Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/442

 

 

 

 

 

 

 

2021       06         30                                    2021/ШЦТ/442                                          

 

 

     

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 185/2021/0447/Э

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Д.Мөнхтогоо,

шүүгдэгч Б.Ц /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                         

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн 2109003100733 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хас банкны Санхүүгийн бүртгэлтийн хэлтэст нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байрны 117 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. Х овогт, Б.Ц

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ван” апартментын 1 давхарт байрлах байранд согтуурсан байх үедээ найз Ц.А-тэй харилцан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн талын хоншоорын яс, хацар, хацрын нум, зүүн нүдний ухархайн доод, гадна хануудыг хамарсан нийлмэл хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2109003100733 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.А-н "... Би 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ван” апартментын 1 давхарт байрлах байранд Цтай очиж уулзсан. Тэгээд бид хоёр тэндээ пиво ууж байгаад 03 цагийн орчим Ц бид хоёр жаахан зүйлээс болж маргалдсан чинь Ц уурлаад миний нүүрэн хэсэгт гараараа цохисон тэгэхээр нь би тэндээс салаад яваад өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа байх миний нүүр хавдаад ихсээд буухгүй байхаар нь Интермед эмнэлэгт очиж толгойн бүтэн зургаа авхуулсан. Миний бие одоогоор хагалгааны зардалд 50.000.000 төгрөгийг Цас авсан байгаа. Солонгос улсад очиж хагалгаанд орохоор төлөвлөж байсан тэгээд цаг үеийн асуудлаас болоод хойшилсон. Улсын нэгдүгээрт эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох ёстой гэж хэлсэн. Тийм болохоор яаралтай улсын нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт хагалгаанд орсон. Хохирол мөнгөө барагдуулж өгсөн тул гомдол, санал байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4255 дугаартай "...Ц.А-гийн биед зүүн талын хоншоорын яс, хацар, хацрын нум, зүүн нүдний ухархайн доод, гадна хануудыг хамарсан нийлмэл хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Яллагдагч Б.Ц-ын "...Бид хоёр тухайн газар 2-3 ширхэг пиво уусан. Тэгээд бид хоёр шөнө явах болсон чинь А согтуу тээврийн хэрэгсэл жолоодон гээд байсан тэгэхээр нь Агийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь аваад дуудлагын жолооч дуудсан. Дуудлагын жолооч ирэхгүй А тээврийн хэрэгслээ барьж явна гээд байсан тэгээд бид хоёрын дунд маргаан болсон. А надаас тээврийн хэрэгслийн түлхүүрээ авах гээд намайг хананд шахаад заамдсан. Тэгээд бид хоёр маргалдаад би А-гийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. ..." гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.Ц нь согтуугаар 2021.02.24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ван” апартментын 1 давхарт байрлах байранд өөрийн найз гэх хохирогч Цогтбаатарын А-тэй “автомашин барьж явах эсэх” асуудлаар маргалдаж улмаар түүнийг нүүр толгойн тус газар нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн талын хоншоорын яс, хацар, хацрын нум, зүүн нүдний ухархайн доод, гадна хануудыг хамарсан нийлмэл хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж улмаар бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж байгаа хүлээцгүй, танхай зан байдал нь нөлөөлжээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч   Б.Ц-ын хувьд хохирогч Ц.А-гийн хууль ёсны эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.А нь “өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 49 дүгээр талд гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг түүний хувийн байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг санал гомдолгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

Хохирогч Ц. А нь ...эмчилгээний зардал болон учирсан хохирлыг шүүгдэгч болон түүний ар гэрээс бүрэн барагдуулсан...цаашид гарах хохирлыг барагдуулахаар шүүгдэгч Б. Ц амлалт өгсөн тухай Цагдаагийн байгууллагад хүсэлт /хх-ийн 49х/-ээс үзэхэд шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэхээр байна.

 

Гэхдээ хохирогч нь шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг цаашид нэхэмжлэх бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б.Ц хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Ц.А нь шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг цаашид нэхэмжлэх бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Б.цас жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР