| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 163/2018/0076/э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., 24.6.2.4., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 24
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор П.Шижиртуяа
Шүүгдэгч У.Б
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолтой У.Б-д холбогдох 1815000930075 дугаартай эрүүгийн хэргийг прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Ч овогт У-ийн Б.
У.Б нь Булган аймгийн Тэшиг сумын Хилийн 0286 дугаар ангийн 2 дугаар заставын даргаар ажиллаж байх үедээ тус заставын алба хаагч нарт амаар түлшний мод бэлтгэх үүрэг чиглэл өгч алба хаагчид нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Булган аймгийн Тэшиг сумын Эрэн 4 дүгээр багийн нутаг Овоот гэх “З-Х б-ийн н-ы” дархан цаазат улсын тусгай хамгаалалтын бүсийн ойд 52 ширхэг 9.236 м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 473.807 төгрөгний шууд хохирол /473.807х3=1.421.421 шууд бус хохирол/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ч овогт У-гийн Б-ийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ийг 01 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дах хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ийг шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч У.Б-д нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж улаан ягаан цахилгаан хөрөө 1 ширхэг, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 16-39 ХЦА улсын дугаартай бор ногоон өнгийн “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгсэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор П.Шижиртуяа эсэргүүцэлдээ:
“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан "улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд", 2.4 дахь хэсэгт заасан "төрийн албан хаагч үйлдсэн" гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн байхад шүүх шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт "зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн" гэх ердийн бүрэлдэхүүнээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх шинжээр гэм буруутайд тооцож байж түүнд тухайн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага оногдуулах эрх зүйн үндэслэл бүрдэнэ.
Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт шүүгдэгч У.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх" гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “...тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх..."-ээр хуульчилсан байхад шүүгдэгчид ял оногдуулан тэнсэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Шинэс төрлийн 52 ширхэг, 2 метрын урттай 9.236 метр куб мод битүүмжлэгдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу битүүмжлэгдсэн эд зүйлсийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсзгийн 1.2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл:
Ч овогт У-ийн Б нь Булган аймгийн Тэшиг сумын Хилийн 0286 дугаар ангийн 2 дугаар заставын даргаар ажиллаж байхдаа тус заставын алба хаагч нарт түлшний мод бэлтгэх үүрэг чиглэл өгсний дагуу алба хаагч нар нь 2017 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд Булган аймгийн Тэшиг сумын Эрэн 4 дүгээр багийн нутаг Овоот гэх “Зэд-Хантай бүтээлийн нурууны” дархан цаазат газрын улсын тусгай хамгаалалтын онгон бүсээс 9.236 м3 шинэс төрлийн мод зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 473.807 төгрөгний хохирол учруулсан болох нь модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-13, 12/, экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 63/, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Харин анхан шатны шүүх У.Б-ыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд”, “төрийн албан хаагч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжүүдийг орхигдуулж, прокурорын яллах дүгнэлтэд дурьдаагүй “...тээвэрлэсэн...” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцжээ.
Түүнчлэн шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний талаар хуульчилсан бөгөөд шүүх шийтгэх тогтоолдоо У.Б-д ямар үүрэг хүлээлгэж байгаагаа тодорхой дурьдаагүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн /хх 130/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн Прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/14 дугаартай тогтоол /хх 22/-оор битүүмжлэгдсэн 52 ширхэг модыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, тэнссэн хугацаанд шүүгдэгчид хяналт тавих талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй байх тул прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг зөвтгөж зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч У.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхад шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...шүүгдэгч У.Б-оос хохирол гаргуулах нь зүйтэй...” гэж /хх 155/ буруу дүгнэснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ч овогт У-ийн Б-ыг төрийн албан хаагч улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан У.Бат-Оршиход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3.4.5 дахь заалтуудыг хасч,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дахь хэсэгт зааснаар У.Б-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 52 ширхэг шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн заалтуудыг тус тус нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
С.УРАНЧИМЭГ