Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/222

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт О-д холбогдох 2121000410221 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-ний өдөр Сүхбаатар аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “............. “Кибер” барьцаат зээлийн газарт теллерээр ажилласан байсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ........... дугаар баг, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ......... овогт О /РД: .............../.

Шүүгдэгч О нь Дорнод аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулж буй “...........” ХХК-ийн “...........” барьцаат зээлийн газарт 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд теллерээр ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад нийт 32.569.350 /гучин хоёр сая таван зуун жаран ес мянга гурван зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                       Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй. Би байгууллагад учруулсан хохирлыг шүүх хурлын өмнө бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэргээ зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай компанийн “.......р” барьцаат зээлийн газарт 2019 оны 06 дугаар сараас хойш теллерээр ажиллаж байсан О нь ажиллаж байх хугацаандаа хуурамч эд зүйл буюу хуурамч барьцаа ашиглан байгууллагын санхүүгийн баримтад хуурамчаар бичвэр үйлдэж байгууллагын мөнгөнөөс 32.225.450 төгрөгийг өөртөө авч ашигласан байсан. ...О үйлчлүүлэгч нараас мөнгөн аяга, үнэт эдлэл, зурагт зэрэг эд зүйлсийг барьцаанд авсан мэтээр баримт үйлдэж, хуурамч барьцаа үүсгэж мөнгийг нь өөртөө завшсан байсан. Байгууллагын дотоод хяналт шалгалтаар О нь мөнгөн аяганууд дотор хуурамч эд зүйл буюу шар өнгийн металл ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг эд зүйлсийг хийж их хэмжээгээр зарлага гаргаж өөртөө ашигласан байсан. Мөн манай байгууллагаар өмнө үйлчлүүлж байсан иргэдийн овог нэр, регистрийн дугаарыг ашиглан 2019 оны жилийн эцсээс 2020 оны 04 дүгээр сарын хооронд нийт 18 удаа барьцаа авсан мэтээр хуурамч баримт үйлдэж ашигласан байсан. ...Манай байгууллагад нийт төлөх 32.569.350 төгрөгийг О хариуцна гэсэн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй...” гэжээ. /хх-ийн 22-23, 24-25/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хөл 2019 оны 09 дүгээр сард бага зэрэг өвдсөн юм. Тэр үед О-д хөл өвдөөд байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар хэлж байсан. Тэгэхэд 2019 оны 10 дугаар сард 2 сая гаруй төгрөг надад өгч байсан. Яг хэдэн төгрөг өгч байсан талаар санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 33-35/

Санхүүгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот дүгнэлтэд:

1. О нь “........” барьцаат зээлийн газарт теллерээр ажиллаж байхдаа барьцаагүй зээл 12.100.000 төгрөг, барьцаатай боловч барьцаанаас илүү үнэлсэн зээл 18.860.000 төгрөг нийт 30.960.000 төгрөгийн зээл, тайлант хугацаанд төлөгдөөгүй, баримтанд тусгагдсан хүүгийн төлбөр 1.253.900 төгрөг, кассын дутагдал 355.450 төгрөг, нийт 32.569.350 төгрөгийн дутагдал гаргасан нь хавтаст хэрэгт хавсаргасан барьцаат зээлийн үйлчилгээний 18 ширхэг баримтууд, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “........... ХХК-ийн тамгатай О, ******* нарын гарын үсэгтэй “асуудалтай хуурамч барьцаанууд” гэсэн нэг хуудас бүхий баримтуудаар нотлогдож байна.

2. “............” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын тооллогоор хуурамч барьцаатай болон барьцаанаас илүү үнэлж, өмнө нь зээл авч байсан хүмүүсийн нэр, регистрийг ашиглан 18 удаа их хэмжээний зээлийг гаргаж байсан байна. Барьцаалан зээлдүүлэх газар нь цаасан уутанд барьцаагаа хийж битүүмжлэн эзнээр нь гарын үсэг зуруулж битүүмжилдэг, тооллого хийх үед битүүмжилсэн эд зүйлийг задалж үзэх боломжгүй зэрэг байдлыг ашиглан уг дутагдлыг гаргасан гэж үзэж байна.

3. “..............” ХХК-ийн теллер ажилтай байсан О нь ажиллаж байх хугацаандаа барьцаагүй зээл 12.100.000 төгрөг, барьцаатай 910.000 төгрөгийн зээл, барьцаанаас илүү үнэлсэн зээл 18.860.000 төгрөг, нийт 31.870.000 төгрөгийн зээл олгосон ба 910.000 төгрөгийн зээлийн барьцаа байгаа тул хасаж тоосон бөгөөд нийт төлөх зээлийн хэмжээ нь 30.960.000 төгрөг, тайлант хугацаанд төлөгдөөгүй баримтанд тусгагдсан хүүгийн төлбөр 1.253.900 төгрөг, кассын дутагдал 355.450 төгрөг, нийт 32.569.350 төгрөгийн дутагдал гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан барьцаат зээлийн үйлчилгээний 18 ширхэг баримтууд, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “............” ХХК-ийн тамгатай О, ******* нарын гарын үсэгтэй “асуудалтай хуурамч барьцаанууд” гэсэн нэг хуудас бүхий баримтуудаар нотлогдож байна. Нийт төлөх дүн 32.569.350 төгрөгийг О хариуцна.

4. Шинээр илэрсэн зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 37-40/

О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...2019 оны 10 дугаар сард манай ээжийн бие муудаж яаралтай мөнгөний хэрэгтэй болсон. Ер нь манай байгууллага бэлэн мөнгөний эх үүсвэр байдаг учир яаралтай мөнгө хэрэг болсон болохоор эхний ээлжинд 3.000.000 төгрөгийг өмнө нь манай байгууллагад эд зүйлс барьцаанд тавьж байсан хүний нэрийг ашиглан хуурамч баримт үйлдэж өөртөө гаргаж авсан...” гэжээ. /хх-ийн 46-48/

       Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 19/

          Барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд /хх-ийн 57-74/

          “............” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 75/

          Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 76-77/

          “..............” ХХК-ийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн “О-г ажилд томилох тухай” 09 тоот тушаал /хх-ийн 78/

          О-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 50/

          Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/

          Т, Т нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55-56/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн О-н төрсөн хүү И, Т нарын төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /2 хуудас/, ******* сумын .......... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/,  хохирол төлбөр төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт 6 ширхэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн металл бөгж 5 ширхэг, шар өнгийн металл гинж 5 ширхэг, хөх шигтгээтэй шар өнгийн металл бугуйвч 1 ширхэг, шар өнгийн унжуургатай ээмэг 1 хос, шар өнгийн кулонтой унжуургатай гинж 1 ширхэг буюу нийт 13 ширхэг шар өнгийн металл эд зүйлсийг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ......овогт О нь “..........” ХХК-ийн “........” барьцаат зээлийн газарт теллерээр ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд өмнө нь зээл авч байсан хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг ашиглан хуурамч барьцаатай болон барьцаатай боловч барьцаанаас илүү үнэлж зээл гаргах зэргээр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж, бусдад 32.569.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Санхүүгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот дүгнэлт, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд, “...............” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “.........” ХХК-ийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн “О-г ажилд томилох тухай” 09 тоот тушаал, “........” барьцаат зээлийн газар О нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч О, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч О-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч О-н хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч “.........” ХХК-ийн “..........” барьцаат зээлийн газарт 32.569.350 төгрөгийн хохирол учирсан болохыг Санхүүгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот дүгнэлтээр тогтоосон байх бөгөөд шүүгдэгч О нь дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулжээ. Өөрөөр хэлбэл хохирогч “..........” ХХК-ийн “........” барьцаат зээлийн газрын ерөнхий захирал ******* ХААН банкны 5420106901 тоот дансанд шүүгдэгч О-с 2021.07.21-ний өдрийн 1210 цагт 2.967.000 төгрөг, 1302 цагт 2.350.000 төгрөг, 2021.07.20-ны өдрийн 1521 цагт 9.900.000 төгрөг, 2021.06.28-ны өдрийн 1342 цагт 2.700.000 төгрөг, 2021.06.25-ны өдрийн 1739 цагт 460.000 төгрөг, 2021.06.25-ны өдөр 16.540.000 төгрөгийг “О-н зээл төлөлт” утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн 6 ширхэг баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн металл бөгж 5 ширхэг, шар өнгийн металл гинж 5 ширхэг, хөх шигтгээтэй шар өнгийн металл бугуйвч 1 ширхэг, шар өнгийн унжуургатай ээмэг 1 хос, шар өнгийн кулонтой унжуургатай гинж 1 ширхэг буюу нийт 13 ширхэг шар өнгийн металл эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч О нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О-д мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн металл бөгж 5 ширхэг, шар өнгийн металл гинж 5 ширхэг, хөх шигтгээтэй шар өнгийн металл бугуйвч 1 ширхэг, шар өнгийн унжуургатай ээмэг 1 хос, шар өнгийн кулонтой унжуургатай гинж 1 ширхэг буюу нийт 13 ширхэг шар өнгийн металл эд зүйлсийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА