Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 25

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                              

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  П.Шижиртуяа

           Шүүгдэгч                                                   Д.М

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Даваасүрэн

            Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой Д.М-т холбогдох 1815000400067 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдол болон прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, М овогт Д-ын М.

 Шүүгдэгч Д.М нь Булган аймгийн Тэшиг сумын Эрэн багийн “Чулууны ар” гэх газраас 2017 оны 11 дүгээр сард хууль бусаар шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

    Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17- ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч М овогт Д-ын М-ыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Д-ын М-ыг 01 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дах хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Хилийн цэргийн 0286 дугаар ангиас байгаль экологид учруулсан 7.589.376 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын Тамгын газарт олгож,

            Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ... улсын дугаартай цэнхэр өнгийн “CAMC” маркийн тээврийн хэрэгсэл, ... улсын дугаартай улаан өнгийн “ЮМЗ-6” маркийн тракторыг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус даалгаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн  өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болохыг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ” гэсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа М-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр зааж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1 жил тэнсэж үүрэг хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “... байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалттай зөрчилдөж байна гэж үзэхээр байна. Дээр заасан нөхцлүүд байгааг тогтоосон тохиолдолд ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөл байхад ял оногдуулж тэнсэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Учир нь М-т ял оногдуулж тэнссэнээр түүний төрийн албанд цаашид ажиллах боломж хаагдах зэрэг хор уршиг байгааг анхааран үзэж ял оногдуулахгүйгээр тэнсэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.      

Прокурор П.Шижиртуяа эсэргүүцэлдээ:

“... Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт заасан "төрийн албан хаагч үйлдсэн" гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн байхад шүүх шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт: "зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн" гэх ердийн бүрэлдэхүүнээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй  байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М-ын үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх шинжээр гэм буруутайд тооцож байж түүнд тухайн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага оногдуулах эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт  шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   5.6   дугаар   зүйлийн 4  дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх" гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “...тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах  албадлагын  арга  хэмжээ хэрэглэх..."-ээр хуульчилсан байхад шүүгдэгчид ял оногдуулан тэнсэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив...”                                                                                                               гэжээ.                                            

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М овогт Д-ын М нь Булган аймгийн Тэшиг сумын Хилийн 0286 дугаар ангийн захирагчийн орлогч, ар тал хангалтын даргаар ажиллаж байх үедээ тус заставын алба хаагч нарт түлшний мод бэлтгэх үүрэг чиглэл өгсний дагуу алба хаагч нар нь 2017 оны 11 дүгээр сард Булган аймгийн Тэшиг сумын Эрин багийн нутаг Чулууны ар гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 14.64 м3 шинэс мод бэлтгэж, байгаль экологид 2.529.792 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9, 12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/, экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 96/, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх Д.М-ыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагч үйлдсэн...” гэх хүндрүүлэх шинжийг дурьдалгүй орхигдуулснаас гадна прокурорын яллах дүгнэлтэд дурьдаагүй “...тээвэрлэсэн...” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцжээ.

Түүнчлэн шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний талаар хуульчилсан бөгөөд шүүх шийтгэх тогтоолдоо Д.М-т ямар үүрэг хүлээлгэж байгаагаа тодорхой дурьдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнээс гадна тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.М-т хяналт тавих талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдол, прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцэл зэргийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “М овогт Д-ын М-ыг төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3,4,5 дахь заалтуудыг хасч,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дахь хэсэгт зааснаар Д.М-т тэнссэн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдол, прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцэл зэргийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                   

ШҮҮГЧИД                                                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                                                      

                                                                                С.УРАНЧИМЭГ