Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/229

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч С

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт С, ................ овогт Г нарт холбогдох эрүүгийн 2121000460194 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ........ дугаар сарын ............-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ........... дугаар баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхээр 1994 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Нийслэлийн ******* дүүргийн Шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймгийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ............ овогт С /РД: ................./.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ........... дугаар сарын ..........-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байхдаа

Хэнтий аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж 2000 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, .......... овогт Г /РД: ............/.

Шүүгдэгч С, Г нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “.......” гэх газарт хохирогч Б-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Б-ийг зодож үхэр юм уу адуу өг, мөн газрын татвар төл гэж дарамтлан гэрийн чинь тоононоос дүүжилнэ, машинаар дайрч ална, алаад нүхэнд булахад хэн ч чамайг мэдэхгүй гэх зэргээр заналхийлсэн өөрөөр хэлбэл бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж зодож, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ******* ах гэр рүүгээ хүргүүлнэ гэхээр нь бид нар цуг явсан. Ингээд замдаа ******* ахын туслах малчин ******* таараад Г-ын үхрийг асуухаар Б-ийн гэр рүү нь очсон. Тэгээд “үхрээ асуугаад ирье” гээд ******* хамт машинаас буугаад явсан. 20 орчим минутын дараа гарч ирээд таныг “ороод ир” гэж байна гэхээр нь гэр рүү орсон. Г Б-ид “Чи үхрийг харж байхгүй яасан юм бэ” гэхэд нь “Би чиний малчин юм уу” гээд маргалдсан. Би Б-ид “чи үхрийг нь авсан юм бол зөрүү мөнгийг нь өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Би маргалдах үедээ хараалын үг хэлсэн нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Б-ийг “үхэр өг” гэж хэлээд дарамталсан зүйл байхгүй. Маргаан болсны дараа Б автомашинаа асаагаад хаашаа явахаа хэлэхгүйгээр явсан. Бид нар Б-ийн араас автомашинтай явсан. Удалгүй 4 цагдаа ирсэн” гэв.

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид нар ******* “үхрийн сураг байна уу” гэхэд “Б-ийн гэрийн гадаа хэд хоног болсон сурагтай байна” гэж хэлсэн. Ингээд бид нар Б-ийн гэрт очоод үхрээ асуухад “Тийм. Манай гэрийн гадаа айлын үхэр хэд хоног болсон” гэж хэлсэн. Ингээд “Би чиний малчин юм уу? Улаанаа мэдэж байгаа” гэж хэлээд маргалдсан. Удалгүй бид нар тайвшраад сууж архи уусан. Тэр үед Б автомашинаа унаад хаашаа явж байгаагаа хэлээгүй. Учир зүйгээ олохоор араас нь явсан. Удалгүй цагдаа нар ирсэн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой гэртээ ганцаараа байж байхад 18 цагийн орчим манай гадаа машин ирэх чимээ гарч гаднаас зүс таних Г, нутгийн залуу ******* бага зэрэг архи уусан байдалтай ирсэн. ...Тухайн үед Г үхэр юм уу, адуу өг, мөн газрын татвар төл гэж дарамтлан гэрийн чинь тоононоос дүүжилнэ, машинаар дайрч ална, алаад нүхэнд булахад хэн ч чамайг мэдэхгүй гэх зэргээр заналхийлсэн ба би айгаад дүүгийнхээ гэр рүү машинтай зугтаахад машинтай араас хөөж дүү ******* гэрийн гадаа намайг дайрч ална гээд машин тойруулж 2 удаа машинтайгаа хөөсөн. С-ын хувьд чи хүний малыг хэрэглэсэн өгөх ёстой гээд заамдан гэрт над руу дайрч давшилж мөн гэрийн баруун орон дээр сууж байхад заамдан “би халхын шоронд нэг л цохидог байсан” гэж дарамталсан. Мөн намайг гэрээс гаргаад өөрийнхөө машинд суулгаад дахин үхэр юм уу адуу өг гэж заналхийлсэн. ...манай гэрт байхдаа Г намайг газарт сууж байхад “бос” гээд хөлөөрөө миний баруун гуя руу өшиглөж орон дээр сууж байхад нүүр рүү доод уруул руу хөлөөрөө жийж өшиглөж, гараараа толгой руу 2 удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 45-50/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би С, Г, ******* нартай гэрт ороод сууж байхад гэнэт С ямар ч утга шалтгаангүй Бид хандаж “чи үхрийг нь авсан юм бол үхэр юмуу, адуу заавал өгөх ёстой” гэх зэргээр дарамтлаад мөн чамайг нам цохино шүү гэх зэргээр хэлэхэд хажуугаас Г “чамайг гэрийн чинь тоононоос дүүжилнэ, машинаар хөөж дайрч ална” гэх зэргээр дарамталж байгаад гэрийнхээ хойно хойморт сууж байсан Б-ийг “бос” гээд хөлөөрөө өшиглөөд босоход нь зодох гээд хөөсөн. Тухайн үед би голоор нь орж салгаад Г-ад хандаж “та нар буруу хүн зодох гээд байна, наад хүн чинь хулгай хийх хүн биш” гэхэд хажуугаас С ална хядна гэх зэргээр дарамтлаад байсан ба Г-ын хувьд өөдөөс нь хөлөөрөө өшиглөж жийгээд байсан. ...Б гадаа байсан машинаа асаагаад ертөнцийн зүгээр зүүн зүгт дүүгийнхээ гэрийн чигт зугтаасан бөгөөд энэ үед С машиныхаа хажууд зогсож байхад надтай хамт гэрээс гарч ирсэн Г “пизда энийг алнаа” гээд шууд асаалттай байсан С-ын машинд суугаад араас нь хөөсөн...” гэжээ. /хх-ийн 51-55, 56-57/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар гэрт ороод адуу мал яриад сууж байхад гэнэт Г Б-оос “мөнгөний хэрэг гараад үхрийн хэрэг байна” гэж хэлэхэд Б ах “надад өгөх үхэр байхгүй байна” гэж хэлээд тэр хоёр бага зэрэг маргалдсан ба Г “чамайг мал өгөхгүй бол гэрийн чинь тоононоос дүүжилж ална” гэх зэргээр харааж зүхэж байгаад С-ын хамт гарч уулзъя гээд Б-ийг авч гарсан. ...Б ахыг гэрийнхээ хойморт сууж байхад нь Г дахин үхэр нэхээд байсан бөгөөд ямар шалтгаанаар үхэр нэхээд байсныг мэдэхгүй. Б ахыг хөлөөрөө өшиглөж газраас босгоод зодох гээд хөөсөн. Мөн орон дээр суулгаад эрүүн тус газар нь өшиглөхөд С хажуугаас нь “газрын татвараа төл, би шоронд байхдаа ганцхан л цохидог байсан” гэх мэтийн үг хэлээд гараараа заамдсан. Тэр үед нь би хамт дундуур нь орж салгасан...” гэжээ. /хх-ийн 58-63, 64-65/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой...19 цагийн орчим байх манай гадаа машин ирэх чимээ гарахаар нь би гэрээс гарахад миний төрсөн ах Б өөрийнхөө машинаас буугаад машинаа тойроод зугтааж араас нь Г гэх залуу Приус-20 маркийн цонхнууд нь хаалттай тээврийн хэрэгслээр хөөгөөд байсан. ...Тухайн үед эхлээд Г үхэр нэхээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж хөлөөрөө өшиглөж “хаана байгаагаа мэдэж байна уу, газрын татвараа төл, ална хядна” гэх мэтийн үг хэлсэн гэсэн. Харин С-ын хувьд мөн ялгаагүй ална хядна гэж дарамталсан гэж миний ах Б сүүлд цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараа машин дотор сууж байхдаа ах бид хоёрт хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 71-75/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биед хийсэн 78 тоот дүгнэлтэд:

1. Б-ийн биед доод уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 82-83/

 

Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд мөн хоорондоо хурдан морины талаар ярьж байхдаа миний хувьд алга болсон тугалтай үхрийнхээ талаар асууж “танай үхэр сүрэгт тугалтай үнээ ирж байхад хэл барихгүй, малчин хүн байж” гэж хэлэхэд миний өөдөөс Б уурлаад “би чиний малчин юм уу” гэж хэлэхэд хажуунаас миний найз С Б-ид хандан “чи ямар чаг гар вэ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан бөгөөд энэ үед би чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд хажуунаас нь одоо хэлж мэдэхгүй байна хөл рүү хөлөөрөө нэг өшиглөсөн. ...Б гэрийнхээ гадаа байсан өөрийнхөө машиныг асаагаад хөдөлж байхаар нь би гэрийн гадаа асаалттай байсан найз С-ын машиныг унаад араас нь дагаад явсан. ...Миний хувьд гар хүрсэн зүйл огт байхгүй, харин хөлөөрөө бол одоо сайн хэлж мэдэхгүй байна. Хөл рүү нь нэг удаа өшиглөсөн юм. Мөн миний хувьд дарамталж мал нэхсэн зүйл байхгүй. Харин “тарган сайхан үхэр юм уу, адуу байвал наймаа хийе” гэж хэлсэн бөгөөд тухайн үед миний өөдөөс надад наймаа хийх мал байхгүй ээ, би өөрөө байр аваад гайгүй малаа өгчихсөн гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 97-100, 103-104/

С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд гар хүрсэн зүйл огт байхгүй бөгөөд тухайн үед би “юм хөгжсөн байгаа, утсаар хэлчихгүй яасан юм бэ” гэж цаашлуулаад чи үхэр алга болгосон бол оронд нь үхэр өг гэж хэлсэн юм. Харин найз Г-ын хувьд барьцалдаад ор руу түлхсэн бөгөөд яг цохисон эсэхийг нь би хараагүй. Мөн пизда, үхэр хэлчихгүй гэх мэтийн ууртай үед хэлдэг хүмүүсийн үгийг л хэлж байсан ...Миний найз Г иргэн Б-ийг дарамталсан зүйл огт байхгүй, хүмүүс хоорондын хэрүүлийн чанартай пизда, сонин гар вэ, утсаар хэлэхгүй гэх утгатай зүйлийг л хэлж байсан бөгөөд газрын татварын талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 93-96, 108-110/

Гэрч Д.*******ын мэдүүлэг /хх-ийн 66-70/

Гэрч Д.гийн мэдүүлэг /хх-ийн 76-80/

Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 85/

Г-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 122/

С-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 141/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123, 142/

Шийтгэх тогтоолын хуулбар, ял эдэлсэн лавлагаа /хх-ийн 124-137, 143-179, 188-197/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г, С нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ....... овогт С, ........... овогт Г нар нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “..........” гэх газарт хохирогч Б-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Бийг зодож “үхэр юм уу адуу өг, мөн газрын татвар төл” гэж дарамтлан “Гэрийн чинь тоононоос дүүжилнэ, машинаар дайрч ална, алаад нүхэнд булахад хэн ч чамайг мэдэхгүй” гэх зэргээр бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэж заналхийлсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г-ын “...миний хувьд алга болсон тугалтай үхрийнхээ талаар асууж “танай үхэр сүрэгт тугалтай үнээ ирж байхад хэл барихгүй, малчин хүн байж” гэж хэлэхэд миний өөдөөс Б уурлаад “би чиний малчин юм уу” гэж хэлэхэд хажуунаас миний найз С Б-ид хандан “чи ямар чаг гар вэ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан бөгөөд энэ үед би “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд хөл рүү нь нэг өшиглөсөн...” гэх, шүүгдэгч С-ын “...тухайн үед би юм хөгжсөн байгаа утсаар хэлчихгүй яасан юм бэ гэж цаашлуулаад чи үхэр алга болгосон бол оронд нь үхэр өг гэж хэлсэн юм. Харин найз Г-ын хувьд барьцалдаад ор руу түлхсэн бөгөөд яг цохисон эсэхийг нь би хараагүй. ...хүмүүс хоорондын хэрүүлийн чанартай пизда, сонин гар вэ, утсаар хэлэхгүй гэх утгатай зүйлийг л хэлж байсан...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б-ийн “...Г үхэр юм уу, адуу өг, мөн газрын татвар төл гэж дарамтлан гэрийн чинь тоононоос дүүжилнэ, машинаар дайрч ална, алаад нүхэнд булахад хэн ч чамайг мэдэхгүй гэх зэргээр заналхийлсэн ба би айгаад дүүгийнхээ гэр рүү машинтай зугтаахад машинтай араас хөөж дүү ******* гэрийн гадаа намайг дайрч ална гээд 2 удаа машин тойруулж машинтайгаа хөөсөн. С-ын хувьд чи хүний малыг хэрэглэсэн бол өгөх ёстой гээд заамдан гэрт над руу дайрч давшилж мөн гэрийн баруун орон дээр сууж байхад заамдан “би халхын шоронд нэг л цохидог байсан” гэж дарамталсан. Мөн намайг гэрээс гаргаад өөрийнхөө машинд суулгаад дахин үхэр юм уу, адуу өг гэж заналхийлсэн. ...манай гэрт байхдаа Г намайг газарт сууж байхад “бос” гээд хөлөөрөө миний баруун гуя руу өшиглөж орон дээр сууж байхад доод уруул руу хөлөөрөө жийж өшиглөж, гараараа толгой руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч *******, , Д.*******, , Д. нарын хууль сануулж авсан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биед хийсэн 78 тоот дүгнэлт, “” ХХК-ийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч С, Г нар нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч С, Г, тэдгээрийн өмгөөлөгч Д.Галтогтох нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.  

Шүүгдэгч С, Г нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С, Г нарыг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэвч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч С, Г нар урьд нь удаа дараа ял шийтгүүлж байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамаарагдаж байгаагүй, мөн түүнчлэн тэдгээрийн үйлдсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан ялаас өршөөн хасах, ялыг дүйцүүлэн солих эсхүл өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байхаас гадна шүүгдэгч С, Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 250,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгч С, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б-ид 250,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 85/-гаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгч нараас 250,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б-ид олгохоор шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг С, Г нарт буцаан олгох нь зүйтэй байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт С, ............. овогт Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С, Г нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С, Г нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 250,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 125,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын ..... дугаар баг, “...........” гэх газар оршин суух, Б /РД: ............../-д олгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С, Г нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын ............., ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг С, Г нарт буцаан олгосугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА