Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

Л.Батчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2017/00184 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 04-08 тоотод оршин суух Дуунаахан овогт Лхүндэвийн Батчулууны нэхэмжлэлтэй, “Шим-Ус ОНӨААТҮГ”-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Батчулуун түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь 1975 оноос хойш улсад тасралтгүй ажиллаж, 1981 оноос одоог хүртэл НААҮ-ий газар, Шим-Ус ОНӨААТҮГ-т хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан. Би 1958 онд төрсөн. 58 настай, Монгол улсын хөдөлмөрийн хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас /60/-д хүрээгүй. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан тул 224000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Шим-Ус ОНӨААТҮГ-т цэвэр усны өргөлтийн насосны операторчноор ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байна гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхэнд халдан, намайг хохироож байна.

Иймд Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Шим-Ус ОНӨААТҮГ-ын цэвэр усны өргөлтийн насосны операторчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Л.Батчулуун нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэртээ гарсан бөгөөд тэтгэвэр тогтоолгосныхоо дараа мөн өөрийн хүсэлтээр түр хугацаагаар ээлжийн ажилд ажиллаж байгаад Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1973 тоот албан бичиг, Ховд аймгийн санхүү хяналт, аудитын албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 69 тоот албан бичгүүдийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 153/ШШ2017/00184 дугаар шийдвэрээр:“ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Л.Батчулууны нэхэмжлэлтэй Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдох, Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Шим-Ус ОНӨААТҮГ-ын цэвэр усны өргөлтийн насосны операторчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, маргааны агуулгыг зөв тодорхойлж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.  Л.Батчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учир ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Л.Батчулуун нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан 60 насанд хүрээгүй, хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан гэдэг үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон. Хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хуульд заасан үндэслэлээр шаардсан үндэслэл тогтоогдоогүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хийсвэр байдлаар үнэлсэн нь хууль зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын дунд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой, тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй,  Хөдөлмөрийн  тухай хуулийг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Батчулуун нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын цэвэр усны өргөлтийн насосын /шахуургын/ операторчины ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлыг Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг   нэхэмжлэгчийн өмгөөлөгч  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

 Ажилтан Л.Батчулуун нь “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт би хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан тул 2014 оны 6 сард тэтгэврээ тогтоолгосон миний хийж гүйцэтгэж байсан цэвэр усны өргөлтийн насосын операторчинын ажлыг миний оронд орсон хүн хийж чадахгүй байсан учир би ажил олгогчтой харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулан  ажиллаж байсан боловч  эрх бүхий байгууллага шаардсан, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх  эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

Ажил олгогч нь Л.Батчулуун нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэрт гарсан бөгөөд тэтгэвэр тогтоолгосны дараа хүсэлтээрээ түр хугацаагаар ээлжийн ажилд ажиллаж байгаад Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1973 тоот, аймгийн санхүүгийн хяналт аудитын 69 тоот албан бичгүүдийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн тул шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дугаар зүйлийн 40.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8 дэх хэсэг, Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1973 тоот, аймгийн санхүүгийн хяналт аудитын 69 тоот албан бичгүүдийг баримтлан  ажилтанг өндөр насны тэтгэврээ тогтоолгосон  боловч  ажиллаж байгаа гэх үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 7 дугаар тал/

Ажилтан Л.Батчулууны иргэний үнэмлэх болон нийгмийн даатгалын дэвтэр дэх регистрийн дугаараас үзвэл тэрээр  1958 оны 5 дугаар сарын 13-нд төрсөн, одоо 59 настай, Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт цэвэр усны өргөлтийн насосын операторчноор ажиллаж байгаад 2014 оны 6 дугаар сарын 11-нд тэтгэврээ тогтоолгосон боловч ажил олгогчтой харилцан тохиролцон тухайн байгууллагадаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байжээ. Энэ талаар талууд маргахгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан байх бөгөөд ажил олгогч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажилтан Л.Батчулуунтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ямар эрх бүхий байгууллага шаардсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх “ажилтан өндөр насны тэтгэвэр” тогтоолгосон үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т  нийцээгүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн ахмад настны хөдөлмөр болон “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж шийдвэрлэх нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн наймдугаар бүлэг, 112 дугаар зүйлээр ахмад настны хөдөлмөрийн харилцааг тусгайлан зохицуулсан байх бөгөөд ажилтан тэтгэврээ тогтоолгосны дараа ажил олгогчтой тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн байгууллагадаа цэвэр усны өргөлтийн насосын операторчноор ажиллаж байгаа нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан  ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцаанд бусад ажилтны адил ижил тэгш эрхтэй оролцох баталгаагаар  хангагдсан байна. Тэтгэврээ тогтоолгосон ахмад настныг авч ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнийг  “дахин тэтгэвэрт” гаргах  үндэслэлээр ажлаас чөлөөлөх хуулийн зохицуулалт байхгүй. Ажил олгогч ахмад настныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь түүний эрх хэмжээний асуудал бөгөөд уг хуулийн заалт нь ажилтан тухайн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үедээ 60 нас хүрч тэтгэвэр авах эрх нь үүссэн байхаар зохицуулагдсан байна.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар Л.Батчулуун нь 2014 онд тэтгэврээ тогтоолгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл буруу болжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзээд нэхэмжлэгчийн шаардлагаас Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай тушаалын Л.Батчулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгож,  түүнийг цэвэр усны өргөлтийн насосын операторчиний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг  хариуцагчид үүрэг болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж  шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэг учир Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал шүүгчийн захирамжаар   улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн нь уг хуулийн зохицуулалттай нийцэхгүй байгааг  тэмдэглэх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 153/ШШ2017/00184 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дугаар тушаалын   Л.Батчулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Л.Батчулууныг Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын цэвэр усны өргөлтийн насосны операторчиний ажилд эгүүлэн тогтоож, ажилтан Л.Батчулууны 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 70200 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

 

ШҮҮГЧИД                                           С.ӨМИРБЕК

 

 

Н.ТУЯА