Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148         

 

 

 

 

 

 

 

 

2021 оны  08 сарын  09  өдөр                     

          2021/ШЦТ/148                            Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2021/0190

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч                                                        Ж.Батбаатар

Өсвөр насны шүүгдэгч О.Мөнхсайханы өмгөөлөгч                  С.Нарангэрэл

Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Б.Г, Н.Б Б.Х,нарын өмгөөлөгч                                                                                               Д.Ганхуяг

Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч    Х.Соёлмаа, О.Оюунтуяа, Э.Алтансувд, Ж.Лхагважав, Д.Байгал

Өсвөр насны шүүгдэгч                          Э.Б, Б.Г, Н.Б, О.М, Б.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор. Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Э.Б, Б.Г, Н.Б, О.М, Б.Х нарт холбогдох 2039003950006 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Өсвөр насны шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Өсвөр насны яллагдагч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.Мнар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах О.П хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан О.П-д 382.466 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны яллагдагч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах “Панда” *******тэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлж Д.П-д 332.480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч О.П-ын өгсөн:... 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны хооронд тээвэр үйлчилгээний цэгт хоёр удаа дараа хулгай орсон. Эхний удаа үйлчилгээний газраас маань хүнсний зүйл болон ундаа, тамхи, гоймон, талх, чихэр, бичен гэх зэрэг нийт 466.700 төгрөгний хохирол учирсан, би энэ талаараа өөрийн өргөдөл дээрээ тодорхой тусгасан байгаа  нэг бүрчлэн хэлвэл LD тамхи 2 пачик, бидний ундаа 21 ширхэг, бэлэн гоймон 5 ширхэг, хүслийн ундаа 15 ширхэг, модтой чихэр 1 уут, шоколадтай чупс 1 уут, Рулет 4 уут, ченж эссэ 1 пачик, энгийн эссэ 1 пачик, ALPEN GOLD шоколад 6 ширхэг, SHOKO үрэл 6 ширхэг, Герман үрэл 6 ширхэг, хонины мах 3кг, фабрика том 5 ширхэг,snickers 5 ширхэг, блок шоколад 5 ширхэг,1 боодол бохь гээд нийт үнийн дүнгээр нь бодоход 466.700 төгрөгний хохирол гарсан. Дараагийн удаа нь 2020 оны 08 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө дахин орж хулгай хийхийг завдсан байсан. Харин энэ үед би Улаанбаатар хот ажлаар явах болоод үйлчилгээний газартаа байсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн гэртээ оруулан орхисон байсан болохоор дотогшоо орсон ч дотроос нь хулгайд алдагдах зүйл байхгүй байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 18-19 хуу/

            Гэрч  Б.Баярцэцэгийн өгсөн:...Би хүргэн ах буюу Баярбатынд 2020 оны 07 дугаар сарын сүүлээр гэрт нь байж байхад манай хүргэн ахын хүү Г-ийг  сураад түүний найз Б, Б нар нь гэрээр ирсэн, тэгж ирэхдээ гурван ширхэг бэлэн хоол, бидний ундаа зэргийг үлдээгээд буцаад ирнэ гээд явсан.Тэгээд орой нь манай дүү Г, Б, Б ирсэн харин араас нь ганцаараа Х нь ирсэн. Тэгээд эд нар хоол унд хийж идэж дуусаад  Б нь  халааснаасаа блок *******тэй шоколад  1 манай дүү Сайндэлгэрт өгч байсан. Тухайн үед Сайндэлгэр нь  та хаанаас авсан юм бэ гэж асуухад Б ах нь угаасаа баян шүү дээ ахад нь ахиад зөндөө байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би дэлгүүртэй айлын хүүхэд юм байна гэж бодож байсан тухайн үед. Харин сүүлд  сонсоход энэ хүүхдүүд  нийлээд айлын дэлгүүрт орж хулгай хийсэн гэж сонссон...гэх мэдүүлэг/ хх-ийн 58 хуу/

            Гэрч Ж.Лхагважавын өгсөн:... Манай хүү  М  нь миний хамгийн том хүү маань юм. доороо бага насны 3 дүүтэй. Манай хүү М зан байдлын хувьд төлөв даруу, өрөвч уян зөөлөн зантай, хүнтэй нийтэч элэн далангүй, багаар ажиллах чадвартай, хүний үг даадаг даалгасан ажлыг цаг тухайд нь хийдэг хүүхэд, мөн Норовлин сумаа төлөөлөн Батширээт суманд  2019 онд Ёохор Хатар тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж байсан сум аймаг Улаанбаатар  хотод болдог  бага хэмжээний урлагийн  наадам  тэмцээнд  сургуулиа төлөөлж  байнга  оролцож амжилт гаргаж байсан. Хичээл сурлагаараа ангидаа тэргүүлэн хамт олны хувьд ******* хүндтэй байдаг. Тэр үед  манай хүү М нь гэртэй ганцаараа байдаг байсан. Манай гэрийнхэн Улаанбаатар хотод хүний бие үзүүлээд гэмтлийн эмнэлгээр  10 гаран хоног явсан тэр хооронд  М нь гэртээ ганцаараа байсан....гэх мэдүүлэг/ хх-ийн 60  хуу/

            Гэрч О.Оюунтуяагийн өгсөн:....Манай хүү Г нь миний хамгийн том хүү маань доороо 1 дүүтэй. Манай хүү Г зан байдлын хувьд  төлөв даруу, өрөвч уян зөөлөн зантай, хүнтэй нийтэч илэн  далангүй, хүний үг даадаг даалгасан ажлыг цаг тухайд нь хийдэг хүүхэд. Манай хүү Г бага байхаасаа үндэсний бөх болон жудо бөхөөр  хичээллэдэг. 2018, 2019 онд Хэнтий аймгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн тэмцээнд оролцон хүрэл медаль, мөнгө медаль авч байсан. Мөн сумын сургуулиас зохион байгуулсан үндэсний бөх  болон жудо бөхийн тэмцээнд оролцон тогтмол  тэргүүн байр эзэлдэг. Хичээл сурлагаараа ангидаа бусдыгаа уриалж манлайлан суралцдаг.. Манай хүү Г нь өөрийн  дүүтэйгээ хоёулаа байдаг байсан. Нөхөр бид хоёр зуны гурван сардаа хөдөө нөхөрлөл дээрээ ажилладаг манай хүү Г дүү гэрээ хараад л гэртэй үлддэг... гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуу/

           

Хэргийн газрын  үзлэг  хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд  /хх-ийн 8-9 хуу /

Хохирогч О.П-ын  хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээг 382.466 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вэндо ХХК-ийн  шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20-31 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83 хуу/

 

            О.М-ы яллагдагчаар  өгсөн:... Би 2020 оны 07 дугаар сарын сүүлээр байх би одоо яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна. Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн төвд байх сагсны талбай дээр  сагсан бөмбөг тоглохоор  очиход манай ангийн хүүхдүүд болох Б.Х, Н.Б, Э.Б, Б.Г нар сагс тоглоод байж байсан. Тэгээд бид нийлж сагс тоглож байгаад Г-ний гэрт очиж гар утсаар тоглодог”PUBG” гэдэг тоглоом тоглохоор болоод Г гэр лүү явцгаасан. Ингээд Г  гэрт очиход гэрт нь хүн байгаагүй. Ингээд бид Г-д очиход  оройн 21-22 цаг болж байсан. Ингээд бид  нилээн удаа тоглосон. Тэгсэн Б, Б хоёр “гараандаа гарцгаая” гэж хоорондоо ярьж байсан. Би тэр яриаг нь ойлгоогүй учир “Хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад Б нь “Чи мэдээд хэрэггүй ээ, яахав чамайг аваад явбал явъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би элдэв юм бодолгүй тэднийг дагаад явсан. Тэгсэн тэд Г гэрээс гарч урд зүгт явж байгаад П эгчийн гэрийн хашааны гадаа ирсэн. Тэгсэн Б, Г нь  энд л тавьсан даа гээд газраар  юм хайгааад нэг алх олсон. Тэгээд ийшээ орцгооё гээд  Пүрэвдулам эгчийн хашааны хойд талын  хашааны онгорхой хаалгаар  нь Н.Б, Э.Б, Б. бид  4 орж  П эгчийн хашааны хойд талын хашаагаар дамжиж П эгчийн хашааг давж орсон. Харин Х хашааны гадна үлдсэн. Б,Б  2 дэлгүүрийн хаалгыг цоожилсон цоожийг онгойлгох гээд байгаа бололтой алхаар хөшиж байсан. Ингээд хаалганы цоожийг хөшиж онгойлгоод дэлгүүр лүү Б түрүүлж орсон, араас нь Б, тэгээд Г бид 2 ардаас нь ороход  Б, Б 2 цүнхэнд дэлгүүрийн лангууны доороос  юм авч цүнхэндээ хийгээд байсан. Би тухайн үед айсандаа хөдөлж чадаагүй.  Тэгээд тэр хэдийг явцгаая гэхэд нь дагаад гарсан. Ингээд бид буцаж Г  гэрт очиод Б Б нарыг цүнхэнд хийсэн зүйлийг гаргахад тамхи, бидний ундаа, шоколад,чипс, жижиг модон чихэрнүүд байсан. Ингээд бид хувааж идсэн. Ингээд би маргааш өглөө нь гэгээ орохоор гэр лүү явсан. Намайг явахад дэлгүүрээс авсан зүйлүүд үлдсэн.... Анх бол хаашаа яахаа яваа болон хулгай хийх гэж байна гэдгийг мэдээгүй, харин П эгчийн хашааны гадаа ирээд л хулгай хийх гэж байна гэж мэдсэн...гэх мэдүүлэ/ хх-ийн  105-106хуу/

            Н.Б яллагдагчаар өгсөн:... гар утсаараа тоглож байтал Б “За гараандаа гарцгаая” гэхээр нь би юу гэсэн үгюм бэ гэхэд П эгчийн дэлгүүр лүү нууцаар орж  юм хулгайлъя гэсэн. Ингээд гар утсаараа тоглохоо болиод бүгд П эгчийн  дэлгүүр лүү хамт явахаар болоод  гэрээс нь гарцгаасан. Ингээд Г гэрээс гараад ертөнцийн зүгээр  урд зүгт явж П эгчийн хашааны гадаа ирсэн. Тэгсэн Б бүгдэд нь хандаж нарийхан төмөр олоорой гэж хэлээд газраар болон  хашааны ёроолоор төмөр хайсан боловч олоогүй, ингээд бид П эгчийн хойд талын  хашаагаар дамжиж П эгчийн хашааны хойд хэсгээр хашаа давж ороход хашааны гадаа Х цагаан цамцтай явж байгаа болохоор  харагдчих байх гээд үлдсэн. Ингээд бид хэд хашааны урд хэсэгт байх 1 давхар дэлгүүрийн хойд хаалга дээр ирэхэд Б нь  уг хаалгыг цоожилсон цоожийг нь  эвдэж онгойлгосон. Тухайн үед би Б-ыг хаалганы цоожийг юугаар яаж онгойлгосон эсэхийг  анзаараагүй. Ингээд хаалгыг онгойлгож  Б нь дотогшоо камер эргүүлнэ гээд түрүүлээд орсон. Харин араас нь Г, М, бид 3 орсон. Ингээд дэлгүүр дотор ороод Г бэлтгэлийн хувцасаа хийдэг хар өнгийн нэг үүргэвчтэй хар цүнхэнд дэлгүүрийн бараанаас  бид авч хийцгээсэн. Миний хувьд ундаа, чипс, самар,  тамхи зэргийг авч хийсэн. Харин тэр хэдийг юу авч хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Ингээд бид буцаж гараад шууд Г-ний  гэрт ирсэн. Ингээд Г гэрт орж ирээд П эгчийн дэлгүүрээс авсан зүйлсээ цүнхнээс  гаргаж үзэхэд ундаа, чипс, самар, том жижиг хэмжээтэй печенүүд, тамхи, шоколад, үрэл, бохь зэрэг нь  төрөл төрлөөр  байсан. Ингээд   уг өдөр нь  авчирсан зүйлсээсээ идэж байгаад үлдсэнийг нь Г-ний гэрт үлдээсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн  112-113 хуу/

            Б.Г-ний яллагдагчаар өгсөн:... бид манай гэрт ороод PUBG тоглож эхэлсэн. Бид тухайн үед нилээн удаан тоглосон. Тэгсэн тэр үед Б нь “Гараандаа гарах уу” гэсэн. Би ч тухайн үед Б-ыг юу ярьж байгааг ойлгоогүй.  Ингээд бүгд утсаараа тоглохоо болиод манайхаас гарцгаах болсон. Тэгээд гэрээс гараад урд чигт явж байгаад П эгчийн дэлгүүр  зүүн талд хашааны  гадаа ирж зогссон. Тэгсэн Б, Б 2 газраас юм хайгаад  байгаа бололтой байсан, тэгэхээр нь  би юу хайгаад байгаа юм бэ гэхэд Б нь алх хайж байна гэж хэлсэн. Ингээд Б алхаа олоод “За оръё” гээд П эгчийн  хойд талын хашаагаар дамжин орж  П эгчийн  хашааны хойд хэсгээр хашаа давж ороод   урд хэсэгт байх  1 давхар дэлгүүрийнх  нь хойд хаалга дээр нь ирсэн. Харин Х цагаан цамцтай юм чинь харагдчих байх, би энд байж байя гээд үлдсэн. Ингээд Б нь П эгчийн дэлгүүрийн хойд талын  хаалганы цоожийг алхаараа хөшиж эвдээд түрүүлж дотогшоо орсон. Ингээд дэлгүүрт ороод  Б  үүрч явж байсан  цүнхэнд  Б, Б 2  лангуун дээрээс болон  доороос нь юм авч хийгээд байсан. Харин М бид 2  хараад зогсож байсан...Анх бол би яах гэж явж байгаагаа мэдээгүй, харин П эгчийн гадаа очоод дэлгүүрийн хаалганы цоожийг эвдээд  дотогш  орохдоо л буруу зүйл хийж байна гэдгээ ойлгож мэдсэн. Надад ямар нэгэн зорилго байхгүй ,найзуудыгаа дагаад л хамт явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуу/

            Б.Х-ын яллагдагчаар өгсөн:...Тэгтэл Б нь Б-д хандаж “Энэ 2-ыг гараандаа аваад гаръя” гэж хэлэхэд тэгье гарцгаая гэсэн. Би тухайн үед юу хэлж ярьж юу хийх гэж байгааг ойлгоогүй учир Б, Б 2-оос  хаачих гэж байгаа юм, яах гэж  байгаа юм гэж асуухад Б нь очиод хар аа гэж хэлсэн. Ингээд бид нийлээд Г-ий гэрээс гарч урд зүгт явж байгад П эгчийн хашааны  зүүн талд ирэхэд Б газраар  юм хайгаад  байгаа бололтой байсан. Тэгээд  газраас алх олоод дотогшоо буюу П эгчийн  хашаа руу орцгоох болсон. Тэгэхээр  нь би  ямар нэгэн  буруу зүйл  хийх гэж байна гэдгийг  мэдсэн. Би тухайн үед цагаан цамцтай  явж байсан болохоор  хүнд харагдчих  байх гэж бодоод айгаад  тэд нартай хамт ороогүй  хашааны гадаа нь үлдчихсэн юм. Харин тэд П эгчийн хашааны хойд талын хашаагаар  дамжиж орсон. Би тэднийг  П эгчийн хашаанд ороод хаанаас юу авч  ирсэн эсэхийг мэдэхгүй, тэд  удалгүй гарч ирээд  явцгаая гэж  хэлээд гүйхэд нь би Г-нээс  яасан юм андаа гэхэд  гэрт очиж байгаад  хэлье гээд гүйгээд явсан. Ингээд Г-ний гэрт ирэхэд Г үүрч  явж байсан үүргэвчнээсээ чихэр, бохь, ундаа, тамхи зэргийг гаргаж ирсэн. Тэгэхээр нь  би П  эгчийн дэлгүүрээс хулгай хийж авсан байна  гэдгийг мэдсэн. Ингээд л би тэд хамт авчирсан амттай зүйлсийг нь идсэн... Найзуудтайгаа нийлээд л амттай юм идмээр  санагдаад тэгээд л  найзуудтайгаа  хамт явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 хуу/

            Э.Б-ын яллагдагчаар өгсөн:... манай найз Б хэдүүлээ нийлээд гараандаа  гарах уу гэж асуусан, М, Х, Г гурав юу хэлж  байгааг нь ойлгоогүй, М нь гараанд  гаръя гэж   байгаа нь юу  гэж байгаа юм бэ гэхэд Б та хэд очоод   хар гэж хэлсэн, М, Х , Г гурав хулгай  хийх гэж байгааг нь  мэдээгүй гараад явсан, бид нар урагшаа явж байгаад П гэх айлын дэлгүүрийн гадаа ирсэн, Б, Г бид гурав дэлгүүрийн хашаа даваад орсон, бид хэдийн араас удалгүй М хашаа даваад ороод ирсэн, харин Х хашааны гадна талд суугаад үлдсэн,  Х-ыг оръё гэж хэлэхэд  яах юм яах юм  гээд хашааны гадна талд үлдсэн. Тэгээд бид дөрөв  П эгчийн дэлгүүрийн хаалганы дэргэд ирээд цоожийг эвдэн дэлгүүр лүү  бид  4 ар араасаа цувраад орсон, дэлгүүр дотор ороод  Г-ий үүрч  явсан хар өнгийн  цүнхэн дотор  дэлгүүрийн бараанаас  бүгдээрээ хийсэн, тэгээд цүнхэнд  хүнсний бараа хийгээд бүгд дэлгүүрээс  орж ирсэн дэлгүүрийн хаалгаар гарсан, тэгээд гарахдаа Б дэлгүүрийн цоожийг зүүгээд орхисон, тэгээд бид нар шууд  Г-ний гэрт очсон, тэгээд дэлгүүрээс  авсан юмаа үзэхэд цүнхэн дотор  1 парчик эссэ тамхи, 3 ширхэг бидний ундаа,  3 ширхэг шоколад,  1 боодол бохь, чипс болон чихэрнүүд байсан, бид нар 1 ундаа,1 шоколад, 1 бохийг нь задалж идэцгээсэн, бусдыг нь Г шүүгээ рүүгээ хийж байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн  133-134 хуу/

            Хохирогч Д.П-гийн өгсөн:...Манай дэлгүүрт 2020 оны 08 дугаар сарын 03-наас 08 хооронд хулгай орж эд зүйл хулгайд алдагдсан. Тухайн үед манай дэлгүүрийн гадна талын буюу хойд талын цонхны хамгаалалт төмрийг гадагш татаж хуйлаад дотор талын порчикоор нь орж хулгай хийсэн байсан. Ингэж орохдоо  манай шилэн лангууг хагалж орсон байсан. Дэлгүүр дотроос маань хулгайд алдагдсан зүйл бол талх, гурилан боов, бэлэн гоймон, ундаа, тамхи, чихэр,чипс, шоколад , бохь, компад  гэх мэт  ******* төрлийн бараанаас тус бүр нэлээн хэд алга болсон байсан. Би нэг бүрчлэн гаргасан дэвтрээсээ харахгүй бол одоо яг хичнээн төрлийн бараа бүтээгдэхүүн алга болсон талаар сайн санахгүй байна, алга болсон барааны үнийн дүнгээ бодож үзэхэд нийт үнэ нь 550.000 мянган төгрөгний бараа хулгайд алдагдсан байсан. Манай  дэлгүүрээс өөр ******* төрлийн бараа бүтээгдэхүүн алга болоогүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  159-160 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд /хх-ийн 8-9, 140-141 хуу/

Хохирогч Д.П-гийн  хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээг 332.480 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вэндо ХХК-ийн  шинжээчийн 2020 оны 12 дугаар  сарын 09-ний өдрийн 20-32 дугаартай дүгнэлт /хх-ийн 193-196 хуу/

 

            Н.Б--ний яллагдагчаар өгсөн:... Намайг гэртээ ганцаараа  байж байхад  найзууд болох Б-, Х 2 нь өдөр 13 цагийн үед ирсэн юм. Ингээд бид хэд  манай гэрт PUBG  гэдэг гар утсаар тоглодог тоглоомоор өөр өөрсдийнхөө  гар утсаар тоглож эхэлсэн. Ингээд бид 3 тоглож  байгаад  20 цагийн үед  найз Г-ийг хамт тоглоё гэж гэртээ дуудсан. Ингээд Г ирж бид 4 хамт тоглож байтал 23 цагийн үед  Б “гараандаа  гарах уу гэхэд  Г  “Одоо болих юм биш үү” гэхэд  Б “Юун сүртэй  юм бэ, гаръя” гэхээр нь бид  хэд зөвшөөрөөд гарцгаасан. Ингээд  манай гэрээс гарч урд зүгт яваад  П эгчийн дэлгүүр буюу “Панда” гэх *******тэй дэлгүүрийн   баруун хойд талаас  нь очоод би  тэд  нарт би дотогшоо орохгүй, харин гэрээс нь хүн гарч ирэх эсэхийг хараад зогсож байя гээд хашааны нүүрэн хэсэгт  байх цэнхэр хаалганы дэргэд хүн хараад зогссон. Харин Г, Х, Б  нар нь дэлгүүрийн нүүрэн талд байх  вакум цонхны сараалж  төмрийг аваад Х,  Б 2 дотогшоо  орцгоосон. Харин гадна нь  Г үлдсэн. Ингээд тэр удалгүй  орсон цонхоороо цагаан  өнгийн торонд  юм хийж гаргаж өгсөн. Тэр нийт  6-7  уутанд  юм хийгээд  гаргасан. Ингээд бид шууд буцаж  манай гэрт ирсэн. Тэгсэн уут  нь дотор ундаа, гурилан боов, гоймон, бохь, шоколад,  самар,  талх, тамхи, зэрэг  зүйлсүүд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 215-216 хуу/

            Б.Г-ний яллагдагчаар өгсөн:... Б над руу залгаад “Гараад ир ээ Х, Б бид 3 уулзаад  байж байна , хэдүүлээ гараандаа гаръя” гэхээр нь би “Үгүй ээ би явахгүй” гэхэд “За сүртэй шүү дээ гараад ир ээ” гээд шалаад байхаар нь би “За сүүлийн удаа шүү” гээд гэрээсээ  тэдний байгаа  газарт буюу Б-ний  гэрт очсон. Намайг очиход цаг оройн 22 цаг өнгөрч байсан. Ингээд бид  Б-ний гэрээс  гараад урагшаа явахад нь Пү-  эгчийн дэлгүүр лүү  дахин явах гэж байгаа юм байх гэж бодсон чинь тэдний дэлгүүрээс нааш байдаг  Панда гэх  дэлгүүрийн гадаа очсон. Тэгэхээр нь би ийшээ орох гэж байгаа юмуу тэгвэл би явлаа гэхэд  зүгээрээ чи гадаа нь байж бай гээд Б, Х- 2 цонхны  сараалжин   төмрийг салгах гээд татаад байсан. Харин энэ үед  Б бид 2 хараад  зогсож байсан. Тэгсэн Б намайг таталцаад  өг гэхээр нь би цонхны сараалжнаас таталцаж  өгөөд салгасан. Тэгсэн  энэ үеэр Баяр-Эрдэнэ  яваад хашааны хаалганы дэргэд  очоод зогсож байсан. Ингээд дэлгүүрийн вакум  цонхын жижиг  салхивчийг нь Б нь гараараа тогшиж байгаад  онгойлгоод дотогшоо  Х-ын  хамтаар орсон. Ингээд тэр 2 дотроос цагаан уутанд юм хийгээд гаргаж өгөхөд  нь би гаднаас нь хүлээж авсан. Ингээд  тэр дэлгүүрээс  бид  7-8 ууттай  зүйл аваад  Б-ний  гэрт буцаж очсон...гэх мэдүүлэг /хх-гийн 221-222 хуу/

             Б.Х-ын яллагдагчаар өгсөн:.. оройн 19 цагийн  үед Г  ирсэн. Ингээд Г-нийг ирэхэд нь хамт жаахан гар  утсаараа тоглож байгаад  харанхуй болох үед нь гадагшаа гарч Панда гэх дэлгүүрийг  ухъя  гэж Б-ыг  хэлэхэд нь  бүгд дэмжиж  хамт ухахаар болсон. Ингээд  бид Г-ний  гэрээс гарч Панда гэдэг дэлгүүр лүү очоод Б, Г 2 цонхны  торыг хуулж  татаж унагасан. Тэгээд цонхны  салхивчийг  гараараа түлхэж онгойлгоод  дотогшоо жижиг биетэйгээрээ  би Б-ын хамтаар орсон. Ингээд Б  бид 2 дэлгүүрээс  амттай идэж уух зүйлсийг авч торонд хийж цонхоор  гаргасан. Би тухайн үед яарч сандарч  авсан болохоор юу  авснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан 7-8 ууттай зүйл гаргаж өгөөд  дэлгүүрийн цонхоор буцаж гараад  Б-ний  гэрт эргэж ирсэн. Тэгээд мөн л  авчирсан  амттай зүйлсээ  идэж хэрэглэсэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 227-228 хуу/

             Э.Б-ын яллагдагчаар өгсөн:... бид дөрөв талийгаач Н ахын дэлгүүрийг ухахаар болоод буцаад талийгаач  Н  ахын “Панда” дэлгүүр лүү очоод Х бид хоёр дэлгүүрийн хойд  талын цонхны хамгаалалт төмрийг нь татаад дийлэхгүй байхаар нь  Г-ийг  дуудан  гурвуулаа нийлээд  цонхын төмрийг татахад  цонхны  тор нь хуулараад  доошлуулсан, тэгээд Б хашааны хойд талд хүн хараад  зогсож байсан, Г дэлгүүрийн цонхны хажууд  мөн зогсож байсан, тэгээд  Х бид  хоёр  дэлгүүрийн цонхны порчикоор нь дотогшоо орсон, хамгийн түрүүнд Х ороод араас нь би орсон, тэгээд бид хоёр дэлгүүр дотор  ороод 3-4 ширхэг түмний ундаа, 7 ширхэг бидний ундаа, 4 ширхэг дэвтээдэг гоймон, 6-7 ширхэг  чанадаг гоймон, 1 боодол  бохь, 7-8 хайрцаг тамхи, 2 ширхэг систа самар, 2 ширхэг напелон аваад эдгээр зүйлээ бүгдийг нь цагаан өнгийн гялгар уутанд хийгээд дэлгүүрийн  порчикоор Г-д гарган өгсөн... гэх мэдүүлэг/ хх-ийн  233-234 хуу/

 

            О.М-ны  иргэний үнэмлэхний лавлагаа /2-хх-ийн 17 хуу/

О.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-ийн  18 хуу/

            О.М-ны хувийн байдал, сурлагын болон спортын амжилтуудтай холбоотой өргөмжлөл, сурагчийн хувийн хэргийн хуулбар, бусад баримтууд /2-хх-ийн 34-47 хуу/

            Б.Х-ын төрсний гэрчилгээний хуулбар / 2 хх-ийн 8 хуу/

Б.Х эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-ийн  51 хуу/

.           Б.Х-ын хувийн байдал, сурлагын болон спортын амжилтуудтай холбоотой өргөмжлөл, сурагчийн хувийн хэргийн хуулбар, бусад баримтууд /2-хх-ийн 58-71 хуу/

            Н.Б нийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-хх-ийн 73 хуу/

Н.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-ийн  75 хуу/

            Н.Б-ний хувийн байдал, сурлагын болон спортын амжилтуудтай холбоотой өргөмжлөл, сурагчийн хувийн хэргийн хуулбар, бусад баримтууд /2-хх-ийн 83-100 хуу/

            Б.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-хх-ийн 102 хуу/

Б.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-ийн  104 хуу/

            Б.Г-ийнхувийн байдал, сурлагын болон спортын амжилтуудтай холбоотой өргөмжлөл, сурагчийн хувийн хэргийн хуулбар, бусад баримтууд /2-хх-ийн 108-126 хуу/

            Э.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /2-хх-ийн 128 хуу/

Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-ийн  129 хуу/

Хохирогч О.П-ын  гаргасан “хохирол барагдуулсан тул гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт / хх-ийн 144 хуу/

 Хохирогч Д.П-ийн  гаргасан “хохирол барагдуулсан тул гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт / хх-ийн 146 хуу/

Хохирогч О.П-ын ХААН банкин дахь дансанд  770.000 төгрөг шилжүүлсэн, хохирогч Д.П-гийн ХААН банкин дахь дансанд 555.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд /2 хх-ийн 145, 147 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-хх-ийн 153-159 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд  өсвөр  насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах хүнсний дэлгүүрийн цоожийг эвдлэн нэвтэрч ундаа, бэлэн гоймон, шоколад,  пичень, чихэр, бохь, гурилан боов, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч О.П-д 382.466 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 03-08-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах “Панда” *******тэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч  буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч ундаа, бэлэн гоймон, шоколад,  пичень, чихэр, бохь, гурилан боов, тамхи, лаазалсан жимс, загас, элэгний нухаш  зэрэг эд зүйлсийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч Д.П-д 332.480 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

           

Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч О.П, Д.П, гэрч нарын нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч  нар болон тэдний өмгөөлөгч  нь  гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд эд зүйл алдагдсан байшин нь хүнсний дэлгүүрийн зориулалтаар ашиглагдаж байсан,  өсвөр насны шүүгдэгч нар нь уг  байшинд хаалганы цоожийг нь эвдэх, цонхны хамгаалалт торыг нь хуулж цонхоор нь орох зэргээр нэвтэрсэн болох нь тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М  нарын үйлдлийг  хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Б Н.Б, Б.Г, Б.Х, О.М  нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Д.П, О.П нар  нь  “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тодорхойлолт гаргасан байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч нь өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х нарт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч О.М-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгч  нарын өмгөөлөгч нар нь ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох дүгнэлт тус тус гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч Н.Б нь 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн,  Б.Г нь 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн,  Б.Х нь 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, О.М нь 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох нь тэдний иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрээгүй байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Харин Э.Б-ын хувьд 2003 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн болох нь иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн,  шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 18 нас хүрсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан байх бөгөөд Э.Б-ын хувьд шийтгэх тогтоол гарах үед 18 нас 6 хоногтой байгааг харгалзан түүнд мөн Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х  нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан өсвөр насны шүүгдэгч Б.Г, Б.Х, Н.Б нарт  тус тус 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,  О.М-д  2 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Б-д 2 жил 2 сарын хугацаагаар хорих  ял оногдуулах нь  зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцсон болох нь тогтоогдож байх тул тэднийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Э.Б Н.Б, Б.Г, Б.Х, О.М нарт оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч Э.Б-ын эдлэх ялыг 1 жил 1 сар,  Н.Б, Б.Г, Б.Х нарын эдлэх ялыг 1 жил 15 хоног, О.М-ны эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан шүүгдэгч нар нь 2020 оны 08 дугаар сард үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж байгаагүй болох нь тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байх тул тэднийг Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулах үндэслэлтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.Мнарт оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Б, Х, Б,Г М нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад  заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар өсвөр насны шүүгдэгч О.М-ыг  2 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Г, Б.Х, Н.Б нарыг  2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,  Э.Б-г 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 8.5  дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Б-, Б.Г, Б.Х, О.М, Э.Б нарт оногдуулсан хорих  ялыг 2 дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Э.Б-ын эдлэх ялыг 1 жил 1 сар,  Н.Б, Б.Г, Б.Х нарын эдлэх ялыг 1 жил 15 хоног, О.Мөнхсайханы эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4.Өсвөр насны шүүгдэгч  Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М  нарт оногдуулсан хорих  ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М  нарт оногдуулсан хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хорих ялыг тус тус  өршөөн хассугай.

  1.  Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М  нарт оногдуусан  хорих ялаас  2 жилийн хорих ялыг  өршөөн хасахад  эдлэх хорих ял үлдэхгүй байгаа болохыг  дурдсугай.

 

7. Өсвөр насны шүүгдэгч Э.Б Н.Б, Б.Г, Б.Х, О.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Б, Н.Б, Б.Г, Б.Х, О.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ