Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Ч.А, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Ч-гийн А, Х ургийн овогт Ц-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2135000610083 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ц-ийн Б, 1998 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Наранбулаг сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ................

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Ч-гийн А, 1995 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь бүлэглэн Өлгий сумын Хулст нуур багийн нутаг Шийрэн цахир гэх нэртэй газар бэлчиж байсан иргэн Х.Шын гуч гаруй адуунаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэг тооны гүүг машин механизм буюу Мустанг-5 загварын улаан хүрэн өнгийн мотоцикл ашиглан хулгайлж хохирогчид 1’000’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн 2135000610083 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Х.Ш-ын 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Манай адуу сумын төвөөс зүүн тийш “Шийрэн цахир” гэх газарт бэлчиж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би адуугаа усалчхаад 11 дүгээр сарын 07-ны өдөр очиж адуугаа харахад манай адуунаас нэг тооны гүү алга болсон байсан. Би ойр хавийн айлуудын адууг шүүж хараад алдагдсан нэг тооны гүүгээ хайхад байхгүй байсан юм. ...Уг гүү нь дөрвөн настай хүрэн зүсмийн зөв /зүүн/ гуяндаа жижиг хонин дэгрээ /босоо/ тамгатай, имгүй гүү юм...” гэх мэдүүлэг[1],

2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн нутаг “Ташхаан хар үзүүр” гэх газраас нэг тооны гүү алдсан юм. Сумынхаа Өлгий нуур, Хулст нуур, Чаргат багийн нутаг, Наранбулаг сумын нутгаар хайгаад олдохгүй сураг чимээ тавьж явтал миний гүүг Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн иргэн Ч.А, Ц.Б гэх залуучууд миний адуун дотроос барьж аваад Ховд аймгийн Дөргөн сумын иргэн Х /Ц.Ц/ гэх хүнд өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг[2],

2. Гэрч Б.Б-ын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Х.Ш миний зээ дүү юм. Манайхны адуу хамт нэг газарт бэлчиж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бид нар адуугаа услаад 11 дүгээр сарын 07-ны өдөр очиж харахад адуунаас манай зээ дүү Х.Ш-ын нэг тооны гүү алга байсан. Бид нар тэр хавийн айлуудын адууг шүүгээд олоогүй юм...” гэх мэдүүлэг[3],

3. Гэрч Т.Ч-гийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Манай хүү Ч.А Өлгий сумын иргэн Х.Ш-ын нэг тооны гүү хулгайлсныг би мэдээгүй байж байгаад 2021 оны 3 дугаар сарын сүүлээр манайх Наранбулаг сумын Улаан үзүүр багийн “Олон овоотын оцог” гэх газарт байхад манай саахалт айлын залуу Болдоо надад “танай залуу Ч.А 2020 оны намар Өлгий сумын иргэний нэг гүү хулгайлж аваад Ховд аймгийн Дөргөн сумын иргэн Х /Ц.Ц/-д өгсөн юм байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],

4. Гэрч Т.Ц-ийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “...манайх Наранбулаг сумын “Нарийны худаг” гэх газарт байхад Ч.А, Ц.Б хоёр хүрэн зүсмийн гүү авч ирсэн. Ч.А, Ц.Б хоёр надад “бид хоёр нэг гүү авчирлаа, энэ гүүг Ховд аймгийн Дөргөн сумын Х буюу Ц.Ц-д өгөх гэж байгаа юм. Маргааш тэр өөрөө ирээд аваад явна, танайд үлдээчихье” гэж хэлээд явсан. Би Ч.А-с “ямар учиртай гүү юм” гэж асуухад “сугалааны өртгийг өгч байгаа юм” гэж хэлсэн. Ч.А, Ц.Б хоёр явсны дараа маргааш нь иржм гэж ын Х буюу Ц.Ц-д өгөх гэж байгаа юм. аваагүй, хоёр хоногийн дараа Ц.Ц өөрөө ирж аваад явсан....” гэх мэдүүлэг[5],

5. Гэрч Ц.Ц-ын “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн төв дээр “Ёндоо хорин нэг” гэсэн нэртэй сугалаа зохион байгуулаад тэр өдөртөө дуусгаж, 2020 оны 11 дүгээр сарын 05-аас 10-ны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын “Нарийны худаг” гэх газраас би мориор явж айлуудаас сугалааны өртөгтөө мал цуглуулж аваад явж байсан. Ч.А, Ц.Б нар нь “Нарийны худаг” гэх газарт байсан Т.Ц гэдэг айлын гадаа хүрэн зүсмийн зөв талын гуяндаа дээрээ бүдэг дарсан зургаагийн тоо хэлбэртэй тамгатай урт дэлтэй, духан дээрээ жижиг сартай хүрэн зүстэй гүүг уяж үлдээгээд “энэ гүүг надад өгөөрэй” гэж хэлээд яваад өгсөн байсан. ...Ч.А надтай утсаар яриад “таны сугалааны адууг Т.Ц гэдэг айлын гадна талд авч ирээд уячихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Т.Ц гэдэг айлын гаднаас очиж тэр хүрэн зүсмийн гүүг аваад явсан. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Ч.А гэдэг залуу надаас сугалаа аваад мотоцикл хожсон юм чинь арай хулгайн адуу өгөхгүй байх гэж бодсон...” гэх мэдүүлэг[6],

6. Шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаартай “Увс аймгийн Өлгий суманд 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 4 настай гүүний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’000’000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт[7],

7. Шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай “...Мустанг-5 загварын хуучин мотоцикл-150’000 төгрөг, суран бугуйл 35’000  төгрөг..” гэх дүгнэлт[8],

8. Шүүгдэгч Ц.Б-ын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ч.А нь надад “манай адуу яваад хараад ирье, ирэхгүй байна” гэж хэлсэн. Би “за тэгье” гэж зөвшөөрөөд Ч.Аюурзанын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклтой хамт сундалдаад “Шийрэн цахир” гэх газарт очсон. Тэнд эзэн нь тодорхойгүй гуч гаруй тооны адуу бэлчиж байсан юм. Тэгэхэд Ч.А нь надад “би Ховд аймгийн Дөргөн сумын Х /Ц.Ц/ гэх хүнээс мотоциклын сугалаа удаа дараа аваад байж нэг тооны гүү өгөх өглөгтэй болсон. Энэ адуунаас нэг тооны гүүг туугаад айлд аваачаад Х /Ц.Ц/-д өгье” гэж хэлсэн юм. Тэгээд би зөвшөөрч Ч.А-ын эзэмшлийн бугуйлаар хүрэн зүсмийн дэгрээ тамгатай гүүг шидэж бариад Наранбулаг сумын дөрөвдүгээр багийн нутагт байх Т.Ц гэх айлын гадна аваачиж уяад “энэ гүүг Х /Ц.Ц/ ирж авна. Х /Ц.Ц/-д өгөөрэй” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг[9],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

9. Шүүгдэгч Ч.А-ын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Ц.Бын хамт 2020 оны 11 дүгээр сарын 05-ны үеэр “Шийрэн цахир” гэх газарт малаа харахаар явсан юм. Тухайн Шийрэн цахир гэх газарт хэнийх нь мэдэгдэхгүй 30 гаруй адуу байсан. Би урьд Ховд аймгийн Дөргөн сумын Х /Ц.Ц/ гэх хүнээс мотоциклын сугалаа удаа дараа аваад байж нэг тооны гүү өгөх өглөгтэй болсон. Улмаар би тухайн өдөр Ц.Б-т “Х /Ц.Ц/ гэх хүнд нэг тооны гүү өгөх өртэй юм, энэ адуунаас нэг тооны гүү аваад Х /Ц.Ц/-д өгье” гэж хэлж тохироод тухайн адуунаас хүрэн зүсмийн дэгрээ тамгатай нэг тооны гүүг өөрийн эзэмшлийн бугуйлаар бугуйлдаж аваад Мустанг-5 загварын мотоциклоор туугаад Наранбулаг сумын дөрөвдүгээр багийн нутагт байх Т.Ц гэх айлын гадна аваачиж уяад “энэ гүүг Х /Ц.Ц/ ирж авна. Х /Ц.Ц/-д өгөөрэй” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг[10],

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хулгай хийсэндээ гэмшиж байгаа тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчийн адуунаас нэг гүү авсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.А нь гэрч Ц.Цаас авсан сугалааны үнийг төлөх зорилгоор шүүгдэгч Ц.Б-тай бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өлгий сумын Хулст нуур багийн нутаг “Шийрэн цахир” гэх газраас хохирогч Х.Ш-ын нэг тооны гүүг шүүгдэгч Ц.Б-аар бугуйлдаж бариулаад, өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклоор тууж Наранбулаг сумын дөрөвдүгээр багийн нутагт байх гэрч Т.Ц-ийн гэрийн гадна аваачиж уясан үйл баримт хохирогч Х.Ш, гэрч Б.Б, Т.Ч, Т.Ц, Ц.Ц нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б, Ч.А нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон ба шүүгдэгч Ч.А, Ц.Б нар хохирогч Х.Шын нэг тооны гүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “...Ч.А нь надад “би Ховд аймгийн Дөргөн сумын Х /Ц.Ц/ гэх хүнээс мотоциклын сугалаа удаа дараа аваад байж нэг тооны гүү өгөх өглөгтэй болсон. Энэ адуунаас нэг тооны гүүг туугаад айлд аваачаад Х /Ц.Ц/-д өгье” гэж хэлсэн юм. Тэгээд би зөвшөөрч Ч.Аюурзанын эзэмшлийн бугуйлаар хүрэн зүсмийн дэгрээ тамгатай гүүг шидэж бариад...” гэх мэдүүлгээр, шүүгдэгч Ч.Аюурзанын яллагдагчаар өгсөн “...хүрэн зүсмийн дэгрээ тамгатай нэг тооны гүүг өөрийн эзэмшлийн бугуйлаар бугуйлдаж аваад Мустанг-5 загварын мотоциклоор туугаад Наранбулаг сумын дөрөвдүгээр багийн нутагт байх Т.Ц гэх айлын гадна аваачиж уяад “энэ гүүг Х /Ц.Ц/ ирж авна. Х /Ц.Ц/-д өгөөрэй” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ч.А нь уг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ч.А нь тухайн гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, хулгайлсан нэг тооны гүүг мотоциклоор туусан, шүүгдэгч Ц.Б нь тухайн адууг бугуйлдаж барьсан байх тул уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.

Машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизм хамаарна[11]. Шүүгдэгч нар хулгайлсан нэг тооны гүүг Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклоор туусан байх тул уг гэмт хэргийг мотоцикл буюу машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.А нь өрөө төлөх зорилгоор, шунахайн сэдлээр хохирогчийн нэг тооны гүүг хулгайлж авсан байна. Шүүгдэгч Ц.Б, Ч.А нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Б, Ч.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан бүлэглэж бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Шд 1’000’000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь 93 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч Х.Ш “...Би 1’400’000 төгрөгийг нь бэлнээр үлдсэн мөнгөнд нь нас гүйцсэн идэшний морь авсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би бүх хохирлоо бүрэн төлүүлж авсан тул гомдол тэмцэл байхгүй байна...” гэж мэдүүлсэн[12] тул шүүгдэгч Ч.А, Ц.Б нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэж, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.А-ын хувийн байдлын талаар гэрч А.Б-ийн “...Зан байдлын хувьд багаасаа даруу төлөв орчинд өссөн, үг цөөтэй, өөрийгөө илэрхийлэхдээ муу, сум орон нутагтаа нэр хүнд сайтай, эелдэг зөөлөн харилцаатай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, мөн тамхи татдаггүй, одоогоор хугацаат цэргийн алба хаагаагүй...” гэх мэдүүлэг[13], гэрч Г.Б-ийн “...Ч.А хувийн байдлын хувьд ямар нэгэн илүү дутуу ааш авир гаргаад байдаггүй, өөрийнхөөрөө, сум орондоо нэр хүнд сайтай, эелдэг зөөлөн харьцаатай, урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй, их төлөв, төвшин сайн хүү байгаа юм...” гэх мэдүүлэг[14], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Засаг даргын тодорхойлолт[16] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар Ч.А нь Наранбулаг сумын дөрөвдүгээр багт эцэг, эх, дүүгийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдлын талаар гэрч М.Ч-ийн “...Ц.Б зан байдлын хувьд ямар нэгэн илүү, дутуу ааш авир гаргаад байдаггүй, даруу, төлөв зантай, тусархуу, цайлган сэтгэлтэй, эелдэг зөөлөн харьцаатай, урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй их төлөв, төвшин сайн хүү байгаа юм. Ямар нэгэн хорт зуршил байхгүй...” гэх мэдүүлэг[17], гэрч Б.Д-ийн “...Ц.Б-ын зан чанарын хувьд төлөв төвшин, зөөлөн сэтгэлтэй, өрөвч цагаахан, хүнд үгүй гэж хэлж үзээгүй, ямар нэгэн хүнтэй нийлж найзалж нөхөрлөөд байдаггүй, гэртээ аав, ээждээ туслаад байж байдаг юм...” гэх мэдүүлэг[18], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Засаг даргын тодорхойлолт[20] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар Ц.Б нь Наранбулаг сумын дөрөвдүгээр багт эцэг, эх, эгч, дүү нарын хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах” саналыг, шүүгдэгч Ч.А, Ц.Б нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа “Шүүгдэгч Ч.А, Ц.Б нарын гэмт хэргийг төр нэг удаа уучилж 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг тогтоох үндэслэл болдог.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.Ад 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Б-т 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь тухайн гэмт хэргийг санаачилсан гэмт хэргийн зохион байгуулагч, шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн гүйцэтгэгч тул шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Увс аймгийн Наранбулаг сумын дөрөвдүгээр багт байнга оршин суух хаягтай зэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус заасан шаардлагуудыг хангаж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд ял дүйцүүлэн солих аргачлалыг тодорхойлоогүй ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ... дүйцүүлэн хасна” гэж ял дүйцүүлэн хасах аргачлалыг тодорхойлсон тул энэхүү аргачлалаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн солих нь зүйтэй.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг ба байгалийн гамшиг, цаг уурын нөхцөл байдал, бэлчээрийн нөөцөөс шалтгаалан нүүдэллэх шаардлага гарч болзошгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялын төрлөөс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тухайн буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Ч.А-ын эзэмшлийн улаан хүрэн өнгийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч Ч.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох суран бугуйлыг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.А, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Ч-гийн А, Х ургийн овогт Ц-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан бүлэглэж бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Ц.Б нарт зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Ц.Б нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Ч.А, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн улаан хүрэн өнгийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн суран бугуйлыг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

10. Шүүгдэгч Ч.А-ын эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

[1] хх-ийн 18-19 дүгээр хуудас

[2] хх-ийн 22 дугаар хуудас

[3] хх-ийн 24-25 дугаар хуудас

[4] хх-ийн 29-30 дугаар хуудас

[5] хх-ийн 46-47 дугаар хуудас

[6] хх-ийн 53-55 дугаар хуудас

[7] хх-ийн 62 дугаар хуудас

[8] хх-ийн 85 дугаар хуудас

[9] хх-ийн 87 дугаар хуудас

[10] хх-ийн 97 дугаар хуудас

[11] Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаартай тогтоол

[12] хх-ийн 22 дугаар хуудас

[13] хх-ийн 40 дугаар хуудас

[14] хх-ийн 57 дугаар хуудас

[15] хх-ийн 105 дугаар хуудас

[16] хх-ийн 121 дүгээр хуудас

[17] хх-ийн 49 дүгээр хуудас

[18] хх-ийн 58 дугаар хуудас

[19] хх-ийн 104 дүгээр хуудас

[20] хх-ийн 116 дугаар хуудас