Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 0022

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                               

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   С.Г

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Л.Мөнхсайхан

           Хохирогч                                                           П.З       

           Иргэний хариуцагчийн төлөөлөгч           Б.О                                                                                                                                                                                                                                                                Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолтой С.Г-д холбогдох 1715000940032 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайханы давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Товогт С-ийн Г.

 Шүүгдэгч С.Гансүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Т овогт С-гийн Г-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,     

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

             Шүүгдэгч С.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Хараацайн жигүүр ХХК-иас 23488898 /хорин гурван сая дөрвөн зуун наян найман мянга найман зуун ерэн найм/  төгрөг, шүүгдэгч С.Г-ээс 105000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Х.Б, П.А нарт 12064300 /арван хоёр сая жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг, хохирогч П.З, С.С нарт 11529598 /арван нэгэн сая таван зуун хорин есөн мянга таван зуун ерэн найм/ төгрөгийг, амь хохирогч Х.Б-ийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.У, Б.У, Б.А, Б.У нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 15000 /арван таван мянга/ төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Б.У-ыг 16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол шүүгдэгч С.Г-ээс сар бүр гаргуулж хохирогч П.А-д тус тус олгож, хохирогч Х.Б, П.А нарын нэхэмжлэлийн шаардлагаас 674350 /зургаан зуун далан дөрвөн  мянга гурван зуун тавь/ төгрөгийг, хохирогч П.З, С.С нарын нэхэмжлэлийн шаардлагаас 8562678 /найман сая таван зуун жаран хоёр мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг болон нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “H G” маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 3751000 /гурван сая долоон зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн хохирол  гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

             “Х ж” ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөх тухай” гэрээнд дээрх төлбөрийг нэхэмжлэх харилцааг “Х ж” ХХК, шүүгдэгч С.Г нар нь жич харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэснийг, “Т” ХХК  иргэний хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,   38.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,                                                                                                                     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан давж заалдах гомдолдоо: “Миний бие мөрдөн байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу зам тээврийн ослын байдалтай танилцаж дүгнэлт гаргасан ЗЦТ-ийн байцаагч Б.Г-ын гаргасан "хүнд хэлбэрийн согтолттой байсан жолоочийн буруугаас осол гараагүй" гэсэн агуулгатай дүгнэлт, түүний энэ дүгнэлтийг зөв гэж үзсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлттэй танилцаад тодорхойгүй зүйлс байна, хэргийг прокурорт буцаан өмгөөлөгчийн асуултуудын хариуг өгүүлье гэсэн байр суурьтай байсан ч шүүгдэгч С. Г зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх С.Г-ийн гэм буруугийн асуудлыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн С. Г-ийг дээр дурьдсан зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэж тогтоон 3 жил хорих ял оногдуулсан 66 дугаар шийтгэх тогтоол гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч С. Г нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үүний дүнд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо хохирлоо төлж барагдуулах талаар хэлэлцэн тохиролцож, энэ тухай гэрээ байгуулан хавтаст хэрэгт хавсаргуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шүүхийн шийтгэх тогтоолд дурьдагдсан хохирлыг бүрэн барагдуулсан.

Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зуйлийн 1.3 -т заасан "Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх" зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байгаа тул болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улмаар бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, эхнэр болон дүү нь тус тус эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байдаг зэргийг нь харгалзан үзэж С.Г-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 -т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял болгон оногдуулсан өөрчлөлтийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолд оруулж өгнө үү” гэжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайханы давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

шүүгдэгч С.Г нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутагт асфальтан замаар зорчигч тээврийн ... улсын дугаартай Киа Грандбирд маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.т заасан “... жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Хьюндай Грейс маркийн микроавтобустай мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Д, Х.Б нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

... улсын дугаартай Грейс маркийн микроавтобусыг жолоодож явсан П.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасныг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байх боловч дээрх зөрчил нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй, харин С.Г-ийн буруутай үйлдлээс болж дээрх осол гарсан нь шинжээчийн дүгнэлтүүд /хх 74, 136/-ээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан нь “... шүүхийн шийтгэх тогтоолд дурьдагдсан хохирлыг бүрэн барагдуулсан... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар С.Г-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудыг үндэслэн гэм хорын хохиролд иргэний хариуцагч “Х ж” ХХК-иас 23.488.898 төгрөг, шүүгдэгч С.Г-ээс 105.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Б, П.А нарт 12.064.300 төгрөг, хохирогч П.З, С.С нарт 11.529.598 төгрөгийг олгох, мөн шүүгдэгч С.Г-ээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 15.000 төгрөгийг сар бүр гаргуулж хохирогч П.А-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг “тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” тохиолдолд хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тусгайлан заасан байна.

Иргэний хариуцагч “Х ж” ХХК,  шүүгдэгч С.Г нар шүүхийн шийдвэрийн дагуу хохирогч Х.Б, Г.А нарт 7.214.300 төгрөг, хохирогч П.З-т 6.529.598 төгрөгийг төлсөн байх ба харин үлдэх төлбөрийг төлж барагдуулаагүй болох нь оролцогч нарын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.М-ны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.М-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН                                   

ШҮҮГЧИД                                                                      М.ХҮРЭЛБААТАР

                                                                                   С.УРАНЧИМЭГ