Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0733/З |
Дугаар | 221/МА2023/0263 |
Огноо | 2023-04-20 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2023/0263
“Х” ХХК, “Б” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан “Х” ХХК, “Б” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/636 дугаар зөвлөмжийг үндэслэн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Х” ХХК, “Б” ХХК-ийн түншлэлтэй байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Т.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0733/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК, “Б” ХХК-иудаас “XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан “Х” ХХК, “Б” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/636 дугаар зөвлөмжийг үндэслэн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Х” ХХК, “Б” ХХК-ийн түншлэлтэй байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “....Төрийн худалдан авах ажиллагааны газраас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Э-т хандаж, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/363 дугаартай албан бичгээр ... гэх зөвлөмжийг хүргүүлсэн боловч Эрүүл мэндийн яамнаас ... Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын хавсралтад багтсан үндэслэлээр зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах боломжгүй болохыг ... мэдэгдсэн байна” гэж дүгнээд, ...” Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.6-д “Захиалагч хуулийн 14.5-д заасны дагуу эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн тендерт оролцогчийн ирүүлсэн тендерээс татгалзана”, Гэвч XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний үнэлгээний хорооноос шүүхийн шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийсэн нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бол Сангийн сайдын “Х” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн тушаал нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна.
Өөрөөр хэлбэл ... тендерийн үнэлгээний хорооны шийдвэр “Х” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэний дараа гарсан буюу тендерийн үнэлгээний хороо ерөнхий нөхцөл шаардлага хангаагүй этгээдтэй гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлснийг эс зөвшөөрч гэрээ байгуулаагүй захиалагч буюу Эрүүл мэндийн яамны татгалзал хуульд нийцсэн байх тул ...” гэх зэргээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл,а рга хэмжээний талаарх уг тендер нь анх 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан ба тэр цагаас хойш уг тендертэй холбоотой асуудал тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд тухайн үеийн тендерийн үнэлгээний хорооны алдаатай шийдвэртэй холбоотойгоор ийнхүү өдрийг хүртэл улсын ажил ч зогсонги байдалтай, нэхэмжлэгч компанийн хувьд ч ажлаа хийж чадахгүй хохирсоор өдийг хүрсэн асуудлыг харгалзан үзээгүй үндэслэлгүй болсон.
Түүнчлэн Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын хавсралтад багтсан асуудал нь харин 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу дээрх тендерээс 7 сарын дараа зарлагдсан ЗХТЯ/202003081 дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн кувейтын сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт хамаарах нэмэлт барилгын тусгай зөвшөөрлийн асуудлаарх маргаантай холбоотой байсан ба хэрвээ 2019 онд зарлагдсан дээрх тендер сонгон шалгаруулалтыг тендерийн үнэлгээний хорооны зүгээс тухайн үедээ хууль журмын дагуу зохион байгуулж, үнэлгээг зөв хийж, шалгаруулсан байсан тохиолдолд нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээгээ байгуулаад, 2020 оны 07 сар хүртэл ажлаа гүйцэтгээд явж байх байсан.
3.2. Анхан шатны шүүхээс хууль зүйн хувьд болоод хэрэгт авагдсан баримтуудтай холбоотойгоор үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй.
Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 643 дугаар шийдвэр нь цаг хугацааны хувьд Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаартай тушаалаас өмнө гарсан бөгөөд уг шийдвэрээр тендер шалгаруулалтыг цоо шинээр эхнээс нь дахин зарлах бус харин зарлагдсан байгаа тендер шалгаруулалтад ирүүлсэн нэхэмжлэгч компанийн материалыг дахин үнэл гэж шийдвэрлэсэн тул тендер шалгаруулалтын процесс дундаа тасарсан зүйл байхгүй, үргэлжилсээр байгааг харуулж байна.
Уг шүүхийн шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээний хороо 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот хуралдаанаа явуулж “...ерөнхийдөө нэхэмжлэгч “Х” ХХК-ийн материал асуудалгүй “хамгийн сайн” гэдэг дээр санал нэгдэж, гэхдээ захиалагч Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийг оролцуулан эцсийн шийдвэрээр гаргах”-аар хойшлуулж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот хуралдаанаа явуулж, “...Сангийн яамнаас тодруулга авах”-аар дахин хойшлогдож, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 03 тоот хуралдаанаа явуулж “... нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, захиалагчид зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэн, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тендерийн үнэлгээний хорооноос Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.У-д хандан №А/195-1 тоотоор үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлсэн.
Түүнчлэн хэрэгт авагдсан Төрийн худалдан авах ажиллагааны газраас “Г” ХХК-д хариу өгсөн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А-1/475 дугаар албан бичигт дурдсанаас үзэхэд “... “Г” ХХК-д Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-1/2061 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн, түүнийг эс зөвшөөрч “Г” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/90 тоот хариу өгсөн” болох нь харагддаг ба харин Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/901 тоотоор тус тендерийн хуульд заасан эрхийнхээ хүрээнд хүчингүй болгож дахин үнэлэхийг даалгаж шийдвэрлэсний дагуу тус тендерийн үнэлгээний хороо дахин 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, дахин нэхэмжлэгч “Х” ХХК-ийг шалгаруулан, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тендерийн үнэлгээний хорооноос Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.У хандан №02 тоотоор үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлсэн, улмаар Худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-1/2061 тоотоор нэхэмжлэгч “Х” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг өгч, Төрийн худалдан авах ажиллагааны газрынх 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/636 тоот зөвлөмжийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Э-т өгсөн боловч маргаан бүхий Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоот гэрээ байгуулах боломжгүй талаар хариу өгсөн үйл баримтууд тогтоогдож байна.
Тэгвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна”, 45.2-т “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад дор дурдсан этгээд захиалагч байна”, 45.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Yндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн захиргааны төв болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь өөрийн хэрэгцээнд худалдан авах бүх бараа, ажил, үйлчилгээний хувьд”, 45.4-д “Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 45.2, 45.3-т зааснаас бусад болон энэ хуулийн 45.5-д заасан улсын болон бүс нутгийн чанартай бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна”, 46.1.1-д “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах”, 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна”, 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус заасан байх ба хэрэгт авагдсан баримтаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас Тендерийн үнэлгээний хороог байгуулж, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулж, холбогдох тушаалуудыг гаргаж байсан зэргээс үзэхэд XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний тендерийн захиалагч нь Төрийн худалдан авах ажиллагааны газар байх ба тендерийн үнэлгээний хорооноос дүгнэлт, зөвлөмжийг гарган захиалагч буюу Төрийн худалдан авах ажиллагааны газарт хуульд заасны дагуу хүргүүлснийг захиалагчаас хүлээн авч, гэрээ байгуулах мэдэгдлийг шалгарсан гүйцэтгэгч компани болох “Х” ХХК-д өгсөн.
Тэгэхээр нэгэнт тендер шалгаруулалтыг үнэлгээний хороо явуулаад, захиалагчид зөвлөмж хүргүүлснийг хүлээн авч, гэрээ байгуулах шийдвэрээ гаргасан, гагцхүү захиалагч буюу Төрийн худалдан авах ажиллагааны газраас баригдах барилга нь өөрөө Эрүүл мэндийн яамны мэдэлд очих учраас тус яамаар гэрээнд гарын үсэг зуруулахаар хүргүүлснийг хариуцагч яамны зүгээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг зөрчиж байгаа байдлыг анхан шатын шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэж чадсангүй.
Өөрөөр хэлбэл, захиалагчаас “Х” ХХК-тай гэрээ байгуулах шийдвэрийг аль хэдийн гаргачихсан, уг шийдвэртэй холбогдуулан хэн ч маргаагүй, хүчин төгөлдөр байхад гэрээнд гарын үсэг зурах үед Эрүүл мэндийн яамнаас өөрийгөө захиалагч гэж ойлгож татгалзах эрхгүй.
Түүнчлэн захиалагч буюу Төрийн худалдан авах ажиллагааны газар болон тендерийн үнэлгээний хорооны зүгээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг Сангийн яамны зүгээс хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрч, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин хуралдаж, шийдвэрээ гаргасан ба энэ хүртэл 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анх зарлагдсан тендер шалгаруулалтын ажиллагаа нь захиргааны хэргийн шүүх, сангийн яам, тендерийн үнэлгээний хороо, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Эрүүл мэндийн яам гэх зэрэг байгууллагуудад тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд үүнд нэхэмжлэгчийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлсөн, саад учруулсан зүйл байхгүй, гагцхүү эдгээрийн төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотойгоор ийнхүү 3 жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа нөхцөл байдлыг зөв ойлгон дүгнэж чадсангүй гэж үзэж байна.
3.3. “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.6-д “Захиалагч хуулийн 14.5-д заасны дагуу эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн тендерт оролцогчийн ирүүлсэн тендерээс татгалзана” гэж заасан нь энэхүү хэргийн тухайд хэрэглэгдэхгүй бөгөөд учир нь нэгдүгээрт 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цаг хугацаанд зарлагдсан тендерт, хоёрдугаарт энэ цаг хугацаанд тухайн тендерт өгсөн баримт нь хуурамч мэдээлэл агуулсан гэсэн хоёр нөхцөлд л хэрэглэгдэхээр байгаа шүүхээс буруу тайлбар хэрэглэж байна.
Мөн хар жагсаалт буюу тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан бүртгэлд орсон асуудлын агуулгыг харвал нэхэмжлэгчээс аливаа тендерт оролцоод түүнийхээ чанар, аюулгүй байдал, гүйцэтгэл зэрэгтэй холбоотойгоор бус, маргаантай бичиг баримтын бүрдлийн асуудлаар хар жагсаалтад багтсан байгаад анхаарч үзээгүй байх ба нэхэмжлэгчийн хувьд урьд нь авсан тендерийн үйл ажиллагаагаа буруу, дутуу, чанарын доголдолтой хийсэн хэрнээ энэхүү тендерт өрсөлдөөд байгаа асуудал байхгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18-д “... “гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг ойлгохоор заасан байх ба хэрэгт авагдсан баримтаар захиалагчаас 2 ч удаа гэрээ байгуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчлөх эрх захиалагч буюу Төрийн худалдан авах ажиллагааны газарт хуулиар олгогдоогүй, цаашилбал гэрээнд зөвхөн гарын үсэг зурах үүрэгтэй Эрүүл мэндийн яам нь үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн зөвлөмжийг зөрчих, биелүүлэхгүй байх эрх хуулиар олгогдоогүй тул гэрээг байгуулах үүрэгтэй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Х” ХХК, “Б” ХХК-иудаас “XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан “Х” ХХК, “Б” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/636 дугаар зөвлөмжийг үндэслэн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Х” ХХК, “Б” ХХК-ийн түншлэлтэй байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргажээ.
2.2. Маргаан бүхий Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 дугаар албан бичгээр “...XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан “Х” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй” талаар мэдэгдсэн бөгөөд гэрээ байгуулахаас татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч “Х” ХХК нь Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын жагсаалтад бүртгэгдсэн” гэж тайлбарласан байна.
2.3. Нэхэмжлэгч компаниудын хувьд “Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭМЯ/201902023 дугаартай тендерт түншлэл болж оролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс “хэрвээ 2019 онд зарлагдсан дээрх тендер сонгон шалгаруулалтыг тендерийн үнэлгээний хорооны зүгээс тухайн үедээ хууль журмын дагуу зохион байгуулж, үнэлгээг зөв хийж, шалгаруулсан бол нэхэмжлэгч компани гэрээгээ байгуулаад, 2020 оны 07 сар хүртэл ажлаа гүйцэтгээд явах байсан...” гэж тайлбарлан маргажээ.
2.4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээд эхний тендер шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй байх бөгөөд уг асуудлаар нэхэмжлэгч “Х” ХХК болон “Г” ХХК-иуд шүүхийн журмаар маргасныг хянаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 643 дугаар шийдвэрээр “Х” ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
2.5. Ийнхүү үнэлгээний хорооноос 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийн ирүүлсэн материалыг дахин үнэлээд “Х” ХХК болон түүний түншлэл “Б” ХХК-ийг XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байх боловч ийнхүү “Х” ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийх явцад Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаал гарч нэхэмжлэгч “Х” ХХК нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгджээ.
2.6. Нэхэмжлэгч компанийн хувьд Сангийн сайдын дээрх тушаалыг эс зөвшөөрч маргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэдий ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 526 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.
2.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн тендерт оролцох эрхийг хязгаарласан Сангийн сайдын тушаал хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд гэрээ байгуулахаас татгалзсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “хар жагсаалт буюу тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд орсон асуудлын агуулгыг харвал нэхэмжлэгчээс аливаа тендерт оролцоод түүнийхээ чанар, аюулгүй байдал, гүйцэтгэл зэрэгтэй холбоотойгоор бус, маргаантай бичиг баримтын бүрдлийн асуудлаар хар жагсаалтад багтсан байгаад анхаарч үзээгүй байх ба нэхэмжлэгчийн хувьд урьд нь авсан тендерийн үйл ажиллагаагаа буруу, дутуу, чанарын доголдолтой хийсэн хэрнээ энэхүү тендерт өрсөлдөөд байгаа асуудал байхгүй” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН