| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 137/2018/00519/И |
| Дугаар | 001/ХТ2019/00092 |
| Огноо | 2019-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2019/00092
Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн
2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2018/00182 дугаар шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 202/МА2018/00029 дүгээр магадлалтай,
Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Г.Б-од холбогдох,
17.424.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б-той харилцан тохиролцож, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэгт байрлах 135 дугаар байрны 90 тоот хаягт байрлах 52,85 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 58.135.000 төгрөгөөр худалдан авахаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт төлбөрийн 30 хувийг түүний дансанд байршуулж үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулан төлж барагдуулахаар тохирсон. Ингээд Хаан банкнаас орон сууцны зээл хөөцөлдсөн, энэ удаашралтай байх явцад Г.Б- байраа зарахаа больсон гэсэн хариуг утсаар өгч, утсаа салгаж алга болсон. Г.Б-ын дансанд байршуулсан байрны урьдчилгаа төлбөр болох 17.424.000 төгрөгийг буцааж авах талаар удаа дараа ярьж, уулзсан боловч удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Г.Б-оос 17.424.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Ц- нь миний Замын-Үүд сумын 1-р баг, 9-р хэсэг, 135-р байрны 90 тоот хаягт байрлах 52,85 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт үнэ 44.922.500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, 2015.10.19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийн 30 хувийг миний Хаан банкны 5374208532 тоот дансанд байршуулан үлдэгдэл төлбөрийг банкны орон сууцны зээлд хамруулан төлж барагдуулахаар тохирсон. Гэвч байрны үнийг зээл гаргах боломжит нөхцлөөр тооцон 58.135.000 төгрөгөөр гэрээнд тусгасан. Банкны зээл авах зорилгоор тохиролцсоны дагуу бэлнээр өгөх мөнгөгүй тул Ц.Ц- нь урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн өөрийн дансанд хийчих, бэлэн мөнгө олсны дараа би төлсөн гэж гарын үсэг зураад банкны зээлээ хөөцөлдье гэж ярилцсан. Үүний дагуу би одоо амьдарч байгаа 144-Б-7 тоот орон сууц худалдан авсан Бурхан буудай хайрхан ХХК-ийн ажилтан н.Нэмэхбаатараас 18.400.000 төгрөгийг 2015.10.29-ний өдөр зээлэн Ц.Ц-тэй хамт Замын-Үүд Хаан банкны тооцооны төвд очиж, өөрийн дансанд 17.424.000 төгрөг хийлгэн 30 хувь төлсөн баримтаа гаргуулан авсны дараа буцаагаад Бурхан буудай хайрхан ХХК-ийн Хаан банкны 5099498899 тоот дансанд зээлсэн мөнгөө төлсөн. Ц.Ц- нь зүй бус харьцаа үүсгэн эдийн засагчтай маргалдсаны улмаас зээл гарахад сөргөөр нөлөөлж сар орчмын хугацаанд удааширч зээл олгогдохгүй хаагдсан. Банкнаас зээл олгоогүй тул бид зарах, авах асуудлаа больсон. Ц.Ц- нь 17.424.000 төгрөгийг өөрөөсөө мөнгө гаргаж төлөөгүй, миний эзэмшлийн 5374208532 тоот дансанд орж 5099498899 дансруу шилжсэн 18.400.000 төгрөг нь н.Нэмэхбаатар гэдэг хүний мөнгө байсан. Дээрх асуудал үүссэнээс хойш 2,5 жил өнгөрсний дараагаар гэнэт үндэслэлгүйгээр хүнээс зээлж дансаар оруулж гаргасан төгрөгийг өөрөөсөө гаргасан мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2018/00182 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-од холбогдох байрны урьдчилгаа төлбөр 17.424.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 202/МА2018/00029 дүгээр магадлалаар: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2018/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.22-ны өдрийн 29 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Ц.Ц-ээс 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 15 цаг 06 минутад Баярболдын ХААН банкны 5374208532 дугаар дансанд /Д.Цэнгэл байрны урьдчилгаа/ нэрээр 17.424.000 төгрөг тушааж харилцагч тал дээр өөрийн гарын үсгээ зурсан орлогын мэдүүлгийг тухайн өдөр Ц.Ц-ийн дансанд ийм хэмжээний мөнгө байгаагүй, мөн өдрийн 14:57, 14:56 цагт гэрч Д.Нэмэхбаатар өөрийн данснаасаа 20.000.000 зарлага гаргаж байсан нь тогтоогдсон гэж түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хууль зөрчөөгүй гэж үзэн, Д.Нэмэхбаатарын 2018.05.09-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн хуралдааны СD-ийг хавтаст хэрэгт хавсаргаж, түүний мэдүүлгийг тестээр буулгаж гомдолдоо хавсаргасныг шүүх үнэлээгүй, гэрчийн эргэж буцсан, эргэлзээтэй мэдүүлгийг шийдвэр, магадлалын үндэслэл болгож, ИХШХШТ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудад үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Г.Б-оос 17.424.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлээ “орлогын мэдүүлэг”-ээр нотолно гэж үзжээ.
Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Замын үүд сум, 1 дүгээр баг 9 дүгээр хэсэг, 135 дугаар байрны 2.85 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 58.135.000 төгрөгөөр худалдан авах, ингэхдээ төлбөрийн 30 хувийг урьдчилан төлж, үлдэх төлбөрийг банкны зээлээр төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 5-7 дугаар тал/.
Дээрх тохиролцооны дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.Б-ын ХААН банк дах 5374208532 тоот дансанд 17.424.000 төгрөг шилжүүлсэн, зээл хөөцөлдөж байх хугацаанд хариуцагч байраа зарахаа больсон тул мөнгийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон байна.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийг өөрөөсөө гаргаагүй, ....Нэмэхбаатараас 18.400.000 төгрөг авч, миний дансанд 17.424.000 төгрөгийг шилжүүлсэн, банкнаас зээл авахын тулд урьдчилгааг төлсөн мэт баримт бүрдүүлсэн, ...мөнгийг буцаагаад шилжүүлсэн, зээл бүтээгүй...” гэсэн тайлбар гаргажээ.
Талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч зээл бүтээгүй тул төлбөрийг төлөх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсан, энэ талаар маргаагүй байна.
Харин хариуцагчид шилжүүлсэн дээрх мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр мөн зүйлийн 38.6-т заасан.
Хариуцагчийн “...Д.Нэмэхбаатарыг гэрчээр асуух” хүсэлтийг шүүх хангасан ба тэрээр “...Г.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр надад миний зарах гэж буй байрыг худалдаж авах гэж байгаа хүний урьдчилгаа төлбөр дутаад байна, түр 18.400.000 төгрөг зээлээч гэсэн, ...мөнгийг Бурхан буудай ХХК-ийн захирал Д.Батбаяраас авч бэлнээр өгсөн, ...захирал надад хэлэхдээ Г.Б-той хамт банкинд очиж мөнгийг байрыг нь авах гэж байгаа Ц.Ц- гэдэг хүний нэрээр байрны урьдчилгаа төлбөр гэж шилжүүлээд буцаагаад миний данс руу хийгээрэй гэж хэлсэн, ...банкинд очиход Ц.Ц- хамт байсан, ...төгрөгийг Г.Б-ын дансанд хийхдээ баримт дээр Ц.Ц-ээр гарын үсэг зуруулсан... ” гэж мэдүүлжээ /хэргийн 38-39, 171-172 дугаар тал/.
Д.Нэмэхбаатарын ХААН банкны 5374377656 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 53 минутад Батбаяраас 20.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэний дараа 14 цаг 57 минут, 14.59 минутад 10.000.000 төгрөгийн 2 удаагийн зарлагын гүйлгээ хийгджээ. Түүнчлэн тус банк дах Г.Б-ын 5374208532 тоот дансанд мөн өдрийн 15 цаг 06 минутад Ц.Ц-ээс байрны урьдчилгаа гэх утгаар 17.424.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэний дараа 15 цаг 08 минутад 5099498899 тоот дансанд байрны урьдчилгаа гэх утгатай 18.400.000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ /хэргийн 44-45 дугаар тал/.
Дээрх баримтаас үзвэл хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч эдгээр баримтыг үгүйсгэж чадаагүйгээс гадна өөрийн шаардлагаа нотолж чадаагүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.
Аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т заасан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахыг шүүх тодорхойлж чадаагүй нь учир дутагдалтай болжээ.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 202/МА2018/00029 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2018/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243.1...” гэсний өмнө “...205 дугаар зүйлийн 205.1.” гэснийг нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 245.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ