Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 056

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017  оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар хуралдаан даргалагч Ш.Б-д холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Б-ийн даргалан явуулсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 5/11 дугаартай "Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 5/12 дугаар "Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хуралдаанд нэхэмжлэгч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохих хууль, журам, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн дагуу хуралдаж, 2018 оны төсөв, аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажлын тайлан зэрэг асуудлыг хэлэлцсэн. Аймгийн Засаг дарга Д.Галсандондогт хариуцлага тооцож, албан үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх тухай аймгийн Монгол Ардын намын бүлгийн шийдвэр, Монгол Ардын намын хорооны тогтоолыг надад өргөн барьсан байсан. Үүний дагуу аймгийн Засаг даргыг огцруулах, чөлөөлөх, итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцүүлэхээр хуралд оруулахад барьцаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг мөн адил огцруулна гэх саналыг төлөөлөгч Ш.Б оруулж ирсэн. Энэ нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байгаа. Би аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 100 хувийн саналаар сонгогдсон дарга бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хугацаагаар сонгодог. Гэтэл хуульд заасан үндэслэл буюу би өөрөө хүсэлт гаргаагүй байхад миний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, огцруулах асуудлыг хэлэлцүүлсэн нь үндэслэлгүй юм. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид уг асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж хугацаагүй завсарлага авсан байхад төлөөлөгч Ш.Б нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий 22 төлөөлөгчийг цуглуулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааныг хууль бусаар үргэлжлүүлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг илт зөрчсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана.” гэж заасан. Гэтэл  төлөөлөгч Ш.Б нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч биш тул хуралдааныг даргалах эрхгүй этгээд юм. Хуралдаанаас өмнө хэлэлцэх асуудлын жагсаалт гарахад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах, чөлөөлөх тухай асуудлыг оруулаагүй байсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт буюу хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө танилцуулсан байх хуулийн заалтыг зөрчсөн. Иймд дээрх аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулсан, дараагийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг томилсон тогтоолууд нь нэхэмжлэгч миний эрхий зөрчиж байх тул дээрх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сард зохион байгуулагдаж, Г.П-ийг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хуралдаанд оролцсон 39 төлөөлөгчийн олонхын буюу 22 төлөөлөгч Г.П-г огцруулах саналыг дэмжиж, тооллогын комиссын 02 дугаар тогтоолыг баталсан. Тухайн үед аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан даргалагчаар сонгогдсон төлөөлөгч Т.Жаргалсайхан нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдааныг үргэлжлүүлэхээс татгалзаж, хуралдааны ирц хүрээгүй гэх хууль бус шалтаг заан хуралдааныг орхин гарснаар хурлын төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирж, хурлын ирц хүчин төгөлдөр байхад хуралдаан үргэлжлэн явагдах боломжгүйд хүрч, нутгийн өөрөө удирдах байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасарсан.

Хуралдаан даргалагч хурлыг орхин гарсан гэх үл ялих хуульд заагдаагүй шалтгаанаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны үйл ажиллагааг саатуулж болохгүй байсан тул хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар байнгын дэгт “хуралдаан даргалагч зориудаар хуралдааныг орхин гарсан, хуралдааныг үргэлжлүүлэн явуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн хуралдаанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн олонхын саналаар хуралдаан даргалагчийг өөрчилж, хамгийн ахмад настай төлөөлөгчөөр хуралдааныг үргэлжлүүлэн удирдуулна” гэсэн нэмэлтийг оруулсан. Ингэснээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан гацаанаас гарч, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа хувийн тасралтгүй явагдах нөхцөл бүрдсэн. Аймгийн хурлын төлөөлөгч Ш.Б нь төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад нь учраас хурлын дэгийн дээрх заалтын дагуу хуралдааныг үргэлжлүүлэн удирдан явуулсан юм. Үүний үр дүнд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар хуралдаанаас төлөөлөгчдийн олонхын саналаар тооллогын комиссын тогтоолыг үндэслэж, Г.П хурлын даргаас огцруулсан тогтоолыг баталсан. Улмаар хурлын даргад шинээр нэр дэвшүүлж, нэр дэвшигч Б.А-ыг хуралдаанд оролцсон 22 төлөөлөгчдийн 10 хувийн саналаар хурлын даргаар сонгон баталгаажуулж, хурлын даргаар сонгогдсон Б.А үг хэлж, 5 дугаар хуралдааныг хаасан.

Г.П-г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас огцруулахыг дэмжсэн төлөөлөгчдийн олонхын санал, шийдэл хуулийн хүчин төгөлдөр байгаа ба хурлын даргаас Г.П-ийг огцруулсан тогтоолын талаарх маргааныг захиргааны хэргийн шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр гараагүй байхад хуралдаан даргалагч гэх Т.Жаргалсайхан нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5 дугаар хуралдааныг хууль бусаар хийсэн. Г.П нь хурлын төлөөлөгчдийн олонхын шийдвэрийг үл хүндэлж, ажилтайгаа зууралдах гэсэн явуургүй оролдлого хийж, даруй 8 сар хурлын ажлыг гацаанд оруулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05/11 дугаартай “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай” тогтоолоор Г.П-ийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас огцруулж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05/12 дугаартай “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай” тогтоолоор Б.А-ыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн “б”, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ш.Б нь хуралд хэлэлцүүлэхээр санал гаргах эрхтэй бөгөөд “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай” санал гаргасан нь хууль зөрчөөгүй болно.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан даргалагчаар сонгогдсон төлөөлөгч Т.Жаргалсайхан нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдааныг үргэлжлүүлэхээс татгалзаж, хуралдааны ирц хүрээгүй гэх үндэслэлгүй, хууль бус шалтгаан заан хуралдааныг орхин гарсан. Үүнээс шалтгаалан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн олонхын саналаар байнгын дэгт “хамгийн ахмад настай төлөөлөгчөөр хуралдааныг үргэлжлүүлэн удирдуулна” гэсэн өөрчлөлт оруулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан нь цаашид үргэлжлэн явах боломж хуулийн дагуу бүрдэж, хамгийн ахмад төлөөлөгч Ш.Б нь хурлыг удирдан явуулсан.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын5 дугаар хуралдаанд 39 төлөөлөгч оролцож, үүнээс 22 төлөөлөгч нь аймгийн хурлын дарга Г.П огцруулах тухай, мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.А намайг сонгохыг зөвшөөрсөн санал өгсөн болох нь тооллогын комиссын 02, 03 дугаар тогтоолуудаар нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар хуралдаан даргалагч Ш.Б-д холбогдуулан Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Б-ийн даргалан явуулсан 2017 оны 12 сарын 22-ны өдрийн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай, Ховд аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдааны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 5/11 дугаартай "Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай" тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай, Ховд аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдааны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 5/12 дугаар "Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай" тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Б-ийн даргалан явуулсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 5/11 дугаартай "Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 5/12 дугаар "Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хариуцагч нь “...маргаан бүхий 5/12 дугаар тогтоол нь нэхэмжлэгч Г.П-д хамааралгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 5/11 дүгээр тогтоолоор  Г.П-г хурлын даргын албан тушаалаас огцруулж, 5/12 дугаар тогтоолоор Б.А-г хурлын даргаар сонгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай 3 дугаар зүйлийн 3.1.3-д “...“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.” гэжээ.

Маргаан бүхий захиргааны актуудын үйлчлэл нь нэхэмжлэгч Г.П-д чиглэсэн бөгөөд түүний Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үр дагавар үүсгэхээр байх тул нэхэмжлэгч нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын хувьд захиргааны  хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 5/11 дүгээр тогтоолоор  Г.П хурлын даргын албан тушаалаас огцруулж, 5/12 дугаар тогтоолоор Б.А-г хурлын даргаар сонгосон байна.

Нэхэмжлэгч энэхүү захиргааны актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн, мөн хуралдааныг Хурлын даргын эзгүйд түүний санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь удирдах байтал тухайн хуралдааныг төлөөлөгч Ш.Б удирдсан нь хууль бус гэж тайлбарласан.

Харин хариуцагч тал хуралдаанд төлөөлөгчдийн олонх оролцсон, Хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхин гарсан тул хуралдааныг үргэлжлүүлж, хурлын байнгын дэгт нэмэлт оруулж төлөөлөгч Ш.Б хуралдааныг удирдуулсан нь хуульд нийцсэн, Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, Г.П-ийг Хурлын даргын албан тушаалаас огцруулж, Б.А Хурлын даргаар сонгосон гэсэн хариу тайлбар гаргасан байна.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд хийхээр Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар товыг тогтоож, уг ээлжит хуралдаанаар

1.Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай

2.Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай

3.Аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай

4.Аймаг дахь Төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал

5.Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай гэсэн нийт 5 асуудлыг хэлэлцэхээр баталсан байна.

Ээлжит 5 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад 36 төлөөлөгч буюу 87.8 хувийн ирцтэйгээр эхэлж, тус хуралдааныг Хурлын дарга нээж, тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулах явцад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Б-ээс “аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П-ийг огцруулах тухай” саналыг нэмж хэлэлцүүлэхээр зөвхөн санал оруулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх буюу 22 төлөөлөгчийн саналаар уг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Тухайн өдөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу эхний 6 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа Хурлын дарга Г.П-ийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэх үед аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П “Одоо хурлын даргын асуудал яригдах учир хуралдааны байнгын дэгийн дагуу хуралдаан даргалагчийг томилуулна. Миний бие Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Жаргалсайханыг хуралдааны даргалуулахаар санал ороолж байна” гэсний дагуу   төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Жаргалсайханыг хуралдаан даргалагчаар дэмжиж тогтоолыг баталсан байна.

Ингэснээр тэргүүлэгч Т.Жаргалсайхан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 5 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн даргалжээ.

Ингээд “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай”-д төлөөлөгчдийн санал хураалт болж,  дүнгээр  төлөөлөгчдийн 22 буюу 59.4 % нь Г.П-ийг огцруулахаар санал өгсөн талаар тооллогын комиссын 02 дугаар тогтоолыг танилцуулж, хуралдаан даргалагч тооллогын комиссын тогтоолыг үндэслэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай” тогтоолын төслийг уншиж танилцуулахад тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол ардын намын бүлэг завсарлага авч, хуралдаан даргалагчаас 1 цаг завсарлахаар шийдвэрлэж, хуралдаан 03 цаг 00 минутад завсарласан байна.

Улмаар 04 цаг 15 минутад хуралдаан үргэлжилж, хуралдаанд 19 төлөөлөгч  ирж, ирц хүрэхгүй тул хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн хуралдааны даргалагч  хуралдааныг нээлттэй завсарлуулжээ. 

Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд болсон ээлжит 5 дугаар хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-05-ны өдөр болсон ээлжит 5 дугаар хуралдаанаар “Хурлын даргыг огцруулах тухай” саналыг хэлэлцсэн тухайд:

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар ...Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, 12.1.4-т зааснаар ...Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах бүрэн эрхийг Хурлын төлөөлөгч эдлэх боловч энэхүү Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах асуудлыг хуулиар дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.

Хурлын төлөөлөгч нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, ингэхдээ 24.3 дахь заалтын дагуу тухайн саналдаа холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах үүрэгтэй ба энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэжээ.  

Хуулийн энэхүү заалтаас үзвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрх бүхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан этгээдүүд нь дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан шаардлагыг хангасан санал гаргасан тохиолдолд л хуралдаанаар хэлэлцэхээр зохицуулсан.

Өөрөөр хэлбэл хуулийн уг заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга  Г.П-г хурлын даргаас огцруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө холбогдох материал, үндэслэл, судалгаа, лавлагааг нийт төлөөлөгч нарт урьдчилан танилцуулснаар хуралдаанаас гарах шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Г.П-д үг хэлэх, тайлбар, үндэслэл гаргах, бусад Төлөөлөгч нарын хувьд хэлэлцэж байгаа асуудлыг судлах, өөрийн дүгнэлт, саналыг тодорхойлох боломжийг олгох агуулгатай зохицуулалт юм.

Ээлжит 5 дугаар хуралдаан дээр /2017 оны 12 дугаар сарын 04-05-нд болсон/ аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ш.Б-ээс “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П-ийг огцруулах тухай” санал гаргахдаа уг саналд холбогдох судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэргийг хавсаргаж өгөөгүй байна.

Энэ тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдээлэлтэй болох, түүнд судалгаа хийх, үүнтэй холбогдуулан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж хуралдаанд үндэслэл бүхий тайлбар, санал дүгнэлт гаргах, ард түмний төлөөлөл болохын хувьд асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг Хурлын дарга, төлөөлөгчдөд бодитоор олгоогүй гэж үзэх үндэслэлтэй болно.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т ...хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална гэж заасны дагуу аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Хуралдааны дэгийг баталсан, энэхүү хуралдааны дэгийн дагуу ээлжит 5 дугаар хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг хуралдааны дэгийн 4.8-д...  холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1-ээс доошгүй хоногийн өмнө  хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй  гэж заажээ.

Гэтэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд товлогдоогүй, Хурлын төлөөлөгчдөд урьдчилан тараагдаагүй “Хурлын даргыг огцруулах тухай” асуудлыг хэлэлцсэн нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зарчмуудтай, мөн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон тогтоосон хуралдааны дэгтэй нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

2. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 5 дугаар хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг төлөөлөгч Ш.Б даргалсан тухайд:

Хариуцагчаас “хуралдаан үргэлжлүүлэх боломжтой ирц хүрч байсан. Гэтэл Т.Жаргалсайхан ирц хүрэхгүй байна гэх шалтгаанаар хурлыг орхин гарсан тул байнгын дэгт нэмэлт оруулж, насаар хамгийн ахмад Ш.Б  хуралдаан даргалуулсан  энэ нь хууль зөрчөөгүй гэж“ маргаж байна.

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П хурал даргалах эрхээ тэргүүлэгч Жаргалсайханд албан ёсоор шилжүүлж, тэргүүлэгч Т.Жаргалсайхан 5 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн даргалан явуулжээ.

Улмаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаанд “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай” тогтоолын төслийг  уншиж танилцуулахад тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол ардын намын бүлэг завсарлага авч, хуралдаан даргалагчаас 1 цаг завсарлахаар шийдвэрлэж, хуралдаан 03 цаг 00 минутад завсарлан, 04 цаг 15 минутад хуралдаан үргэлжилж, хуралдаанд  19 төлөөлөгч  ирж, ирц хүрэхгүй тул хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн хуралдаан даргалагч   хуралдааныг нээлттэй завсарлуулсан болох нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.  

Хариуцагчаас  хуралдаан даргалагч Т.Жаргалсайхан нь  хуралдааныг үргэлжлүүлэхээс татгалзсан гэх боловч энэ байдал нь тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар олонхын саналаар шийдвэр гаргах эрх иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа боловч ийнхүү шийдвэр гаргахдаа хуульд заасан журмын дагуу гаргах ёстой.

Өөрөөр хэлбэл хуралдааны байнгын дэгт “насаар хамгийн ахмад нь хуралдаан даргална” гэж оруулсан  нэмэлт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Анхдугаар хуралдааныг  шинээр сонгогдсон  төлөөлөгчдийн насаар  хамгийн ахмад нь, бусад хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасантай нийцээгүй бөгөөд төлөөлөгч Ш.Б 5 дугаар хуралдаан даргалуулсан нь хууль бус байна.  

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П нь 5 дугаар хуралдааныг үргэлжүүлэн  даргалах эрхийг тэргүүлэгч Т.Жаргалсайханд шилжүүлснээр хуралдаан даргалагч Т.Жаргалсайхан нь тус хуралдааныг завсарлуулах, улмаар уг хуралдааныг товлон зарлах эрхтэй байна. 

Иймд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан даргалагч Т.Жаргалсайхан нь хурал даргалах эрхээ хуульд заасан хүрээнд тэргүүлэгч нарын хэн нэгэнд албан ёсоор шилжүүлээгүй, хурлыг зориудаар орхин гараагүй байхад төлөөлөгч Ш.Б  хурлыг удирдуулсан, эрх бүхий этгээдээс ээлжит 5 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах талаар шийдвэр гаргаагүй байхад хуралдаан хийж, улмаар хуралд асуудал хэлэлцэх журмыг зөрчиж буюу Хурлын төлөөлөгчдөд хуралдаан болохоос өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгаа баримтыг хүргүүлээгүй байхад Хурлын дарга Г.П-ийг огцруулах, Хурлын даргыг шинээр сонгох  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж хууль бус шийдвэрүүд гаргасан нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байх тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5-р хуралдааныг хууль бус гэж үзэж,  хуралдаанаас гарсан шийдвэрүүд болох  05/11 дүгээр “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай”, 05/12 дугаар “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг  сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 23 дугаар зүйлийн 23.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Б-ийн даргалан явуулсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5/11 дүгээр “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай”, 5/12 дугаар “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг  сонгох тухай” тогтоолуудыг  тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ