Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2023/0286

 

А.Ч-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Нэхэмжлэлийн шаардлага: Баянчандмань сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 123/2022/0038/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Ч-аас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан “Баянчандмань сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахыг байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ч-ын гаргасан “Баянчандмань сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахыг байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Х.Б-ээс Д.М-д олгосон итгэмжлэлд “гуравдагч этгээдэд 1 жилийн хугацаатай шилжүүлэх эрхгүйгээр олгосон” байна. Бодит үйл баримтаар 1 жилийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй итгэмжлэлийг олгосон гэж үзэх бөгөөд мөн итгэмжлэлд зөрүү төлбөр 5 сая төгрөгийн хэлцэл гэрээг хариуцаж хийлгэхээр тусгасан нь 1 жилийн хугацаанд бусдад шилжүүлэхгүй байх агуулгыг тусгасан гэж үзнэ. Гэтэл 2 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Дээрх үндэслэлээр А.Ч нь газар эзэмших эрх шилжүүлэн авсан этгээд гэж үзэх үндэслэлгүй тул Баянчандмань сумын Засаг даргад газрын эрх шилжүүлэх асуудлаар хүсэлт гаргах, захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Шүүх нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

            3.2. Х.Б-д газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаартай захирамж нь илт хууль бус захирамж бөгөөд өмнөх газрын эзэмшигч болох “А” ХХК-д өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлж байгаагүй болох нь Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/328 дугаартай шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/328 дугаартай шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 02 дугаар 21-ний өдрийн 02 дугаартай 2008 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/288 дугаартай “М” ХХК-ийн газрыг “А” ХХК-д шилжүүлсэн захирамж, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаартай “М” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжаар нотлогдон тогтоогдож байхад зөвхөн илт хууль бус 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаартай захирамжийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

            3.3. Шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь мөн хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангаагүй.

            3.4. Тухайлбал, 38.2.3, 38.2.4-д заасан материалыг ирүүлээгүй гэсэн тайлбарыг өгсөн байхад шүүх тухайн зүйл заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч А.Ч-аас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан “Баянчандмань сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар “А” ХХК-ийн эзэмшлийн 3 дугаар багт Цагаан даваа нэртэй газарт байрлах 0.07 га газрыг гуравдагч этгээд Х.Б-д өвөлжөөний зориулалтаар 8 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000116490 дугаар гэрчилгээг олгосон байна.

2.3. Гуравдагч этгээд Х.Б-ээс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр дээрх Төв аймгийн Баянчандмань сум, 3 дугаар баг, Цагаан даваа хаягт байрлах 4116039667 нэгж талбарын дугаартай, Э-1426001325 улсын бүртгэлийн дугаартай, өвөлжөөний зориулалттай 699 м.кв газрыг эзэмших, ашиглах, худалдах бүрэн эрхийг Д.М-д олгосон байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-аас газар эзэмших эрхийг нэхэмжлэгч А.Ч-д шилжүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, мөн өдрөө нэхэмжлэгч А.Ч-аас газар эзэмших эрх шилжүүлэх тухай өргөдлийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад гаргажээ.

2.4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус хуульчилсан бөгөөд хариуцагч Баянчандмань сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч, дээрх хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй байх ба нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “...тодорхой бус шалтгаанаар Баянчандмань сумын Засаг дарга газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа, ... газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөх шийдвэр гаргах тал дээр арга хэмжээ авч өгнө үү” гэх өргөдлийг Төв аймгийн Засаг даргад гаргасан байна.

2.5. Аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн аваад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/190 дүгээр албан бичгээр Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нарт өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж байх чиглэл хүргүүлсэн боловч сумын Засаг даргаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 01/249 дүгээр албан бичгээр “Манай сумын малын бэлчээрийн даац 27 дахин давсан. Бэлчээрийн даац хэтэрсэн. Тухайн өвөлжөөн дээр танай 700 гаруй мал байна. Өвөлжөөний орчимд уурхайн эдэлбэр үйлдвэрлэл явагддаг бөгөөд ойр орчмын өвөлжөөний иргэд нэмж айл буулгахгүй байх хүсэлтэй байдаг” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлж, өргөдлийг нь шийдвэрлэхгүй эс үйлдэхгүй гаргажээ.

2.6. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчийн шилжүүлж авах хүсэлт гаргасан газар нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй, мөн шилжүүлэгч этгээдэд нь эрх бүхий этгээдээс тухайн зориулалтаар нь эзэмшүүлсэн шийдвэр захирамж нь мөн хүчин төгөлдөр байх тул Монгол Улсын иргэн хуульд заасан эрхийн хүрээнд хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авах эрхтэй” гэж маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.

2.7. Мөн түүнчлэн, анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Х.Б-ийг татан оролцуулсан байх бөгөөд гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “... 2021 оны 08 дугаар сард Төв аймгийн Баян сум руу шилжин нүүхээр болсон тул хуучны танил А.Ч-д өвөлжөөгөө шилжүүлж өгсөн . Иймд өвөлжөөний бичиг баримтыг А.Ч-д шилжүүлж өгнө үү” гэсэн байна. Тодруулбал, газар эзэмших эрхийг шилжүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар маргаагүй байгаа энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.М-д олгосон итгэмжлэлд “гуравдагч этгээдэд 1 жилийн хугацаатай шилжүүлэх эрхгүйгээр олгосон” байна. Бодит үйл баримтаар 1 жилийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй итгэмжлэлийг олгосон гэж үзэх бөгөөд мөн итгэмжлэлд зөрүү төлбөр 5 сая төгрөгийн хэлцэл гэрээг хариуцаж хийлгэхээр тусгасан нь 1 жилийн хугацаанд бусдад шилжүүлэхгүй байх агуулгыг тусгасан гэж үзнэ. Гэтэл 2 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Дээрх үндэслэлээр А.Ч нь газар эзэмших эрх шилжүүлэн авсан этгээд гэж үзэх үндэслэлгүй тул Баянчандмань сумын Засаг даргад газрын эрх шилжүүлэх асуудлаар хүсэлт гаргах, захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Шүүх нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.8. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Ч-аас гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын эс үйлдэхүйн талаар үндэслэлтэй зөв дүгнэлтийг хэргийг шийдвэрлэсэн хэдий ч газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахыг Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.9. Учир нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;”, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч А.Ч-аас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтдээ дээрх хуульд заасан баримтуудыг бүрэн хавсаргасан эсэх нь тодорхойгүй байна.

2.10. Нэгэнт нэхэмжлэгчээс дээрх хуульд заасан баримтуудыг хүсэлтдээ хавсаргасан эсэх нь тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд шүүхээс газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахыг Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн буруу байх тул нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ч-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баянчандмань сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянчандмань сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН