Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 21

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                             

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                   Г.Баяраа

           Шүүгдэгч                                                   Ш.Д, Ц.Б

           Хохирогч                                                   Ж.Г

           Хохирогчийн өмгөөлөгч                           Д.Н

            Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолтой Ш.Д, Ц.Б нарт холбогдох 201322000462 дугаартай эрүүгийн хэргийг  хохирогч М.Б, Ж.Г, тэдний өмгөөлөгч Д.Намжилмаа нарын давж заалдах гомдол, дээд шатны прокурор Н.Ганболдын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Т овогт Ш-ын Д.

Монгол улсын иргэн, Х овогт Ц-ын Б.

 Шүүгдэгч Ц.Б, Ш.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр галт зэвсэг ашиглан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Ж.Г-ын байшингийн цонх руу Парабеллум П08 маркийн гар буугаар буудаж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан, мөн шүүгдэгч Ц.Б нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ..

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ыг Хөвсгөл аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 Шүүгдэгч Ц.Б-ийг Хөвсгөл аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3, 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилөн зүйлчилж,

 Шүүгдэгч Х овогт Ц-ын Б-ийг галт зэвсэг хуулт бусаар эзэмшсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2 дах хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг ялаас чөлөөлсөн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сумны хошуу, 1 ширхэг сумны хонгио зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Ц.Б нь 14 хоног, Ш.Д 149 хоног тус тус цагдан хоригдсон, хохирогч нар энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч М.Б, Ж.Г нар давж заалдах гомдолдоо:

“... Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.8 дугаар зүйл/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд тухайн өдөр шүүгдэгч Ш.Д хохирогч Ж.Г нар уулзаж хамт архи ууж ажил хэргийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан. Ш.Д Ж.Г-ыг ална гэж заналхийлж барилцаж авсан гэх гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судалсан атлаа энэ хэрэгт Ш.Д ямар байдлаар хатгагчаар оролцсон нь тодорхойгүй байна, харин шүүгдэгч Ц.Б Ж.Г-ын байшингийн цонх руу гар буугаар буудаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал болон хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаас зөрүүтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн өдөр Ш.Д Ж.Г-оор гарын үсэг зуруулах гэж архи авчирсан, уусан, маргалдсан, ална гэж барилцаж авсан, мөн орой нь бизнесийн хамтрагчид болох Батсүхийг гэртээ дуудаж уулзсан. Ингэж уулзахдаа Ж.Г ТМС-ийн /Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн/ барилга дээр гарын үсэг зурахгүй байна. Чи очиж уулз, чамайг Ж.Г хөгшин өвгөний хөрөнгөд болж охинтой нь суусан гэж ярьж байсан гэх мэдүүлэг. Мөн өмнө нь Ц.Б-д гар буу байдгийг мэддэг, түүнийг нь өөрөө аваачиж өгч байсныг нотолсон гэрчийн мэдүүлгүүд. Ш.Д-ын эхнэр Ө-ны Ц.Б- эргэж орж ирээд Ж.Г-ынхыг заагаад өг, нохойг нь буудья гэж нэлээд ууртай хэлсэн гэх мэдүүлэг. Хэргийн газарт хийсэн үзлэгээр тухайн буудсан гэх газрын ойролцоо машины мөр байхгүй зөвхөн нохойн мөр гутлын мөр, мөн пүүзний тал мөр байсан, хэргийн газраас олдсон гутлын мөр нь тухайн өдөр Ш.Д-ын өмсөж явсан гутлын мөр болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт. Б гарч яваад 20 гаран минут болоод эргэж ирсэн бөгөөд энэ хугацаанд хаана байсныг асуухад 00-д байсан гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн боловч шүүгдэгч Ш.Д-ын мэдүүлэгт Ц.Б-ийг гарсны дараа Ц.Б рүү утасдаад хаана явна гэхэд 4 зам дээр явна одоо очлоо гэсэн гэх мэдүүлэг. Гэрч Ц-гийн Ц.Б-ийг машинаа унаад гарснаас хойш ах Б нь Ц.Б-ийн эхнэр над руу залгаад Ц.Б-ийг машинтай согтуу энэ тэрүүгээр яваад байна олж гэрт нь авч ир гэнэ хамт явъя..., Д-ын /Ш.Д-ын/ гадаа хүлээж байтал Ц.Б машинаа барьсан Д хажууд нь суусан хоёулаа халамцуу ирсэн гэх мэдүүлэг. Шүүгдэгч Б-ийн би УА3 469 машины цонхоор буудсан гэх боловч ШШҮХ-ийн шинжээчийн тогтоосон буудагчийн өндрийн түвшинтэй тохирохгүй байгааг, мөн Д би тасарсан байсан мэдэхгүй гэх боловч 23 цаг өнгөрч байхад утсаараа дүү рүүгээ залгаж ажил ярьсан би гэртээ ороод гар нүүрээ угаахгүй шууд унтсан гэж өмнөх шүүх хурлууд дээр удаа дараа мэдүүлж байсан мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугласан гэрчүүдийн мэдүүлэг болон ШШҮХ-ийн шинжээчдийн дүгнэлтүүдийг огт үнэлэхгүй зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэн нэг талыг барьсан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн.

Мөн Шүүхийн дүгнэлтэд орой 21 цагийн үед шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч Ш.Д-д ирж түүнийг дагуулан хохирогч Ж.Г-тын гэрийн гадаа ирсэн байх бөгөөд нохой дайрсан гэх шалтгаанаар тэдний байшин руу буудаж хохирогч нар маргааш өглөө нь байшингийн цонх хагарсан байсныг мэдсэн үйл баримт тогтоогдож байна гэж зөвхөн шүүгдэгч Б-ийн мэдүүлэгт үндэслэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ. Хавтаст хэрэгт буун дуу гарсан тухай гэрчүүдийн мэдүүлэгт хэрэг гарсан цагийг шөнийн 01-02 цагийн хооронд гэж мэдүүлсэн байдаг /сэрүүн байсан гэрч Б, Д, хохирогч Б, М нарын мэдүүлэг/. Харанхуй шөнийн цагаар айлд ажил ярих гэж очоод хашааны хаалгаар нь биш хашаанд гаргасан завсраар хүн рүү дайрдаггүй гөлгөн нохой /гэрчүүдийн мэдүүлэгт Г-тын нохой хүн рүү дайрдаггүй гөлгөн нохой байсан гэж мэдүүлсэн байдаг, мөн энэ шөнө нохой хуцаж дайрах чимээ болон УАЗ 469 машины дуу гараагүй болохыг зуны байшинд сэрүүн байсан гэрч Б, Д нар удаа дараа хууль сануулан авсан мэдүүлэгтээ мэдүүлсэн/-руу бэлэн сумалсан буугаар буудсан гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн шүүх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасан яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг буюу нотлох баримтыг ашиглаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх дүгнэлтдээ Д нарын баруун гарнаас авсан арчдасуудад дарь тортогны элемент илрээгүй болно гэх дүгнэлт зэргээс эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д дээрх үйлдэлд ямар байдлаар хатгагчаар оролцсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн нотлох баримтуудад тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт хийсэн байна. Өмнө нь шүүгдэгчийн гарт заавал дарь тортогны үлдэц байх эсэхийг шинжээчээс асуулгах тухай нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх хүсэлтийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын орлогч прокурор н.Б-д гаргасан боловч уг бичгээр гаргасан хүсэлтийг хавтаст хэрэгт хийхгүй устгасан бөгөөд хохирогч энэ тухай гомдлыг тус прокурорын газрын ерөнхий прокурорт гаргаж тухайн прокуророос татгалзах хүсэлтээ биечлэн уулзаж гаргаад прокуророос татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаас харахад тухайн хэрэг гарах өдөр Ш.Д хохирогч Ж.Г-тоор "Барилгын ил, далд ажлын акт"-д гарын үсэг зурахыг шаардаж, агсам тавьж ална гэж заналхийлж байсан. Орой нь Ц.Б-ийг дуудаж энэ талаараа ярьж Ц.Б-ийг Ж.Г-ынд очъё, би өөрөө ч уулзаад, инженерээ ч уулзуулаад бүтэхгүй байна, чамайг Ж.Г-т хөгшин өвгөний хөрөнгөд болж охинтой нь суусан гэж байна лээ гэх мэдүүлэг. Мөн гэрч Ө-ы Б буцаж орж ирээд Г-тынхыг заагаад өг нохойг нь буудъя гэж нэлээд ширүүн хэлж байсан гэх мэдүүлэг. Өмнө нь Д Б-д гар буу байсныг мэддэг байсныг гэрчилсэн гэрчийн мэдүүлгүүд. Б-ийн эхнэр Б- руу залгаад цаадхаа хурдан олоод гэрт нь хүргэж өг гэж удаа дараа ярьсан гэх гэрч Ц-гийн мэдүүлэг. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд "...сумны хонгио олдсон газраас 30 см зайд гутлын мөр байсныг гэрэл зургийн аппаратаар зургийг нь буулган бэхжүүлэн авав. Уг гутлын мөр ертөнцийн зүгээр хойд зүгрүү харсан байх магадлалтай байна" гэсэн ба уг гутлын мөр нь Ш.Д-ын хэрэг гарах шөнө өмсөж явсан гутал болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт. Буудагчийн байрлалыг тогтоох зорилгоор хийсэн туршилтаар уг гутлын мөр гарсан газар буюу гражийн баруун урд өнцгөөс Ш.Д-ын гутлын мөр илэрсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт. Ц.Б би баруун гараараа 469 машины урд цонхоор буудсан гэх боловч буудагчийн өндрийг хэмжсэн үзүүлэлтээр энэ нь боломжгүй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн мөртэй тохирохгүй байна гэх дүгнэлт зэргийг огт үнэлж дүгнэлгүйгээр илт үндэслэлгүйгээр Ш.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бүхий л нотлох баримтуудаас /гэрч Ө, Ц, А.Э, У.А, Д.А, Д, Э, Б, М хохирогч Ж.Г, шүүгдэгч Ш.Д, Ц.Б нарын мэдүүлэг, хэрэг учралын газар хийсэн үзлэг, гэрэл зураг, туршилт хийсэн тухай тэмдэглэл, ШША-ны шинжээч Г-ийн болон ШШҮХ-ийн шинжээчдийн дүгнэлт/ Ш.Д Ц.Б нар нь бизнесийн хамтрагчид, эдийн засгийн хувьд ашиг сонирхол нэгтэй хүмүүс бөгөөд тухайн орой Ш.Д Ц.Б-ийг гэртээ дуудаж үнэн худал зүйлс ярьж түүний уур бухимдлыг төрүүлж хамт явж Ж.Г-ынхыг зааж өгч санаа зорилго, үйлдлийн хувьд хамтран хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байхад шүүх илт үндэслэлгүйгээр Ш.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Б нь манайд урьд нь ирж байгаагүй, манай гэрийг хаана байдгийг мэдэхгүй, харин Ш.Д манай гэрийн хаягийг мэдэж байснаараа Ц.Б-ийг дагуулан авчирсан. Шүүх шүүгдэгч Ш.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсэн нь буруу байна.

Шүүх шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн "бүлэглэн үйлдэх" үндсэн шинжийг агуулаагүй тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж, мөн шүүгдэгч Ш.Д нь Г-ын байшин руу буудахад бусдыг ямар байдлаар өдөөн түлхсэн, зоригжуулсан, ямар байдлаар хатгагчаар оролцсон нь тогтоогдохгүй байна гэж хэргийн бодит байдлаас илт зөрүүтэй дүгнэлт хийжээ. Гэтэл шүүгдэгч Ш.Д Ц.Б-ийг хэрэг гарах орой гэртээ дуудан ирүүлж хамт архи уух явцдаа Ж.Г барилгын актад гарын үсэг зурахгүй байгаа тухай болон Ц.Б-ийг хөгшин өвгөний хөрөнгөд болж охинтой нь суусан гэж Г ярьсан мэтээр ярьж Ж.Г-ыг зүс мэдэх төдий Ц.Б-ийг чи Ж.Г-д очиж уулз, гарын үсэг зуруулахад тусал гэх мэтээр Ц.Б-д Ж.Г-ын талаар худал зүйл ярьж ятган Ц.Б-ийн уур бухимдлыг төрүүлж түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг /гэрч Ө-ы манай нөхөр Ц.Б рүү утсаар ярьж дуудсан, С удалгүй нэг 0.75 архи авч ирж тэр хоёр ажлын тухай ярьцгаасан. С эргэж орж ирээд Ж.Г-ынхыг заагаад өг, нохойг нь буудъя гэж нэлээд ширүүн хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Ц, Б нарын мэдүүлэг/ шүүгдэгч нарын /шүүгдэгч Ш.Д-ын би Ж.Г-оор гарын үсэг зуруулах гээд өөрөө ч уулзаад инженерээ ч явуулаад дийлээгүй тэгээд Ц.Б-ийг уулзуулах гэсэн гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б-ийн Ж.Г-ын гэрийг би сайн мэдэхгүй гэх/ мэдүүлэг болон шинжээчдийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл бусад гэрчүүд, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон. Шүүгдэгч нар хамтран санаа зорилгын хувьд болон үйлдлээрээ нэгдэн хохирогч Ж.Г-ын байшин руу буудаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугласан бүхий л нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байна. Энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй олон жил болж шүүхийн шатанд нийтдээ 50 орчим шүүх хуралдаан хийж хохирогч нар энэ олон жил сэтгэл санаа, ажил хэрэг, эдийн засгийн хувьд хохирсоор байна. Мөн Ш.Д мэдүүлгүүддээ би таамгаар мэдүүлэг өгсөн сайн санахгүй байна, мэдэхгүй байна, их согтсон байсан гэж мэдүүлдэг ба шүүх хуралдаанд би 2 сар хоригдохдоо бүх санаж байгаа зүйлээ мэдүүлж мөрдөн байцаах ажиллагаанд тус болсон гэж мэдүүлдэг боловч зөвхөн Б-ийг дуудаж архи уусан хамт гарснаа огт мэдүүлээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Ш.Д нь архи уухаараа агсам, ааш авир муутай, буу зэвсэгт сонирхолтой, гэр орондоо буу тавьж байсан болох нь өөрийнх нь болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, "Үзлэг нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл"-үүдэд байдаг. Ш.Д нь намайг удаа дараа буудаж ална, харваж ална гэх зэргээр согтуугаар заналхийлж байсан зэрэг Ш.Д-ын хувийн байдал болон тухайн хэрэгт хандах сэтгэхүйн байдлуудыг шүүх анхаарч үзсэнгүй. Гэмт хэрэг үйлдэх болсон санаа сэдэлтийг буюу гэмт хэргийн субьектив талыг зөв тогтоосонгүй. Шүүгдэгч нарын болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр энэ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлтийн хувьд шүүгдэгч Ш.Д нь хохирогч Ж.Г-ыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлын "Ил далд ажлын акт"-нд гарын үсэг зурахыг шаардаж, сүрдүүлэн, дарамтлан гарын үсэг зуруулж авах зорилгоор үйлдэгдсэн. МСҮ-ийн төвийн барилгын ажлыг зураг төсөвт заагдсан хэмжээ, барилгын норм, чанар байдлыг хангахгүй байсан учраас чанар байдлыг зураг төсөвт заагдсан норм, чанар байдалд хүргэж, чанарын шаардлага хангуулсны дараа гарын үсэг зуруулахыг уг барилгад зохиогчийн хяналт тавьж байсан хохирогч Ж.Г-ын зүгээс Ш.Д-аас шаардсан байдаг. Энэхүү хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэн, харин чанаргүй гүйцэтгэсэн барилгын ажлаа чанартай гүйцэтгэсэн болгож, ил далд ажлын актанд гарын үсэг зуруулахаар барилгын зохиогчийг дарамталж, ийнхүү гарын үсэг зуруулахын тулд Ш.Д нь Ц.Б-тэй бүлэглэн хохирогч бидний гэр рүү, тодруулбал унтлагын өрөө рүү чиглүүлсэн буудсан байдаг. Ийнхүү буудаж манай гэр бүлийн хэн нэгийг алах, ийнхүү алах санаархалаа хэрэгжүүлснээр хохирогч Ж.Г нь айж мэгдэн чанаргүй барилгын ажлыг хүлээж авсан актанд гарын үсэг зурна гэж тооцоолсон байна. Нохой руу буудсан гэх боловч нохойны өндөртэй бууны сум туссан өндрийг харьцуулж үзвэл санаатай гэрийн цонх руу чиглүүлж буудсан нь тогтоогдож байна. Ш.Д-ын гарын үсэг зуруулахаар шаардаж байсан барилгын ажил нь тухайн үед чанарын шаардлага хангаж байсан эсэх талаар экспертүүдийн дүгнэлт гаргуулах, Ж.Г-ын хувийн байдлын талаар гэрчүүдээс мэдүүлэг авахуулах талаар мөрдөн байцаалтын шатанд Хөвсгөл аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасан боловч хэрэгт хяналт тавьсан прокурор уг хүсэлтийг алга болгосон байсан. Энэ тухай 2016 оны эхээр болсон нэг шүүх хуралдаан дээр хэлэхэд прокурор Ч.Б мэдэн будилж байсныг дурдъя. Ийнхүү Ш.Д, хохирогч Ж.Г нарын хэнийх нь ярьж буй үндэслэл үнэн зөв болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй, харин ч хохирогч Ж.Г нь авилга авахын тулд гарын үсэг зурахгүй байсан мэтээр ойлгуулах гэж оролдсоныг тэгсгээд хаясан учраас хэргийн бодит үнэнийг тогтоож чадсангүй. Хохирогч Ж.Г нь Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан чиг үүргийнхээ хүрээнд хууль ёсны шаардлага тавьсан бөгөөд ялтан Ш.Д Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байсан болохыг тогтоох шаардлагатай.

Гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг зөв тогтоохгүйгээр хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжгүй юм. Гэмт хэргийн санаа сэдэлт нь бүлэглэн танхайрч, хохирогчийг айлган сүрдүүлэх замаар барилгын ил далд ажлын актад гарын үсэг зуруулах, хууль бус актад гарын үсэг зурахаас татгалзсан хохирогчид өс хонзон санаж түүнийг санаатай алахаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Д.Намжилмаа давж заалдах гомдолдоо:

“... Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл/ мөн /хуулийн 39.8 дугаар зүйл/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд тухайн өдөр шүүгдэгч Д хохирогч Г нар уулзаж хамт архи ууж ажил хэргийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан. Д Г-ыг ална гэж заналхийлж барилцаж авсан гэх гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судалсан атлаа энэ хэрэгт Д ямар байдлаар хатгагчаар оролцсон нь тодорхойгүй байна, харин шүүгдэгч Ц.Б Ж.Г-ын байшингийн цонхруу гар буугаар буудаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал болон хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаас илтэд зөрүүтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад тухайн өдөр Д Г-оор гарын үсэг зуруулах гэж архи авчирсан, уусан, маргалдсан, ална гэж барилцаж авсан мөн орой нь бизнесийн хамтрагчид болох Б-ийг гэртээ дуудаж уулзсан. Ингэж уулзахдаа Г ТМС-ийн барилга дээр гарын үсэг зурахгүй байна. Чи очиж уулз, чамайг Г хөгшин өвгөний хөрөнгөд болж охинтой нь суусан гэж ярьж байсан гэх анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг. Мөн өмнө нь Батсүхэд гар буу байдгийг мэддэг, түүнийг нь өөрөө аваачиж өгч байсныг нотолсон гэрчийн мэдүүлгүүд. Д-ын эхнэр гэрч Ө-ы Б эргэж орж ирээд Г-ыг заагаад өг, нохойг нь буудья гэж нэлээд ууртай хэлсэн гэх мэдүүлэг. Хэргийн газарт хийсэн үзлэгээр тухайн буудсан гэх газрын ойролцоо машины мөр байхгүй зөвхөн нохойны мөр, гутлын мөр, мөн тал пүүзний мөр байсан, хэргийн газраас олдсон гутлын мөр нь тухайн өдөр Ш.Д-ын өмсөж явсан гутлын мөр болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт. Б гарч яваад 20 гаран минут болоод эргэж ирсэн бөгөөд энэ хугацаанд хаана байсныг асуухад 00-д байсан гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн боловч шүүгдэгч Д-ын мэдүүлэгт Б-ийг гарсны дараа Б-рүү утасдаад хаана явна гэхэд 4 зам дээр явна одоо очлоо гэсэн гэх мэдүүлэг. Гэрч Ц-гийн Б-ийг машинаа унаад гарснаас хойш ах Б нь Б-ийн эхнэр надруу залгаад Б-ийг машинтай согтуу энэ тэрүүгээр яваад байна олж гэрт нь авч ир гэнэ хамт явъя..., Д-ын /Д-ын/ гадаа хүлээж байтал Б машинаа барьсан Д хажууд нь суусан хоёулаа халамцуу ирсэн гэх мэдүүлэг. Шүүгдэгч Б-ийн би УА3469 машины цонхоор буудсан гэх боловч ШШҮХ-ийн шинжээчийн тогтоосон буудагчийн өндрийн түвшинтэй тохирохгүй байгааг, мөн Д би тасарсан байсан мэдэхгүй гэх боловч 23 цаг өнгөрч байхад утсаараа дүүрүүгээ залгаж ажил ярьсан би гэртээ ороод гар нүүрээ угаахгүй шууд унтсан гэж өмнөх шүүх хурлууд дээр удаа дараа мэдүүлж байсан мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугласан гэрчүүдийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчдийн дүгнэлтүүдийг огт үнэлэхгүй зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэн нэг талыг барьсан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Мөн Шүүхийн дүгнэлтэд орой 21 цагийн үед шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч Ш.Д-д ирж түүнийг дагуулан хохирогч Ж.Г-ын гэрийн гадаа ирсэн байх бөгөөд нохой дайрсан гэх шалтгаанаар тэдний байшинруу буудаж хохирогч нар маргааш өглөө нь байшингийн цонх хагарсан байсныг мэдсэн үйл баримт тогтоогдож байна гэж зөвхөн шүүгдэгч Б-ийн мэдүүлэгт үндэслэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ. Хавтаст хэрэгт буун дуу гарсан тухай гэрчүүдийн мэдүүлэгт хэрэг гарсан цагийг шөнийн 01-02 цагийн хооронд гэж мэдүүлсэн байдаг /сэрүүн байсан гэрч Б, Д, хохирогч Б, М нарын мэдүүлэг/. Харанхуй шөнийн цагаар айлд ажил ярих гэж очоод хашааны хаалгаар нь биш хашаанд гаргасан завсраар хүнрүү дайрдаггүй гөлгөн нохой /гэрчүүдийн мэдүүлэгт Г-тын нохой хүнрүү дайрдаггүй гөлгөн нохой байсан гэж мэдүүлсэн байдаг, мөн энэ шөнө нохой хуцаж дайрах чимээ болон УАЗ 469 машины дуу гараагүй болохыг зуны байшинд сэрүүн байсан гэрч Б, Д нар удаа дараа хууль сануулан авсан мэдүүлэгтээ мэдүүлсэн/-руу бэлэн сумалсан буугаар буудсан гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн шүүх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасан яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг буюу нотлох баримтыг ашиглаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх дүгнэлтдээ Д, А нарын баруун гарнаас авсан арчдасуудад дарь тортогны элемент илрээгүй болно гэх дүгнэлт зэргээс эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д дээрхи үйлдэлд ямар байдлаар хатгагчаар оролцсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн нотлох баримтуудад тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт хийсэн байна. Өмнө нь шүүгдэгчийн гарт заавал дарь тортогны үлдэц байх эсэхийг шинжээчээс асуулгах тухай нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх хүсэлтийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын туслах прокурор н.Б-д гаргасан боловч уг бичгээр гаргасан хүсэлтийг хавтаст хэрэгт хийхгүй устгасан бөгөөд хохирогч энэ тухай гомдлыг тус прокурорын газрын ерөнхий прокурорт гаргаж тухайн прокуророос татгалзах хүсэлтээ биечлэн уулзаж гаргаад прокуророос татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаас харахад тухайн хэрэг гарах өдөр Ш.Д хохирогч Ж.Г-оор "Ил далд ажлын акт"-д гарын үсэг зурахыг шаардаж, агсам тавьж ална гэж заналхийлж байсан. Орой нь Б-ийг дуудаж энэ талаараа ярьж Б-ийг Г-д очъё, би өөрөө ч уулзаад, инженерээ ч уулзуулаад бүтэхгүй байна, чамайг Г хөгшин өвгөний хөрөнгөд болж охинтой нь суусан гэж байна лээ гэх анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг. Мөн гэрч Ө-ы Б буцаж орж ирээд Г-хыг заагаад өг нохойг нь буудъя гэж нэлээд ширүүн хэлж байсан гэх мэдүүлэг. Өмнө нь Д Б-д гар буу байсныг мэддэг байсныг гэрчилсэн гэрчийн мэдүүлгүүд. Б-ийн эхнэр Б-руу залгаад цаадхаа хурдан олоод гэрт нь хүргэж өг гэж удаа дараа ярьсан гэх гэрч Ц-ийн мэдүүлэг. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд "...сумны хонгио олдсон газраас 30 см зайд гутлын мөр байсныг гэрэл зургийн аппаратаар зургийг нь буулган бэхжүүлэн авав. Уг гутлын мөр ертөнцийн зүгээр хойд зүгрүү харсан байх магадлалтай байна" гэсэн ба уг гутлын мөр нь Ш.Д-ын хэрэг гарах шөнө өмсөж явсан гутал болохийг тогтоосон шинжээчийн дүгнэлт. Буудагчийн байрлалыг тогтоох зорилгоор хийсэн туршилтаар уг гутлын мөр гарсан газар буюу гражийн баруун урд өнцгөөс Д-ын гутлын мөр илэрсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт. Б би баруун гараараа 469 машины урд цонхоор буудсан гэх боловч буудагчийн өндрийг хэмжсэн үзүүлэлтээр энэ нь боломжгүй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн мөртэй тохирохгүй байна гэх дүгнэлт зэргийг огт үнэлж дүгнэлгүйгээр илт үндэслэлгүйгээр Ш.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бүхий л нотлох баримтуудаас /гэрч Ө, Ц, А.Э, У.А, Д.А, Д,с, Э, Б, М хохирогч Ж.Г, шүүгдэгч Ш.Д, Ц.Б нарын мэдүүлэг, хэрэг учралын газар хийсэн үзлэг, гэрэл зураг, туршилт хийсэн тухай тэмдэглэл, ШША-ны шинжээч Г-ийн болн ШШҮХ-ийн шинжээчдийн дүгнэлт/ Ш.Д Ц.Б нар нь бизнесийн хамтрагчид, эдийн засгийн хувьд ашиг сонирхол нэгтэй хүмүүс бөгөөд тухайн орой Д Б-ийг гэртээ дуудаж үнэн худал зүйлс ярьж түүний уур бухимдлыг төрүүлж үйлдлээрээ нэгдэн хамт явж Г-хыг зааж өгч санаа зорилго, үйлдлийн хувьд хамтран хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байхад шүүх илт үндэслэлгүйгээр Ш.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх шүүгдэгч Ш.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн "бүлэглэн үйлдэх" үндсэн шинжийг агуулаагүй тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан, мөн шүүгдэгч Ш.Д нь Г-ын байшинруу буудахад бусдыг ямар байдлаар өдөөн түлхсэн, зоригжуулсан, ямар байдлаар хатгагчаар оролцсон нь тогтоогдохгүй байна гэж хэргийн бодит байдлаас илт зөрүүтэй дүгнэлт хийж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч Ш.Д Ц.Б-ийг хэрэг гарах орой гэртээ дуудан ирүүлж хамт архи уух явцдаа Ж.Г барилгын актад гарын үсэг зурахгүй байгаа тухай болон Ц.Б-ийг хөгшин өвгөний хөрөнгөд болж охинтой нь суусан гэж Г ярьсан мэтээр ярьж Г-ыг зүс мэдэх төдий Б-ийг чи Г-ынд очиж уулз, гарын үсэг зуруулахад тусал гэх мэтээр Б-д Г-ын талаар худал зүйл ярьж ятган Б-ийн уур бухимдлыг төрүүлж түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг /гэрч Ө-ны манай нөхөр Б-рүү утсаар ярьж дуудсан, С удалгүй нэг 0.75 архи авч ирж тэр хоёр ажлын тухай ярьцгаасан. С эргэж орж ирээд Г-хыг заагаад өг, нохойг нь буудъя гэж нэлээд ширүүн хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Ц, Б нарын мэдүүлэг/ шүүгдэгч нарын /шүүгдэгч Ш.Д-ын би Г-оор гарын үсэг зуруулах гээд өөрөө ч уулзаад инженерээ ч явуулаад дийлээгүй тэгээд Б-ийг уулзуулах гэсэн гэх мэдүүлэг, шүүгдэгч Б-ийн Г-ын гэрийг би сайн мэдэхгүй гэх/ мэдүүлэг болон шинжээчдийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл бусад гэрчүүд, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон. Шүүгдэгч нар хамтран санаа зорилгын хувьд болон үйлдлээрээ нэгдэн хохирогч Ж.Г-ын байшинруу буудаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугласан бүхий л нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй маш олон жил болж шүүхийн шатанд нийтдээ 50 орчим шүүх хуралдаан хийж хохирогч нар энэ олон жил сэтгэл санаа, ажил, нэр хүнд, эдийн засгийн хувьд хохирсоор байна. Хамгийн сүүлд 2016 оны 05 сарын 18-ны өдөр Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ш.Д-ыг Ц.Б-тэй бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг галт зэвсэг хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэж Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны ЭХ-иар/ 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь ЭБШХ-ийн 317.1.4-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3-т зааснаар хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байтал Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэрэгт хатгагчаар оролцон бүлэглэн танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүгдэгч Ш.Д, Ц.Б нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 1. Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 181.2.5. бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ 181.3.- /Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэгдсэн бөгөөд уг зүйл анги нь 2005 оны шинэчлэн найруулсан 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.1.-/зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулж байхад шүүх эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн үүнээс гадна Д мэдүүлгүүддээ би таамгаар мэдүүлэг өгсөн сайн санахгүй байна, мэдэхгүй байна, их согтсон байсан гэж мэдүүлдэг ба шүүх хуралдаанд би 2 сар хоригдохдоо бүх санаж байгаа зүйлээ мэдүүлж мөрдөн байцаах ажиллагаанд тус болсон гэж мэдүүлдэг боловч зөвхөн Б-ийг дуудаж архи уусан хамт гарснаа огт мэдүүлээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Ш.Д нь архи уухаараа агсам, ааш авир муутай, буу зэвсэгт сонирхолтой, гэр орондоо буу тавьж байсан болох нь өөрийнх нь болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, "Үзлэг нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл"-үүдэд байдаг. Ш.Д нь Ж.Г-ыг удаа дараа буудаж ална, харваж ална гэх зэргээр согтуугаар заналхийлж байсан зэрэг Ш.Д-ын хувийн байдал болон тухайн хэрэгт хандах сэтгэхүйн байдлуудыг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Дээд шатны прокурор Н.Ганболд эсэргүүцэлдээ:

“...Шүүгдэгч Ц.Б, Ш.Д нар нь согтууруулах ундааны зүйл хзрэглэсэн үедээ бүлэглэн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр галт зэвсзг ашиглан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-20-17 тоотод оршин суух иргэн Ж.Г-ын байшингийн цонх руу Парабеллум П08 маркийн гар буугаар буудаж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан, мөн шүүгдэгч Ц.Б нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Д-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Цэрэнбатын Батсүхийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаараа хянан хэлэлцээд ... "шүүгдэгч Ш.Д дээрхи үйлдэлд ямар байдлаар хатгагчаар оролцсон гэдэг нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл түүний Г-ын байшин руу буудахад бусдыг ямар байдлаар өдөөн түлхсэн, зоригжуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт ирүүлсэн Ш.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ш.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.5,  181.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн хохирогч Б.Г-ын байшин руу буудаж олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж зэвсэг хэрэглэн бүлэглэн танхайрсан гэх хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч Ш.Д-ыг цагаатгаж, шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Учир нь шүүгдэгч Ш.Д, Ц.Б нар нь 2013 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-20-17 тоотод оршин суух иргэн Ж.Г-ийн сууцны байшингийн цонхруу байлдааны зориулалт бүхий Парабеллум маркийн буугаар буудаж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчиж зэвсэг хэрэглэн бүлэглэн танхайрсан, шүүгдэгч Ц.Б нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ж.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М.Б, Ш.Э, Р.Д, Л.Б, Н.Ө, А.Э, У.А, Д.А, Ж.Ц, Н.Э, Э.Э, Б.Б нарын мэдүүлгүүд болоод хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны Ч.Г-ийг 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 56 дугаартай мөр судлалын шинжээчийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Х-ийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3036 дугаартай шинжээчийн дүгнэлт, туршилт хийсэн тухай тэмдэглэл зэрэг болно. Шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт хэт хөтлөгдөн мөрдөн байцаалтын шатанд цугларсан шүүгдэгч нарын гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Баяраа дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/25 дугаартай албан бичгээр Ш.Д, Ц.Б нарт холбогдох хэргийг “шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх харьяалал тогтоолгохоор Улсын Дээд шүүхэд хүргүүлжээ.

 

Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2/310 дугаартай албан бичиг /5 дугаар хавтасны 48 дугаар хуудас/-ээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт хэрэг хянан хэлэлцэх бүрэлдэхүүний талаар тодорхой зохицуулсан тул хуулийн заалтыг баримталж ажиллах нь зүйтэй гэж хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан хүргүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Д, Ц.Б нарт холбогдох хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/42 дугаартай албан бичиг /5 дугаар хавтасны 49 дүгээр хуудас/-ээр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг тус шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаан даргалагч томилсон байна.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт “Сум буюу сум дундын, дүүргийн шүүх ... тодорхой хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнгүй бол адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд олонхи шүүгч нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Дээрх хуульд заасанчлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн “Шүүх бүрэлдэхүүн томилох тухай” захирамж хэрэгт авагдаагүй, шүүх бүрэлдэхүүн томилсон эсэх нь тодорхойгүй байхад

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх бүрэлдэхүүн томилж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан” гэж үзэх үндэслэл болно.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч М.Б, У.Г, тэдгээрийн өмгөөлөгч Д.Намжилмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч М.Б, У.Г, тэдгээрийн өмгөөлөгч Д.Намжилмаа нарын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч  Ш.Д, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.                 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   С.УРАНЧИМЭГ

           ШҮҮГЧ                                                              С.ЦЭЦЭГМАА

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН