| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0049/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.А-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д аймгийн Д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх, Б овогт С.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд сумын жолооч нарын 17.5 гэх нэртэй “Ви чат” цахим группт “А” гэх хаягаар Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу ачааны тээврийн хэрэгслээр зорчихдоо 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штаб дээр гарч байсан цагдаагийн албан хаагчид 50.000 /тавин мянга/ төгрөгийг өгч зөвшөөрөл даруулсан, мөн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штаб дээр гарч байсан цагдаагийн албан хаагчид 100.000 төгрөгийг өгч зөвшөөрөл даруулсан гэж хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт өөрийн гэртээ байхдаа өөрийн “А” гэх ви чат хаягаас “17.5 тавцант чиргүүл” гэсэн нэртэй групп Ви чатад Замын-Үүд сумын шуурхай штабт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн талаар дуут бичлэг оруулсан. Тэр нь юу вэ гэхээр 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатараас ирэх машин шуурхай штабын цагдаад 50,000 төгрөг өгч зөвшөөрөл даруулсан, бас 2021 оны 05 дугаар 03-ны өдөр мөн зөвшөөрөл өгч байсан цагдаад 100,000 төгрөг өгч зөвшөөрөл авсан гэсэн дуут бичлэг" юм. Би дээрх мөнгө өгч зөвшөөрөл гарч байна гэх яриаг тухайн үед миний машинд сууж таксидсан үл таних хүмүүсийн хоорондын ярианаас сонссон юм. Тэрнээс сумын шуурхай штаб дээр ажиллаж байгаа цагдаа нар үнэхээр мөнгө авч зөвшөөрөл өгч байгааг мэдэхгүй, тийм зүйл хараагүй. Хүний ярианаас л сонссоноо олон нийтийн сүлжээнд нэг их юм бодолгүй хэлчихсэн юм. Ингэж хэлж байхдаа би бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан юмаа, тэгээд л илүү дутуу, худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм ярьчихсан. Миний машинд сууж таксидсан хүмүүс худлаа, үнэн ярьсан эсэхийг би мэдэхгүй байна, тэр хүмүүсийг танихгүй, масктай хүмүүс байсан, ахиад харвал тэр хүмүүсийг танихгүй. Би үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа сонсчхоод түүнийгээ үнэн бодитой мэтээр олон нийтийн дунд тарааж цагдаагийн албан хаагчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж байна. Тухайн өдөр ажиллаж байсан цагдаа болон бусад цагдаа нараас уучлалт гуйж байна. Өөрийн хайхрамжгүй, буруу үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдлоо, тийм болохоор хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надаас хохирогч нар мөнгө төгрөг нэхэмжлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/,
- Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хамт ажилладаг эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.А надад хандан С.А гэдэг хүн өөрийн “А” гэх хаягаас “17.5 тавцант чиргүүл” гэсэн We chat-ын групп чатад сумын шуурхай штаб дээр 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан цагдаагийн алба хаагчид 50,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гарсан цагдаагийн алба хаагчид 100,000 төгрөг тус тус иргэдээс авч Улаанбаатараас Замын-Үүд сум руу зорчих том оврын тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон байна гэх утгатай мэдээлэл оруулчхаж, тэр өдрүүдэд нь 2-уулаа шуурхай штаб дээр үүрэг гүйцэтгэсэн байна гэсэн. Ингэж С.А гэх хүн худал мэдээлэл тараасныг мэдсэн. Миний хувьд ажил үүргээ зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн ба томилгоот өдөр хүсэлтээр ирсэн жолооч нарын бичиг баримтын бүрдлийг хянаж шаардлага хангасан 58 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон. Хэн нэгнээс шан харамж авч зөвшөөрөл олгосон асуудал байхгүй. С.А ярихдаа “Би цагдаа нар мөнгө авч байхыг хараагүй, 2 хүн миний машинд суухдаа цагдаагийн алба хаагч мөнгө өгвөл зөвшөөрөл олгож байна гэж ярьсныг цахим чaт даа хэлчихсэн юм, тэгж ярьсан хүмүүсийг би танихгүй, одоо хараад ч танихгүй” гэж хэлж байсан. Цагдаагийн алба хаагч, цагдаагийн байгууллагын нэр хүндийг л олон нийтийн өмнө буруугаар ойлгуулсан нь нэр төр, алдар хүндийн хохирол болчхоод байна. Би 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шуурхай штабт үүрэг гүйцэтгэсэн болохоор намайг мэдэх хүмүүс нь үнэхээр мөнгө төгрөг авч зөвшөөрөл олгодог юм байна гэх ташаа ойлголт авчихсан байх вий гэдэг дээр санаа зовж байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,
- Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд сумын жолооч нарын “17.5 тавцант чиргүүл” гэх нэртэй We chat цахим группт “Амгаа” гэх хаягаар цагдаагийн алба хаагч нар Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу зорчих зөвшөөрөл ачааны тээврийн хэрэгсэлд өгөхдөө 50,000-100,000 төгрөгийн авлига авч зөвшөөрөл олгож байна лээ гэх утгатай мэдээлэл явсан талаар сонссон. Үүний дагуу энэ асуудлыг тодруулах зорилгоор “А” гэх хаягийг эзэмшдэг С.А гэдэг хүнтэй уулзаж ярилцахад 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штаб дээр гарч байсан алба хаагчид 50,000 өгч зөвшөөрөл даруулсан, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штаб дээр гарч байсан цагдаагийн өөр нэг алба хаагчид 100,000 төгрөг өгч зөвшөөрөл даруулсан гэсэн мэдээллийг өөрийн “А” гэдэг хаягаас “17.5 тавцант чиргүүл” гэх нэртэй We chat цахим группэд оруулсан гэж хэлсэн. Та юу гэж ярьсан талаараа цаасан дээр бичээд өгнө үү гэхэд С.А нь зөвшөөрч энэ талаараа надад бичиж өгсөн. Ингээд би дээрх иргэн ийм үйлдэл гаргасан байна гэж Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Э, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Г.П, мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Б нарт танилцуулсан. С.А-н гаргасан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тул шалгуулахаар болсон юм. Миний ажил үүргийн болон албаны нэр хүндэд нөлөөлсөн. Хүмүүсийн дунд мөнгөөр зөвшөөрөл олгодог гэх ташаа ойлголт төрж цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдсан. Тэрнээс надад биет хохирол учраагүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,
- Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штабт Замын-Үүдээс Улаанбаатар хот болон орон нутагт зорчих том оврын тээврийн хэрэгсэлд гарах зөвшөөрөл олгон ажилласан. Тухайн өдөр Замын-Үүд цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Б, Замын-Үүд сумын 4 дүгээр цэцэрлэгийн эмч Б.У нарын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Цагдаагийн алба хаагч эмнэлгийн алба хаагч бид 3 нэг ширээнд зэрэгцэж суугаад хариуцсан чиглэлийн хүрээнд зөвшөөрөл олгодог. Бичиг баримтын зөрчилгүй материал явуулсан тохиолдолд хүсэлт явуулсан зөвшөөрлийг нь олгодог. Тухайн өдөр цагдаагийн дэслэгч Ч.Б хэн нэгэн хүнээс мөнгө аваагүй би яг хажууд нь сууж байсан. Ер бол жолооч нар материалаа буруу ойлгомжгүй шаардлага хангахгүй материал явуулчхаад зөвшөөрөл олгогдохгүй болохоор хариуцсан алба хаагч нарыг загнаж хэл амаар доромжилж зарим тохиолдолд мөнгө авдаг гэсэн яриа өгүүллэг зөндөө гаргадаг тийм болохоор мөрөөрөө ажлаа хийж байгаа алба хаагчдын нэр төрд халдаж худал цуурхал тараадаг хүмүүст тохирсон арга хэмжээг авсан дээр байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,
- Гэрч С.Ш мөрдөн шалгах ажиллагаанд: “...Цагдаагийн алба хаагч нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зөвшөөрөл олгодог авто тээврийн алба хаагч нь Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгодог. Миний хувьд халдвар хамгааллын дэглэм сахиулан ... тусгай дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн гомдол саналыг хүлээн авч ажилласан. Би 2021 оны 04 дүгээр сараас эхлэн сумын шуурхай штабт үүрэг гүйцэтгэж байгаа. 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн алба хаагч иргэдээс мөнгө аван зөвшөөрөл олгосон асуудал байхгүй. Би тийм зүйл огт хараагүй мөнгө төгрөг авах асуудал гарч байгаагүй урьд өмнө ч гарч байгаагүй. Иргэд өөрсдөө зүгээр сууж байхад янз бүрээр хэлж хэл амаар болон ... дугаарын утсаар хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Шуурхай штабт гарч үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарыг иргэд маш хэцүү байдалд үүрэг гүйцэтгүүлдэг өдөржин доромжлуулж байж буудаг даа. Цай уух ч завгүй үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс юун мөнгө төгрөг авах иргэд дандаа худлаа ярьдаг тэр тусмаа жолооч нар худал ярьдаг дандаа харьцааны соёлгүй хүмүүс байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/,
- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 05 дугаар сарын 04-ний Замын-Үүд сумын шуурхай штабт халдвар хамгааллын дэглэм сахиулж ... дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлдэг. Тухайн үед цагдаагийн хэлтсээс цагдаагийн дэслэгч Ч.Б Замын-Үүд сумын авто тээврийн үндэсний төвийн ажилтан Э.Д нарын хамтаар хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Цагдаагийн албан хаагч мөнгө авч зөвшөөрөл олгосон асуудал байхгүй. Урьд өмнө нь тийм зүйл болж байгаагүй, мөнгө авдаг талаар би сонсож байгаагүй. Иргэд өөрсдөө цахим хаягтаа шаардлага хангахгүй хүсэлт явуулаад шийдвэрлэгдэхгүй болохоор уурлаж янз бүрийн ааш авир гарган загнадаг....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/,
- Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штабт Замын-Үүд сумаас гарах том оврын тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгон үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Цагдаагийн хэлтсээс цагдаагийн ахлах дэслэгч Д.Э, 2 дугаар цэцэрлэгийн эмч Ш нарын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Намайг үүрэг гүйцэтгэж байх үед цагдаагийн алба хаагч мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Тийм зүйл байдаггүй байх гэж бодож байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-104/,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум Борхойн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар, хаан банкны дансны хуулга /хх-ийн 84-86, 93-100/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Дээрх нотлох баримтуудаар С.А нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд сумын жолооч нарын 17.5 гэх нэртэй “Ви чат” цахим группт “А” гэх хаягаар Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу ачааны тээврийн хэрэгслээр зорчихдоо 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штаб дээр гарч байсан цагдаагийн албан хаагчид 50,000 төгрөгийг өгч зөвшөөрөл даруулсан, мөн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штаб дээр гарч байсан цагдаагийн албан хаагчид 100,000 төгрөгийг өгч зөвшөөрөл даруулсан гэж ярьсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч С.А-н уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ч.Б-ны “...2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хамт ажилладаг эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.А надад хандан С.А гэдэг хүн өөрийн “А” гэх хаягаас “17.5 тавцант чиргүүл” гэсэн We chat-ын групп чатад сумын шуурхай штаб дээр 2021 оны 05 дугаар сарын 02-ны гарсан цагдаагийн алба хаагчид 50,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гарсан цагдаагийн алба хаагчид 100,000 төгрөг тус тус иргэдээс авч Улаанбаатараас Замын-Үүд сум руу зорчих том оврын тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон байна гэх утгатай мэдээлэл оруулчхаж, тэр өдрүүдэд нь 2-уулаа шуурхай штаб дээр үүрэг гүйцэтгэсэн байна гэсэн...” гэсэн, хохирогч Д.А-н “...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд сумын Жолооч нарын “17.5 тавцант чиргүүл” гэх нэртэй We chat цахим группт “А” гэх хаягаар цагдаагийн алба хаагч нар Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу зорчих зөвшөөрөл ачааны тээврийн хэрэгсэлд өгөхдөө 50,000-100,000 төгрөгийн авлига авч зөвшөөрөл олгож байна лээ гэх утгатай мэдээлэл явсан талаар сонссон. Үүний дагуу энэ асуудлыг тодруулах зорилгоор “А” гэх хаягийг эзэмшдэг С.А гэдэг хүнтэй уулзаж ярилцахад 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штаб дээр гарч байсан алба хаагчид 50,000 өгч зөвшөөрөл даруулсан, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штаб дээр гарч байсан цагдаагийн өөр нэг алба хаагчид 100,000 төгрөг өгч зөвшөөрөл даруулсан гэсэн мэдээллийг өөрийн “А” гэдэг хаягаас “17.5 тавцант чиргүүл” гэх нэртэй We chat цахим группэд оруулсан гэж хэлсэн. Та юу гэж ярьсан талаараа цаасан дээр бичээд өгнө үү гэхэд С.А нь зөвшөөрч энэ талаараа надад бичиж өгсөн...” гэсэн, гэрч Э.Д-н “...Би 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штабт Замын-Үүдээс Улаанбаатар хот болон орон нутагт зорчих том оврын тээврийн хэрэгсэлд гарах зөвшөөрөл олгон ажилласан. Тухайн өдөр Замын-Үүд цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Б, Замын-Үүд сумын 4 дүгээр цэцэрлэгийн эмч Б.У нарын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр цагдаагийн дэслэгч Ч.Б хэн нэгэн хүнээс мөнгө аваагүй би яг хажууд нь сууж байсан....” гэсэн, гэрч С.Ш “...2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн алба хаагч иргэдээс мөнгө аван зөвшөөрөл олгосон асуудал байхгүй. Би тийм зүйл огт хараагүй мөнгө төгрөг авах асуудал гарч байгаагүй урьд өмнө ч гарч байгаагүй...” гэсэн, гэрч Б.У-н “...Би 2021 оны 05 дугаар сарын 04-ний Замын-Үүд сумын шуурхай штаб халдвар хамгааллын дэглэм сахиулж ... дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлдэг. Тухайн үед цагдаагийн хэлтсээс цагдаагийн дэслэгч Ч.Б Замын-Үүд сумын авто тээврийн үндэсний төвийн ажилтан Э.Д нарын хамтаар хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Цагдаагийн албан хаагч мөнгө авч зөвшөөрөл олгосон асуудал байхгүй...” гэсэн, гэрч М.О “...Би 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын шуурхай штаб Замын-Үүд сумаас гарах том оврын тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгон үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Цагдаагийн хэлтсээс цагдаагийн ахлах дэслэгч Д.Э, 2 дугаар цэцэрлэгийн эмч Ш нарын хамтаар үүрэг гүйцэтгэсэн намайг үүрэг гүйцэтгэж байх үед цагдаагийн алба хаагч мөнгө төгрөг авсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгүүд, СД-д бичигдсэн яриа болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд С.А-г хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А-с хохирогч Ч.Б, Д.А нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С.А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н