Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141                 

 

                                                                                                    

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 27  өдөр                                2021/ШЦТ/141                        Хэрлэн сум

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0....

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч                                         Ж.Баянжаргал

Шүүгдэгч                                                Л.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                        С.Нарангэрэл

Шүүгдэгч                                                А.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                П.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч             Б.Төгсбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар  хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс   Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О, А.Б, П.Э нарт холбогдох 2039001820146 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Б нь П.Э, Л.О нартай бүлэглэж Улсын тусгай хамгаалалттай буюу тус аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Хөтөлжийн боон” гэх газар 2019 оны 08 дугаар сарын 20-ны орчим 7.62х39 мм калибрын сайга-м3 загварын хагас автомат карабин буугаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д багтсан ховор амьтан буюу хүрэн баавгай /Ursus arctos/-г эм/ хууль бусаар агнаж “ан амьтны экологи-эдийн засагт” 7.500.000 төгрөгний хохирол учруулсан,

 

Яллагдагч П.Э нь А.Б, Л.О нартай бүлэглэн Улсын тусгай хамгаалалттай буюу тус аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Хөтөлжийн боон” гэх газар 2019 оны 08 дугаар сарын 20-ний үеэр 7.62х39 мм калибрын сайга-м3 загварын хагас автомат карабин буугаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д багтсан ховор амьтан буюу хүрэн баавгай /Ursus arctos/-г эм, хууль бусаар агнаж “ан амьтны экологи-эдийн засагт” 7.500.000  төгрөгний хохирол учруулсан тухайн баавгайг мотоциклиор хөөж, буудахад жолоочийн үүрэг гүйцэтгэсэн, мөн тухайн баавгайг ажиллаж төхөөрсөн,

Яллагдагч Л.О нь А.Б, П.Э нартай бүлэглэн Улсын тусгай хамгаалалттай буюу тус аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Хөтөлжийн боон” гэх газар 2019 оны 08 дугаар сарын 20-ний үеэр 7.62х39 мм калибрын сайга-м3 загварын хагас автомат карабин буугаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д багтсан ховор амьтан буюу хүрэн баавгай /Ursus arctos/-г эм, хууль бусаар агнаж “ан амьтны экологи-эдийн засагт” 7.500.000 / төгрөгний хохирол учруулсан гэх хэрэгт А.Б, П.Энарыг баавгай явж байна, бушуухан буудаарай гэж хэлэн бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Л.О, А.Б, П.Э нар нь: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Х.Б-ын өгсөн:.. Монгол Улсын тусгай хамгаалттай  газрын  А хэсгийн хязгаарлалтын бүс нутаг юм. 2019 онд баавгай хаа сайгүй элбэг байсан. Нэн ховор  улаан номод  орсон  амьтан  учраас  түүнийг алах  нь хууль бус бөгөөд  байгаль экологид их  хохирол учруулж  байгаа явдал юм.  Нэн ховор хүрэн баавгайн  байгаль экологи эдийн  засгийн үнэлгээ  нь эр  баавгай 6.500.000 төгрөг, эм баавгай 7.500.000 төгрөг тус тус  үнэлгээтэй  байдаг  бөгөөд  агнасан  тохиолдолд  хохирлыг  хоёр дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний  төгрөгөөр  торгодог. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу  тогтоогдсон  хохирлыг  нөхөн төлүүлэхийг  нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/

Гэрч А.Отгонбаатарын  өгсөн:...Би Б ахын малыг харахаар очиход Б ах  болон цуг  амьдардаг О хоёр хоорондоо  баавгайн  тухай яриад  байсан ямар  учиртай баавгай   болохыг  би мэдээгүй. Намайг  Б ахын  мал дээр очихын  өмнө болсон асуудал юм  шиг байсан, намайг очиход  бол ямар ч баавгай  байгаагүй, харин энэ  хоёр хоорондоо  баавгай  алсан талаар  ярьж  байхдаа  махыг  нь идсэн  бусад юмыг нь /эд эрхтэн/ сумын  төв рүү  оруулсан  талаараа   ярьж  байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

Гэрч Ц.Баяраагийн өгсөн:...Би 2019 оны 08 дугаар сарын  сүүл 9 сарын  эхэн үед яг  хэдний өдөр гэдгийг  сайн санахгүй байна....Энэ хугацаандаа тэнд хадлан  хадаж  байсан  А.Б, Л.О нарын  хадлан дээр  очиж  нэг хоносон.  Б О  нарын хадлан дээр  очиход  энэ хоёроос гадна  хоёр хүн байсан... Б, О  нарын байсан  модон амбаар  дотор  ороход  мах тавьсан модон нааран дээр  нь эвдэж янзлаад  махыг нь авсан  баавгайн  мах байсан. Би тэр  махыг  хараад  өөрөө  баавгайн мах байна гэдгийг  нь мэдсэн,  мөн  Б О  нар энэ баавгайн мах  гэдгийг хэлсэн.  Би  тэр оройдоо баавгай мах ямар байдгийг  сонирхож  үзэх гээд  шарж идсэн. Эх******* бид хоёр маргааш нь явахдаа   бага зэрэг  мах гялгар уутанд хийж  авч явсан... миний харсан багцаагаар бол шүдлэн  баавгай  байх шиг  байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 хуу/

Гэрч Д.Алтанцэцэгийн өгсөн:... Нөхөр бид хоёр жимс түүнгээ  О, Б нарын хадлан дээгүүр очсон юм.  Бид хоёрыг очиход Б, О нартай  өөр  танихгүй эрэгтэй, эмэгтэй  хоёр хүн  байсан... нөхөр бид хоёрыг очиход  Оюунтуяа  Батмөнх нар хуушуур  өгсөн юм, бид хоёр тухайн үед юуны махаар хийсэн хуушуур  гэдгийг мэдээгүй идсэн.  Хуушуураа идэж  дуусаад  байхад О бид хоёроос  юуны махаар хийсэн хуушуур байна гэж  асууж  байсан нөхөр  бид хоёр мэдэхгүй  идсэн болохоор  юуны мах  юм гэж  асуухад  баавгайн мах  гэж хэлж байсан. Нөхөр бид хоёрыг очиход   баавгайн мах О, Б хоёрын байсан амбаар  дотор байсан.  Бид хоёр орой болсон хойно сонирхож үзье гэж бодоод  багаар шарж  идэж үзсэн. Маргааш өглөө нь нөхөр бид хоёрыг явахад  2 кг  орчим мах  уутанд хийгээд  өгсөнийг нөхөр  бид хоёр  жимсэнд явж байх хугацаандаа   хоол хийж идээд   дуусгасан...Манай нөхөр махыг нь хараад баавгайн мах мөн байна гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

Гэрч Г.Мөнгөнбүүвэйгийн өгсөн:.. 2019 оны  08 дугаар  сард  манай ээжтэй  хамтран  амьдарч  байгаа  Б  ах буудаж алсан. Тухайн  үед манай  гэрийнхэн  Хэнтий аймгийн   Дадал сумын  Балж багийн  нутагт  хадланд гарсан юм аа. Би  тухайн үед  гэртээ үлдсэн. Манай  хэдийг  хадлангаа хадаад байж байтал  урд  бургасан  дотроос  гэнэт баавгай  гараад  гүйсэн  гэсэн. Тэгтэл манай малчин  Э  мотоциклоо  жолоодоод  Б ард нь  буутай  суугаад хөөж  байгаад  буудаж  алсан  гэсэн.  Энэ явдлыг  тухайн үед  манай малчин  Э надад  бүгдийг  хэлсэн юм. Бяруунаас  арай том баавгай  байсан гэж  хэлсэн. Тэгээд манай  Биндэр  суманд  байх гэрт тухайн  баавгайны толгой,  саварыг Б  авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуу/

Яллагдагч П.Э-ын  өгсөн... 2019 оны  08 дугаар сарын сүүлээр  байх  яг  хэдний өдөр  гэдгийг санахгүй байна,  тухайн үед  би Хэнтий  аймагт  ээжийндээ байж байхад  Биндэр  суманд байдаг  миний танил эгч О  над руу   залгаад  эгч нь  хадлангаа татах  гээд чи  эгчдээ  ирээд туслаад  өгөөч гэж  гуйсан. Тэгээд би  хадлангийнх нь  ажилд туслахаар  Биндэр  суманд  ирэхэд О эгчийн  хамтран амьдрагч  Б  гэх залуу  намайг  тосож  авсан. Тэр үед   миний үерхэж байсан  Алтанцэцэг  гэх эмэгтэй  мөн дүүгийндээ ирчихсэн  байсан. Тэгээд  Алтанцэцэг  бид хоёр  Б хөдөө гэр лүү нь явсан. Тэгээд хөдөө  гэрт нь  ирэхэд  О  эгч  бага  охинтойгоо  хамт  байсан. Тэгээд  хадлан  бордооных нь ажилд туслаад нэг их  удаагүй байхад  нэг өглөө  О, Б   Алтанцэцэг бид хэд  гэрийнх  нь зүүн  талын  амбаарын  наана  нь өвс  хурааж  байхад  Оюунтуяа  эгч  баавгай  явж байна бушуухан буудаарай  Батмөнхөө гээд  хашгирсан. Тэгээд  би  уг баавгайг  харахад тэдний  өвөлжөөний  урдуур  ертөнцийн зүгээр   зүүн урдаасаа  баруун  хойш чиглэлтэй явж байсан,  тэр баавгай  нэг их том биш  баавгай харагдсан, тэгсэн Б  гэрлүүгээ  гүйж орсноо  АКА шиг маркийн  буу авч  гарч ирснээ  чи мотоциклоо  уначих  баавгайны  араас явъя хурдлаарай гэж хэлсэн, тэгээд  би  гэрийн  хажууд байсан   мотоциклоо  унаад  миний ар дээр Б суугаад  баавгайны чигтэй  явсан.  Тэгээд  баавгайны  ойролцоо  ирэхэд  нөгөө баавгай  баруун  урагшаа  чигтэй  зугатсан,  тэгэхэд Б  мотоциклын  дээрээс  нөгөө  баавгай руу  хэд хэдэн  удаа буудаад  хөлийг  оносон, тэгэхэд Б баавгай  руу  ойртоорой  гэж хэлэхэд  би баавгайд  жоохон  ойртоод  мотоциклоо зогсооход  нөгөө баавгай  бид хоёр луу  цоройсон, тэгэхэд  Б баавгай руу  ойролцоогоор 4-5 удаа  буудахад нөгөө баавгай  газар  ойчоод  өгсөн. Тэгээд баавгайг  үхсэний  дараа бид хоёр  гэрийнх  нь гадаа  байсан  чиргүүлтэй  пад тракторыг  авчираад  Алтанцэцэг, О бид 4 өргөж  пад тракторын  чиргүүл дээр  өргөж  тавьсан. Тэгээд  баавгайг авчираад  малын  саравчинд оруулж  буулгаад  Батмөнх  бид хоёр  нөгөө  баавгайг өвчиж  ажилласны дараа  О эгч  Алтанцэцэг  хоёр мах  бусад эд эрхтнийг  нь зөөж  амбаар  савруу  оруулсан арьсыг нь хаясан. Харин  баавгай  алснаас  хойш 2-3 хоногийн  дараа  О  эгч  тухайн  баавгайны махаар  бууз хийж  байхад жимс  түүж  яваа  гээд  эрэгтэй, эмэгтэй  хоёр хүн ирж баавгайны  махаар идсэн  бууз идчихээд явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 2 хх-ийн 66-68  хуу/

Иргэний нэхэмжлэгч Б.Боргилбаатарын өгсөн:...манай байгууллагаас тус хэрэг дээр шинжээчийн 168, 169, 173 дугаартай үнэлгээнүүд гаргасан ба нийт 75.000 төгрөгийн үнэлгээний төлбөр нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 138 хуу/

Иргэний нэхэмжлэгч Ж.Баатарын өгсөн:...Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь эрүүгийн 2039001820146 дугаартай хэрэгт ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Шинжилгээний байгууллагаас үнэлгээ гаргуулсны төлбөрт 150.000 төгрөг нэхэмжлэл ирүүлсэн. Манай байгууллага уг зардлыг мөрдөн шалгах ажиллагааны зардлаас 150.000 төгрөг гаргаж ШУА-ийн Биологийн хүрээлэнд шилжүүлсэн. Иймд буруутай этгээдүүдээс мөрдөн шалгах ажиллагааны зардалд гаргасан 150.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг / 2 хх-ийн 146 хуу/

Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Шаазгай хороо 809 тоот хашаанд байх модон амбаарт үзлэг хийж хоншоор хэсгийг нь тайрсан амьтны арьсгүй толгой хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1 хх-ийн 7 хуу/

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн амьтны хоншоор хэсгийг  тайрсан гавал яс нь хүрэн баавгай /ursus arctos/-н нэг бодгаль амьтных болохыг тодорхойлов.
  2. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл.
  3. Шинжилгээнд ирүүлсэн амьтны гавал ясны араа шүднээс үзэхэд бие гүйцсэн залуу бодгальд хамаарах бөгөөд гавал ясны морфологи байдлаас үзэхэд эм баавгайнх байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн баавгайн гавал ясны мах, булчингийн эд муудсан байх тул хүйс тодорхойлох генетик шинжилгээ хийх боломжгүй байна.
  4. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг байна.
  5. Шинжилгээнд ирүүлсэн амьтны гавал яснаас үзэхэд 2019 оны намраас 2020 оны хаврын улиралд агнасан байх боломжтой. Гэх дүгнэлт / 1хх-ийн 52 хуу/

ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс Хэнтий аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн 150.000 төгрөгийн нэхэмжлэхийн хуулбар / 2 хх-ийн 139 хуу/

Хэнтий аймгийн Цагдаагийн газраас  Биологийн хүрээлэн ТБАГ-ын дансанд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөгийн “шинжилгээний төлбөр” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрийн хүсэлтийн хуулбар / 2хх-ийн 140 хуу/

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг Хөтөлжийн боом гэх газарт байх А.Б-ийн гэрт нэгжлэг хийж сайга М3 7.62х39 гэсэн маркийн НО 4133938, 938 гэсэн замагны дугаартай буу нэг ширхэг, 7.62х39 калибрын 6 ширхэг сум, Aspect маркийн 3-12х50 гэсэн бичигтэй бууны дуран хараа, 7.62х54 калибрын 11 ширхэг сум, сумны дайз зэргийг хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 64-67 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн галт зэвсгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4342 дугаар дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн 7.62х54R мм калибртай 11 сум нь ган зүрхэвчтэй, байлдааны зориулалттай ердийн сум,  7.62х39 мм калибртай 6 сумны 3 сум нь ган зүрхэвчтэй, байлдааны зориулалттай ердийн сум, 3 сум нь ан агнуурын зориулалттай сум байна.  7.62х54R мм калибртай 11 ширхэг сум нь шинжилгээнд ирүүлсэн сангийн анги НО4133938 дугаартай, замгийн рам 938 дугаартай, замаг 938 дугаартай галт зэвсгээр буудлага үйлдэх боломжгүй, 7.62х39 мм 6 ширхэг сум нь уг галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой гэсэн дүгнэлт / 1 хх-ийн 161 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн галт зэвсгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4340 дугаар дүгнэлт:

Шинжилгээнд ОХУ-д 2004 онд ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7.62х39 мм калибрын сайга-м3 загварын хагас автомат карбин бууг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой гэх дүгнэлт / 1 хх-ийн 184 хуу/

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийж хэрэг болсон газар нь Хэнтий аймгийн Дадал сумын Балж баг Хөтөлжийн боом гэх газар бөгөөд баавгай агнасан гэх цэг нь N48 55 937, Е111 06 465 гэсэн байршилд байгааг тэмдэглэж авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /  2хх-ийн 1-6 хуу/

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт N48 55 937, Е111 06 465 гэсэн координаттай байршил нь улсын тусгай хамгаалалттай “Онон балж”-ийн байгалийн цогцолборт газартай давхцалтай байна гэсэн Хэнтий аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай албан бичиг, хавсралт / 2 хх-ийн 50-51 хуу/

Эд мөрийн баримтаар хүрэн баавгайн гавлын яс, сайга М3 7.62х39 гэсэн маркийн НО 4133938, 938 гэсэн замагны дугаартай магазингүй буу нэг ширхэг, 7.62х39 калибрын 6 ширхэг сум, Aspect маркийн 3-12х50 гэсэн бичигтэй бууны дуран хараа, 7.62х54 калибрын 11 ширхэг сум, 45 сум хийх зориулалттай сумны төмөр дайз зэргийг тооцсон мөрдөгчийн тогтоол / 2хх-ийн 13 хуу/

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буу, дуран,  сум, дайзны үнэлгээг нийтэд нь 2.701.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 05 дугаар  сарын 04-ний   өдрийн 2021/ШД173 дугаартай  дүгнэлт /2-хх-ийн 32-34 хуу /

 

П.Э, А.Б, Л.О нарын  иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 207-209 хуу/

П.Э, А.Б, Л.О  нар нь эрүүгийн  хариуцлага  хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 126-128 хуу/

 

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 175-181 хуу/

Шүүх хуралдааны үед улсын яллагчаас гаргаж өгсөн Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Боргилбаатарыг иргэний нэхэмжлэгчээр томилуулах тухай албан бичгийн хуулбар /хх-ийн.............хуу/, П.Энхнастын шийтгэх тогтоол болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн.............хуу/  шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн  А.Ганзоригийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Л.О-ийн ам бүлийн тодорхойлолт /хх-ийн..................хуу/  П.Э нь Хэнтий аймгийн Дадал сумын байгал хамгаалах сангийн Төрийн сангийн 100181255408 дугаарын дансанд 2021 оны 07 дугаар сарын 27-ны  өдөр “см82090515 Э баавгай төлбөр ” гэсэн гүйлгээний утгаар 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан  банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн..................хуу/  А.Б нь Хэнтий аймгийн Дадал сумын байгал хамгаалах сангийн Төрийн сангийн 100181255408 дугаарын дансанд 2021 оны 07 дугаар сарын 22-ны  өдөр “А.Б баавгай  экологи эдийн засгийн хохирол зарим хэсэг” гэсэн гүйлгээний утгаар 3.000.000 төгрөг,  2021 оны 07 дугаар сарын 27-ны   өдөр “А.Б-өөс” гэсэн гүйлгээний утгаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан  банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн..................хуу/  Л.О нь Хэнтий аймгийн Дадал сумын байгал хамгаалах сангийн Төрийн сангийн 100181255408 дугаарын дансанд 2021 оны 07 дугаар сарын 22-ны   өдөр “Л.О сж 74111503 баавгайн экологи эз-ийн хохирлын зарим хэсэг” гэсэн гүйлгээний утгаар 2.000.000 төгрөг,  2021 оны 07 дугаар сарын 26-ны  өдөр “Л.О ” гэсэн гүйлгээний утгаар 3.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн 100180012001  дугаарын дансанд “байцаан шийтгэх ажил хөлс Л.О, А.Б” гэсэн гүйлгээний утгаар 100.000 төгрөг  шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн..................хуу/   зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч П.Э, А.Б Л.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Оюунтуяа нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Хөтөлжийн боом” гэх газарт гэртээ байхдаа баавгайг харж “баавгай явж байна, бушуухан буудаарай” гэж хэлсний дагуу шүүгдэгч П.Э, А.Б нар нь П.Э-ын эзэмшлийн улсын дугаартай DAYUN маркийн мотоциклоор уг баавгайг хөөж, шүүгдэгч А.Батмөнх нь 7.62х39 мм калибрын сайга-м3 загварын хагас автомат карабин буугаар буудаж агнасан нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.            

 

Шүүгдэгч А.Б, П.Э, Л.О нь улсын тусгай хамгаалттай  газар нутагт ховор  амьтныг  тусгай  зөвшөөрөлгүйгээр  агнасан  гэм буруугаа хүлээн  зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь хохирогч  Х.Б-д болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчид нь  хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй  болно.

 

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч нарын баавгай агнасан газар нь Хэнтий аймгийн Дадал сумын Балж баг Хөтөлжийн боом гэх газар бөгөөд баавгай агнасан гэх цэг нь N48 55 937, Е111 06 465 гэсэн байршилд байгаа, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт N48 55 937, Е111 06 465 гэсэн координаттай байршил нь улсын тусгай хамгаалалттай “Онон балж”-ийн байгалийн цогцолборт газартай давхцалтай байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

 Эд мөрийн баримтаар баавгайн гавлын ясыг хураан авч шинжээчийн дүгнэлт гаргуулахад уг гавлын яс нь бие гүйцсэн эм хүрэн баавгай /ursus arctos/-ных, эм хүрэн баавгайн экологи эдийн засгийн үнэлгээг 7.500.000 төгрөг гэж тогтоосон байна.

 

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцооны хувьд маргаагүй бөгөөд шүүгдэгч Л.О нь анх баавгайг харж “баавгай явж байна, бушуухан буудаарай” гэж хэлсэн нь  П.Э А.Б нарыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж үзлээ.

            Шүүгдэгч П.Э-ын мотоциклоор баавгайг хөөсөн, шүүгдэгч А.Б-ийн баавгайг буудаж агнасан үйлдэл нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Б, П.Э, Л.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

  1. Хохирлын талаар

 

Шүүгдэгч А.Б, П.Э Л.О нар нь эм хүрэн баавгай агнасан бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралаар батласан АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ-нд зааснаар 7.500.000 төгрөг байна.   Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.2 дахь хэсэгт Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно. Гэж,  Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж тус тус заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 15.000.000 төгрөг гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлбөрт тооцож нийт 15.000.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Мөн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас шинжээчид төлсөн зардалд 150.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч А.Б, Л.О нар нь 100.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 50.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-аас гаргуулахаар шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлсэд үнэлгээ гаргасан хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий хууль ёсны төлөөлөгч нь үнэлгээний зардалтай холбоотойгоор 75.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж заасан байх бөгөөд тус компани нь мөрдөгчийн шинжээч томилох тогтоолын дагуу  өөрийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд эд хөрөнгөнд шинжээчийн дүгнэлт гаргасан үйл ажиллагааг гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хангахаас татгалзах нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Л.О-д 2 жил, шүүгдэгч А.Б, П.Э нарт тус тус 3 жил хорих ял оногдуулах, өмгөөлөгч нар нь хорих ял оногдуулахгүй тэнсэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүгдэгч Л.О нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд энэ гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2019 оны 08 дугаар сард үйлдсэн гэмт хэрэг байна.

Л.О-д өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийг хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.О-д 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, П.Э-д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24.00 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

 

Иймд шүүгдэгч Л.О А.Б нарт зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Биндэр сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүгдэгч П.Э-д  Хэнтий аймгийн Хэрлэн сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, шүүгдэгч А.Б-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сайга М3 7.62х39 гэсэн маркийн НО 4133938, 938 гэсэн замагны дугаартай магазингүй бууг хурааж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч П.Э-д улсын дугааргүй DAYUN маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудлын талаар

 

С.Алтангэрэлийн эзэмшлийн жижиг оврын улсын дугааргүй трактор,  А.Б-ийн эзэмшлийн уаз-469 маркийн автомашины чиргүүл, П.Э-ын эзэмшлийн улсын дугааргүй DAYUN маркийн мотоциклийг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэсэн үндэслэлээр тус тус битүүмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь жижиг оврын улсын дугааргүй трактор,  уаз-469 маркийн автомашины чиргүүл зэргийг баавгайг агнасны дараа гэр лүүгээ зөөхөд ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн А.Б-ийн гэрт нэгжлэг хийж хүрэн баавгайн гавлын яс, сайга М3 7.62х39 гэсэн маркийн НО 4133938, 938 гэсэн замагны дугаартай магазингүй буу нэг ширхэг, 7.62х39 калибрын 6 ширхэг сум, Aspect маркийн 3-12х50 гэсэн бичигтэй бууны дуран хараа, 7.62х54 калибрын 11 ширхэг сум, 45 сум хийх зориулалттай сумны төмөр дайз зэргийг хураан авсан бөгөөд үүнээс Aspect маркийн 3-12х50 гэсэн бичигтэй бууны дуран харааг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй байх тул буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

                    

 Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой 150.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулчийн хүчин төгөлдөр болмогц С.Алтангэрэлийн эзэмшлийн жижиг оврын улсын дугааргүй трактор,  А.Бийн эзэмшлийн уаз-469 маркийн автомашины чиргүүл, П.Э-ын эзэмшлийн улсын дугааргүй DAYUN маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрийн 35, 36, 37 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан баавгайн гавлын ясыг устгаж,  7.62х39 калибрын 6 ширхэг сум, 7.62х54 калибрын 11 ширхэг сум, 45 сумны багтаамжтай сумны төмөр дайз /тууз/ зэргийг устгуулахаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б, н Э нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, шүүгдэгч О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан буюу улсын тусгай хамгаалттай  газар нутагт ховор  амьтныг  тусгай  зөвшөөрөлгүйгээр  агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч А.Б-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч П.Э-ыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   1 жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Б, Л.О, П.Э нарт  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар зааснаар шүүгдэгч А.Б-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7.62х39 мм калибрын сайга-м3 загварын хагас автомат карабин бууг хурааж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч П.Э-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан DAYUN маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй. 

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.О-д  оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч А.Батмөнхөд оногдуулсан  1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч П.Э-д  оногдуулсан 1 жил 3 сарын  хугацаагаар хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

6. Шүүгдэгч Л.О, А.Б нарт эрх бүхий байгууллагын хяналтанд Хэнтий аймгийн Биндэр сумын, шүүгдэгч П.Э-д Хэнтий аймгийн Хэрлэн  сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 7. Шүүгдэгч Л.О, А.Б, П.Э нарт  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч Л.а, А.Б, П.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч  Л.О, А.Б, П.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 50.000 төгрөгийг  гаргуулж  Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

9. Иргэний нэхэмжлэгч Б.Боргилбаатарын гаргасан “хөрөнгийн үнэлгээний төлбөр болох 75.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц С.Алтангэрэлийн эзэмшлийн жижиг оврын улсын дугааргүй трактор,  А.Б-ийн эзэмшлийн уаз-469 маркийн автомашины чиргүүл, П.Э-ын эзэмшлийн улсын дугааргүй DAYUN маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрийн 35, 36, 37 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан баавгайн гавлын ясыг устгаж,  Aspect маркийн 3-12х50 гэсэн бичигтэй бууны дуран харааг А.Б-д буцаан олгож, 7.62х39 калибрын 6 ширхэг сум, 7.62х54 калибрын 11 ширхэг сум, 45 сумны багтаамжтай сумны төмөр дайз /тууз/ зэргийг устгуулахаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Л.О, А.Б, П.Энарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ