Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 120

 

А.Даваадоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар магадлалтай, А.Даваадоржид холбогдох эрүүгийн 201614000048 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял,

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Авирмэдийн Даваадорж нь нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг давтан хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Даваадоржийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Даваадоржоос нийт 3.550.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мягмарт 1.650.000 төгрөг, хохирогч Д.Батцоожид 1.900.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Даваадорж, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Даваадорж өөрийн үйлдсэн хулгайн үйлдлийг бүрэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд “би ганцаараа үйлдээгүй, урд нь хорих ял цуг эдэлж байсан хүмүүстэй бүлэглэж үйлдсэн” гэдэг талаараа удаа дараа мэдүүлсэн боловч шүүх авч хэлэлцээгүй. Мөн прокурор хулгайн гэмт хэргийг хамтарч үйлдсэн хүмүүсийн үйлдэл холбогдол нь нотлогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд шүүх мөн адил шүүгдэгч А.Даваадорж нь хулгайн үйлдлийг бүлэглэж бус ганцаараа үйлдсэн байна гэж дүгнэн ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Г.Даваадоржтой хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг шалгах шаардлагатай байгаа юм. Мөн “Далай ван” аудитыг шинжээчээр томилоогүй байхад тухайн аудитын газар дур мэдэн үнэлж, шийдвэр гаргасан. Хохирогч Батцоожийн 2 тооны үхэр нь үнэхээр өндөр үр шимтэй эсэхэд “Далайн ван” аудитын компани үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Мөн тухайн 2 тооны үхэр нь хэний өмч болох нь тогтоогдоогүй бөгөөд үнэхээр үйлдвэр, угшил сайтай мал болох нь тогтоогдоогүй. Мөн хохирогч Мягмарын 3 тооны үхэр байсан газар болон Батцоожийн 2 тооны үхэр байсан гэх газрууд нь хоорондоо 10 километрийн зайтай. Шүүгдэгч А.Даваадоржийг дээрх 5 тооны малыг тууж явахдаа хонгор зүсмийн морь унаж явсан гэдгийг гэрч Пүрэвсүрэн, Батсүх нар болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр давхар нотлогддог. Гэтэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан унлага морийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн хурааж улсын орлого болгох ёстой байтал дээрх ажиллагааг огт хийгээгүй юм. Шүүгдэгч нь бичиг үсэг мэддэггүй юм. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг нь хуурамч бөгөөд мөрдөн байцаагч нь шүүгдэгчийн гарын үсгийг дуурайж зурсан байдаг. Хяналтын журмаар гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг “... шүүгдэгч А.Даваадорж нь давтан үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрээс иргэн Мягмарын 3 тооны үхрийг хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 12 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан-Чулуут багийн нутаг дэвсгэрээс иргэн Батцоожийн 2 тооны үхрийг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар шүүгдэгч А.Даваадоржид холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч А.Даваадорж нь давтан үйлдлээр буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн "Дөмөн" худалдааны төвийн урдаас хохирогч М.Мягмарын 3 үхрийг, 2015 оны 12 дугаар сард мөн сумын Цагаанчулуут багийн нутгаас хохирогч Ц.Батцоожийн 2 үхрийг тус тус хулгайлж, нийт 3.550.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Даваадоржийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Даваадоржийн мэдүүлгийн дагуу иргэн М.Батсүх, Б.Пүрэвсүрэн нарыг тухайн хэрэгт холбогдуулан шалгасан боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь тогтоогдоогүй тул тэдэнд холбогдох хэргийг прокурор хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгсэхгүй болгожээ.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээдийн үнэлгээг үндэслэн тогтоосон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Батсүх, Пүрэвсүрэн нар гэмт хэрэг хамтран үйлдсэн”, “хулгайлсан үхрийн үнийг буруу тогтоосон” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал буюу “шүүгдэгч нь бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдэхдээ уналга морь ашигласан” гэх үйл баримтыг тогтоогдсон мэтээр дүгнэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Даваадоржийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                             Б.БАТЦЭРЭН

               ШҮҮГЧ                                                             Б.ЦОГТ