Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 88

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00304/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 455 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Б- овогтой Б-ын Б-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч С- овогтой  П-ын Д-д холбогдох,

          “Зээл 1.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч П.Д-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б- шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-гаас:

П.Д-д зээлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлж 1.200.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлдүүлсэн боловч хугацаандаа үндсэн зээлээ төлж чадаагүй. 2015 оны 09 дүгээр сарын 11 хүртэл хүүгээ төлж байсан боловч цаашид үндсэн зээл, хүүгээ төлөхөө больсон учир хариуцагч П.Д-гаас үндсэн зээл 1.200.000 төгрөг түүний алданги 600.000 төгрөг нийт 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн П.Д-гаас:

            Нэхэмжлэлд гаргасан 1.800.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүү болох 600.000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 455 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч П.Д-гаас 1.240.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 560.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д-гаас улсын тэмдэгтийн хураамж 34.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Д- давж заалдсан гомдолдоо:

Зээлийн үлдэгдэл 640.000 төгрөг, хүү 320.000 нийт 960.000 төгрөг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх тооцоог буруу бодож 1.240.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч П.Д-д холбогдуулж, үндсэн зээл 1.200.000 төгрөг, түүний хүү 600.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч П.Д- нь дансаар 500.000 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 700.000 төгрөгийг төлнө, хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, алданги төлөх үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагчаас 1.240.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 560.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Д- шийдвэрийг эс зөвшөөрч 960.000 төгрөг төлөх ёстой гэж давж заалдсан гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл талууд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1.200.000 төгрөг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн байна.

Гэрээний 3 дахь заалтаар зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Зээлийн гэрээний арын хуудсанд бичигдсэн бичвэрээс үзвэл хариуцагч П.Д- нэхэмжлэгчид 644.000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.

Хариуцагч П.Д- нэхэмжлэгчид 500.000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлоогүй болно. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтуудад нийцүүлэн  тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч П.Д-гийн 960.000 төгрөг төлөх ёстой гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч П.Д-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч П.Д-гаас  давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ 

                                   ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                          Л.АМАРСАНАА