Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар  2021/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

2021/08/12                                         2021/ШЦТ/157

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0200/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                             Ж.Батбаатар 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.Жавхлан

Шүүгдэгч                                                     О.Б, М.Ц   нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга                              Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б, М.Ц нарт холбогдох 2139001590184 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Улзын 8-02 тоотод байх М-ын гэрт иргэн Г.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж түүний толгойн тус газарт нь ARKHI *******тэй 0.75 литрийн архины шилээр нэг удаа цохиж дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зулайд шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч О.Б нь 2021 оны  05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Улзын 8-02 тоотод байх М-ын гэрт иргэн Г.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Б.- ийн өгсөн:... 2021 оны 05-р сарын 07-ны өглөө хөдөө гэртээ байж байгаад орой 22 цагийн үед гэрийн ойролцоо байдаг уулан дээр гарч мобикомын сүлжээ барьдаг болохоор facebook орох гээд гараад facebook ороод байж байтал сумын төвд байдаг Төгсөө гээд манай найз намайг миний төрсөн өдөр болж байна, миний найз хүрээд ирээч гээд гуйгаад байхаар нь би яваад очсон. Манай гэр сумын төвөөс 8 км зайд байдаг болохоор би мотоциклоор сумын төвд найз Төгсбаярын байсан айл М-ын гэрт ирсэн. М-ынд ирэхэд 23 цаг өнгөрч байсан. Тэднийд Батмагнай, Өсөхбаяр, Тамир, Б, Мөнх-Алдар, Ц нар байсан. Төгсөөгийн төрсөн өдрийг тэмдэглэж архи ууж байсан. Би орж суугаад утсаа цэнэглээд байж байсан. Тэгээд байж байтал Ц ах надад архи аягалж өгөөд уухгүй гэсэн чинь уу заавал уух ёстой гээд шахаад байхаар нь би архийг нь уусан. Би аягалж өгсөн архинаас нь нэг том аягаар уусан. Тэгээд тэд нар хоорондоо юм яриад сууж байсан. Би сууж байгаад дотор муухайраад байхаар нь гэрээс гарч бөөлжөөд эргээд ороод ирсэн чинь Б намайг ор руу хэвтүүлээд нүд рүү гараа зангидаад цохисон. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд маргалдахад манай найз Өсөхөө, Магнай хоёр салгасан. Тэгээд би орон дээр сууж байтал Ц ах архины шил бариад миний толгой руу цохисон. Тэгээд би ухаан алдаад өглөө сэрсэн... намайг архины шилээр Ц ах цохисноос хойш би юм санахгүй байгаа... Одоо миний толгой дагз хэсгээр их өвдөж байгаа. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа... Би гомдолтой байна. Намайг зүгээр байж байхад ийм зүйл болчихсон...хэрэг болдог өдөр эхлээд би Б-тэй маргалдаж муудалцсан. Тэгээд Б миний нүд рүү 1 удаа цохиод бид 2 барилцаад байж байтал Ц н ах бид хоёрыг боль гэж хэлээд салгах гэж дундуур орж ирээд Б-г нэг алгадаад харин надыг архины шилээр цохисон байна лээ...надад одоо ямар нэг гомдол санал байхгүй ээ, миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 11 хуу/

Гэрч Ц.М-ын өгсөн:... Тэгээд бид нар пиво уугаад юм яриад сууж байхад Төгсбаяр, Б, Ц, Төрмөнх нар гаднаас 3 шил 0,75 литрийн ARKHI *******тэй архи барьж орж ирсэн. Тэгээд бид нар Ц-ний авчирсан архийг Өсөхбаяр задлаад бид нарт аягалж өгсөн. 1 шил архиа хувааж ууж дуусаад бид нар ер нь согтсон байсан, гэхдээ их согтоогүй байсан. Тэгээд 2 дахь шил архиа задлаад Ц бид нарт аягалж өгөөд байж байхад хоорондоо юм яриад яриан дээрээсээ хоорондоо маргалдаад муудалцсан, бөөндөө шавцгаагаад ноцолдоод байсан. Би салгах санаатай Батмагнайг татсан. Тэгсэн чинь Өсөхбаяр намайг хавсраад түлхсэн би унаад өгсөн чинь араас нэг нь ирээд намайг цохисон. Тэгээд л хоорондоо муудаад бөөн л юм болоод байсан. Тэгээд би цохиулаад гэрийн шалан дээр хэвтэж байсан чинь гэнэт л Б-ийг алчихлаа шүү дээ гээд Түвшинтунгалаг хашгирсан. Тэгээд би босоод хартал Б газар уначихсан байхаар нь гэрээс гарсан чинь гэрийн гадаа бөөн шуугиан болоод хоорондоо муудалцаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/

Гэрч О.Тамирын өгсөн :... Би 2021 оны 05-р сарын 07-ны орой манай найз Төгсбаяр нь намайг М-ын гэрт хүрээд ирээч жаахан сууж байгаад яв гэж хэлсэн. Тэгээд би М-ын гэрт Өсөхбаярын хамт очиход М өөрөө мөн Төгсбаяр өөр танихгүй 2-3 хүн байсан. Тэгэхээр нь би гэрт орчихоод эргээд гараад явсан. Гадаа нь байж байгаад эргээд М-ын гэрт нь орсон. Гэрт нь ороод удаагүй байтал араас Батмагнай, Тунгаа мөн Ц ах гээд ар араасаа ирээд М-ын гэрт нь архи ууцгаасан. Тэгээд би гэрт галтай халуун болохоор нь гэрээс гараад байж байтал гэр дотор их чимээ гарсан, тэгээд буцаад гэр рүү ороход Б нь гэрийн зүүн урд талд дээшээ харсан байдалтай ухаан алдаад хэвтэж байсан. Би Б-ийн дэргэд нь очоод харахад Б-ийн толгой хэсгээс нь цус гоожиж байсан. Тэр үед Батмагнай Ц ахаа та хүн алчихлаа шүү дээ гээд гэрийн баруун талын орны ойролцоо хоорондоо барьцалдаж аваад байж байсан. Тэгээд би Өсөхбаярын хамтаар Б-ийг өргөсөн чинь Б нь ухаан орсон. Тэгэхлээр нь Өсөхбаяр бид 2 Б-ийг аваад гэрээс гарсан. Гэрийн гадаа гараад толгойноос нь гарч байгаа цусыг угаагаад 20-30 минут гадаа байж байгаад буцаагаад М-н гэрт оруулан орон дээр унтуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/ 

Гэрч Д.Түвшинтунгалагийн өгсөн:.. Би 2021 оны 05-р сарын 07-ноос 8-ны шилжих шөнө 01 цагийн орчим манай найз Батмагнай над руу залгаад танай хамаатан Б нь согтоод байна Алдраагийн гэрт ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа Алдраагийн гэрт нь яваад очиход хашаан дотор нь Б, Б нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд би Б-г чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд цааш нь түлхээд Б-ийг аваад Алдраагийн гэрт нь оруулаад Б-ийг сандал дээр суулгах гээд эргээд сандал аваад эргээд хартал Ц ах архины шилээр Баатархуягийн толгой руу нэг удаа цохисон. Тэгсэн Б газар унаад ухаан алдаад өгсөн. Тэгээд би Ц ахыг та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Цах юу ч дуугарахгүй байсан. Тэгэхлээр нь би Б дээр очин хувцаснаас нь татсан чинь Б сэрэхгүй болохоор нь би гэрээс гараад Батмагнайд Ц ах Б-ийг архины шилээр толгой руу нь цохиод Б ухаан алдчихлаа гэж хэлсэн чинь тэр хэд дотогшоо орсон...гэх мэдүүлэг /хх-ийн  24 хуу/

Гэрч Б.Батмагнайн өгсөн:... Баатархуяг, Б нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би Тунгаа гээд Б-ийн хамаатан охиныг ирж Б-г авах уу согтчихсон байна гэж хэлсэн. Тунгаа удалгүй ирээд Б-ийг гэр рүү аваад орсон Б гадаа үлдсэн. Тэгээд би гэрийн гадаа байж байсан чинь Тунгаа гэрээс Б-ийг Ц- ах архины шилээр цохичихлоо гээд хашгираад гараад ирсэн... Би Б-ийг гэрээс гаргачихаад Ц ахтай яагаад Б-ийг цохиж байгаа юм бэ гэж асуухад Ц ах харин тиймээ уурандаа цохичихлоо ахыгаа уучлаарай гэж байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 тал/

Гэрч М.Отгончимэгийн өгсөн:..М.Ц бол миний төрсөн дүү байгаа юм. Айлын бага хүүхэд болж 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрж байсан. Дорнод аймгийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөөд одоо Норовлин сумын эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Манай дүү Ц бол байнга архи уугаад байдаггүй. Найз нөхөдтэйгөө нийлж хааяа бол уудаг... гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуу/

Гэрч Н.Цэцэгмаагийн өгсөн:... Б бол миний бага хүү байгаа юм. 1999.11.12-нд Хэнтий аймгийн Норовлин суманд айлын 3 дахь хүүхэд болж төрж байсан. Тэгээд Норовлинд 8-р анги хүртэл сураад Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуульд 12-р анги төгсөж байсан. Тэрнээс хойш Норовлин сумын соёлын төвд ажилладаг. Миний хүү бол янз бүрийн зуршил байдаггүй. Элдэв ааш гаргаад байдаггүй. Ажилгүй үедээ бол гэртээ амарч байдаг...Надад бол архи ууж мэдэгдээд байдаггүй. Сум хоорондоо дуулж хуурдаад, ******* хүндтэй байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаартай дүгнэлт:

1.2. Г.Б-ийн биед дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зулайд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Г.Б-ийн биед учирсан дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зулайд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд шинэ байна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6. Дээрх амь насанд аюултай дух ясны хугарал гэмтэл нь 3.1.2, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, зүүн нүдний алимны салстын цус харвалт зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт  / хх-ийн 99 хуу /

Г.Б-ийн өвчний түүхийн хуулбар / хх-ийн 100-115 хуу/

О.Б-ийн яллагдагчаар өгсөн:... 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр оройны 20 цагийн орчимд манай найз Төгсбаярын төрсөн өдөр гээд Төгсбаярынд уулзаад бид 2 хамтдаа М-ынд очсон. Тэгээд Ц ах руу би өөрийнхөө FACEBOOK "Б Б" гэх хаягнаас чат бичиж ганц юм олоод өгөөч гэж хэлэхэд Ц ах заа ах нь байж байгаад холбогдъё гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ц ах чат бичиж манай суманд шагийн архи зардаг Бурмаа гээд эгчтэй ярьсан. Та 3 миний *******ийг хэлээд 1 шил архи авчих гэхээр нь Төгсбаяр бид 2 Бурмаа эгчийнд алхаж очоод Төгсбаяр орж 1 шил гээд архи авсан. Ингээд буцаж М-ынд очиж бид 3 тэр архийг хувааж ууж байтал гаднаас манай найз болох Өсөхбаяр Тамир нар нэмж ирээд суусан. Гэхдээ тэр 2 бид 3-н ууж байсан архинаас уугаагүй сууж байтал манай найз Түвшинтунгалаг Төгсбаярын төрсөн өдөрт зориулж 1 тоот 1 хроп буюу 24 ширхэгтэй сэнгүр *******тэй пиво авчирсан. Үүний дараа мөн найзууд болох Б Төрмөнх Батмагнай нар ирээд бид 8 нийлж юм ярингаа Төгсбаяр, Мөнх-алдар, Б миний бие 4-лээ уугаад сууж байтал Төгсбаяр над руу хандаж хоёулаа цуг гараад ирье гэж хэлсэн. Тэгээд гараад очтол Төгсбаяр би Ц-тэй ярьчихсан байгаа Ц-ийг очиж аваад дахин архи ууя гэж хэлсэн. Ингээд Төрмөнх Төгсбаяр бид 3 Төрмөнхийн верна маркийн тээврийн хэрэгсэлтэй Ц ах руу очиж аваад Бурмаа эгчийнд очиж 3 шил 0,5 архи аваад эргэж Мөнх-Алдарынд очиж бөөндөө сууж байгаад эхний 1 шилийг ууж дуусаад 2 дахь шил рүүгээ орж байтал Б гадагшаа гараад орж ирэхдээ нилээн согтсон байсан. Тэгээд бид нар луу агсраад та нар яадаг болчихсон юм бэ писдакуудаа гэж хэлэхээр нь би уурлаад зүгээр ууж чадахгүй чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд би түрүүлж Б-ийн цамцнаас өөрийн зүүн гараараа заамдаж бариад зогсож байтал Б зөрүүлж миний цамцны захаас заамдсан тэгэхээр нь би Б-ийг заамдаж байсан байрлалаасаа ор руу түлхэж унагаасан. Тэгээд би баруун гараа зангидаж байгаад Б-ийн зүүн нүдний доод хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгтэл Батмагнай Өсөхбаяр нар дундуур орж ирээд бид 2-г салгаад би гараад 00 ороод эргэж Мөнх-Алдарынд ороод унтсан...Өглөө босоод ирэхэд Мөнх-Алдар өчигдөр орой чамайг унтсан хойно Ц ах Б-ийг архины шилээр цохиод өглөө тэр 2 эмнэлэг явсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 144-146 тал/

М.Ц-ий яллагдагчаар өгсөн:... Тухайн үед очиход тэд нар нилээн согтсон байсан. Ингээд нөгөө авчирсан архинаасаа тойруулаад хувааж уугаад байж байтал Б, Б 2 гэрээс гарснаа хэсэг хугацааны дараа хэрэлдээд байгаа юм шиг байснаа ороод ирсэн. Тэгээд Б Б-ийг ор луу түлхээд 1 удаа нүднийх нь доод хэсэг рүү гараа зангидаж байгаад цохитол найзууд нь тэр 2-г салгаад байж байтал Б над руу хандан ахаа таньтай ярих юм байна гэсэн чинь тэнд байсан Тунгаа гээд эмэгтэй та Б-ийг аваад гарчих тэгэхгүй бол энэ 2 маргалдаад байна гэж хэлэхээр нь би Б-ийг авч гараад заа ахын дүү одоо харьж амар гэтэл Б хашааны хаалга зүглээд гарсан. Тэгээд би буцаж гэр лүү ороод Б-д хандаж ах нь одоо ингээд явлаа машин дуудаад өг гэхэд заа гэж хэлэхээр нь би гэрээс гараад гээд байж байтал Б гаднаас та нар яадаг болчихсон юм бэ гэж хэлээд орж иртэл Б гэнэт босож ирээд дахин Б, Б 2 зууралдаад авсан. Тэгтэл Тунгаа гээд эмэгтэй тэр хоёрыг салгах гэж оролдоод дийлэхгүй болохоор нь би гартаа барьж байсан архитай шилээр Б-ийн толгой руу 1 удаа цохисон. Тэгээд Б-г босгоод эргээд хартал Тунгаа, Ц ахаа та Б-ийг цохичихлоо шүү дээ гээд гэрээс гараад гадаа байсан хүмүүст хэлсэн... Б-т эмчилгээ болон сэтгэл санааны хохирол гэж нийт 3 сая төгрөг өгч хохиролгүй болгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 155-157 хуу/

О.Б, М.Ц нарын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 76, 79 хуу/

О.Б, М.Ц нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71, 72 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 161, 162, 163 хуу/

Хохирогч Г.Б-ийн гаргасан “Ц-тэй маргалдаж толгойгоо цохиулсан бөгөөд Хэнтийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлж биеийн байдал хэвийн болсон. Эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 3.000.000 төгрөгийг барагдуулсан тул миний бие гомдолгүй... гэсэн нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 128 хуу/

 

Яллагдагч О.Б М.Ц нарын гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 176, 178 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  О.Б, М.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.       

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Б нь 2021 оны  05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Улзын 8-02 тоотод байх Ц.М-ын гэрт хохирогч Г.Б-тай маргалдаж түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиж зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан,

М.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө согтуурсан  үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Улзын 8-02 тоотод байх Ц.М гэрт хохирогч Г.Б-ай маргалдаж түүний толгойд архины шилээр нэг удаа цохиж дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зулайд шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч О.Б, М.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Б, гэрч Ц.М, Д.Түвшинтунгалаг нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нар болон өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.  

Шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Б-ийг зодсоны  улмаас түүний биед учирсан зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч М.Ц нь хохирогч Г.Б-ийг архины шилээр толгойд нь цохисоны  улмаас түүний биед учирсан дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зулайд шарх  гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч М.Ц нь хохирогч Г.Б-ийн толгойд архины шилээр цохиж гэмтэл учруулсан байх бөгөөд ингэхдээ тухайн үед хэргийн газарт байсан архины шилээр цохьсон болох нь тогтоогдож байх тул зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хохирогч Г.Б нь “О.Б, М.Ц нарт санал, гомдолгүй тухай” нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт  /хх-ийн 128, 177, 179 хуу/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, М.Ц-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Яллагдагч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 176, 178 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 180-183 хуу/ гарган яллагдагч О.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, яллагдагч М.Ц-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч О.Б, М.Ц нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 190, 192 хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч О.Б, М.Ц нь 2021 оны 05 дугаар  сарын 07-08-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэгтээ  ял шийтгүүлсэн, өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг  нь  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

 

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул уг түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж, заасан байх тул шүүгдэгч М.Ц-д оногдуулсан хоёр жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн  хасах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Б, М.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц оногдуулсан  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч О.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

7.  Шүүгдэгч М.Ц -д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг өршөөн хассугай.

8. Шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасахад  эдлэх ял үлдэхгүй байгаа болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, М.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ