Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/845

 

 

   2021          08          05                                    2021/ШЦТ/845

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Д.Баасандорж,

улсын яллагч: Н.Улсболд,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 2108000000000тоот хэргийг 2021.07.23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1900.00.00-ны өдөр төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “НҮТ”-д жолоооны эрх сунгах лавлагаа гаргах ажилтнаар ажиллаж буй гэх, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум 0 дугаар баг, 0 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 000 байрны 00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000/ С овогт Б-ийн Ө нь гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвийн “38” дугаартай цонхонд үйлчилгээ авч байсан иргэн - мартаж явсан Хаан банкны виза картыг ашиглан 2 удаагийн гүйлгээгээр нийт 1000000 төгрөгийг нь завшсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

- 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/,

- 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7-9 /,

- Хохирогч Д.О-ийн “Би 2021 оны 6 дугаар сарын 25-ны 10 цаг өнгөрч байхад өглөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах Драгон төвийн “нэг цэгийн үйлчилгээний” төв орж “38” дугаартай цонхон дээр сууж байсан үйлчилгээний ажилтнаас үйлчилгээ авч аавынхаа жолооны үнэмлэхийг аваад өөрийнхөө жолооны үнэмлэхийг захиалсан юм. Тэр үед үйлчилгээний ажилтанд өөрийнхөө Хаан банкны виза картыг өгч жолооны үнэмлэх захиалсан хураамж 12 800 төгрөгийг пос машинаас уншуулсан. Пос машинаас мөнгө уншуулах үед үйлчилгээний ажилтан надаас миний картын нууц дугаарыг асууж байсан. Ингээд би үйлчилгээний ажилтнаас өөрийнхөө картыг авалгүй мартаж үлдээсэн байсан. Тэр үедээ би картаа үлдээснээ мэдээгүй. Ингээд нэг цэгийн үйлчилгээний төвөөс гараад гэртээ хариад байж байтал миний утсанд 15 цаг 26 секундэд миний Хаан банкны 5024446189 тоот данснаас 500000 мянгаар 2 удаа зарлага гарсан мессежний мэдээлэл ирсэн гэх мэдүүлэг /хх-15-16/,

- Яллагдагч *******-ын “Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн 38 дугаартай хэсэгт ажил дээрээ иргэдэд үйлчилгээ үзүүлээд суусан 11 цагийн үед нэг үл таних тайрмал үстэй 50 гаран насны эгч миний сууж байсан хэсэгт ирээд эхлээд аавынхаа жолооны үнэмлэхийг аваад дараа нь өөрөө жолооны үнэмлэх захиалсан юм.

...Ингээд би тэр картаас нь 12800 төгрөг уншуулчхаад картыг нь пос машинаас сугалж авалгүй үлдээсэн. Тэгээд нөгөө эгч надаас үйлчилгээ авчихаад өөрийнхөө картыг надаас авалгүй яваад өгөхөөр нь би тэр картыг нь пос машинаас сугалж аваад өөрийнхөө ширээн дээр байсан компьютерын гаран доогуур хийсэн. Ингээд 15 цаг өнгөрч байхад нөгөө эгчийн виза картыг нэг цэгийн үйлчилгээний газрын байран дотор байрлах “АТМ” машинд хийж дансны үлдэгдлийг шалгахад 3 сая гаран төгрөг байхаар нь би 500000 төгрөгөөр хоёр удаа уншуулж 1 сая төгрөг гарган авч “Худалдаа хөгжлийн банкны” 412044815 дугаартай данс руу 800000 төгрөгийг нь хийж 200 000 төгрөгөөр нь барс зах орж бараа цуглуулж авсан” гэх мэдүүлэг /хх-33-34/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвийн “38” дугаартай цонхонд үйлчилгээ авч байсан иргэн Д.О-ийн мартаж явсан Хаан банкны виза картыг ашиглан 2 удаагийн гүйлгээгээр нийт 1000000 төгрөгийг нь завшсан нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш буюу 1 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ттусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******-ын хууль бус санаатай үйлдлийн улмаас Д.Оюунбилэгт 1 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба хохирогч Д.Оюунбилэг “...Миний хохирлыг Өлзийжаргал гэгч төлж барагдуулсан. Миний Хаан банкны 5024446189 тоот данс руу 400000 төгрөг шилжүүлж бэлнээр 600000 төгрөг надад өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэж мэдүүлсэн /хх- 15-16/ тул ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хураан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг дискийг *******д холбогдох 2108000001050 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч С овогт Б-ийн Ө-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Б-ийн Өд 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх Улаанбаатар хотоос зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Д.О-т 1000000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          4. Шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин болтол хэвээр үлдээсүгэй.

          5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          6. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.

          7. Хэрэгт хураагдаж ирсэн хоёр ширхэг дискийг *******д холбогдох 2108000001050 тоот эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ