| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0426/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/456 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/456
2021 08 05 2021/ШЦТ/456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ж.Энхжаргал,
шүүгдэгч Д.Б,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Мэргэд овогт Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103000000187 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Барби доктор” онлайн дэлгүүрт хүргэлтийн жолооч ажилтай, урьд БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Мэргэд овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Б.Мөнхбилэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны 18 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуулчны гудамж, “Центр 34” төвийн хойд талын замд “Toyota Prius” маркийн 78-12 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Мөнхбилэг жолоочтой “BMW G310” маркийн 29-26 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, хохирогч Б.Мөнхбилэгийн биед зүүн талын шагайн үенд бага зэрэг шингэн, эргэн тойрны зөөлөн эдэд хаван, зүүн хөлийн II, III метатарзал ясны суурь хэсэгт жижиг сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 320.000 төгрөг төлсөн байгаа. Мөн төлөгдөөгүй байгаа эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээний зардлыг даатгалаас гаргуулахаар “Мандал” даатгалд бүртгүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 69х/,
-хохирогч Б.Мөнхбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2 дугаар эгнээгээр явж байтал замын урд талаас Toyota Prius маркийн 78-12 УАВ улсын дугаартай машин замын голын үргэлжилсэн зураас давж огцом орж ирээд миний жолоодож явсан мотоциклийн зүүн талаас мөргөсөн. ...Намайг мөргөсөн жолооч түгжрэл дундаас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Бийг “Toyota Prius” маркийн 78-12 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Мөнхбилэг жолоочтой “BMW G310” маркийн 29-26 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Б.Мөнхбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Мөнхбилэгт эмчилгээний зардал нийт 300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба шүүгдэгч Д.Б нь уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн мотоциклийн эвдрэл, хохирлын 400.000 төгрөг, оношлогооны төлбөр 90.000 төгрөг, 1 сарын цалин 1.750.000 төгрөг нийт 2.280.000 төгрөгийг даатгалын байгууллагаар дамжуулан барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгч Д.Боос гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзэн, хохирогч Б.Мөнхбилэгт учирсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилго, шүүгдэгчийн хийж буй ажил, орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад учруулсан бодит хохирлоо 3 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар тус тус шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч нь хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мэргэд овогт Д.Б автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Бийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Боос нийт 2.280.000 /хоёр сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Мөнхбилэг /РД:УШ95082331/-т олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан Д.Бийг 3 /гурав/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ