад нь би дүү Н.Х-ыг дагуулаад хоёр ахаа дуудах гээд М ахын гэрт ороод хоёр ахаа дагуулаад гараад ирэхэд тухайн Х гэх ах манай гэрээс гараад явж байсан. ...Х гэх хүн манай гэрт орж ирэхэд бор өнгийн дээлтэй байсан дээлийнхээ өвөрт манай гэрт байсан цайны идээ аваад хийчихсэн байсан. Тэр цайны идээ харагдаж байсан. Харин мөнгөний гахайг барьчихсан гарч байсан. Тэр үед би яг урдаас нь таарсан юм. Би Х ахад ямар нэгэн зүйл хэлээгүй цаашаа гүйгээд Н.Н ахад хэлсэн юм” гэх мэдүүлэг[7],
7. Гэрч П.Н-ын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би Таван толгой руу ажилдаа яваад 2021 оны 3 дугаар сарын 15-ны үед ирсэн. Гэртээ ирэхэд манайд байдаг шар өнгийн мөнгөний гахайг манайхаар орж гарч явдаг С.С /Х/ гэгч аваад явсан гэж манай хүү Н.Н хэлж байсан...” гэх мэдүүлэг[8],
8. 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны “...С.С-ыг түүнтэй ижил төстэй гэх хоёр иргэний хамт оруулан, өөрийн дуртай байрлалдаа зогсохыг хүсэхэд С.С нь ертөнцийн зүгээр баруун талын захад зогсож 2 гэх дугаар авав. С.С-аас зүүн тийш хоёр хүнд 3, 4 гэсэн дугаар өгч таниулах ажиллагааг явуулахад насанд хүрээгүй гэрч Н.Н нь хамгийн эхэнд С.С /Х/ зогсож байна гэж 2 гэх дугаар барьсан С.С-ыг танив...” гэх тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт[9],
9. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн “Улаангом суманд 2021 оны 02 дугаар сарын байдлаар шар цайны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 12’000, мөнгөний гахай 15’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[10],
10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаартай “...С.С нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. С.С нь одоогоор болсон явдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.С нь одоогоор хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт[11],
11. Шүүгдэгч С.С-ын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн “...би тээврийн хороонд байх төрсөн ах С.Д-гийн гэр лүү явж байгаад С.Д ахын хадам талын хамаатан болох Б.Ц гэх айл руу согтуудаа яваад орчихсон юм. Тухайн айлд тэдний дөрвөн бага насны хүүхэд байсан бөгөөд намайг гэрт нь ороход гэрээсээ орж гараад дөрвүүлээ тоглоод гүйлдээд байсан. Би гэрт нь ороод гэрийн зүүн талд хоолны шкаф дээр хоёр ширхэг шар цай байснаас нэгийг нь аваад өвөртөө хийгээд гараад явчихсан. Тухайн үед би бор өнгийн дээлтэй явж байсан. Тухайн айлаас өөр ямар нэгэн зүйл аваагүй юм....” гэх мэдүүлэг[12],
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр харих гээд явж байгаад нэг хүнтэй нэг шил архи хувааж уугаад тээврийн хороо орсон. Дараа нь Б.Ц гэдэг айл руу ороод гоожуурын хажууд зогсож байгаад хоолны шкаф дээр байсан хоёр шар цайны нэгийг нь би аваад гарсан. Намайг ороход тэр айлд гурав дөрвөн хүүхэд байсан. Намайг гараад явж байтал хоёр цагдаа намайг ирж авсан. Сүүлд цагдаа нар “хохирогч 200’000 төгрөг нэхэж байна” гэж хэлсэн. Би авдар дээр байсан мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Би тэгж дээшээ яваагүй. Би нэг шар цай авсан нь үнэн, харин мөнгө бол аваагүй. Би шар цай авсан нь миний буруу. Би гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж зааснаар насанд хүрээгүй Н.Нийг гэрч гэж үзэх бөгөөд түүний өгсөн гэрчийн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэрчийн мэдүүлэг авч болохгүй этгээдэд хамаарахгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх үндэслэлтэй байна.
Гэрч Б.А-гийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...Манай дүүгийн хүүхдүүд өнөөдөр авдар дээр байсан мөнгөний гахай хулгайд алдагдсан гэж хэлэхээр нь би согтуу хүн авсан байж магадгүй гэж бодоод Цаст дэглий хүнсний дэлгүүр ороход худалдагч А.Ж гэх залуу “Х гэж хүн манай дэлгүүрт орж ирээд ундааны сав тайруулаад явсан. Өвөртөө нэг юм хийчихсэн, нэлээн том харагдаж байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг нь гэрч А.Ж-ын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Б.А болон Б.Ц нарт “Хг өвөртөө нэг зүйл хийчихсэн нэлээн том харагдаж байсан” гэж ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байгаа тул гэрч Б.Агийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...Би авдар дээр байсан мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Би тэгж дээшээ яваагүй. Би нэг шар цай авсан нь үнэн, харин мөнгө бол аваагүй...” гэж, түүний өмгөөлөгч “Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч С.С-ыг хохирогчийн гэрт байсан мөнгөний гахайг авсан гэх нотлох баримт байхгүй. Иймд шүүгдэгч С.С-ын хохирогч Б.Ц-гийн гэрээс мөнгөний гахай хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн боловч насанд хүрээгүй хохирогч Н.Н-ийн ...Х гэх хүн манай гэрт орж ирэхэд бор өнгийн дээлтэй байсан дээлийнхээ өвөрт манай гэрт байсан цайны идээ аваад хийчихсэн байсан. Тэр цайны идээ харагдаж байсан. Харин мөнгөний гахайг барьчихсан гарч байсан. Тэр үед би яг урдаас нь таарсан юм. Би Х ахад ямар нэгэн зүйл хэлээгүй цаашаа гүйгээд Н.Н ахад хэлсэн юм” гэх мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байна. Мөн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр талууд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг нотлогдоогүй тул шүүгдэгчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч С.С нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 13-14 тоот хохирогч Б.Ц-гийн гэрт насанд хүрээгүй гэрч Н.Н, Н.Х нарыг байхад орсон байх бөгөөд улмаар тэд нарыг гарсны дараа хохирогчийн гэрт байсан 200’000 төгрөгтэй мөнгөний гахай, нэг ширхэг шар цай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Ц-д 227’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Ц-гийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн болон 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Н-ын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Н-ийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үнэлгээ хийсэн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаартай дүгнэлт зэргээр тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг аргаар хууль бусаар нэвтэрсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч С.С нь хохирогч Б.Ц-гийн гэрээр орж, гардаг байсан болох нь насанд хүрээгүй гэрч Н.Н-ын “...Би Х гэдэг хүнийг сайн танихгүй. Дандаа манайд нэг хүн ирдэг тэр хүнийг манай ээж, аав Х гээд дуудаад байдаг...” гэх мэдүүлэг, гэрч П.Н-ын “...манайд байдаг шар өнгийн мөнгөний гахайг манайхаар орж гарч явдаг С.С /Х/ гэгч аваад явсан гэж манай хүү Н.Н хэлж байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Мөн насанд хүрээгүй гэрч Н.Н-ийн “...Би дүү Н.Х-ын хамт хүүхэлдэйн кино үзэж байтал манай гэрт Х гэдэг ах ороод ирсэн...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.С-ыг хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж тус тус хуульчилжээ.
Тодруулбал шүүгдэгч С.С-ын хохирогч Б.Ц-гийн 12’000 төгрөгийн үнэ бүхий шар цай, 15’000 төгрөгийн үнэ бүхий дотроо 200’000 төгрөгтэй мөнгөний гахай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 227’000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч С.С-д холбогдох эрүүгийн 2135000560074 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино” гэж, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.С-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-д 227’000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүйн улмаас цагаатгасан тул хохирогч Б.Ц өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч Б.Ц-гийн гэрээс хулгайлсан нэг ширхэг шар цайг шүүгдэгч С.С-аас хураан авч эд мөрийн баримтаар тооцсон болох нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор[13] тус тус тогтоогдож байх тул хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг шар цайг хохирогч Б.Ц-д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.С-ыг цагаатгасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллах үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000560074 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б ургийн овогт С-гийн С-ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй сулласугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч С.С нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг шар цайг хохирогч Б.Ц-д буцаан олгож, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 08-10 дугаар хуудас
[2] хх-ийн 14-15 дугаар хуудас
[3] хх-ийн 18-19 дүгээр хуудас
[4] хх-ийн 21 дүгээр хуудас
[5] хх-ийн 39 дүгээр хуудас
[6] хх-ийн 41 дүгээр хуудас
[7] хх-ийн 43 дугаар хуудас
[8] хх-ийн 53-54 дүгээр хуудас
[9] хх-ийн 49-52 дугаар хуудас
[10] хх-ийн 26 дугаар хуудас
[11] хх-ийн 86-88 дугаар хуудас
[12] хх-ийн 69-70 дугаар хуудас
[13] хх-ийн 11 дүгээр хуудас