Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0258

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 275 316 120 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0621/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б-гээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 275 316 120 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.8, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-гийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 275 316 120 төгрөг нэхэмжилснээс 159 300 000 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно ...“ гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүүгчийн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрх юм.

3.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэхэмжлэгчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Шүүгчийн томилох эсэх асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, …” гэж мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12.2-т заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхын санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасан.

Тодруулбал, хуульд заасан болзол, шаардлагыг хангасан, холбогдох журмын дагуу шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Энэ хүрээнд нэхэмжлэгчтэй холбоотой ийм харилцаа үүсээгүй болно.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь дээр дурдсан хуулийн заалтын дагуу шүүгчийг томилох эрх бүхий субъект биш бөгөөд зөвхөн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх чиг үүрэгтэй байгууллага гэдгийг дурдах нь зүйтэй.

3.3. Захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэл түүнээс үүдэн гарах хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлээгүй нь нэхэмжлэгчид шууд хохирол учруулсан гэх шалтгаант холбоо үүсээгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 198 дугаар зарлигаар аймаг, нийслэлийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ зарлигаар нэхэмжлэгч чөлөөлөгдсөн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 42 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийг Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн шүүгчийн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах санал юм. Өөрөөр хэлбэл, шүүгчийг шүүгчийн албан тушаалд шинээр томилуулах санал биш.

Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хохирол учрахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахгүй.

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа нь тус зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагаанд хамааралгүй гэдгийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 228 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 309 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 212 дугаар тогтоолоор тогтоосон байдаг.

3.4. Шүүх хамтран хариуцагч нарыг тогтоогоогүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилоогүй үйлдлээс бий болсон хохирлыг хариуцах хамтран хариуцагч нарыг тогтоохгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөл дангаар хохирол хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.5. Шүүх гэм буруугийн ногдох хэсгийг тогтоогоогүй. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг гэм буруугийн ногдох хэсгээр хариуцагч нар хариуцах ёстой. Шүүх хэргийг шийдэхдээ гэм буруугийн ногдох хэсгийг тогтоохгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд гэм бурууг дангаар ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Гомдлын үндэслэлтэй холбоотой тодруулгыг өгөх болно. Анхан шатны шүүхийн шийдвэр нь дээр дурдсаны дагуу хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            2.1. Нэхэмжлэгч Ц.Б-гээс “Захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 275 316 120 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

            2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилох явцад шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий 12 шүүгч томилогдоогүй үлдсэний дотор нэхэмжлэгч Ц.Б багтсан бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч нэр бүхий шүүгч нараас Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ... Ц.Б-г Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ... томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, нэхэмжлэгч нарыг шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгуулах”-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар нэр бүхий шүүгч нарыг томилуулахаар өргөн мэдүүлээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, .... нэхэмжлэгч Ц.Б-г дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн байна.

            2.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэхэмжлэгч Ц.Б-г шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн нэр бүхий иргэдийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/371 дүгээр албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн хэдий ч “хуульд заасан болзол шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр саналыг буцаасан үйл баримтууд тогтоогдож байна.

            2.4. Ийнхүү саналыг буцаасантай холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшигчийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах явцад нэхэмжлэгч Ц.Б нь 2015 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь тогтоогдсон ба Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 дүгээр албан бичгээр “шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг хэтэрсэн,... таныг шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин хүргүүлэх боломжгүй” талаар мэдэгджээ.

            2.5. Дээрх үйл баримтуудаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12.2-д заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхын санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ц.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх бөгөөд ийнхүү эгүүлэн томилогдохоор маргаж байх хугацаанд нэхэмжлэгч нь шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн байна.

            2.6. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо 2014 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нэг удаагийн тэтгэмжид нийт 275 316 120 төгрөг гэж нэхэмжилсэн боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03/787 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ц.Б нь 2015 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь тогтоогдож байна.

            2.7. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг зөв тодорхойлж, уг хугацааны цалин хөлс болон нэг удаагийн тэтгэмж нийт 159 300 000 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.8-д нийцжээ.

            2.8. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн албан тушаалд томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үүрэг нь гагцхүү Шүүхийн ерөнхий зөвлөлд байгаа энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилоогүйн улмаас бий болсон хохирлыг хариуцах хамтран хариуцагч нарыг тогтоохгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөл дангаар хохирол хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН