Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 060

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор би даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.А нэхэмжлэлтэй

Хариуцагч: Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дүгээр, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ:  Нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлтэй Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

  1. Нэхэмжлэгч Т.А нь тус шүүхэд гаргасан “...Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дүгээр, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар тушаалуудыг хүчингүй болгох...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
  2. Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Т.А-ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мөст сум хариуцсан байгаль хамгаалагчаар томилж, үр дүнгийн гэрээ байгуулах, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийх, 2018 оны 12 дугаар сард 100000 /нэг зуун мянга/ төгрөг өгөхөөр эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А нь Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдуулан “Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дүгээр, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч Т.А 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мөст сум хариуцсан байгаль хамгаалагчаар томилж, үр дүнгийн гэрээ байгуулах, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийх, 2018 оны 12 дугаар сард 100000 /нэг зуун мянга/ төгрөг өгөхөөр, нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дүгээр, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар тушаалуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Хариуцагчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Т.А-ийн нэхэмжлэлтэй Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох, “Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дүгээр, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОНИНБОЛОР