| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0558/и |
| Дугаар | 00558 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00558
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 12-07 тоотод оршин суух “Өндөрнөр” овогт Намнансамбуугийн Алтанцэцэг /РГ-78121501/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг 35-02 тоотод оршин суух “Халиучин” овогт Балдандоржийн Цогзолмаа /РГ-73050824/,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн 5 дугаар багийн 19-8 тоотод оршин суух “Тогоруутан” овогт Дамчаабадрахын Өсөхбаяр /РГ-76053010/,
Хариуцагч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн 5 дугаар багийн 19-8 тоотод оршин суух “Бөхчүүд” овогт Юмчинлхамын Батжаргал /РД-71010503/ нарт холбогдох,
Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх 2282 дугаарын эрхийн үнэмлэхтэй “Адуучин” овогт Пүрэвгончигийн Эрдэнэтуяа /РХ-85031304/,
Зээл 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, гэрч Т.Мөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Алтанцэцэг нь 2016 оны 12 дугаар сарын 08-нд Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нарт мөнгө хэрэгтэй байна 10 хоногийн хугацаатай мөнгө олоод зээлээд өгөөч гэж гуйхаар нь ах П.Жамбалдоржоос 8.000.000 төгрөг зээлж Б.Цогзолмаагийн ХААН банкны 5914061120 тоот данснаас Өсөрбаяр нь ХААН банкны Энх-Оргил гэгч хүний 5174034263 дугаарын тоот данс руу шилжүүлсэн. Одоо 2 сар гаран болоход нэг ч төгрөг өгөөгүй байгаа тул Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нараас 8.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Батжаргал, Өсөхбаяр нарыг таньдаггүй, манай нөхрийн дүү Алтанцэцэг нь 8 сая төгрөг олоод өгөөч гэхлээр нь Батжаргалтай ярьж түүний өгсөн Энх-Оргил гэх хүний данс руу 8 сая төгрөгөө хийсэн тухай үед Батжаргал нь бид эрсдэлээ тооцоод 10 хоногт л мөнгийг чинь өгнө гэж хэлээд авсан. Өнөөдөр хүртэл ярьсандаа хүрэхгүй мөнгө өгөхгүй өдий хүрсэн тул манай хадам дүү Н.Алтанцэцэг нь Ю.Батжаргал, Д.Өсөхбаяр нарт зээлсэн 8 сая төгрөгөө гаргуулахаар шүүхэд өгсөн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Би хадам дүү Алтанцэцэг, Батжаргал түүний нөхөр Өсөхбаяр нар чулуун дээр хамтран ажиллаж хэн хэдэн төгрөг нийлүүлсэн асуудлыг сайн мэдэхгүй. Ямарч л байсан чулуу ачаад Зүүн хараад очиж тээрэмдүүлэхэд нь би хамт байсан нь үнэн, би мөнгөө авах гэж очсон байхдаа гарсан алтаа зараад олсон 2 сая гаран төгрөгийг би тэнд ажиллаж байсан хүмүүст тарааж өгсөн юм.
Иймд хариуцагч Ю.Батжаргал, Д.Өсөхбаяр нарт зээлдүүлсэн 8 сая төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ю.Батжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Алтанцэцэг түүний нөхөр Мөнгөнхуяг нартай харилцан тохиролцож 20 сая төгрөгөөр чулуу худалдаж авахаар болж би 12 сая төгрөг гаргаж, Алтанцэцэг Мөнгөнхуяг нар нь 8 сая төгрөг ах эгчээсээ зээл авч нийлүүлсэн ба тухайн үед ах эгчээсээ мөнгө авч байгаа тул олсон ашгаасаа ах, эгчдээ өгөхөөр болоод 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд Б.Цогзолмаа, түүний дүү гэх Давааням, Алтанцэцэг түүний нөхөр Мөнгөнхуяг нар ирж чулуугаа өөрсдөө үзээд авсан. Ингээд чулууг Баттулга гэдэг залуугаас худалдан авч мөнгийг нь Энх-Оргил гэдэг хүний данс руу бид нар мөнгө төгрөгөө шилжүүлсэн. Ачааны том хоовоогоор ачаад Зүүнхараагийн бор толгой гэх газарт очиж тээрэмдсэн. Нийт 4.080.000 төгрөгийн алт гарснаас 2 сая төгрөгөнд алт тооцож тээрмийн хөлсөнд өгсөн. Үлдсэн 2 сая төгрөгийн алт гарсныг нь Алтанцэцэгийн нөхөр Мөнгөнхуяг зарахаар авч яваад 2.080.000 төгрөг болгож ирснийг нь хоол унд, бензин болон бусад зардлаа хасаад тэнд ажиллаж байсан хүмүүст Цогзолмаа өөрөө 100.000 төгрөг тарааж өгсөн. Уул нь зардлаа дараад ашигтай байх байтал бид нар бүгд шатсан ба чулуу зарсан Баттулга гэдэг залуутай эргэж уулзаж чиний зарсан чулуунаас 4 сая төгрөгийн л алт гарсан гэхэд тэгвэл дараа чулуу өгье гэж хэлж байсан.Тухайн үед чулуу ачиж байхад болон чулуугаа бутлаад тээрэмдэж угааж байхад одоо энэ нэхэмжлэгчийн төлөөлөгч хадам эгч гэх Цогзолмаа хүртэл хамт байсан ба нэгэнт чулуу худалдаж аваад алдагдалд орсныг мэдэж байсан шүү дээ. Хамт байсан байж одоо яагаад түүний нөхрийн дүү Алтанцэцэг мөнгө төгрөг нэхээд байгааг сайн ойлгохгүй байна. Алтанцэцэг, Мөнгөнхуяг нараас мөнгө зээлж аваагүй чулуун дээр хамтран ажиллахаар болж мөнгө төгрөгөө тал талаасаа нийлүүлсэн.
Иймд бид өөрсдөө чулуу худалдаж аваад хэн хэн нь алдагдалд орсон би 12 сая төгрөгөөр шатсан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Д.Өсөхбаярын өмнөөс мөн шүүх хуралдаанд оролцож байгаа тул дээрх ярьсантай адил учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Гэрч Т.Мөрөн шүүх хуралдаан мэдүүлэхдээ: Над руу 2016 оны 12 сарын үед Батжаргал эгч утсаар яриад Өсөхөө ахын чинь бие өвдөөд чулуун дээр ажиллаж чадахгүй байна чи хүрээд ир гэхлээр нь Зүүн хараа гэх газарт очиход Цогзолмаа түүний дүү Давааням гэх залуу бас найз нь гээд Энхээ гэдэг эмэгтэй, Алтанцэцэг, түүний нөхөр Мөнгөнхуяг, Өсөхөө ах эхнэр Батжаргал гэх хүмүүс чулуу тээрэмдүүлээд алт угааж байсан. Тэгээд санаснаар алт гарсангүй шатчихлаа гээд Алтанцэцэг, түүний нөхөр Мөнгөнхуяг, Цогзолмаа, Батжаргал эгч Өсөхөө ах нар хоорондоо ярилцаад гарсан алтыг нь Цогзолмаагийн дүүгийн нөхөр Мөнгөнхуяг гэдэг залуу зарахаар авч яваад 2 сая гаран төгрөг болгож ирээд бид нарт тус бүр 100.000 төгрөг Цогзолмаа тарааж өгсөн. Үүнээс өөр юм би сайн мэдэхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нарт холбогдох зээл 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч нар нь 8 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь: “... Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нарт мөнгө хэрэгтэй байна 10 хоногийн хугацаатай мөнгө олоод зээлээд өгөөч гэж гуйхаар нь ах П.Жамбалдоржоос 8 сая төгрөг зээлж, эгч Б.Цогзолмаагийн ХААН банкны 5914061120 тоот данснаас Өсөрбаяр нь ХААН банкны Энх-Оргил гэгч хүний 5174034263 дугаарын тоот данс руу шилжүүлсэн....” гэсэн нэхэмжлэл шүүхэд ирүүлсэн байх боловч бодит байдал дээрээ нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь хариуцагч Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нарт 8 сая төгрөг зээлүүлсэн гэдгээ нотлож чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, 8 сая төгрөгийг зээлсэн гэдэг нь доорхи тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Тухайлбал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа: “....ямарч л байсан чулуу ачаад Зүүн хараад очиж тээрэмдүүлэхэд нь би хамт байсан нь үнэн би мөнгөө авах гэж очсон байхдаа гарсан алтыг зараад олсон 2 сая гаран төгрөгийг би тэнд ажиллаж байсан хүмүүст тарааж өгсөн....” гэх тайлбар,
Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Ю.Батжаргал: “....чулууг Баттулга гэдэг залуугаас худалдан авч мөнгийг нь Энх-Оргил гэдэг хүний данс руу бид нар чулууны мөнгөө шилжүүлсэн. Ачааны том хоовоогоор ачаад Зүүнхараагийн бор толгой гэх газарт очиж тээрэмдүүлсэн. Нийт 4.080.000 төгрөгийн алт гарснаас 2 сая төгрөгөнд алт тооцож тээрмийн хөлсөнд өгсөн. Үлдсэн 2 сая төгрөгийн алт гарсныг нь нэхэмжлэгч Алтанцэцэгийн нөхөр Мөнгөнхуяг зарахаар авч яваад 2.080.000 төгрөг болгож ирснийг нь хоол унд, бензин болон бусад зардлаа хасаад тэнд ажиллаж байсан хүмүүст Цогзолмаа өөрөө 100.000 төгрөг тарааж өгсөн....” гэх тайлбар,
Гэрч Т.Мөрөнгийн: “... санаснаар алт гарсангүй шатчихлаа гээд Алтанцэцэг, түүний нөхөр Мөнгөнхуяг, Цогзолмаа, Батжаргал эгч түүний нөхөр Өсөхөө ах нар хоорондоо ярилцаад гарсан алтыг нь Цогзолмаагийн дүүгийн нөхөр Мөнгөнхуяг гэдэг залуу авч яваад 2 сая гаран төгрөг болгож ирээд тэнд ажиллаж байсан бид нарт тус бүр 100.000 төгрөгийг Цогзолмаа өөрөө тарааж өгсөн....” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Б.Цогзолмаагийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2016-12-18-ны өдөр 5174034263 тоот данс руу 8 сая төгрөгийг чулууны үнэ гэж шилжүүлсэн, хариуцагч Д.Өсөхбаяр нь ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2016-12-18-ны өдөр 5174034263 тоот данс руу 800.000 төгрөг, хариуцагч Ю.Батжаргалын ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2016-12-17-ны өдөр 800.000 төгрөг, 2016-12-18-ны өдөр 3.000.000 төгрөгийг 5174034263 тоот данс руу тус тус шилжүүлснээс дүгнэхэд нэхэмжлэгч Н.Алтанцэцэг, хариуцагч Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нар нь чулуун дээр хамтран ашиг олох зорилгоор харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг амаар байгуулан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 476 дугаарын зүйлийн 476.2-д Хамтран ажиллах гэрээг “бичгээр буюу амаар” байгуулж болохоор хуульд заасан байх ба харин хуульд гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд дараах зүйлийг заавал тусгана Үүнд: “ашиг, алдагдлыг хуваарилах журам” зэргийг тусгасан байхаар заасан ба энэ талаар зохигчид нь тохиролцсон зүйл байхгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн зээлсэн гэх 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Өсөхбаяр, Ю.Батжаргал нарт холбогдох 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ