Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2017/00027

 

   “Дорнод худалдаа” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.Мөнхтулгад холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 138/ШШ2017/00457 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор “Дорнод худалдаа” ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Мөнхтулгад холбогдох “60 хонь буюу 4800000 төгрөг гаргуулах” тухай, “мал төллүүлсний урамшуулал 60 төлөг буюу 4800000 төгрөг, хонь ноосолсны хөлс 1200000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Дорнод худалдаа” ХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь өөрийн хөдлөх хөрөнгө болох малтай юм. Компаний мал маллуулахаар Гурванзагал сумын 1-р багийн харъяат малчин Э.Мөнхтулгатай 2015 оны 08 сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 920 толгой хонь, 78 толгой ямаа бүгд 998 толгой мал хүлээлгэн өгсөн. Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Мал маллах хугацаанд малчин Э.Мөнхтулга нь өөрийн хариулга маллагаа дутуугаас мал үрэгдүүлж дутааж байсан. Байнгын тооллого тооцоо нийлж бүгдийг зөвшөөрч байсан. Ингээд гэрээний хугацаа дуусч 2016 оны 08 сарын 06-ны өдөр малаа хүлээн авахад 966 хонь, 69 ямаа хүлээн авсан. Мал маллах хугацаанд мал төллөж хурга, ишиг нэмэгдсэн. Энэ тооллогоор хүлээн авах ёстой тооцооноос 89 эм хонь, 10 ямаа дутагдуулсан. Тооцоо нийлүүлж акт үйлдээд малчин нь дутаасан малаа төлөх тухай баталгаа гаргаж өгсөн. Гэвч баталгаа гаргаж өгсөн хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Мал маллах хугацаандаа гэрээний дагуу цалингаа авч нийгмийн даатгалыг төлж байсан. Э.Мөнхтулга нь төлбөр барагдуулах хэлцлийн дагуу 18 хонь, 21 ямааг 2016 оны 9 сарын 15-нд компанид хүлээлгэн өгсөн. Дээрх өгсөн ямааг хонин толгойд шилжүүлээд 60 эм хонь төлөх дутуу үлдсэн. Үүнийгээ төлж барагдуулаагүй байна. Хонь нэг бүр компаний дансны үнээр 80000 төгрөг байна. Компани 60 хонийг 4800000 төгрөгөөр үнэлж байна. Компаний малыг дутагдуулсан Э.Мөнхтулгаас 60 толгой хонийг хониор нь гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнчимэд шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Мөнхтулгаас малаа хүлээж авах үед 1073 хонь, 80 ямаа байх ёстойгоос тоолж хүлээж авсан нь 971 хонь, 70 ямаа нийт 1041 мал хүлээж авсан. Нийт дутагдуулсан 102 толгой малаас идсэн 13, хорогдсоныг хасч 89 эм хонь дутагдуулсан. Э.Мөнхтулга нь 39 толгой мал дутагдуулсан малынхаа оронд өгснөөс 16 төлөг, 23 хурга байсныг нэгийг нь 1.5 тооцож дутагдуулсан малаас хасч үлдэгдэл 60 толгой хонь төлөөгүй байгааг хонийг хониор нь авахаар нэхэмжилж байгаа. Э.Мөнхтулгын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнхтулга нь 639 хонь төллүүлэхээс 45 эм хонь нядалгаанд орж 594 толгойг төлүүлж түүний 80 хувь болох 475 хурга хүлээн авахаас 50 хувь болох 294 толгой хурга бойжуулж малчинтай байгууласан гэрээний 2.3, 2.5 дахь заалтуудыг зөрчсөн тул 2.6-д заасны дагуу төлд ноогдох урамшуулалаас хувь тооцож суутгал хийнэ гэсний дагуу үндсэн төлд урамшуулал тооцох нөхцөл хангаагүй. Урамшуулал авах эрхгүй юм. Тухайн үед компаний захирлаар Гунгааням гэдэг хүн ажиллаж байсан. Шинэбаяр нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, компанийн өмнөөс шийдвэр гаргахгүй. Мөн малчин хүний хийх ёстой ажил үүрэг. Мөнхтулга нь зөвхөн 671 хонь ноосолж 294 хурганы ноос аваагүй байсан. Ноосны төлбөр манай компаний дансанд орж ирээгүй. Тухайн үед ноосыг 500 төгрөгөөр ноосолж байсан. 1500 төгрөгөөр ноосолсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинэбаяртай ярьж тохирсон манай компанид хамаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Э.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл хариу тайлбартаа: Тус компани надаас 60 эм хонь нэхэмжилж байна. Би компанитай малчнаар ажиллах гэрээ байгуулан 2015 оны 08 сарын 02-ноос эхлэн мал малласан. Малаа хүлээн авсан эхний өдөр өмнө нь тус компанийн малыг маллаж байсан Ганбаярын хонь ямаатай нийлсэн. Энэ тухай компанийн удирдлага, нягтлан бодогч нарт мэдэгдэж байсан. Тухайн мал нийлснээс 43 хонь дутсан. Дараа нь данс нийлэхэд 89 толгой хонь, 10 ямаа дутсан гэх боловч тэжээвэр хонийг тусад нь маллаж байсан. Анх компанитай гэрээ байгуулж байхад тус компанийн зүгээс нийт төллүүлсэн төлийн 80 хувийг нь компани авч үлдэх 20 хувийг нь надад цалингаас гадна урамшуулал болгон өгнө гэж гэрээндээ заасан. Би 2016 оны хавар тус компаний нийт 294 хонь хургалуулсанаас 311 төл хүлээн авсан. Гэрээнд заасны дагуу төлийн урамшуулал өгөөгүй. 300 хурганы 20 хувь 60 хурга болох учиртай. 2016 оны хаврын хурга одоо 1 настай шинэ төлөг болчихсон байгаа учир тус компаниас 60 төлөг нэхэмжилнэ. 1 төлөгийг зах зээлийн ханшаар 80000 төгрөгөөр тооцож 4800000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2016 оны 06 сард тус компанийн захирал Шинэбаяр нь сонгуулийн ажлаар явж байхдаа надтай уулзаад хонио ноослуулмаар байна. Чамд нэг хонийг 1500 төгрөгөөр тооцож хөлс төлье чи бүх хонио ноосолчих гэж хэлсэн. Би үүнийг нь хүлээн зөвшөөрч компанийн 800 толгой хонийг ноосолсон. Тус компани надад хонь ноосолсоны хөлс төлөөгүй байгаа учир 1200000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Хонь ноослох саналыг Шинэбаяр дарга өөрөө хэлсэн. Би компанийн мал маллах талаарх асуудлыг Шинэбаяр дарга руу залгаад ярьж хэлдэг байсан. Компани өөр захиралтай гэдгийг би мэдэхгүй, эд нар худлаа хэлж байна. Миний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа байгууллагын төлөөлөгчтэй уулзан тооцоо нийлж 89 толгой хонь дутсанаас 60 хонь төлсөн одоо 29 толгой хонь төлөх дутуу байгаа. Иймд миний ноосны хөлс 1200000 төгрөг, төлийн урамшуулал 60 төлөг буюу 4800000 төгрөг нийт 6000000 төгрөгийг “Дорнод худалдаа” ХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 138/ШШ2017/00457 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар Э.Мөнхтулгаас 29 хонь буюу 2320000 төгрөг гаргуулж “Дорнод Худалдаа” ХКомпанид олгож, “Дорнод Худалдаа” ХКомпаниас хонь ноосолсны хөлс 1006500 төгрөг гаргуулан Э.Мөнхтулгад олгож, “Дорнод худалдаа” ХКомпаний нэхэмжлэлийн шаардлагаас 2480000 төгрөг, Э.Мөнхтулгын нэхэмжлэлээс 60 төлөг буюу 4993500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Дорнод худалдаа” ХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91750 төгрөгийг, Э.Мөнхтулгын 110950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Дорнод худалдаа” ХКомпаниас 28706 төгрөгийг гаргуулан Э.Мөнхтулгад, хариуцагч Э.Мөнхтулгаас 82244 төгрөг гаргуулан “Дорнод худалдаа” ХКомпанид тус тус олгож, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Дорнод худалдаа” ХК-ийн төлөөлөгч Б.Цэрэнчимэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: ...Бид шүүхийн шийдвэрээс ... Э.Мөнхтулгаас 29 хонь буюу 2320000 төгрөг гаргуулан “Дорнод худалдаа” ХК-д олгож, “Дорнод худалдаа” ХК-с хонь ноосолсны хөлс 1006500 төгрөг гаргуулан Э.Мөнхтулгад олгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Шүүх нэхэмжлэгч “Дорнод худалдаа” ХК, хариуцагч Э.Мөнхтулга нар нь ...дутагдуулсан малын тооны талаар маргаагүй гэж дүгнэсэн. Хариуцагч компанийн малаас 89 толгой хонь, 10 ямаа дутаасан гэдэг нь маргаангүй нотлогдож байна. Үүнээс компани хариуцагчаас эм хонины оронд 23 толгой хурга, эм ямааны оронд 28 толгой ишиг өгсөн гэдгээ актаар үйлдэн авсан. Үүнийгээ малын насаар тооцож бага малыг нас гүйцсэн малын толгойд шилжүүлэн тооцсон. Мөнхтулга ч үүнийг зөвшөөрч байгаа. ...Тиймээс шүүхийн шийдвэрт нотлох баримтыг үнэлэхдээ 2 өөр зүйлийг нэг зүйл болгон буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч талд хохирол учруулж байна. ...

Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ төлийн урамшууллыг гэрээний дагуу үнэн зөв дүгнэсэн. Харин хонь ноосолсон асуудлыг дүгнэхдээ бодит байдлыг зөв үнэлээгүй. Мөнхтулга “Дорнод худалдаа” ХК-ийн захирал Шинэбаяртай ярьсан гэж маргадаг. Тус компанийн гүйцэтгэх захирал нь И.Баярцэцэг болохыг нотлох баримтаар нотолсон ба Шинэбаяр гэх хүн захирал биш төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн юм. ...Огт хамааралгүй хүний хийсэн хэлцлийг үнэн зөвийг шалгаж тогтоогоогүй, нотлогдоогүй байхад компанийн хонийг ноосолсон гэж үзэн мөнгийг маргаантай байгаа, үнийг нотлогдоогүй байхад “Дорнод худалдаа” ХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ...Мөн шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж шийдвэр гаргасан байдаг. Тухайлбал, сөрөг нэхэмжлэл нь 60 төлөг буюу 4800000 төгрөг гаргуулах тухай байтал шийдвэрт 60 төлөг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн хэрнээ мөнгөн дүнг 4993500 төгрөг гэж тогтоосон нь ойлгомжгүй байна.

“Дорнод худалдаа” ХК нь малчин Э.Мөнхтулгатай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул шүүхийн шийдвэрээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлээс 31 толгой хонины үнэ болох 2480000 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхийн байх шаардлагыг хангаагүй. Шүүх хариуцагч Э.Мөнхтулгын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 60 хонь түүний үнэ болох 4800000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... “Дорнод худалдаа” ХК-с анх Э.Мөнхтулгад 443 тооны эм хонь хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн актан дээр 463 эм хонь хүлээлгэж өгсөн мэт харагддаг боловч 20 тооны эм хонийг дутуу өгсөн гэдгийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Мал төллөхөөс өмнө байгууллага нийт 49 толгой эм хонь зарлагдаж авсан. Мөн гэрээгээр нийт 21 толгой эм хонийг хассан байдаг. Эдгээр хорогдлыг хасаж тооцвол нийт 373 толгой 4 настаас дээш эм хониноос төл хүлээж авахаар байна. Үүн дээр 35 эм төлөгнөөс байгууллагын зарлагад 1 төлөг хасагдаж төллөх 34 эм төлөг буюу нийт 373+34=407 эм хонь төллөх боломжтой байсан нь харагдаж байна. 407 төллөх хонины 80 хувь нь 325 толгой болж байна. “Дорнод худалдаа” ХК гэрээний дагуу Э.Мөнхтулгаас нийт 325 толгой хурга хүлээж авах ёстой. Харин Э.Мөнхтулга 311 толгой хурга хүлээлгэж өгсөн.

Төлийн урамшууллын тал дээр “Малчинтай байгуулах гэрээ”-нээс харахад нийт төллөх малын тооноос 80 хувийн төл хүлээж авсан тохиолдолд 100 хувь төллүүлсэн гэж үзээд тухайн 100 хувиас 80 хувийн төлийг компанид бойжуулж өгөх үүрэгтэй болох нь харагдаж байна. 

...Уг гэрээний 1-р зүйлийн 1.5-д заасан 100 хувь төлийн 2-р зүйлийн 2.3-д заасан 80 хувийн төлийг бойжуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Э.Мөнхтулга нь 260 төл эрүүл саруул бойжуулж компанид хүлээлгэж өгөх үүрэгтэй байна. Гэтэл Э.Мөнхтулга “Дорнод худалдаа” ХК-д нийт 311 толгой хурга хүлээлгэж өгсөн ба тэрээр 311-260=51 толгой төлийг урамшуулалд тооцож 2016 онд авах ёстой байсан байна. Гэвч тус компани нь Э.Мөнхтулгад төлийн урамшууллыг олгоогүй. Тиймээс тэрээр “Дорнод худалдаа” ХК-иас 51 толгой төлөг буюу 4080000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, сөрөг нэхэмжлэл болох 60 толгой хонь буюу 4800000 төгрөгөөс 51 толгой хонь буюу 4080000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Дорнод худалдаа“ ХК нь хариуцагч Э.Мөнхтулгаас дутагдуулсан 60 толгой хонь буюу 4800000 төгрөг гаргуулах, хариуцагч Э.Мөнхтулга нь нэхэмжлэгч “Дорнод худалдаа“ ХК-иас мал төллүүлж, төл бойжуулсны урамшуулал 60 төлөг буюу 4800000 төгрөг, хонь ноосолсны урамшуулал 1200000 төгрөг, нийт 6000000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Дорнод худалдаа“ ХК нь хариуцагч Э.Мөнхтулгатай 2015 оны 08 сарын 01-ний өдөр 01 дүгээр “Малчинтай байгуулах гэрээ“-г 1 жилийн хугацаатай байгуулж, 920 толгой хонь, 78 толгой ямаа хүлээлгэн өгчээ.  /хх-ийн 5-7 дахь талууд/

Нэхэмжлэгч “Дорнод худалдаа“ ХК нь хариуцагч / малчин / Э.Мөнхтулгаас 2016 оны 08 сарын 06-ны өдөр 971 толгой хонь, 70 толгой ямаа хүлээн авсан ба хариуцагч Э.Мөнхтулга нь 89 толгой хонь, 10 толгой ямаа дутагдуулсан бөгөөд ажил хүлээлцсэн №14 тоот актанд зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх-ийн 8 дахь тал/

Мал хүлээлцсэн №14 актаар хариуцагч Э.Мөнхтулгаас 971 толгой хонь, 70 толгой ямаа хүлээн авсан гэсэн атлаа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 966 толгой хонь, 69 толгой ямаа хүлээн авсан гэж зөрүүтэй бичсэн нь ойлгомжгүй байна.

2017 оны 01 сарын 24-ний өдрийн “Төлбөр тогтоох тухай“ 01 дүгээр актаар хариуцагч Э.Мөнхтулга нь 2016 оны 09 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “Дорнод худалдаа“ ХК-д 16 төлөг,  23 хурга, 3 борлон, 28 ишиг, нийт хонь ямаа нийлсэн 70 толгой бог мал өгснийг нэхэмжлэгч тал 23 хургыг 1,5 толгойгоор тооцож 15 толгой хонь, 28 ишгийг 1,5 толгойгоор тооцож 18 ямаа гэж тооцсон нь ойлгомжгүй байна. Учир нь богийг бодод шилжүүлж тооцдог атал юуг үндэслэж богийг богд шилжүүлсэн тооцсон нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагчийн анх дутагдуулсан гэх 89 толгой хонь, 10 толгой ямаа нь ямар насны, нас тус бүртээ хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн гэх 70 толгой богоо нас, насаар нь хэдэн төгрөгөөр үнэлсэн зэрэг нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.  

Мөн хариуцагчид хүлээлгэн өгсөн богоос хэд нь төллөх эх мал болох, хэдэн эх мал төллөснөөс хэдэн төл хүлээн авсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй  байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч талын 70740 төгрөгийг, хариуцагчийн өмгөөлөгчийн 80230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оын 04 сарын 20-ны өдрийн 138/ШШ2017/00457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч “Дорнод худалдаа“ ХХК-ийн 70740 төгрөгийг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын 80230 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                        ШҮҮГЧИД                                                             Я.АЛТАННАВЧ

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ