Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0234

 

                                       “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, өмгөөлөгч Н.М

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, өмгөөлөгч Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/2034/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг тус тус баримтлан “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “...газар дээр ямарваа хашаа, барилга барих зэргээр тодорхой үйл ажиллагаа явуулж эхлээгүй буюу ийнхүү газраас хэсэгчлэн цуцалснаар тус компанийн тухайн газар дээр явуулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодит үр дагавар үүсээгүй” гэсэн боловч маргаан бүхий газар шүүхээс хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үзлэгт буй фото зурагт нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хашаа барьсан, барилгын шороо овоолсон байгаа нь харагддаг. Нэхэмжлэгчээс тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчиж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий акттай холбоотойгоор тухайн газарт эрхлэх үйл ажиллагааг эхлүүлж болох эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдалд өдийг хүрсэн. Гэтэл шүүгчээс нэг талыг барьж хэлбэрийн хувьд барилга барих зэргээр тодорхой хөрөнгө зарцуулж, тодорхой үйл ажиллагаа явуулсан бол сөргөөр нөлөөлөх бодит үр дагавар үүсэх юм шиг өрөөсгөл дүгнэлт хийсэн.

3.2. Анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 2-т “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 341 дүгээр албан бичгээр “К” ХХК-д мэдэгдэж” гэсэн байх боловч уг албан бичиг нь маргаан бүхий акттай холбоогүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргуулсан нотлох баримтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 699 дүгээр албан бичгээр “Тус хамгаалалтын захиргааны архиваас үзэхэд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 371 дүгээр албан бичиг байхгүй байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 341 дүгээр албан бичгийг “К” ХХК-д хүргүүлсэн талаарх баримт байхгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед дээрх албан бичгийг хүлээн аваагүй тухай хэлсэн.

Өмгөөлөгчийн зүгээс ч Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны болон мэдэгдэх журам, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн. Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно: хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх” гэж зохицуулсан гэж маргасан асуудлаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Мөн маргаан бүхий акт гарахдаа уг тушаалын 3 дахь хэсэгт зааснаар “урьдчилан албан ёсоор мэдэгдэх” талаар дурдсан нь өөрөө үүнээс өмнө мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй болохыг гэрчилнэ. Гэтэл энэхүү логикгүй асуудалд шүүхээс эрх зүйн үүднээс ямар ч дүгнэлт хийгээгүй мөн л орхигдуулсан байна.

3.3. Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 371 дүгээр санал” хэмээн тодорхой дурдсан байдаг. Энэ нь тус газраас маргаан бүхий акт гаргахтай холбоотой асуудлаар тодорхой санал хүргүүлсэн байхаар ойлгогдож байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргуулсан нотлох баримтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 699 дүгээр албан бичгээр “Тус хамгаалалтын захиргааны архиваас үзэхэд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 371 дүгээр албан бичиг байхгүй байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 341 дүгээр албан бичгийг “К” ХХК-д хүргүүлсэн талаарх баримт байхгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Гэтэл шүүхээс уг хүргэгдээгүй буюу байхгүй байгаа нь тодорхой байгаа асуудлаар шийдвэрийн 7-д  “...341 тоот албан бичгийн дугаарыг тушаалд “371” хэмээн бичсэн байх бөгөөд тус хамгаалалтын захиргаанаас энэ огноогоор 371 дугаартай албан бичиг гаргаагүй шүүхэд тодорхойлсон байдаг. Иймд албан бичгийн дугаарыг цифрийг алдаатай бичсэн” хэмээн илт урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримттай харьцаж буй мэт дүгнэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Шүүх хуралдааны үед хариуцагчаас магаан бүхий актын үндэслэлээс нэхэмжлэгч компанид хамааралтай үндэслэлийн талаар тайлбарлахдаа шүүгчийн ийнхүү дүгнэсэн “цифрийн алдаа” эсэх асуудлаар хариуцагчаас огт дурдаагүй. Мөн уг албан бичиг нь өөрөө 37 ширхэг хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж буй маргаан бүхий актын үндэслэл болохуйц агуулгагүй бөгөөд уг актаас өмнө огноологдсон байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” хэмээн хуульчилсан боловч анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3.4. ХЭдийгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно” гэж заасан байх боловч хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид хамааралтай заалтын тухай шүүхэд тайлбарлахдаа уг заалтыг дурдаагүй юм. Хууль тогтоогчийн зүгээс Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл нь газар эзэмшигчийн хувьд газар эзэмших эрх нь дуусгавар болох тохиолдлуудыг хуульчилсан байх бөгөөд энэ хуулийн 39.1.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөн олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн” тохиолдолд ийнхүү газар эзэмших эрх нь дуусгавар болохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээтэй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Ашиглагчаас газрыг хуульд заасан үндэслэлээр эргүүлж авах тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгаас түүнд дахин газар олгохгүй байж болно” гэж зааснаар нэхэмжлэгчид хариуцагчаас ийнхүү дахин газар олгоогүйтэй холбоотой нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Энэ талаар шийдвэртээ хуулийн дутуу заалтыг барьж “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д заасан “газрыг тусгай хэрэгцээнд авсан” үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхтэй газраас хэсэгчлэн цуцлах байдлаар тэр хэмжээний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд энэ тохиолдолд буюу ашиглах эрхтэй газраас хугацаанаас өмнө эргүүлэн авахад нөхөн олговор олгогдохгүй болохыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заажээ” хэмээн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

3.5. Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлүүдийн аль нь ч бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан захиргааны байгууллагын шийдвэрийг хамгаалж хариуцагчаас нэхэмжлэгчид хамааралтай гэж дурдаагүй заалтыг баримталсан. Мөн маргаан бүхий актын үндэслэлээс нэхэмжлэгчид хамааралтай үндэслэлийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс хариуцагчид тулгаж асуусны үндсэн дээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн “39.1.5” гэсэн заалтыг хэлүүлсэн. Улмаар уг заалттай холбоотойгоор маргаан бүхий актад огт дурдагдаагүй бусад зүйл заалт болох Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг үндэслэлтэй гэж үзсэнд үнэхээр гомдолтой байна. Мөн хариуцагчаас өмнөх хурлын үед нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгасан тухай А/436 дугаар захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар болсон боловч ажиллагааны явцад нэхэмжлэгчид буй хуулбарыг шинжлэн судалж процессын алдаа гаргасан.

3.6. Түүнчлэн, анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/522 дугаар албан бичгээр “батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар олголтын мэдээлэл, барилга байгууламжийн зөвшөөрлийг уялдуулан хотын чанартай 1, 2 дугаар зэрэглэлийн гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээний трассыг хамгаалан үлдээх төлөвлөлтийн шийдлийг боловсруулан хүргүүлсэн байх бөгөөд батлагдсан төлөвлөлтөөр замын зургийг эрх бүхий байгууллагаас эцэслэн батлаагүй байгаа нь төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж дүгнэх үндэслэл мөн л болохгүй, Арцатын амыг Энхтайваны ам гэж заасан нь техникийн шинжтэй алдаа учраас агуулгын хувьд уг шийдвэрийг илт хууль бус гэхгүй, мөн хууль баримталсан учраас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэнд хамаарахгүй гэж хэт өнгөц дүгнэсэн, хэлбэрийн хувьд захиргааны актад хууль хэрэглэсэн мэт байгаа боловч агуулгын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл үүсээгүй байгааг харгалзаагүй болно. Найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болохыг анхаараагүй байна.

3.7. Анхан шатны шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 гэсэн ерөнхий бөгөөд маргаантай харилцааг шууд зохицуулаагүй хуулийг хэрэглэсэн. Тухайлж тайлбарлаж хэрэглэсэн зарим заалт нь тушаалд тусгагдаагүй, зарим нь нэхэмжлэгчид хамааралгүй байгаа асуудалд эрх зүйн үүднээс бүрэн тайлбар хийгээгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй юм.

3.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гарсан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. Гэтэл шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгтээ дээрх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэмээн буруу заалтыг хэрэглэсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч “К” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигт Улаанбаатар хотын баруун өмнөд бүс, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн дэнж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хотын шинэ төв байгуулахаар батлагдсан тул гудамж замын сүлжээ, инженерийн шугам сүлжээний трасстай Тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын орц, гарцыг уялдуулан төлөвлөх зорилгоор 37 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсны дотор нэхэмжлэгч “К” ХХК-ийн газар багтжээ.

3. Анхан шатны шүүх “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор баталсан Шинэ Яармаг хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний автозамын схем зургаас үзвэл нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий байршилд 1, 2 дугаар зэргийн гол гудамж зам төлөвлөгдсөн, ... хэдийгээр дээрх төлөвлөлтөөр автозамын трассын зураг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас батлагдаагүй ч нэхэмжлэгчийн газраас хэсэгчлэн цуцалсан шийдвэр нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон тухайн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан авто замын трасстай тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч нарын орц гарцыг уялдуулан төлөвлөх зорилгоор гарсан байх тул уг шийдвэр зорилгодоо нийцсэн, дархан цаазат төрийн өмчийн газарт тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулж буй газраас батлагдсан төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр нийтлэг ашиг сонирхлын хүрээнд, хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу гарсан” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

4. Учир нь нийслэлийн Замын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3/1297 дугаар албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч “К” ХХК-ийн эзэмшлийн газар нь “Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний авто замын трасстай давхцалтай болох нь тогтоогдож байх боловч хэрэгт авагдсан Замын хөгжлийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3/1444 дүгээр албан бичигт “... зураг төсөл боловсруулах шатанд хэд хэдэн нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөгдсөн трасст өөрчлөлт орох шаардлага бий болсон”, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/10/2982 дугаар албан бичигт “нийслэлийн Замын хөгжлийн газраас тус газарт 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Загвар зураг батлуулах тухай” 3/1537 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны замуудыг хэд хэдэн хувилбараар төлөвлөж хүргүүлсэн бөгөөд одоогийн байдлаар тус хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй болно”, мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 03/3401 дүгээр албан бичигт “...авто замын загвар зураг нь ... зөвшилцөх боломжгүй хүлээгдэж байна” гэж тус тус ирүүлснээс үзэхэд авто замын загвар зураг эцэслэн батлагдаагүй болох нь тогтоогдож байна.

5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “...Тухайн газарт гүүр, гарц барих боломжтой эсэхийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас шийдвэрлэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шийдвэрлэх боломжгүй, ...тухайн үед автозамын трасс төлөвлөгдөж байгаа гэсэн ч нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн бичгүүдээс үзэхэд төслийнхөө хүрээнд эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа гэж харсан” гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд маргаан бүхий газарт авто зам барих эсэх нь тодорхойгүй байна.

6. Гэтэл анхан шатны шүүх “... замын трассыг төлөвлөснөөс өөр хувилбараар буюу маргаанд хамаарах газраас өөр байршилд батлан хэрэгжүүлсэн тохиолдолд орц гарц, туслам зам талбайг гарган ашиглах эрхтэй газрын байршил, хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлаар газар ашиглагч нь хүсэлт гаргах, төрийн захиргааны байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүй” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрчилтэй гэж үзэхээр байна.

7. Мөн нэхэмжлэгч компаниас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор баталсан Шинэ Яармаг хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний автозамын схемийн дагуу орон сууц баригдсан, маргаан бүхий захиргааны акт бодит нөхцөлд хэрэгжих боломжгүй гэж тайлбарлан маргажээ.

8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчаас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор авто зам барихаар төлөвлөгдсөн газарт барилга байшин баригдсан эсэх, эсхүл баригдахаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан эсэх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон эсэхийг тодруулах шаардлагатайгаас гадна уг шийдвэрийн дагуу авто зам баригдах эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаа эсэх асуудлыг нэг мөр тодруулах шаардлагатай бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байх тул дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр тушаалын “К” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э болон түүний өмгөөлөгч Н.М нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН