Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 058

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ө Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад П.Б-д холбогдуулан гаргасан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13/22 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ө 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлтэндээ: Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад П.Б Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 3-05 тоот гал гарч байна гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн №04 дугаартай материалыг шалгалтын явцад хяналаа.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянахад иргэн Л.Ц холбогдогчоор өгсөн “... миний бие 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 3-05 тоотод байрлах өөрийн хашаанд цэвэрлэгээ хийж хог шатааж байгаад өөрийн буруугаас болж амбаартаа гал алдсан...” гэх мэдүүлгээр уг гал түймэр нь иргэн Л.Ц-ийн хайхрамж, болгоомжгүй байдал, галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан нь тогтоогдсон байна.

Зөрчлийг Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад П.Б шалгаад зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн маягтын үнэт цаасан дээр бөглөөгүй, мөн уг зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил байхад Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг үндэслэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд зөрчилд холбогдогч Л.Ц-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах шаардлагатай байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад П.Б-ийн зөрчлийн холбогдогч Л.Ц-д шийтгэл оногдуулсан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэлийн хуудсыг зөвтгүүлэн өөрчлүүлэхээр дүгнэлт бичив гэжээ.

 

Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ө-ийн гаргасан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13/22 дугаар дүгнэлттэй танилцлаа. 2018 оны 10 дугаар сар дотор Онцгой байдлын Ерөнхий газраас шийтгэлийн хуудас ирнэ. Иймд Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын гаргасан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13/22 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13/22 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад П.Б-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэлийн хуудаст баримталсан “...Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт...” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэж өөрчлүүлэхээр дүгнэлт бичиж ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад П.Б нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13/22 дугаар дүгнэлтэнд дурьдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт...” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэж өөрчлөхийг хүлээн зөвшөөрч хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж, шийтгэлийн хуудаст зохих өөрчлөлтийг оруулжээ. Энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ө-ийн Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч П.Б-д холбогдуулан гаргасан  Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНГЭРЭЛ