Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0263/З |
Дугаар | 221/МА2023/0229 |
Огноо | 2023-04-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2023/0229
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгож, XV-019390 дугаар, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 96 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, өмгөөлөгч Ө.З
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0263/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгож, XV-019390 дугаар, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-019390 дүгээр, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, XV-019390 дүгээр, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Э” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч тус хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасан болох нь хэрэгт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Э” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
“Э” ХХК-иас ирүүлсэн гэх 39 дүгээр албан бичиг нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр огноолж, төрийн захиргааны байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлснийг бичиг хэрэг хүлээн авсан нь бүртгэл хяналтын картаар нотлогддог.
Үүнийг анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын ХВ-019390 тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй.
3.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар хариуцагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжит хугацааны өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон гэж ойлгох боломжгүй бөгөөд хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас өмнө хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлэх боломжит хугацаа олгосон зохицуулалт юм” гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Ашигт малтмалын зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1...22.1.4 ...” гэж заасан.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрөл авсан даруйдаа хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, үүрэг хүлээж байгаагаа ойлгож “мэдэгдэл”-д гарын үсэг зурдаг.
Тус мэдэгдлийн 5 дугаар зүйлд “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргана” гэж заасан. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.
3.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Э” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар албан бичгээр Ү.Ч-д XV-018458 дугаар, XV-019390 дүгээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах, баримт бүрдүүлэн өгөх, өргөдөл гаргах, гарын үсэг зурах, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийлгэх зэрэг Ашигт малтмал, газрын тосны газарт бүрэн төлөөлөх эрхийг олгожээ.
Гэвч Ү.Ч нь Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдан 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд гэрчийн эмчилгээ, хяналтад эмчлэгдсэн болох нь Сүхбаатар дүүргийн “Э А” өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаанаар XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан гэж үзэхээр байна” гэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч ковид-19 халдварт өвчнөөр өвчилснийг “Э” ХХК-ийн захирал Л.Б мэдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг гаргах боломжтой байсан нь харагдаж байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүхээс Ү.Ч нь ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан гэж үзэхээр байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 96 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5078 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/559 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгож, XV-019390 дугаар, XV-018458 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч “Э” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 968 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумын нутагт байрлах Дэл нэртэй газарт байрлах 4884.68 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-018458 дугаар, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1055 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Баяндун сумын нутагт байрлах Шар тогоо нэртэй газарт байрлах 1932.10 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-019390 дугаар тусгай зөвшөөрлүүдийг 3 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
2.3. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 831 дүгээр шийдвэрээр хайгуулын XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 864 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-019390 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгажээ.
2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
2.5. Нэхэмжлэгч компанийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар албан бичгээр маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах, баримт бүрдүүлэн өгөх, өргөдөл гаргах, гарын үсэг зурах, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийлгэх зэргээр Ашигт малтмал, газрын тосны газарт тус компанийг төлөөлөх бүрэн эрхийг Ү.Ч-д олгосон байх бөгөөд ашигт малтмалын хайгуулын XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 7 хоногоор хэтрүүлж гаргасан үндэслэлээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн гэж тайлбарлажээ.
2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч Ковид-19 халдварт өвчнөөр өвчилж, уг хугацаанд гэрээр эмчилгээ хийлгэсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэх боломжгүй ба ашигт малтмалын хайгуулын XV-019390 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн хувьд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр хүргүүлсэн буюу хугацаандаа өргөдлөө гаргасан гэж үзэхээр байна.
2.7. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах онцгой бүрэн эрх нь гагцхүү тусгай зөвшөөрөл эзэмшигчид хадгалагддаг бөгөөд нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын XV-018458 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй боловч тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан байгаа энэ тохиолдолд шууд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь үндэслэл муутай болжээ.
2.8. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагчийн хувьд сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заасан.
2.9. Харин талууд хуульд заасан бүрдүүлбэр хангагдаагүй гэж маргаагүй төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хавсаргавал зохих баримт бичгийг бүрэн хавсаргасан, ганцхан хугацаа сунгуулах өргөдөл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан”, “баримт бичиг бүрэн байсантай маргахгүй” гэж тус тус тайлбарласан болно.
2.10. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 96 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН