Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/228

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч О

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Г-т холбогдох эрүүгийн 2121000000216 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ............. дүгээр сарын ............-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ............... тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн ******* сумын ......... дугаар баг, ................ тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймгийн шүүхийн 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Дээд шүүхийн 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар магадлалаар 2 жил болгон өөрчилж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж 1987 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр суллагдсан,

Барилгын цэргийн тусгай шүүхийн 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 8 сар хорих ялаар шийтгүүлж 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймгийн шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 112 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байхдаа

Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн нийт 14 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байхдаа

Төв аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үйлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн бүгд 10 жил хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байхдаа  

Төв аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/181 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн бүгд 11 жил хорих ялаар шийтгүүлж 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, .............. овогт Г /РД: ................/.

Шүүгдэгч Г нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ******* 5-15 тоотод иргэн О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нуруу орчим нь өшиглөж, эрүүл мэндэд нь “бүсэлхий нурууны 3, 4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оын 05 дугаар сарын 18-ны өдөр миний бие өвдөөд байсан учир О-ийг гэртээ дуудсан. О гэрт ирээд миний хэвлий хэсэгт хүйтэн жин буюу мах тавьж өгсөн. Ингээд би найзуудаа дуудаад бид нар хамт архи уусан. Тэр үед ******* О-т хандан “Г ах гоё охидуудтай уулздаг шүү дээ” гэж хэлээд О-тэй маргалдсан. ...Миний уусан архи гараад согтолт гайгүй болохоор нь би О-ийг машинаараа гэрт нь хүргэж өгсөн. Бид нар хоорондоо маргалдаад, би их бухимдалтай байсан учир О-ийг өшиглөсөн байж магадгүй. Би тодорхой сайн санахгүй байна. Гэрч нарын мэдүүлэгт намайг О-ийг өшиглөсөн гэж хэлсэн байгаа учир үнэн байх гэж бодож байна. Иймд үйлдсэн хэргийн талаар маргахгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...05 дугаар сарын 18-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад Г над руу утсаар яриад “хүрээд ирээч миний бие муу байна” гэхээр нь би очсон. ...Г хоёр дүүгээ дуудчих уу?” гэхээр нь би “Тэгээ тэг” гэж хэлсэн. Удалгүй *******, *******, ******* нар ирээд бид нар архи уусан. ...би сэрээд Г-ын хэлсэн үгийг сонсоод түүнд хандан “чи намайг бие өвдөөд байна гэж дуудчихаад энэ хүмүүст юу яриад байгаа юм бэ? Би энд чиний бие өвдөөд байна гэхээр нь л ирсэн” гэж хэлсэн. Тэр үед ******* “Та Г ахтай унтах гээд байгаа юм уу? Г ах О янханыгаа аваад яв гэж хэлээд байна. Та Г ахын араас гүйхээ боль. Г ахын араас олон хүүхнүүд гүйдэг. Та илүүц шүү дээ” гэж хэлсэн. Ингээд ******* бид хоёр энэ асуудлаас болж маргалдаад зодолдсон. ...Г намайг санаандгүй сууж байтал миний нуруу руу нэг удаа их хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд их өвдсөн учраас би миний бөөр доргичихлоо гэж бодсон. Эмнэлэгт үзүүлэхэд нурууны нугалмын хөндлөн сэртэн хугарсан байсан. Энэ гэмтлийг Г учруулсан. Өөр миний нуруу руу цохисон хүн байхгүй. ...би өөрөөсөө гарсан зардлыг Г-аас нэхэмжилнэ...” гэв.

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэх охин надаас “Та Г ахтай ямар холбоотой вэ? Г ахын араас олон охидууд гүйдэг, та араас нь гүйдэг юм уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “Г хэнтэй явалдах нь надад ямар хамаатай юм бэ? Чи өөрөө Г-тай явалддаг юм уу?” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдээд хэрүүл хийх явцдаа над руу дайраад байхаар нь би түүний үснээс зулгаагаад зөрүүлж миний үснээс зулгааж миний баруун бугалга толгой руу өшиглөхөд шүргээд өнгөрсөн. Тэгэхэд *******, ******* хоёр ******* татаж надаас салгасан. Тэгээд би Г-т “Чи намайг яасан гэж энэ охиноор зодуулж байгаа юм бэ? гэхэд Г “Чи өөрөө намайг хардаад байгаа биз дээ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи өөрөө намайг гэртээ дуудаж авчирсан, өөрөө надаас салж чадахгүй, эхнэрээсээ ч гэрлэлтээ цуцлуулж чадахгүй байгаа биз дээ гэхэд Г босч ирээд “Чи муу янхан юу гээд байгаа юм” гээд миний нуруу руу хажуу талаас нэг удаа өшиглөсөн. Тэр үед миний нуруу маш их өвдсөн. Тэгээд би “ёо ёо нуруу” гээд уулга алдсан. Тэгэхэд Г наад янхан чинь баашилж байгаа юм чирээд гарга гэж байсан...” гэжээ. /хх-ийн 21-28, 29/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэрт нь очиход Г ах найз хүүхэн О-тэйгээ архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд бид нар тухайн архийг хуваагаад ууж байхад О эгч архиндаа согтоод газар хойшоо хэвтээд өгөхөд Г ах “Энэ янхан надаас салж өгөхгүй байна, би лав өнөөдөр энэнтэй унтахгүй” гэж хэлсэн. Тэгтэл О босч ирээд Г ахыг надтай хардаад хэрүүл хийсэн. Тэгээд тэр явдлаас болоод О эгч бид хоёр хоорондоо хэрэлдээд бие биенийхээ үснээс зулгаалцсан. Үсдэх явцад О эгч миний цээж рүү нэг удаа цохисон би түүний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Биднийг ******* ******* хоёр голоор орж салгасан. Тэр үед О эгч шалан дээр завилаад сууж байсан ба Г ах уурлаад О эгчийн зүүн талаас түүний нуруу руу нэг удаа их хүчтэй өшиглөсөн. Тэр үед О эгч “Ёо ёо нуруу, нуруу эвгүй болчихлоо” гэж бахираад нуруугаа бариад доошоо тонгойгоод ёолоод байсан...” гэжээ. /хх-ийн 30-33/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр үед Г ах О эгч рүү уурлаад “Чи муу манай дүү ирчихээд байхад аятайхан бай л даа” гэж хэлээд О эгчийг газар гудсан дээр завилаад сууж байхад түүний хажуу талаас нь нэг удаа нуруунд нь өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 37-39/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...05 дугаар сарын 18-ны үүрээр 04 цагийн орчим гэнэт гаднаас “ ээ” гээд хашгирах чимээ гарсан. Би сэрээд гэрлээ асаагаад харахад ээжийн үс нь сэгсийгээд зүүн талын хацар завж нь хавдаад амнаас нь цус гоожсон байдалтай гэрт орж ирсэн. Би ээжээс юу болсон талаар асуухад “Г болон тэдний хуурай дүү нар намайг зодчихлоо” гэж хэлсэн ба ээж нуруугаа бариад “миний нуруу өвдөөд байна” гээд их л зовиуртай ёолж байсан. Би ээжээс нуруугаа яасан юм бэ гэхэд “Г миний нуруу руу өшиглөсөн, одоо хөдлөхөөр өвдөөд байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 40-43/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 265 тоот дүгнэлтэд:

1. О-ийн биед бүсэлхий нурууны 3,4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн чамархай, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон бүсэлхий нурууны 3,4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн чамархай, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 49-50/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 51/

гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36/

Г-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 61/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/

Г-ын урьд ял шийтгэл хүлээж байсан талаарх шийдвэрийн хуулбар, суллагдсан талаар баримтууд, өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй тухай Цагдаагийн газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 36/85 тоот албан бичиг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ............ овогт Г нь 2021 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* 5-15 тоотод хохирогч О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нуруу руу нь өшиглөж, түүний биед бүсэлхий нурууны 3, 4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ мэдүүлсэн шүүгдэгч Г-ын “...Бид нар хоорондоо маргалдаад, би их бухимдалтай байсан учир О-ийг өшиглөсөн байж магадгүй. Би тодорхой сайн санахгүй байна. Гэрч нарын мэдүүлэгт намайг О-ийг өшиглөсөн гэж хэлсэн байгаа учир үнэн байх гэж бодож байна. Иймд үйлдсэн хэргийн талаар маргахгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч О-ийн “...намайг санаандгүй сууж байтал Г миний нуруу руу нэг удаа их хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд их өвдсөн учраас би миний бөөр доргичихлоо гэж бодсон. Эмнэлэгт үзүүлэхэд нурууны нугалмын хөндлөн сэртэн хугарсан байсан. Энэ гэмтлийг Г учруулсан. Өөр миний нуруу руу цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч *******, *******, *******, ******* нарын хууль сануулж авсан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 265 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.  

Шүүгдэгч Г-ын үйлдлийн улмаас хохирогч О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 265 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Г-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэвч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Г урьд нь удаа дараа ял шийтгүүлж байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамаарагдаж байгаагүй, мөн түүнчлэн түүний үйлдсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан ялаас өршөөн хасах, ялыг дүйцүүлэн солих эсхүл өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байхаас гадна шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүх хуралдаанд хохирогч О, түүний өмгөөлөгч нар нь хохирол төлбөртэй холбоотойгоор “Миний хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүгдийг өөрөөсөө гаргасан. Би өмнө нь Гаас хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгч байсан боловч одоо түүнээс гарсан зардлыг нэхэмжилнэ. Яг одоогоор баримтаа бүрдүүлж цуглуулж амжсангүй. Иймд өөртөө байгаа баримтаа бүрдүүлээд гарсан зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байх тул надад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн санал хүсэлтийг гаргаж байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч О-ийн биед бүсэлхий нурууны 3, 4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хохирогчийн хүсэлтийг хүлээн авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Г-т буцаан олгохоор шийдвэрлэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Г-т буцаан олгосугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА