Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 433

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст баг, 5 дугаар хороолол, 7 дугаар байрны 56 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ХК67062903, Бүрд овогт Пүрэвийн Алтанцэцэгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч П.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1967 онд төрсөн, 50 настай, ам бүл 6. Би 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар Төмөр замын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн сувилагчаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар Төмөр замын нэгдсэн эмнэлэг болон Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Алтанцэцэг нь миний төрсөн дүү бөгөөд би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь шүүх хуралдаанд оролцож байна. П.Алтанцэцэг нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын Төмөр замын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн сувилагчаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд түүний тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд П.Алтанцэцэгийн 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Төмөр замын нэгдсэн эмнэлэг болон Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.  

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч П.Алтанцэцэг нь Улаанбаатар хотын Төмөр замын Нэгдсэн эмнэлэгт 1987 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 4 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал дурангийн сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

     1. Пүрэвийн Алтанцэцэгт 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

     2. 1992 онд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн сувилагчаар ажиллаж байхдаа авахуулсан фото зураг,  

      3. Пүрэвийн Алтанцэцэгт 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн 1995 оны 1 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

      4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн 1990-1998 оны цалинг шүүн үзэхэд Пүрэв овогтой Алтанцэцэгийн цалин гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,

      5. Итгэмжлэл,

     6. Гэрч Г.Цэвээний шүүхэд өгсөн: “Би 1986 оноос Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн шүүх эмгэг анатомын эмчээр ажиллаж байгаад 1988 оноос дурангийн кабинатед дурангийн их эмчээр 2016 он хүртэл тасралтгүй ажилласан юм. П.Алтанцэцэг нь миний удирдлагад 1990 оноос эхлэн дурангийн сувилагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1998 оны үед Эрдэнэт хот руу шилжсэн хүн байгаа юм. Би Увс аймгийн  нэгдсэн эмнэлгийн дурангийн эмчээр ажиллах хугацаандаа 4 сувилагчтай хамтран ажилласан бөгөөд анхны сувилагч маань П.Алтанцэцэг байлаа. П.Алтанцэцэг ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан бөгөөд байгууллагын дэд аварга болж байсан, тасгийн урамшуулал үе үе авдаг, хагалгааны сувилагч, жижүүрийн сувилагчийн ажлыг давхар дуудлагаар хийдэг байсан юм. Би П.Алтанцэцэгтэй хамгийн олон жил хамтарч ажилласны хувьд түүнийг сайн мэддэг, байгууллагын шинийг санаачлагчаар шалгарч байсан, би Хавдрын эмчээр 1990 оноос эхлэн хавсарч хийсэн бөгөөд энэ хугацаанд П.Алтанцэцэг мөн л давхар хавсарч намайг дагаад бүхий л ажилд маань тусалж дэмжлэг үзүүлдэг байлаа. Мөн хамгийн анхны хорт мансууруулах бодисын сургалтад хамрагдаж байсан сувилагч юм. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар н.Эрхэмбаяр, Ц.Оюундэлгэр, Б.Буяндэлгэр, Б.Маамуу, Ц.Отгонбаяр, Ц.Алимаа, Д.Доржготов гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

      7. Гэрч Ц.Бүрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1988 оноос Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. П.Алтанцэцэг бид хоёр 1-8 дугаар ангид хамт суралцаж төгссөн бөгөөд тэрээр 1990 онд манай Нэгдсэн эмнэлэгийн дурангийн кабинетад дурангийн сувилагчаар ажилд орж 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан юм. П.Алтанцэцэг нь ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан, түүний дотор 1996 оны үед байгууллагын аваргаар шалгарч байсан. Тухайн үед “Дурангийн кабинет” нь эмч Г.Цэвээн, дурангийн сувилагч П.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байсан, Г.Цэвээн эмч 2016 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд энэ хоёр хүн манай эмнэлгийн дурангийн кабинетэд олон жил үр бүтээлтэй ажилласных нь хувьд П.Алтанцэцэгийг би сайн таньж мэддэг юм” гэх мэдүүлэг,

      8. Гэрч Г.Цэвээний Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ц.Бүрэнгийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч П.Алтанцэцэг нь Улаанбаатар хотын Төмөр замын Нэгдсэн эмнэлэгт 1987 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 4 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал дурангийн сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь П.Алтанцэцэгт 1987 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн бүрэн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтэрт түүний ажиллаж байсан байдлыг бичсэн бичилт, 1992 онд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн сувилагчаар ажиллаж байхдаа авахуулсан фото зураг, гэрч Г.Цэвээн, Ц.Бүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

        Иймд нэхэмжлэгч П.Алтанцэцэгийн Улаанбаатар хотын Төмөр замын Нэгдсэн эмнэлэгт 1987 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2 жил, 8 сар, 28 хоног сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 4 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил, 9 сар дурангийн сувилагчаар, нийт 8 жил, 5 сар, 28 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бүрд овогт Пүрэвийн Алтанцэцэгийн Улаанбаатар хотын Төмөр замын Нэгдсэн эмнэлэгт 1987 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 8 /найм/ сар, 28 /хорин найм/ хоног сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 4 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил, 9 /ес/ сар дурангийн сувилагчаар, нийт 8 /найм/ жил, 5 /тав/ сар, 28 /хорин найм/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч П.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР