| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0199/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж:Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
2021 оны 08 сарын 12 өдөр 2021/ШЦТ/156 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0199/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Баянжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр
Шүүгдэгч Ж.Ү нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийн нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Ү-д холбогдох 2139000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ж.Ү нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 08 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны байр Л62-02 тоотод Ч.Б-тэй эх*******ээ хардаж улмаар маргалдаж түүний зүүн гарын шуун хэсэгт хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11.3 см нийт 23.3 см урттай хутгаар 1 удаа зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын шуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ч.Б-гийн өгсөн: ... Би энэ оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Хэрлэн сумын 1 дүгээр багт орон сууцжуулах хөтөлбөрийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа уурын зуухны барилгын ажлыг хариуцаж ажиллахаар ирсэн юм. Намайг ирсэн цагаас хойш ажил хэвийн үргэлжилж байна. Би туслах Эрдэнэзаан, Ү, өрлөгчин Дарханбаяр нарын нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Би 06 дугаар сарын 18-ны өдөр Дарханбаяртай 1 шил архи хувааж уугаад гэртээ амарсан. Өчигдөр буюу 19-ний өглөө гэртээ амарч байхад манай ажилчид ирээд байж байхад нь миний бие муу шартаад байсан болохоор ажилчиддаа амрах чөлөө өгсөн юм. Тэгээд би шараа тайлах зорилгоор дэлгүүрээс 2 шил архи аваад өөрийнхөө гэрт Дарханбаярын хамт уусан. Ү, Эрдэнэзаан нар уугаагүй бидний хажууд хамт байсан. Тэгтэл Ү намайг гэртээ урьж хоол идүүлье гэж хэлсэн. Тэгээд эх*******тэйгээ утсаар яриад хоол хийж бай гэж хэлж байсан. Би Дарханбаярын хамт 1 шил архи уучихаад 2 дахь шил архинаас хагасыг нь уугаад үлдсэн архиа аваад Ү-ын гэр буюу тоотод бид дөрөв 12 цагийн орчимд очсон. Би айлд очихдоо айлд хоосон орохгүй гээд дэлгүүрээс чихэр жимс, бас 0,5 граммын савалгаатай Чингис *******тэй архи авч очсон. Биднийг очиход Ү-ын гэрт эх******* нь ганцаараа хоол, цай хийчихсэн байж байсан. Бид хоол хийж цай уучихаад байж байхад Эрдэнэзаан архи уухгүй гээд гараад явсан. Би Дарханбаяртай авч очсон хагас шил архи ууж дуусахад Ү 0,5 граммын Чингис *******тэй архиа задалж өгсөн. Уугаад дуусч байхад Дарханбаяр ажил гарчихлаа гээд гарч яваад удалгүй ирэхдээ эх******* хүүхдийнхээ хамт ирсэн. Тэгээд байж байхад нь би салхинд гаръя, Хэрлэн голын эрэг дээр очиж сууцгаая гэж санал гаргахад бүгдээр дэмжиж Ү майханаа авч явахаар болсон. Бид Ү-ын гэрээс гараад такси бариад замаараа дэлгүүр орж ойр зуурын идэж уух юм аваад голын эрэг дээр очиж майхан барьж буудалласан. Тэгээд би Дарханбаярын хамт голд орж сэлж байснаа санаж байна. Түүнээс хойш бараг яасан талаар мэдэхгүй байна. Өнөөдөр өглөө гэртээ ганцаараа унтаж байхад Ү 08 цагийн орчимд орж ирж намайг сэрээсэн. Тэгээд над руу хэл амаар дайрч давшилж байгаад гэрийн урд хананд байх шүүгээн дээрээс хутга аваад миний зүүн гарын шууны дотор хэсэгт нэг удаа зүсэж гэмтэл учруулсан. Тэр үед би Ү-ын гарт байсан хутгыг унагаад гэрээсээ зугатаагаад гүйж гарсан...Юунаас болоод Ү-тай маргалдсанаа сайн санахгүй байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу
Гэрч Д.А-ын өгсөн:... Бид Хэрлэн голын эрэг дээр очоод майхнаа барьсны дараа Дархаа, Б хоёр архиа ууж байхдаа надад архи хийж өгөхөд нь би уудаггүй, толгой тархины өвчтэй гэж хэлээд уугаагүй юм. Тэгээд сууж байхад Б миний зүүн талын хацар дээр үнссэн юм. Тухайн үед би ч юм бодоогүй өнгөрөөсөн. Тэгээд би гадаа халуун байсан болохоор нь майханд ороод хэвтэж байтал Б миний араас орж ирээд согтуурхаад хажууд хэвтээд тэврэх гэхэд нь би гарыг нь түлхээд боссон тэр явдлыг манай нөхөр хараад уурласан...Түүний дараа би нөхрийнхөө хамт майханаа буулгаад такси дуудаад эхлээд Б-г банкны байранд буулгаад манай нөхөр Заанаа хоёр оруулж өгсөн... манай нөхөр унтаж босоод өглөө ажилдаа явлаа гээд гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/
Гэрч Б.Дарханбаярын өгсөн:... би Хэрлэн голын эрэг дээр очоод тасарчихсан болохоор би юу болсныг мэдэхгүй байна...2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б-ийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан юм. Харин 2021 оны 06 сарын 20-ны өглөө ажилдаа ирэхэд Б зүүн гараа боочихсон байхаар нь яагаад боосон талаар нь асуухад Ү хутгаар зүссэн гэж хэлж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаартай дүгнэлт:
Ж.Ү-ын яллагдагчаар өгсөн:.. тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 03-08 хуу/
Хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11.3 см нийт 23.3 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол /хх-ийн 16 хуу/
Ж.Ү-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 хуу/
Ж.Ү нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 92-93 хуу/
Яллагдагч Ж.Ү-ын гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 95 хуу/
Хохирогч Ч.Б-гийн гаргасан “Ж.Үүрцайхад ямар нэгэн гомдолгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 96 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ж.Ү-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Ү нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны байр Л62-02 тоотод хохирогч Ч.Б-г эх*******тэйгээ хардсаны улмаас маргалдан 1 удаа хутгалж түүний зүүн гарын шуунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ж.Ү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Б, гэрч Д.А, гэрч Б.Дарханбаяр нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ж.Ү нь хохирогч Ч.Б-г хутгалсны улмаас түүний зүүн гарын шуунд учирсан зүсэгдсэн шарх гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Ж.Ү-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 85 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 126 хуу/ гарган яллагдагчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ж.Ү хүлээн зөвшөөрч /хх-ийн 131 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Ж.Ү-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдууж, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2021 оны 06 сарын 20-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Иймд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11.3 см нийт 23.3 см урттай хутгыг устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ү 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Ү нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ж.Ү нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Ү-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11.3 см нийт 23.3 см урттай хутгыг устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ