Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 111/2020/0023/3 |
Дугаар | 221/МА2023/0264 |
Огноо | 2023-04-20 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2023/0264
Д.И, Ч.Ө нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Д.И, Ч.Ө
Нэхэмжлэлийн шаардлага: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч Д.Б, Б.Н нарыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, МАН-аас нэр дэвшигч Д.Б, Б.Н нарын нэр дэвшиж өрсөлдсөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.И, өмгөөлөгч П.Ө
Хариуцагч Д.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Гуравдагч этгээд Б.Н, Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 111/2020/0023/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.И, Ч.Ө нар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч Д.Б, Б.Н нарыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, МАН-аас нэр дэвшигч Д.Б, Б.Н нарын нэр дэвшиж өрсөлдсөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгуулах”-аар маргасан байна.
2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр 74.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Шийдвэрийн 12 дугаар талд “...нэхэмжлэгч өөрийнхөө сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлсонгүй гэж үзлээ” гэжээ.
Бидний зүгээс Б.Н, Д.Б нар нь сонгогчдод мөнгө тарааж сонгогчдын саналыг хууль бусаар худалдан авсан нь хууль зөрчсөн, Аймгийн сонгуулийн хороонд энэ талаар гомдол гаргасаар байтал дээрх нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан нь хууль бус бөгөөд бидний сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан бөгөөд түүнийгээ нэхэмжлэлдээ маш ойлгомжтой тодорхойлсноос гадна шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгчийн асуусанд асуултад ч энэ талаараа хариулсан.
Гэтэл шүүгч шийдвэр гаргахдаа сонгогчдын эрх ашиг хөндөгдсөн гэж тайлбарыг нэхэмжлэгч гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэж тайлбарласан нь бидний тайлбарыг уншаагүй юу, сонсоогүй юу аль эсвэл хуулиа буруу ойлгож тайлбарласан уу гэдэг нь ойлгомжгүй байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс бидний тайлбарыг огт харгалзалгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан сонгох, сонгогдох эрх гэдэг ойлголтын зөвхөн сонгох эрх гэдэг ойлголтоор хязгаарлан хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
3.2. Шүүхээс Б.Н, Д.Б нарыг мөнгө тараасан нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн буруу дүгнэлт өгсөн гэж үзэж байна.
Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Орон нутгийн сонгуулийн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараахь үйлдэл үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 47.1.1-д “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх”-ийг хориглоно гэж заасан.
Гэтэл МАН-аас Баянхонгор аймгийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Б, Б.Н нар нь сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлсэн үеэс тус тойргийн сонгогч Ш.Б, Д.Г, Б.Б гэх хүмүүст “биднийг дэмжээрэй” хэмээн тус бүрт нь 200 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь эдгээр хүмүүсийн дансны дэлгэрэнгүй хуулгаар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.
Түүнчлэн тус мөнгөө шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа хамтран ажиллахаар өгсөн, нэгжний мөнгө шилжүүлсэн, дэмжээрэй гэж хэлсэн гэх мэтээр тайлбарласаар байтал шүүх тогтоогдсонгүй гэсэн байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад маш их гомдолтой байна.
Шүүх эрх мэдлийн байгууллага бол монголын нэг засаглалын хэлбэр. Бид хууль бусаар эрх зөрчигдсөн, хохирсон гэж үзвэл шүүхэд хандаж эрхээ сэргээлгэдэг. Гэтэл буруутай этгээдээс сонгогчдод мөнгө тарааснаа, дансанд нь шилжүүлж өгснөө хүлээн зөвшөөрсөөр байтал шүүхийн байгууллагаас тогтоогдсонгүй гэж дүгнэж байгаад үнэхээр гайхаж байна. Захиргааны хэргийн шүүх нь үйл баримтыг давхар тогтоож хуульд нийцүүлэн шийдвэрээ гаргах ёстой атал тус шүүх хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн гэж бидний хувьд үзэж байгаа юм.
Хэрэв нэр дэвшигч Д.Б, Б.Н нарын хууль бус үйлдлийг тогтоогдсон гэж үзвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хүчингүй болгох эрхийг олгосон байна.
Нэхэмжлэгч бидний зүгээс зөвхөн баримтад түшиглэн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Б, Б.Н нар нь сонгуулийн сурталчилгааны үеэр тодорхой хүмүүст “биднийг дэмжээрэй” хэмээн мөнгө тарааж, дансаар нь 200 000 төгрөг шилжүүлсэн нь эдгээр хүмүүсийн дансны дэлгэрэнгүй хуулга, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байгааг болон мөн өөрсдийн сонгогдох эрх зөрчигдсөн гэдгийг шүүхээр тогтоолгож, улмаар Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг даалгах тухай агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Гэтэл баримтаар тогтоогдож байгаа дээрх үйлдлүүдийг харгалзалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байх тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 47.1.1-д “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;”, 47.5-д “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 47.5.1-д “энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;”, 47.5.2-т “зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх” гэж тус тус хуульчилжээ.
2.2. Нэхэмжлэгч Д.И, Ч.Ө нарын хувьд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 6 тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж, тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсон Д.Б, Б.Н нарыг сонгуулийн үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдод мөнгө тараасан зөрчил гаргасан гэж маргах боловч Д.Б, Б.Н нарыг “сонгогчдыг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авах замаар иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан болох нь нотлогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 152 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
2.3. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” гэж, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Нэр дэвшигч энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо уг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж хуульчилсан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд гуравдагч этгээд Д.Б, Б.Н нарыг дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон хүчин төгөлдөр эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр байхгүй байх тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.
2.4. Нөгөөтээгүүр, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д ““Дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно”, 74 дүгээр зүйлийн 74.6-д “Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон болон энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана” гэж тус тус заасан бөгөөд нэгэнт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд хуульд зааснаар дахин сонгууль явуулах боломжгүй юм.
2.5. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН