| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0094/э |
| Дугаар | 2021/ШЦТ/94 |
| Огноо | 2021-08-02 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Д-гийн Д-д холбогдох эрүүгийн 2135000000086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Д нь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Нуурын эхэн гэх газраас иргэн Б.Ц-гийн хоёр тооны үхэр буюу олон тооны бод малыг 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хулгайлж хохирогчид нийт 1’600’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн 2135000000086 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч: 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мал, амьтанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 3-8 дугаар хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Ц-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 9-12 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Шүүгдэгч Д.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шарга зүсмийн зөв гуяндаа мухар олом тамгатай арван настай морийг битүүмжилсэн” 24 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийг /хх-ийн 14-18 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “...төмөр бүүрэгтэй хар эмээл нэг ширхэг, цагаан олсоор хийсэн хазаар нэг ширхэг, тохом нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй” гэх эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хохирогч Б.Ц-гийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр /хх-ийн 24-25 дугаар хуудас/, мөн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус тус өгсөн мэдүүлгийг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Г.Г-ийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлгийг /32 дугаар хуудас/, гэрч Б.Тын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 34-36/, гэрч Н.Г-ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Н.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Ч.Н-ын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 49-51, 53-54 дүгээр хуудас/, гэрч Л.Ч-ын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлгийг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 148 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 88 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Д-ын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус тус яллагдагчаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 105-106, 109-111 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч Х.Б-ийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 76 дугаар хуудас/, гэрч О.Б-гийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн мэдүүлгийг /хх-ийн 84 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг /хх-ийн 114 дүгээр хуудас/, Тэс сумын Цагаан толгой багийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 191 дугаартай тодорхойлолтыг /хх-ийн 125 дугаар хуудас/, хохирогч Б.Ц-гийн тодорхойлолтыг /хх-ийн 126 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
- 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мал, амьтанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Цгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл[1],
- Хохирогч Б.Ц-гийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Нуурын эхэн гэх газраас хоёр тооны үхэр хулгайд алдсан. ...үхэр байсан айлд ороод энэ үхрийг хэн авч ирсэн талаар асууж тодруулахад “манай хамаатны Н.Б, Н.Г гэх хоёр хүн Тэс сумаас худалдан авч ирсэн үхэрнүүд” гэж хэлсэн. Би Н.Б гэх хүн Улаангом суманд байгаа гэхээр нь дуудуулаад “та энэ хоёр тооны үхрийг хаанаас авсан юм бэ?” гэж асуухад “Тэс сумын иргэн Л.Ч гэх айлын залуу хажуудаа нэг залуутай хамт ирж өгсөн, би үхэрнүүдээ Тэсээс нааш туугаад Увс нуурын хөвөө орж явтал авч ирж өгсөн. Тэгээд энэ хоёр үхэрний нэгний мөнгийг П /Л.Ц/ гэх Тэс сумын иргэн аваад үлдсэн, танай энэ хоёр үхэрний гол эзэн бол тэр Л.Ч-ын залуу, бас П /Л.Ц/ гэх хоёр хүн сайн мэдэж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],
- 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр миний 98905494 гэсэн дугаар луу 99581786 гэсэн дугаараас нэг хүн залгаад “би танай үхрийг хулгайлж аваад хүнд зарсан юм та битгий цагдаагийн байгууллагад мэдэгдээч би таны үхрийг ачаад Тэс сум оруулаад өгье” гэж хэлсэн. ...99581786 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгасан, энэ хүнийг манай нөхөр сайн таньж байсан. Би “чиний нэрийг хэн гэдэг вэ?” гэж асуухад “Д-гийн Д гэдэг, би Л.Ч гэх айлын хүргэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[3],
- гэрч Г.Г-ийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн үед Б.Ц-гийн хамт Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Долоодой гэх газар нэг хашаатай айлын гадна очсон. ... тэр айлын гадна байсан үхрийг Б.Ц хараад манай алга болсон, хулгай авсан үхэр энд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],
- гэрч Б.Т-ын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...Н.Б, Н.Г гэх хоёр хүн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Тэс сумаас худалдаж авсан гэж хорин таван тооны үхэр тууж ирээд, манай гэрийн ойр орчим хариулж байгаа. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг өнгөрч байхад Тэс сумаас ирсэн гэсэн улаан машинтай гурван хүн ирээд манай гэрийн гадна байсан Н.Б, Н.Г нар авч ирсэн хорин таван тооны үхэр дундаас хоёр үхэр заагаад “энэ манай Тэс сумаас хулгайд алдсан үхэр мөн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],
- гэрч Н.Г-ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...П /Л.Ц/ хэлэхдээ “чи Улаангом явах замд чинь Л.Ч гэх айл нэг үхэр хүргэж өгнө, тэр миний өгч байгаа үхэр шүү, чи нуур дөхөж байгаад Л.Ч гэх айл асуугаад хамт аваад яв” гэсэн юм. ...Л.Ч гэх айл руу яриад “П /Л.Ц/ нэг үхэр ав гэсэн юм” гэж хэлээд Э /гэрч Б.Б/ гэх айлын гадна байж байтал хоёр морьтой хүн хоёр үхэр туучихсан гэрийн гадна ирсэн. ... нэг залуу нь ирээд “хоёр үхэр авч ирлээ танай үхэр хаана байна, нэг үхрийн П /Л.Ц/ өгч байгаа, нөгөө үхрийн би өгч байгаа юм, чамд мөнгө байгаа юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үхэр худалдаж авч байсан болохоор нэг үхрийг нь 500’000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг[6],
- гэрч Н.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...Цуглуулсан үхрээ Улаангом сум руу туугаад Тэс сумын нуурын хөвөө гэх газар явж байтал хоёр морьтой залуу ирээд хоёр тооны үхэр өгсөн. Уг хоёр тооны үхэр нь бага насны, нүүрэн хэсэгтээ цагаантай, хойд цавь хэсэгтээ цагаантай улаан болон улаан хүрэн зүсмийн үхэр байсан. Уг хоёр залуу “нэг үхэр нь П /Л.Ц/ гэх хүн танд өгөх ёстой үхэр, харин нөгөө үхрийн би өөрөө зарж байгаа” гэж хэлсэн. ...тухайн үед би тэр залууг сайн танихгүй болохоор “чи хэний залуу вэ?” гэж асуухад “Л.Ч-ын залуу” гэж хэлээд нэг үхрийн мөнгө гэж бэлнээр 500’000 төгрөгийг Н.Ганхүрэлээс авч байсан...” гэх мэдүүлэг[7],
- гэрч Ч.Н-ын “...2021 оны 5 дугаар сарын 20-ны үед байх би өдрийг нь сайн санахгүй байна. Би аавын гэрт байхад манай хүргэн ах Д.Д шарга морь уначихсан улаан зүсмийн, шар цоохор зүсмийн хоёр тооны эр гунан үхэр тууж ирсэн. Тухайн үед аавын гэрт аав Л.Ч бид хоёр байсан. Д.Д аавд “Улаангомын худалдааны үхэр авч яваа хүмүүс 2 дугаар багийн нутаг Нарийны голоос үхрээ тууж ирэх байх та нар замын тосоод миний хоёр үхрийг өгчих” гэж гуйсан. Д.Д хэлэхдээ “би нэг үхрийн мөнгийг нь авчихсан. Харин нэг үхрийн мөнгийг аваагүй байгаа юм. Мөнгийг нь авах ёстой” гэж хэлсэн. Тэгээд Д.Д ах хоёр үхрээ манай гадна орхиод явчихсан. Түүнийг явснаас хойш хоёр хоногийн дараа Улаангомын хүмүүс худалдааны үхрээ тууж Увс нуурын хөвөөгөөр явж байхад нь аав надад “Д.Д-ын хоёр үхрийг тууж хүргэж өг” гэхээр нь би хүргэж өгөөд нэг үхрийн мөнгө 500’000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг[8],
- гэрч Л.Ч-ын “...2021 оны 5 дугаар сарын 20-ны үед манай гэр Тэс сумын 1 дүгээр багийн нутаг Цэхээ гэх газар байхад манай хүргэн Д.Д морьтой хоёр үхэр тууж ирээд “Улаангомоос ирж үхэр авч байгаа хүмүүст замын тосоод өгчихтөн” гэж хэлэхээр нь би манай гэрт намайг асарч байсан Ч.Нямболд гэх өөрийн хүүгээ “хүргэж өг” гээд явуулсан. Д.Д хоёр үхэр тууж ирээд манай гадна уячхаад явсан. Тэр хоёр үхэр манай гэрийн гадна хоёр хоног уяатай байж байгаад манай хажуугаар тухайн хүмүүс ирэхээр нь Ч.Н тууж хүргэж өгсөн. ...Д.Д надад ямар учиртай үхэр гэдгийг хэлээгүй, “миний өөрийн үхэр байгаа юм худалдаж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[9],
- 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 148 дугаартай “...гурван настай эр үхрийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 800’000 /найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт[10] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2021 оны 5 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Нуурын эхэн гэх газраас хохирогч Б.Ц-гийн хоёр тооны гунан үхрийг хулгайлж, улмаар гэрч Ч.Н-оор дамжуулан гэрч Н.Б, Н.Г нарт зарсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогч Б.Ц-гийн “...Би “яагаад миний малыг авсан юм бэ?” гэж асуухад “би Тэс суманд хөзөр тоглоод хожигдсон, тэр мөнгөө өгөх гэж хулгай хийсэн юм...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Д.Д нь мөрийтэй тоглоомын өрөө төлөх зорилгоор, шунахайн сэдлээр хохирогчийн хоёр тооны үхрийг хулгайлж авсан байна. Шүүгдэгч Д.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах насанд хүрсэн, хулгайлж авсан үхрээ бусдаар дамжуулан зарсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон ба шүүгдэгч Д.Д-ын хохирогч Б.Ц-гийн хоёр тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Д.Д хоёр тооны үхрийг хулгайлж авсан үйлдлээрээ хохирогч Б.Цд 1’600’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 148 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нь хохирогчийн хоёр тооны үхэр буюу бод малыг хулгайлсан тул олон тооны мал хулгайлсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ц 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Д.Д нь миний хоёр үхрийн үнэ болон унааны зардал болох 2’600’000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг болон 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нотариатаар баталгаажуулсан “...Ц би 5 дугаар сарын 09-нд хоёр үхэр хулгайд алдсан ба Д-гийн Д авсан байсан тул 6 дугаар сарын 22-нд бэлэн мөнгөөр 2’600’000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэл, гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгч Д.Д-ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч “...Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өршөөлд хамруулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өршөөлд хамруулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Д.Д-ын хувийн байдлын талаар гэрч Х.Б-ийн “...Д.Д нь Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн иргэн Т-ийн Д гэх хүний дунд хүү болон мэндэлсэн бөгөөд дээрээ хоёр эгчтэй, доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Тэс сумын ЕБС-ийн 10 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, бичиг үсэг мэддэг, арван жилийн сургуулиа төгсөөд аль сургууль болохыг нь мэдэхгүй оюутан болсон боловч ар гэрийн гачигдлаар сургуулиа төгсөж чадалгүй тус сумын 9 дүгээр багт малчин болсон. ...Б.Д нь цэргийн алба хаагаагүй, ямар нэгэн суурь өвчин байхгүй эрүүл чийрэг биетэй” гэх мэдүүлэг[11], гэрч О.Б-гийн “...Манай нагац ах Д.Д нь зургаан хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд нь бөгөөд одоо Тэс сумын 9 дүгээр багийн нутаг Тарвагатай гэх газарт эхнэр Ч.Н, том хүү Д.Т найман настай, дунд хүү Д.Т долоон настай, бага хүү Д.Т дөрвөн настай, ам бүл тавуулаа мал маллаж амьдардаг. Д.Д нь бог бод нийлсэн зургаан зуу гаруй малтай хүн юм...” гэх мэдүүлэг[12], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], Увс аймгийн Тэс сумын Цагаан толгой багийн Засаг даргын тодорхойлолт[14] зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн эрх зүйн онол болон практикт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, ял оногдуулахыг тэнсдэг. Учир нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн идэвхтэй оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байх, хэргийн зүйлчлэлийг буюу эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт үйлдлийнх нь улмаас зөрчигдсөн эрхийг сэргээсэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр бүрэн хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэж обьектив байдлаар тайлбарлагдаг хууль зүйн ойлголт юм.
Өөрөөр хэлбэл “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх субьектив тайлбараар шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Д.Д 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна”[15] гэж, мөн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар дахин “...2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би хонь хариулаад явж байтал уягдаж хадгалагдсан байдалтай гэдсээ татчихсан улаан цоохор зүсмийн, улаан зүсмийн хоёр үхэр 11 дүгээр багийн нутаг руу гүйж байгаа бололтой Бор толгой гэх газарт явж байсан. Хоёр үхрийн ойролцоо манай үхэр бэлчээрлэж байсан. Би гэртээ очоод байж байтал манай үхрийн хамтаар гэрийн гадна хүрч ирсэн...” гэж мэдүүлсэн[16] байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон ухамсарласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаарах бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг тогтоох нэг үндэслэл болдог.
Шүүгдэгч Д.Д урьд нь үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.Отгонбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, өөрөө 600 орчим толгой малтай атлаа мөрийтэй тоглоомын өрөө төлөх зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдсан, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч мэдүүлэг өгсөн тохиолдолд шударга ёсыг эрхэмлэн Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг сахин биелүүлэх үүргийн хүрээнд үнэн мэдүүлэг өгөх үүрэгтэй атал мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн зэрэг нөхцөл байдлыг хувийн байдалд нь хамааруулсан болно.
Шүүгдэгч хохирогч Б.Ц-гийн хоёр тооны үхрийг хулгайлж аваад гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүнээр буюу гэрч Ч.Нямболдоор дамжуулан зарсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-д 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,
мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.
Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг 2021 оны 5 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх боловч шүүгдэгчид 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан” гэх шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...уналга ...тухайн буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Д нь хулгайлж авсан хоёр үхрийг зарж 1’000’000 төгрөгийн орлого олсон болох нь гэрч Н.Ганхүрэл, Н.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон, мөн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн шарга зүсмийн, зөв гуяндаа мухар олом тамгатай 10 настай морийг уналга болгож ашигласан болох нь тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1’000’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох шарга зүсмийн, зөв гуяндаа мухар олом тамгатай 10 настай морийг шүүгдэгч Д.Д-аас тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины хуучин эмээл нэг ширхэг, хуучин тохом нэг ширхэг, хазаар нэг ширхийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ба уг эд зүйлсийг худалдан борлуулах боломжгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Д-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Д-ын шарга зүсмийн, зөв гуяндаа мухар олом тамгатай 10 настай морийг битүүмжилсэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин эмээл нэг ширхэг, хуучин тохом нэг ширхэг, хазаар нэг ширхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 3-8 дугаар хуудас
[2] хх-ийн 24-25 дугаар хуудас
[3] хх-ийн 28 дугаар хуудас
[4] хх-ийн 32 дугаар хуудас
[5] хх-ийн 34-36 дугаар хуудас
[6] хх-ийн 38-39 дүгээр хуудас
[7] хх-ийн 41-42 дугаар хуудас
[8] хх-ийн 49-51 дүгээр хуудас
[9] хх-ийн 56-57 дугаар хуудас
[10] хх-ийн 88 дугаар хуудас
[11] хх-ийн 76 дугаар хуудас
[12] хх-ийн 84 дүгээр хуудас
[13] хх-ийн 114 дүгээр хуудас
[14] хх-ийн 125 дугаар хуудас
[15] хх-ийн 105-106 дугаар хуудас
[16] хх-ийн 109-111 дүгээр хуудас