Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.Т, У.Г, тэд нарын өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ц-гийн Т, Х ургийн овогт У-гийн Г, Б ургийн овогт Б-ын М нарт холбогдох эрүүгийн 2135000810085 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ц-гийн Т, 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн сургуулийн гуравдугаар курст суралцдаг, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:.............

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт У-гийн Г, 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцдаг, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ын М, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг “Цагаан толгойн овоо” гэх газраас 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө тус сумын иргэн М.Б, М.Э нарын тус бүр нэг тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж нийт 700’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр талууд эрүүгийн 2135000810085 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

2. Хохирогч М.Э-ын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 13-ны өглөө манай ээж н.Ц над руу гар утсаар залгаад “2021 оны 5 дугаар сарын 13-ны өглөө үхэр бүртгэхэд чиний улаан бяруу байхгүй байна. Энэ шөнө манай хажуу айл М.Бийн нэг тооны бярууг бэлчээрээс хулгайлж байгаад цагдаа нарт баригдсан сураг байна. Чи цагдаа нартаа уулзаж асууж тодруул” гэж хэлэхээр нь цагдаагийн хэсэг дээр ирж цагдаа нартай уулзахад “манай сумын Б.М, Ц.Т, У.Г гэх гурван залууг хоёр тооны бярууг бэлчээрээс хулгайлж автомашинд ачиж модонд уясан байсан” гэж хэлсэн. Би хулгайлсан хоёр тооны бярууг очиж үзэхэд миний алдсан улаан бяруу мөн байсан...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч М.Б-ийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өглөө бэлчээрээс үхрээ хурааж авахад улаан зүсмийн эр бяруу байхгүй байсан. Бяруу байхгүй болохоор нь үхэр бэлчээрлэж байсан газраар явж ул мөр хайхад нэг машины мөр байсан. Уг машины мөрийг дагахад Цагаан толгойн овоо гэх газарт тоормосолж зогссон мөр байсан. Тэр мөрийг ажиглаж харахад уг машинаас хоёроос гурван хүн бууж үхэр хөөж бариад машинд ачсан ул мөр байсан ба уг машины мөрийг дагахад холгүй газар бас тоормосолж зогсоод үхэр бөөгнүүлж байгаад нэг үхэр ачаад явсан ул мөр байсныг харж цааш нь ул мөрийг дагаад явсан. Тэгээд уг машины ул мөрийг дагаад явж байгаад замдаа би Б буюу Ц.Э гэх айлд ороход Ц.Э надад “2021 оны 5 дугаар сарын 11-ний өглөө эрт манайд хоёр танихгүй залуу гүйж ирээд машины бензин дууслаа. Та мотоциклоо өгч байгаач сумын төвөөс бензин аваад ирье гэхэд нь би мотоциклоо өгөөгүй. Нэг нь надтай хамт яв гэж хэлээд нэг залууг нь авч яваад сумын төвөөс бензин авч ирж өгсөн. Бензин дууссан машин бол хар ногоон өнгийн жийп байсан ба дээр нь авдар дарчихсан байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.Э-гийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим байх яг манай дэлгүүр хаах гэж байхад гурван залуу манай дэлгүүрт орж ирсэн. Тэгээд манай дэлгүүрээс хоёр шил 500 граммын Ерөөл нэртэй архи, 2.5 литрийн Сэрүүн нэртэй нэг сав пиво, бэлэн гоймон, Сайра нэртэй загасны мах, ундаа зэрэг нийт 60’000 төгрөгийн үнэ бүхий зүйл авсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Т.У-гийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн үед байх нөхөр бид хоёр хонио гаргаж, хургаа барьж авахаар гэрээс гарахад манай урд талын шороон зам дээр нэг бараан өнгийн жийп машин зогссон. Нөхөр бид хоёр хургаа ялгаж аваад гадаа байтал нөгөө машинаас хоёр залуу буугаад манайх руу чиглээд ирсэн ба тэр хоёр залуугийн нэг нь гартаа баллон барьчихсан байсан. Манай нөхрөөс мотоцикл гуйхаар нь манай нөхөр нэг залууг нь суулгаад сумын төв рүү шатахуун авахаар яваад нэг цаг орчмын дараа ирсэн. ...манай нөхөр, хүү хоёр хэлэхдээ шатахуун авахаар явсан нь 11 дүгээр багийн Бын М гэдэг залуу, харин манай гэрт үлдсэн нь 11 дүгээр багийн н.Булган эмчийн Ганаа /У.Г/ гэдэг залуу гэж хэлсэн. Сүүлд манай хүү “малдаа явж байгаад нөгөө зогссон жийпний хажуугаар зөрөхөд жийп дотроос 11 дүгээр багийн дарга Б.Ц-гийн залуу гарч ирээд бие засчхаад орсон” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Ц.Э-ийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн үед байх босоод эхнэр Т.Уийн хамт хонио гаргах гээд нялх хургаа барьж авахаар хонио эргүүлж байтал манай урд талд 11 дүгээр багийн төв ордог шороон зам дээр бараан өнгийн жийп загварын машин зогсож байсан. Урд талын зам манай гэрээс 300-400 метр зайтай. Тэгж байтал тэр зогсож байсан машинаас хоёр залуу буугаад нэг залуу нь арван литрийн баллон барьчихсан хоёулаа манай гэр лүү гүйж ирээд намайг “мотоциклоо өгчхөөч” гэж гуйхаар нь би “мотоциклоо та нарт өгөхгүй. Харин нэг нь надтай яваад бензин авбал ав” гэсэн. Тэр хоёр залуугийн нэг залуу надтай хамт сумын төв орохоор мотоциклоор надтай явсан. Сумын төв рүү ороод Ник ШТС-аас арван литр шатахуун аваад буцаж гэрт ирээд нөгөө хоёр залуу шатахуунаа аваад машин руугаа очоод асаагаад 11 дүгээр багийн чиглэлд явсан...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Б.А-ийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 10-ны орой Тэс сумын 6 дугаар баг, сумын төв дээр байдаг жижиг гэртээ ганцаараа байтал орой 22-23 цагийн орчим байх манай найз У.Г хоёр найзтайгаа манай гэрт орж ирсэн, хамт явсан хоёр найзыг нь танихгүй. ...Би У.Гоос юугаар ирснийг нь асуухад өөрийнхөө машинаар гэж хэлсэн. ...2021 оны 5 дугаар сарын 11-ний үүрээр 04 цагийн орчим тэр гурав яваад өгсөн...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч С.Б-ийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад 21 цагийн үед гэртээ байж байтал түлш, бензин авъя гээд дуудаад байхаар нь гартал нэг залуу шатахуун авъя гэсэн. Тэгээд би станц дээр очиход нэг мотоциклтой залуу байсан. Тухайн хоёр хүн манай сумын Б.М, Ж.Э гэх залуучууд байсан. Тухайн хоёр залуу арван литр дизель түлш саванд хийлгэж авсан. ...2021 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн үед дизель түлш авахаар урьд ирсэн Б.М Б гэх хүнтэй хамт ирсэн. Тухайн хүмүүс мөн адил арван литр дизель түлш авсан...” гэх мэдүүлэг[8],

9. 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай “Увс аймгийн Тэс суманд 2021 оны 5 дугаар сарын байдлаар бярууны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 350’000 /гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт[9],

10. 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай “...2020 оны 5 дугаар сарын байдлаар “Исузу Бигхорн” /Isuzu Bighorn/ загварын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’500’000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[10],

11. Шүүгдэгч У.Г-ын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 5 дугаар сарын 10-ны орой ...аавын 04-18 УБЦ улсын дугаартай ногоон өнгийн Исузу загварын жийп машин жолоодоод ганцаараа багийн төвөөр явж байгаад хөдөө гарч аавын эгч Н.Нацагийнд очоод, буцаж гэртээ харихаар явж байгаад багийн төвд байдаг найз Б.М-ын гэрт очсон. Дэлгүүрээс гурван ширхэг бэлэн гоймон, загасны мах, ундаа, пиво, архи зэргийг аваад манай ангийн Б.А гэдэг залуугийн гэрт бид очиж тэндээ шөнө 03 цаг хүртэл хоёр шил 500 граммын Ерөөл нэртэй архи, 2.5 литрийн Сэрүүн гэдэг пивыг Б.М, Ц.Т бид гурав хувааж уусан. Үүрээр буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний 04 цагийн үед байх Б.А-ийн гэрээс хөдлөөд гэр лүүгээ харихаар явсан. Тухайн үед Ц.Т машин бариад би жолоочийн хажуугийн суудал дээр сандлынхаа түшлэгийг хойш хийгээд хэвтээд унтсан. Харин арын суудал дээр Б.М сууж явсан. Тэгээд нэг мэдэхэд нөгөө хоёр инээлдээд байхаар нь сэрээд хойш харахад машинд нэг бяруу арын тээшний хэсэгт хийчихсэн Б.М бяруун дээр дарчихсан суусан. Би ямар учиртай бяруу гэдгийг асуугаагүй харахад ойлгомжтой хулгайлсан байсан. Гадагш харахад Цагаан толгойн овооны хойд талд явж байсан бөгөөд тэгж байтал дахин айлын үхрүүд таарахад Б.М “эндээс дахин нэг бяруу авъя” гэхэд бид гурав ярилцаж нэг бяруу барихаар болж машинаа зогсоогоод Б.М, Ц.Т хоёр машинаас буугаад гүйсэн. Намайг машинаараа үхэр эргүүл гэхээр нь би машинаа бариад үхэр эргүүлж байгаад Б.М үхэрнүүд дундаас хүрэн өнгийн бяруу бариад намайг машинд хийлцээд өг гэхээр нь би өргөж тэр бярууг хийлцсэн...” гэх мэдүүлэг[11],

12. Шүүгдэгч Б.М-ын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Ц.Т машин жолоодож яваад замаа андуураад Цагаан толгойн овоо явдаг замаар салчихсан байсан. Ц.Т машин жолоодоод зам дагуу явж байхад хэдэн үхэр цувж явсан ба Ц.Т “энэ үхэрнүүдээс нэг бяруу аваад явах уу?” гэж надаас асуухад нь “би түүнд хэрэг байна уу?” гэж хэлэхэд Ц.Т “одоо энд ирчхээд яаж явах билээ. Нэг бяруу аваад явъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ц.Т машинаа замаас гаргаад үхрийн хажууд зогсоход би машинаас бууж машин дээр авдар дарчихсан байсан олсыг авч өгөхөд Ц.Т уг үхэр дотроос нэг тооны эр, улаан зүсмийн, гэдэсний доод хэсгээр алаг бярууг бугуйлдаж барихаар нь бид хоёр машины арын хаалгаар машинд хийсэн. ...Тэгээд бид нар нэг замд ороод явж байхад замд хэсэг үхэр байсныг хараад би Ц.Т, У.Г хоёрт “дахиад нэг бяруу аваад явах уу?” гэхэд тэр хоёр зөвшөөрөөд зогсож Ц.Т бид хоёр үхрийг бөөгнүүлж нэг бярууг салгаж Ц.Т бугуйлдах гээд хөөгөөд явахад нь У.Г машин бариад суучих гэхээр нь би машинд суухад Ц.Т-ийн араас очиж би машинаас буугаад уг бярууг барьж аваад бид гурав дэмнэж байгаад Ц.Тийн дээлийн бүсээр бярууны хөлийг боогоод машины арын хаалгаар хийсэн. Гэр рүү явдаг замд нийлээд явж байхад замд машины бензин дуусаад зогсоход хажууханд нь нэг айл байсан...” гэх мэдүүлэг[12],

13. Шүүгдэгч Ц.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Цагаан толгойн овооны хажууд ирээд өөр замаар явснаа мэдээд 11 дүгээр баг руу явах замаа хайгаад явж байтал Цагаан толгойн овооны хойд талд хэсэг үхэр цуваад явж байхыг хараад Б.М арын суудал дээр сууж яваад “наадах үхрээс чинь нэг бяруу бариад авчих уу” гэж асуухаар нь би “үхэр барьдаг аргамж дээс байхгүй” гэхэд Б.М машин дээр авдар дарж явсан цагаан өнгийн дээсийг аваад бид хоёр буугаад би баруун талын гэдсэндээ цагаан үстэй улаан эвэртэй бярууг бугуйлдаж барьж аваад машины хойд талын багаж руу гурван хөлийг нь уяж байгаад хийсэн. Б.М бид хоёр бяруу барьж авъя гэж хоорондоо ярилцаж байхад У.Г унтаж явсан. ...Б.М бид хоёр машиндаа суугаад цааш машинаараа явж байтал ахиад хэсэг үхэр таарахад Б.М “энэ үхрээс дахиад нэг бяруу барьчих уу” гэж У.Г бид хоёроос асуухад нь У.Г бид хоёр “одоо хэрэггүй нэгийг авчихсан юм чинь болно, цагдаад баригдана” гэж хэлэхэд Б.М машиныг зогсоогоод Б.М машинаас ганцаараа буугаад өөрөө явганаар нэг бяруу хөөгөөд бариад авч ирээд бяруу уясан дээснийхээ нөгөө үзүүрээр нь барьж авсан бярууныхаа гурван хөлийг нь уяад машинд У.Г-той хамт өргөж хийсэн юм...” гэх мэдүүлэг[13] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын ноцтой зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний шөнө Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн Цагаан толгойн овоо гэх газарт бэлчиж байсан хохирогч М.Б-ийн нэг, хохирогч М.Э-ын нэг, нийт хоёр тооны бярууг үргэлжилсэн үйлдлээр хулгайлж, гэрч Н.Уртнасангийн “Исузу Бигхорн” загварын 04-18 УБЦ улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, хохирогч нарт 700’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч М.Э-ын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг, хохирогч М.Б-ийн 2021 оны 5 дугаар сарын 14, 25-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэг, гэрч Т.У, Н.У, Ч.Б, Б.Ц нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж заасан ба хохирогч М.Б, М.Э нарын тус бүр нэг тооны буюу нийт хоёр тооны үхрийг хулгайлсан шүүгдэгч У.Г, Ц.Т, Б.М нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдлээр хохирогч нарын хоёр тооны бярууг хулгайлж авсан байна. Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг буюу үхрийг эзнийх нь зөвшөөрөлгүй, нууцаар авах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хохирогч нарын хоёр тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 700’000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар хоёр тооны үхрийг санаатай нэгдэж хулгайлсан байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан ...хүнийг зохион байгуулагч гэнэ” гэж  заасан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-аас “шүүгдэгч Ц.Т та хоёр хэргийг хэн нь анх санаачилсан талаараа маргаантай байдаг. Яг хэн нь санаачилсан юм бэ?” гэж асуухад “Ц.Т энэ бяруунаас нэгийг авъя гэж хэлсэн” гэж, шүүгдэгч Ц.Т-өөс “Б.М-ын хэлж байгаа үнэн үү?” гэж асуухад “Үнэн” гэж хариулсан тул уг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Т санаачилсан болох нь тогтоогдож байна. Иймд түүнийг уг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийг ...бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан тул шүүгдэгч У.Г, Б.М нарыг уг гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нар хохирогч М.Б-ийн нэг тооны үхэр, хохирогч М.Э-ын нэг тооны үхрийг буюу нийт хоёр тооны үхрийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан тул олон тооны мал хулгайлсан гэж үзнэ.

Машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизм хамаарна[14].

Шүүгдэгч нар Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг Цагаан толгойн овоо гэх газраас хохирогч М.Б, М.Э нарын тус бүр нэг тооны буюу нийт хоёр үхрийг хулгайлж 04-18 УБЦ улсын дугаартай автомашинаар ачиж Тэс сумын 11 дүгээр багийн нутагт хүргэсэн байна. Иймд шүүгдэгч нарыг машин механизм ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. 

Тодруулбал шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж” гэх, 2.2-т заасан “энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх, 2.4-д заасан “энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангасан байна.

Иймд шүүгдэгч У.Г, Ц.Т, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч М.Эын “...2021 оны 5 дугаар сарын 11-ний шөнө нэг тооны бяруу алдсан. Миний бярууг Тэс сумын 11 дүгээр багийн иргэн Ц.Т, У.Г, Б.М нар хулгайлж авсан бөгөөд бяруугаа сумын цагдаагийн хэлтсээс хүлээн авсан. Миний хувьд гомдол байхгүй нь үнэн болно. Энэ гурван хүүхдээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тодорхойлолт[15], хохирогч М.Б-ийн “...2021 оны 5 дугаар сарын 11-ний шөнө нэг тооны бяруу алдсан. Миний бярууг Тэс сумын 11 дүгээр багийн иргэн Ц.Т, У.Г, Б.М нар хулгайлж авсан бөгөөд бяруугаа сумын цагдаагийн хэлтэст очиж авсан. Бяруу эрж хайсан бензин шатахууны хохирлыг барагдуулж өгсөн тул миний хувьд гомдох зүйл байхгүй нь үнэн болно. Энэ гурван хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тодорхойлолтоор[16] тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.Т, У.Г Б.М тус бүрд нь 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг, шүүгдэгч Ц.Т, У.Г нарын өмгөөлөгч Б.Лхагважав “Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа тул тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ц.Т “шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар түүнд оногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Ц.Т-ийн хувийн байдлын талаар гэрч Б.Ц-гийн “...Миний хүү Ц.Т нь найз нөхөд ихтэй, төлөв даруухан зантай, дуу цөөтэй, хүний үгэнд ордог, ажилсаг, тусархуу, эелдэг, боловсон зан харилцаатай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тайван дөлгөөн зантай хүний үгнээс гардаггүй, ямар нэг муу зуршилгүй, хүнтэй зөв боловсон харилцдаг, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг[17], гэрч Ц.Батзулын “...Манай дүү Ц.Т нь бүрэн дунд боловсролтой, ямар нэгэн хорт зуршилгүй, архи ууж, тамхи татдаггүй, ах, эгчийнхээ үгнээс гардаггүй, хүний хэлснийг хийгээд явж байдаг төлөв даруу хүүхэд юм...” гэх мэдүүлэг[18], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], Увс аймгийн Тэс сумын Нуур эхэн багийн Засаг даргын тодорхойлолт[20] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар Ц.Т нь Тэс сумын 11 дүгээр багт эцэг, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Г-ын хувийн байдлын талаар гэрч Ч.Ц-ийн “...У.Г нь найз нөхөд ихтэй, төлөв даруухан зантай, дуу цөөнтэй, хүний үгэнд ордог, ажилсаг, тусархуу, эелдэг боловсон зан харилцаатай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тайван дөлгөөн зантай, хүний хүний үгнээс гардаггүй, ямар нэг муу зуршилгүй, хүнтэй зөв боловсон харилцдаг үлгэр жишээ хүүхэд байсан...” гэх мэдүүлэг[21], гэрч Н.Б-ы “...Миний хүү У.Г нь эмээл хийдэг гарын эв дүйтэй, найз нөхөд ихтэй, төлөв даруухан зантай, дуу цөөнтэй, хүний үгэнд ордог, ажилсаг, тусархуу, эелдэг боловсон зан харилцаатай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тайван дөлгөөн зантай, хүний үгнээс гардаггүй, ямар нэг муу зуршилгүй, хүнтэй зөв боловсон харилцдаг урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг[22], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[23], Увс аймгийн Тэс сумын Нуур эхэн багийн Засаг даргын тодорхойлолт[24] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар У.Г нь Тэс сумын 11 дүгээр багт эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М-ын хувийн байдлын талаар гэрч Ч.Б-ын “...Манай хүү Б.М нь багаасаа мал маллаж өссөн бөгөөд одоо тусдаа гарч өөрийн 120 орчим бог мал, 20 орчим бод малтай юм. Мөн эмээл хийж зарж амьдралдаа нэмэр болдог. Манай хүү Б.М нь төлөв даруу зантай ажилсаг, хүний үгнээс нэг их зөрөөд байдаггүй, тусч хүүхэд юм...” гэх мэдүүлэг[25], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[26], Увс аймгийн Тэс сумын Булгийн өндөр багийн Засаг даргын тодорхойлолт[27] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар Б.М нь Тэс сумын 10 дугаар багт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг тогтоох үндэслэл болдог.

Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялын хэмжээг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.Т-д 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч У.Год 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.М-д 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь тухайн гэмт хэргийг санаачилсан гэмт хэргийн зохион байгуулагч, шүүгдэгч У.Г, Б.М нар нь гэмт хэргийн гүйцэтгэгч тул шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Исузу бигхорн загварын 04-18 УБЦ улсын дугаартай автомашин нь гэрч Н.У-гийн өмчлөлийн эд хөрөнгө байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн тул тухайн автомашины үнэ болох 1’500’000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Т-өөс 500’000 төгрөгийг, шүүгдэгч У.Г-оос 500’000 төгрөгийг, шүүгдэгч Б.М-аас 500’000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх зүйтэй.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.35 метр олсыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ба уг эд зүйлийг худалдан борлуулах боломжгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж дүгнэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний шөнө буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар нь Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Т, У.Г нар нь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт, шүүгдэгч Б.М нь тус сумын 10 дугаар багт тус тус байнга оршин суух хаягтай гэх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус заасан шаардлагуудыг хангаж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд ял дүйцүүлэн солих аргачлалыг тодорхойлоогүй байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ... дүйцүүлэн хасна” гэж ял дүйцүүлэн хасах аргачлалыг тодорхойлсон тул энэхүү аргачлалаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн солих нь зүйтэй.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч У.Г, Б.М нарт тус бүрд оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ц-гийн Т, Х ургийн овогт У-гийн Г, Б ургийн овогт Б-ын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.Т-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч У.Г-ыг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.М-ыг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч У.Год оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч У.Г-д оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Исузу бигхорн загварын 04-18 УБЦ улсын дугаартай автомашины үнэ 1’500’000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Т-өөс 500’000 төгрөгийг, шүүгдэгч У.Г-оос 500’000 төгрөгийг, шүүгдэгч Б.М-аас 500’000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.

9. Шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6.35 метр олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 5-14 дүгээр хуудас

[2] хх-ийн 37 дугаар хуудас

[3] хх-ийн 41-42 дугаар хуудас

[4] хх-ийн 56-57 дугаар хуудас

[5] хх-ийн 59-61 дүгээр хуудас

[6] хх-ийн 63-65 дугаар хуудас

[7] хх-ийн 73-74 дүгээр хуудас

[8] хх-ийн 76-77 дугаар хуудас

[9] хх-ийн 112 дугаар хуудас

[10] хх-ийн 125 дугаар хуудас

[11] хх-ийн 140-142 дугаар хуудас

[12] Хх-ийн 150-153 дугаар хуудас

[13] Хх-ийн 163-165 дугаар хуудас

[14] Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаартай тогтоол

[15] хх-ийн 194 дүгээр хуудас

[16] хх-ийн 195 дугаар хуудас

[17] хх-ийн 90 дүгээр хуудас

[18] хх-ийн 96 дугаар хуудас

[19] хх-ийн 173 дугаар хуудас

[20] хх-ийн 198 дугаар хуудас

[21] хх-ийн 102 дугаар хуудас

[22] хх-ийн 104 дүгээр хуудас

[23] хх-ийн 174 дүгээр хуудас

[24] хх-ийн 203 дугаар хуудас

[25] хх-ийн 82 дугаар хуудас

[26] хх-ийн 172 дугаар хуудас

[27] хх-ийн 192 дугаар хуудас