Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 23

 

 

 

 

Б.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШШ2017/0029 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух Хулан цувдаг овогт Ганбаатарын Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч М.Отгончимэг түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би 2014 оны 09 сарын 18-нд Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн эмчийн орон тоонд үндсэн ажилтнаар ажилд орсон. Ажилд ороод алдаа зөрчил гаргаагүй. Анх ажилд орохдоо би жирэмсэн байсан. Улмаар 2015 оны 03 сарын 01-нээс жирэмсний амралтаа авсан. 2015 оны 08 сарын сүүлээр М.Отгончимэг эмчтэй хүүхдээ асрах чөлөөгөө сунгамаар байна гэж утсаар ярихад зөвшөөрсөн. Тэгээд 2016 оны 10 сараас би ажилдаа орох гээд очиход чамайг ажилд авахгүй чиний оронд өөр хүн авсан гэсэн тэгээд би шүүхэд хандсан. Одоо Бургасан багийн эмчийн ажилд томилуулж, 2016 оны 10 сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Би 2010 оноос ажилд ороод 2011 оноос эрхлэгч эмчээр ажиллаж байгаа. Анх ажилд орохдоо үндсэн ажилтнаар орсон гэж ярьж байна. Энэ нь үндэслэлгүй юм. Г.Оюундэлгэрээс гадна 2 хүний өргөдөл байсан. Ингээд сонгон шалгаруулалт хийгээгүй өргөдөл өгсөн хугацааг нь хараад удаа дараа санал тавьж байсан учраас Г.Оюундэлгэрийг Бургасан багийн эмчийн ажилд түр авч ажиллуулсан. Анх ажилд орохдоо жирэмсэн гэж хэлээгүй, 5 сар ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан. Гарахдаа би хүсэлтийг нь бичүүлж аваагүй нь миний буруу болсон. Нэхэмжлэгч нь ажилд ороод 5 сар болоод гарна гэхээр нь би чи тэсээд 6 сар болгохгүй юм уу? тэгвэл чиний листээ авах эрх чинь үүсэж байна гэхэд би багийн эмчээр ажиллаж чадахгүй гэж хэлээд гарсан. Тэгээд би Г.Оюундэлгэрийг ажилдаа орох болов уу? гэж харсан. 2016 оны 08 сард надтай утсаар ярьж чөлөөгөө сунгана гэж огт яриагүй. Манай байгууллагын дүн бүртгэгч эмч Р.Оюунаа гэдэг эмч тэтгэвэртээ гарах болоод хамт олноороо ярилцаад оронд нь хэнийг сонгох бэ? гэж ярьж байсан. Тэгээд Р.Оюунаа эмчээс санал асууж байхад нэг хүн байгаа гэж хэлээд надад тэр хүнийхээ нэрийг огт хэлээгүй. Тухайн үед Г.Оюундэлгэр нь Р.Оюунаагийн оронд орж ажиллах хүсэлтэй байсан. Түүнийгээ надад хэлээгүй. Р.Оюунаа эмч хүртэл хэлж байгаагүй юм. Энэ нь Г.Оюундэлгэрийн шүүхэд өргөдөл гаргах шалтгаан болсон байх. 2016 оны 10 сард би Р.Оюунаа эмчийн оронд сургалтанд явмаар байна гэж ирсэн. Тэгэхэд оронд нь Жаргалсайхан гэж хүнийг сонгоод явуулсан байсан. Төрийн албанд дуртай үедээ ороод, дургүй үедээ гараад байж болохгүй байх гэж бодож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШШ2017/00029 дугаар шийдвэрээр:” 1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хулан цувдаг овогт Ганбаатарын Оюундэлгэрийг Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн Бургасан багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгээс ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3450409 /гурван сая дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Оюундэлгэрт олгосугай. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 3450409 /гурван сая дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун ес/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт үүрэг болгосугай. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 70157 /далан мянга нэг зуун тавин долоо/ төгрөг, нийт 140357 /нэг зуун дөчин мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэ байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа болон уг нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Ажиллаж чадахгүй юм байна гэж ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдчихөөд хөдөлмөрийн харилцааны соёлгүйгээр 1 жил 7 сарын дараа ажилд ормоор байна гэдэг байдлаар хүн бүр асуудалд хандах юм бол төрийн байгууллагын үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Шүүхэд хандах болсон бодит шалтгаан нь дүн бүртгэгчийн ажлын байранд ажиллах сонирхолтой байсан, үүнийгээ хугацаа хожимдуулан илэрхийлснээс болж энэ нь хэрэгжих ямар ч боломжгүй болсон тул хуулийн боломжийг эрэлхийлж нэгэнт чөлөөлөгдөөд 1 жил 7 сарын дараа ажилдаа эргэж орохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Оюундэлгэрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн  байна.

 Нэхэмжлэгч   Г.Оюундэлгэр нь  “Зэрэг сумын Хүн эмнэлгийн Бургасан багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох,  2016 оны  8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын  дэвтэрт бичилт хийлгэх тухай”   шаардлагыг  Зэрэг сумын Хүн эмнэлэгт  холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3.1 дэх  заалтуудыг баримтлан ажилтан Г.Оюундэлгэрийг жирэмсний амралт авч байгаа гэх үндэслэлээр нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/07дугаар тушаалаар үүрэгт ажлаас  нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Ажилтан нь миний  жирэмсний амралтын хугацаа 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дууссан бөгөөд ажилдаа буцаж орох хүсэлтээ илэрхийлж эрхлэгч эмчтэй уулзахад “чамайг үргэлжлүүлэн ажиллуулахгүй. Чиний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлана” гэсэн. Хэрвээ намайг ажлаас чөлөөлсөн бол тушаалаа авъя гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан боловч надад ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдээгүй, энэ талаар ямар нэгэн тушаал шийдвэр гаргаж өгөлгүй өдий хүрсэн бөгөөд миний ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байна гэж тайлбарлажээ.

Ажил олгогч нь ажилтныг Зэрэг сумын хүн эмнэлгийн Бургасан багийн эмчээр түр авч ажиллуулж байсан бөгөөд түүнийг хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж  тайлбарласан байна.

 Хэрэгт авагдсан баримтаар  Зэрэг сумын хүн эмнэлгийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1,23 дугаар зүйлийн 23.2.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 25.1, 25.3.1-д  зааснаар 2015 оны 03 дугаар сарын 09-ний  өдрөөр тасалбар болгон тус сумын хүн эмнэлгийн Бургасан багийн эмчээр  ажиллаж байсан Г.Оюундэлгэрийг  жирэмсний амралт авч байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажилд орох хүртэл хугацаанд  Ц.Отгонзаяаг  түр томилсон байна. (хх- ийн 4 дүгээр тал)

Ажилтан Г.Оюундэлгэр нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр жирэмсний амралт авч 2015 оны 4 дүгээр сарын 24-нд охин Б.Азхишигийг төрүүлсэн бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа ажил олгогчдод урьд эрхэлж байсан Бургасан багийн эмчийн ажилдаа орох хүсэлт гаргасан боловч ажил олгогч нь түүнийг   өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлсөн тул уг ажилд эгүүлэн авах боломжгүй гэж татгалзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон асрамжсаны амралтай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа эх ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсвэл дуусаагүй  боловч эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж зохицуулжээ. Ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй байна.Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзаж үгүйсгэж байгаа талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэстэй байх тул анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т энэ хуулийн 91 дүгээр зүйлд үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно.

Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах хүсэлт гаргахаар хуульчилсан байна. Хариуцагч нь “уг хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээтэй байна гэх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчээс мөн түүнчлэн тухайн шүүхийн өөр нэг шүүгч Р.Оюуны нэхэмжлэлтэй хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа  гэх  үндэслэлүүдийг дурдаж  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчийг  татгалзжээ.

Хариуцагчийн татгалзлын нэг дэх үндэслэл нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий ямар эргэлзээ байсан эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байх бөгөөд хоёр дахь үндэслэл нь  шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан  үндэслэлд хамаарахгүй байхад шүүх татгалзлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь заалттай нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Хуульд зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 154/ШШ2017/00029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагч тал  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

 

ШҮҮГЧИД                                           С.ӨМИРБЕК

 

                                  

Н.ТУЯА