Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 435

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 11 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, РД:ОЮ70090502, Боржигон овогт Лхамсүрэнгийн Болормаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1970 онд төрсөн, 47 настай, ам бүл 7. Би 1986 онд 8 дугаар анги төгсөөд Хөдөлмөрийн товчооноос хуваарилагдан 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт асрагчаар ажилд орж 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаад тус өдрөөс Халдвартын тасагт асрагчаар, 1990 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс Хүүхдийн тасагт асрагчаар, 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын газарт ариутгагчаар 1994 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан. Миний ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тодорхойлолт, бусад баримтууд гээгдсэн учраас Увс аймгийн Архивын газраас шүүлгэхэд 1992 оны тушаалаас өөр тушаал гараагүй болно. Иймд миний Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд асрагч, ариутгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Л.Болормаа нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ариутгагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Лхамсүрэнгийн Болормаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1988 оны 8, 10, 11, 12 дугаар сар, 1989 оны 11, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. 1988 онд хамт олноороо авахуулсан фото зураг,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Лхамсүрэнгийн Болормаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 3, 4, 5, 9, 10, 11, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

4. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “...Болормаа нарыг 3 дугаар сарын 16-наас ариутгагчаар ажиллуулсугай” гэжээ,

5. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1986-1994 оны баримтыг шүүн үзэхэд Лхамсүрэн овогтой Болормаагийн ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалин гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,

6. Гэрч Ж.Нарантуяагийн шүүхэд өгсөн: “Би 1990 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажилд орсон. Намайг ажилд ороход Л.Болормаа нь төрөх тасагт асрагчаар ажиллаж байсан. Мөн амрах байранд нь асрагчаар ажиллаж байсан. Дараа нь халдвартын тасагт асрагчаар шилжсэн. Тухайн үед асрагч, сувилагч нарыг тасгуудад ээлжилж ажиллуулдаг байсан. Би ч гэсэн хүүхдийн сэхээ, яаралтай түргэн тусламж, мэдрэл уламжлал, том сэхээ, дотрын тасгуудад ажиллаж байсан. Одоо би Дотрын тасагт асрагчаар ажиллаж байна. Л.Болормаа нь 1994, 1995 оны үед л ажлаас гарсан байх. Тэр үед би ч гэсэн ажлаасаа гарч зах дээр ажиллаж байлаа. Тэгээд эргээд ажилдаа орсон. Л.Болормаа нь байгууллагын урлаг, уран сайхны ажилд их оролцдог сайхан дуулдаг охин байсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч Л.Бямбын шүүхэд өгсөн: “Би 1989 оноос Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт асрагчаар ажилд орж  одоог хүртэл тасралтгүй ажилласан юм. Л.Болормаа нь намайг 1989 онд ажилд ороход манай эмнэлгийн түргэн тусламжийн тасагт асрагчаар ажиллаж байсан бөгөөд нярай, төрөх тасгуудад асрагч хоол зөөгч зэрэг ажлуудыг 1990 он гартал хийсэн байхаа. Яг хэдэн он ажлаас чөлөөлөгдсөн болохыг би санахгүй байна. Бид ерөнхийдөө түр тушаалтай энд тэндхийн тасгууд дамжаад явж байдаг байлаа. Миний хувьд Л.Болормааг 1989 оноос эхлэн таньж мэдэх бөгөөд бид нэг байгууллагад ажиллаж байсан нь үнэн. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар н.Эрхэмбаяр, Ц.Оюундэлгэр, Б.Буяндэлгэр, Б.Маамуу, Ц.Отгонбаяр, Ц.Алимаа, Д.Доржготов гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ж.Нарантуяа, Л.Бямба нарын Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

         Нэхэмжлэгч Л.Болормаа нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ариутгагчаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргаж ирүүлсэн Л.Болормаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1988 оны 8, 10, 11, 12 дугаар сар, 1989 оны 11, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, 1988 онд хамт олноороо авахуулсан фото зураг, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Л.Болормаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 3, 4, 5, 9, 10, 11, 12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот “Ажилд томилох тухай” тушаал, гэрч Ж.Нарантуяа, Л.Бямба нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Л.Болормаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 5 жил, 7  сар асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 2 жил, 4 сар, 21 хоног ариутгагчаар, нийт 7 жил, 11 сар, 21 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Лхамсүрэнгийн Болормаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 5 /тав/ жил, 7 /долоо/ сар асрагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сар, 21 /хорин нэг/ хоног ариутгагчаар, нийт 7 /долоо/ жил, 11 /арван нэг/ сар, 21 /хорин нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР