Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2017/00026

 

 Ш.Өлзийдүүрэнгийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын

тамгын газарт холбогдох хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн төлөөлөгч А.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 138/ШШ2017/00397 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор Ш.Өлзийдүүрэнгийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын тамгын газарт холбогдох бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 4438430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.Өлзийдүүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Матад сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. 2016 оны 8 сарын 12-ны өдөр тус сумын Буян-Өндөр багт гарсан хээрийн түймрийг унтраах ажлаар сумын орлогч даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу 22-22 ДОР улсын дугаартай Ниссан патрол маркын машинтай жолоочийн хамт явж байгаад цурман дотор окопны нүхэн дээгүүр харайж гарсны улмаас осолд орсон. Энэ ослын улмаас нуруундаа гэмтэл авсан. Сумын захиргаанаас 2016 оны 8 сарын 13-ны өдөр миний гэмтэлтэй холбогдуулан үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон. Би осолд орсны дараа босч чадахгүй, хэвтрийн дэглэм барьж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Өвчтэй байх хугацаанд байгууллагаас 2 сарын цалинг бүтэн олгосон боловч эмчилгээний зардлыг төлөөгүй. Би өөрийн зардлаар эмчилгээгээ хийлгэсэн. Осолд орох үед миний барьж явсан Самсунг маркын утас маань эвдэрч ямар ч ажиллагаагүй болсон. Би уг утсыг тухайн үед 250000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан. Иймд миний бие ослын улмаас эмчилгээ хийлгэсэн эм тарианы зардлаа болон гар утасны зардлаа нэхэмжилж байна. Үүнд 10 хоног Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр 476000 төгрөг, эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хийлгэсэн эмчилгээний төлбөр 1065530 төгрөг, КТГ-ын зурагны үнэ 120000 төгрөг, онгоцны зардал 881200 төгрөг төгрөг, эм тарианы үнэ 828000 төгрөг, гар утасны үнэ 250000 төгрөг буюу нийт 3590730 төгрөгийг гаргуулж өгнө үү. 828000 төгрөгөнд хэрэглэсэн эм тарианы үнэ 328000 төгрөг, хувийн Аура төвөөр оношлуулж эмчилгээ хийлгэсний зардал 268650 төгрөг, мөн Гранд мэд эмнэлгийн эмч нарыг ирэхэд үзүүлээд хэрэглэсэн эм тарианы үнэ 33500 төгрөг зэрэг миний хэрэглэсэн эм тарианы зардал орсон. Мөн осолд орсны дараа Улаанбаатар хотруу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсний дагуу нөхөртэйгөө хамт онгоцоор явахад би дангаараа 3-4 хүний суудал дээр хэвтэж явсан учраас онгоцны зардал 881200 төгрөг болсон. Жолооч Ц.Майтөр нь манай Тамгын газарт хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж яваад осол гаргасан. Энэ осолтой холбогдуулаад Цагдаагийн газарт гомдол гаргаагүй, гол нь ажил үүргээ гүйцэтгэж явсан гэдгээр нь гаргаагүй бөгөөд түүний учруулсан гэм буруугийн хохирлыг байгууллага хариуцан арилгах үүрэгтэй тул гэм хорын хохиролд 3590730 төгрөгийг Матад сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нарын шийдвэрээр рашаан сувилалд эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд 2017 оны 02 сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл Оргил рашаан сувилалд 10 хоног эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 368600 төгрөгийг бэлнээр төлсөн. Мөн Улаанбаатар хотруу ирэх очих замын зардалд 63200 төгрөг зарцуулсан. Мөн эмчийн заалтын дагуу 415900 төгрөгийн эм тариа авсан ба энэ хугацаанд бүх зардал маань нийт 847700 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 847700 төгрөгөөр нэмж нийт 4438430 төгрөгийг Матад сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү. Эм тарианы 415900 төгрөгийг тодруулахад миний бие сувилалд сувилуулж байх хугацаандаа 55900 төгрөгийн эм тариаг гаднаас авч хэрэглэсэн. Мөн сувилалд байхад цахилгаан соронзон долгионы оношлогоонд орсон бөгөөд уг оношлогоогоор оношлуулах, оношлуулсны дараа хийгдсэн эмчилгээнд нийт 360000 төгрөг зарцуулж нийтдээ 415900 төгрөг болсон. Одоо би 3 сарын 27-ны өдрөөс эхлэн ажилдаа ороод байна гэжээ.

Хариуцагч Матад сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сүх-Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 сарын 12-ны өдөр тус сумын Буян-Өндөр багт гарсан хээрийн түймрийг унтраах ажил үүргийг гүйцэтгэж яваад Ш.Өлзийдүүрэн нь осолд орсон нь үнэн. Осолд орж нуруундаа гэмтэл авч эмчилгээ хийлгүүлсэн нь ч үнэн. Энэ асуудал дээр болон эмчилгээний зардал дээр маргах зүйл байхгүй. Жолооч Ц.Майтөрийн хувьд манайд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг нь үнэн. Тухайн үед харанхуйд цурманд явж байгаад ухсан окопны нүхэн дээгүүр харайж осол гаргасан боловч үүнийг автын осол гэж үзээгүй учраас Цагдаагийн байгууллагад шалгагдаагүй. Манай байгууллага төсвийн байгууллага, эмчилгээний зардал гэж хөрөнгө төсөвлөж ирдэггүй учраас Ш.Өлзийдүүрэнгийн эмчилгээний зардлыг гаргаж өгөх боломжгүй байна. Тийм учраас шүүхийн шийдвэрийг харья гэж бодож байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 138/ШШ2017/00397 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Матад сумын Засаг даргын Тамгын газраас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3608430 /гурван сая зургаан зуун найман мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Өлзийдүүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 830000 /найман зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Өлзийдүүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97795 төгрөгөөс 85965 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 11830 төгрөгийг, хариуцагч Матад сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 72685 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Өлзийдүүрэнд олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын тамгын газрын дарга  Б.Ариунтуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. ... Ш.Өлзийдүүрэн байцаагч “Гранд мед” хувийн эмнэлгийн хэт өндөр үнэтэй эм тариа хэрэглэж байгаа нь төрийн байгууллагын хувьд төсөв байхгүй учраас эмчилгээний төлбөрийг эмнэлгийн үйлчилгээний жишиг үнээр дахин нягталж үзэх саналтай байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан эмнэлэгт хэвтсэн ор хоног мөнгө 476000 төгрөг, онгоцны зардал 881200 төгрөг, компьютер томографикийн зураг 120000 төгрөг нийт 1477200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин гар утасны төлбөр 250000 төгрөг, эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хийлгэсэн эмчилгээний төлбөр 1065530 төгрөг, эм тарианы үнэ 828000 төгрөг, нийт 2143530 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тухайн хүнийг гар утсыг 250000 төгрөгөөр хаанаас худалдаж авсан, шинэ эсэхийг хэн ч мэдэхгүй, эмчилгээний төлбөрийн үнийг улсын ижил төстэй эмнэлгийн жишиг үнээр харьцуулаагүй, улсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, нийгмийн даатгалын сангаас хөнгөлттэй эмийн жороор үйлчлүүлээгүй, шүүх эмнэлгийн болон шинжээчийн дүгнэлт байхгүй зэрэг хүчин зүйлүүдээс болж 2143530 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Оргил рашаан сувилалд эмчлүүлсний төлбөр 368600 төгрөг, Улаанбаатар хот замын зардал 63200 төгрөг, эм тарианы үнэ 415900 төгрөг нийт 847700 төгрөг нэмж нэхэмжилсэн байна. Мөн дээрх зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Ш.Өлзийдүүрэн нь 2016 оны 08 сарын 12-ны өдөр Матад сумын Буян-Өндөр багийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийг унтраах ажлыг гүйцэтгэхээр явсан бөгөөд түүний сууж явсан Матад сумын Засаг даргын тамгын газрын Ниссан Патрол маркийн 22-22 ДОР улсын дугаартай автомашиныг жолооч Ц.Майтөр жолоодон явахдаа цурман дотор ухсан окопны нүхэнд орж харайлгасны улмаас нэхэмжлэгч Ш.Өлзийдүүрэн нуруундаа гэмтэл авч, Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн, мөн нэхэмжлэгчийн хэрэглэж байсан Самсунг маркийн гар утас нь ашиглах боломжгүй болж нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирчээ. Энэ талаар талууд маргаагүй байна. Энэ ослын улмаас нэхэмжлэгч Ш.Өлзийдүүрэнд үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон байна. / хх-ийн 6-7 дугаар талууд /

            Хариуцагч Матад сумын Засаг даргын тамгын газрын “нэхэмжлэгч Ш.Өлзийдүүрэнгийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг төрийн байгууллагад нэмэлт зардал байхгүй учраас гэм хорын хохирлыг төлж чадахгүй“  гэсэн тайлбараар  хариуцагч тал нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “... гар утасны төлбөр 250000 төгрөг, эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хийлгэсэн эмчилгээний төлбөр 1065330 төгрөг, эм тарианы үнэ 828000 төгрөг, нийт 2143530 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй “ гэснийг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж үззх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Матад сумын Засаг даргын тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 138/ШШ2017/00397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын тамгын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧИД                                                          Я.АЛТАННАВЧ     

                                                                                            З.ЭНХЦЭЦЭГ