Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0115/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                              Б.Нарангэрэл

Шүүгдэгч                                     Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч             Б.Төгсбаяр  нарыг оролцуулж шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бт  холбогдох 2139000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар  сарын 10-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 3Б-19 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох бэр Т.Ганчимэгтэй “хүүхэд төрөөд удаагүй байхад гаднаас ямар сонин юм оруулж ирдэг юм” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ахар сүүл рүү нэг удаа өшиглөж түүний биед ахар сүүлний гадна доод сэртэнгийн цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Т.Гийн өгсөн:... Би төрөх дөхчихсөн  байсан болохоор 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр багийн 3Б-19 тоотод байрлах өөрийн хадмын гэрт ирээд хэд хонож байгаад 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж амаржаад 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гараад  хадмын гэрт очоод хэд хонож байгаад 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр А.Арсланбаатар бид хоёр тусдаа гарах зорилгоор шинэ гэр худалдаж аваад худалдаж авсан гэрийнхээ доторх болон гадна талыг янзалж байхад манай нөхөр А.Арсланбаатар дэлгүүр орж хүнс болон ойр зуурын хэрэглээний юм авахаар хадам дүү болох Алтансүхийн хамт яваад өгсөн. Тэгээд гэрт хадам ээж Анхтуяа, хадам дүү Алтанзул болон зургаан жоохон хүүхдийн хамт үлдсэн. Ингээд өдрийн 14 цагийн орчимд гаднаас хадам аав болох Б согтуу баруун гартаа үнэгний арьс бариад ороод ирэхээр нь би “хүүхэд төрөөд удаагүй байхад гаднаас ямар сонин юм гэрт оруулж ирдэг юм бэ гарга” гэж хэлэхэд өөдөөс “битгий хуцаад бай гичийн минь” гэж хэлээд хадам дүү Алтанзулыг гэрийн зуухны урд талд үсдээд дээрээс нь хэд хэдэн удаа баруун гараараа цохиод гэрт байсан бүх хүнийг доромжилж эхэлсэн. Тэгээд миний орны урд талд сууж байсан Алтантулгыг тархийг чинь хоёр хуваана гэж хэлээд баруун хөлөөрөө өшиглөх үед нь би голоор нь ороод Алтантулгын дээр дараад хэвтэхэд миний гэдэс рүү 3 өшиглөхөөр нь би шууд газарт сөхрөөд суухад миний ардаас ахар сүүл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би цагдаад өгнө гэж хэлэхэд би суллагдаж гарч ирээд та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд зогсож байтал гаднаас цагдаа ороод ирсэн. Тэр үед хадам аав Б нь эд нар намайг бөөндөө зодлоо гэх мэтээр худлаа ярьж эхэлсэн. Тэгээд Бийг цагдаа нар аваад явсан. Ингээд миний доошоо цус алдахаар нь нөхөр болох Арсланбаатар ирж эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд эмнэлэгт үзүүлчихээд шууд цагдаа руу ирсэн. ...Миний бие Бт зодуулсны  улмаас гэдэс базалж өвдөж доошоо маш их хэмжээний цус алдсан, ахар сүүлний яс цуурсан. ...Намайг урьд өмнө нь зодож цохиж байгаагүй. Харин зөндөө хэл амаар доромжилдог байсан. Харин хадам ээж болох Анхтуяаг байнга зодож хэл амаар доромжилдог юм. Тухай бүрт нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөр авч явж эрүүлжүүлэх байранд нэг хонуулаад эргээд гарч ирэхдээ архи ууж ирчихээд би яасан байсан ч суллагдаж гарч ирж чаддаг хүн шүү цагдаагийн байгууллага надад үйлчилж чадахгүй шүү гэж хэлдэг. ...Б ... нилээн согтчихсон байсан... Надад Бтай өс хонзон, өр авлагын сэдэлтэй маргаан байхгүй. ...Намайг дүү Алтантулгыг хамгаалах гэж боссоноос болоод цохисон байх. ...Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. ...Би гомдолтой байна. Би биемахбодь болон сэтгэл санаагаараа хохирсон. Нэхэмжлэх зүйлгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/

Гэрч А.Алтанзулын өгсөн:...2021 оны 05 дугаар сарын 09-нд хойд аав Б өглөө эрт гэрээс ах Арсланбаатарын sunny нэртэй машиныг унаад явсан. Яг хаашаа явж байгаагаа хэлээгүй. Тэгээд бид нар босоод хоол цайгаа идчихээд ах Арсланбаатарын шинэ гэрийг тохижуулах ажилд тусалж байхад ойр зуурын хүнсний зүйл авахаар Арсланбаатар болон манай нөхөр Алтансүх хоёр дэлгүүр явсан хойгуур 14 цагийн орчимд хойд аав Б нь гаднаас баруун гартаа үнэгний арьс бариад согтуу гэрт ороод ирэхээр нь бэр эгч Ганчимэг бид хоёр хүүхэд төрөөд удаагүй байхад гаднаас юун сонин юм гэрт оруулж ирээд байгаа юм бэ гэхэд хойд аав Б нь “гичийнүүд минь та нарт хамаагүй” гэж хэлэхээр нь та юу гээд байгаа юм бэ гэж хэлээд,  гэрийн зүүн орны хажуу талд зогсож байсан өөрийн охин Цэнүжинг авах гээд очиход намайг үснээс зулгааж, чирээд зуухны урд талд авч ирээд баруун гараараа миний толгойны зүүн ар дагз хэсэг рүү 3 удаа цохихоор нь би өөрөөсөө салгах гээд гартай нь ноцолдож байхад гаднаас ээж Анхтуяа орж ирээд надаас Бийг салгаад зуухны хойд талд дээрээс нь дараад хэвтсэн. Тэгээд ээжийг өөрөөсөө холдуулаад манай дүү Алтантулгыг “тархийг чинь хоёр хуваана” гэж хэлээд баруун хөлөөрөө өшиглөх үед нь манай бэр эгч Бт өшиглүүлээд гэдсээ бариад уйлаад сууж байхдаа цагдаад хэлнэ гэж хэлэхэд Б нь би суллагдаж гарч ирээд та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд зогсож байхад нь цагдаа гаднаас орж ирээд аваад явсан. Тэгээд ах Арсланбаатар, нөхөр Алтансүх хоёр дэлгүүрээс ирэхээр нь юу болсон талаар хэлээд эгчийг эмнэлэг авч явсан. ...Миний толгойны ар дагз хэсэг хавдсан, надад өөр гэмтэл шарх учраагүй. ...Намайг хойд аав Б нь 2 удаа зодож байсан. Яг хэд хэдэн он гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан би жоохон байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...Надад өс хонзон, өр авлагын сэдэлтэй маргаан байхгүй. ...Б нилээн согтчихсон байсан. ...Гаднаас үнэгний арьс барьж орж ирлээ гэж загнаснаас болж зодсон байх... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гомдолтой байна. Манай хойд аав Б нь ээж дүү бид нарыг байнгын дээрэлхэж дарамталдаг. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

Гэрч Г.Анхтуяагийн өгсөн:... Манай бэр Т.Ганчимэг нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймаг Батноров сумаас аймагт ирж амаржих зорилгоор ирсэн юм. Харин манай том охин А.Алтанзул нь хүргэн Алтансүх зээ охин Цэн-Үжин нарын хамт бэр эгчийнхээ хүүхдийг харах гээд 2021 оны 05 дугаар сарын 05-ны  өдөр ирсэн юм. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө эрт манай нөхөр Б.Б нь гараад явсан. Яг хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна. Хаашаа явж байгаа талаараа надад хэлээгүй ингээд гэрт үлдсэн хүмүүс жоохон унтаж байгаад босоод том хүү Арсланбаатарын шинэ гэрийг нь янзлаад сууж байтал том хүү Арсланбаатар болон хүргэн Алтансүх нар дэлгүүр яваад ойр зуурын юм аваад ирье гээд явсан. Тэгээд өдрийн 14 цагийн орчимд манай нөхөр Б.Б нь гаднаас согтуу баруун гартаа үнэгний арьс барьчихсан гэр рүү орж байсан. Тэр үед би гэрийн гадаа том хүүгийн гэрийн туургыг нь оёод сууж байсан юм. тэгтэл манай нөхөр Б.Б гэрт ороод удаагүй байтал гэрт байсан хүмүүс орилж хашхираад эхэлсэн. Тэгээд би гэр рүү гүйгээд ортол гэрийн зуухны урд том охин Алтанзулыг Б нь үсдээд газар хэвтүүлчихсэн байж байсан, тэгэхээр нь би шууд охин Алтанзулаас салгах санаатай Б.Бийг тэвэрч аваад зуухны ард талд дараад хэвтсэн. Тэгтэл намайг Б нь өөрөөсөө түлхэж холдуулахад хүү Алтантулга руу хараад толгойг чинь хоёр хуваана гэж хэлээд өшиглөх үед нь бэр Т.Ганчимэг урдуур нь ороод өшиглүүлсэн юм, тэр үед Т.Алтанчимэгийн гэдэс рүү нь 3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд манай нөхөр Б.Бийг бариад явсан. Манай бэр Б.Бт өшиглүүлснээс ахар сүүлээр өвдөөд хойш сууж болохгүй байна гэхээр нь том хүү Арсланбаатар эмнэлэг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/

Насанд хүрээгүй гэрч А.Алтантулгын өгсөн:.... Би 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг 3Б-19 тоотод ээж Анхтуяа, ах Арсланбаатар, эгч Алтанзул, эгч Алтанзаяа, дүү Отгончимэг, дүү Есөн-Үжин, бэр эгч Ганчимэг, хүргэн ах Алтансүх нарын хамт гэртээ байж байхад гаднаас аав Б согтуу гартаа үнэгний арьс барьчихсан орж ирсэн. Тэгтэл бэр эгч Ганчимэг, эгч Алтанзул нар нь уурлаад жоохон хүүхэдтэй байхад гаднаас сонин юм оруулаад ирлээ гэж хэлээд наадахаа гарга гэхэд аав уурлаад эгч Алтанзулыг үсдэж аваад толгой руу нь цохисон. Тэгтэл ээж гаднаас орж ирээд аавыг Алтанзул эгчээс салгасан. Тэгтэл аав ээжийг өөрөөсөө холдуулаад намайг өшиглөх гэхэд манай бэр эгч миний урдуур ороод эгч өшиглүүлсэн. Тэгээд бэр эгч газарт сөхрөөд суухад араас нь ахар сүүл хэсэг рүү нь аав дахиад өшиглөсөн. Тэгэхэд цагдаа нар ирээд аавыг аваад явсан. Тэгээд бэр эгч аав Бт өшиглүүлснээс хойш сууж чадахгүй байна гэхээр нь ах Арсланбаатар аваад эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

Гэрч А.Арсланбаатарын өгсөн:...гэрт очтол бөөнөөрөө уйлалдаад сууж байсан. тэгээд хүргэн Алтансүх бид хоёр юу болсон талаар асуухад хойд аав Б манай эхнэр Т.Ганчимэг, дүү Алтанзул хоёрыг зодсон гэсэн. Тэгээд аавыг цагдаа нар аваад явсан гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Т.Ганчимэг нь хойд аав Бт ахар сүүл рүүгээ өшиглүүлснээс хойш ахар сүүлээр нь өвдөөд сууж болохгүй байна гэхээр нь би эмнэлэг авч явж  үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

Гэрч Г.Алтансүхийн өгсөн:...гэрт очтол бөөнөөрөө уйлалдаад сууж байсан. Тэгээд хадам ах А.Арсланбаатар бид хоёр юу болсон талаар асуухад хадам аав Б нь бэр эгч Т.Ганчимэг болон манай эхнэр Алтанзул хоёрыг зодсон гэсэн. Тэгээд аавыг цагдаа нар аваад явсан гэж хэлсэн. Тэгээд бэр эгч Т.Ганчимэг нь хадам аав Бт ахар сүүл рүүгээ өшиглүүлснээс хойш ахар сүүлээр нь өвдөөд сууж болохгүй байна гэхээр нь хадам ах А.Арсланбаатар аваад эмнэлэг авч явж  үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

Гэрч Г.Алтанцэцэгийн өгсөн: ... Манай найз болох Б.Б нь зан байдлын хувьд даруу төлөв, дөлгөөн, олон таван үггүй, амьдрахын төлөө л явдаг, хар бор ажил төрөл хийхдээ сайн, янз бүрийн л ажил төрлийг хийж байсан, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, би лав Б.Бийг хүнтэй маргалдаж муудалцаж байхыг нь харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэдэг, гэхдээ байнгын бол хэрэглээд байдаггүй, яах вэ хааяа нэг найз нөхөд нь Б.Бийг уруу татаад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглүүлчихээд байдаг, тэрнээс биш найз маань өөрөө архи авч бол уудаггүй, тамхи татдаг, ямар нэгэн хэрэгт холбогдон цагдаад шалгагдаж байгаагүй, одоо л бэрээ зодсон гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, багадаа бол спортод сонирхолтой байсан, харин одоо бол машин техникт л их сонирхолтой юм шиг байсан, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг юм аа ер нь Б.Б нь даруу төлөв, амьдралын төлөө явдаг, ажилсаг, ямар ч ажлыг хийж чаддаг, хүнд их тусархаг л хүн байгаа юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар    сарын 18-ны    өдрийн 231 дугаартай дүгнэлт:

1.  Т.Ганчимэгийн биед ахар сүүлний гадна доод сэртэнгийн цууралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар  алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 35-36 хуу/ дүгнэлт,

Яллагдагч Б.Бийн өгсөн:... Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2139000000148 дугаартай тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 61 хуу/,

 

Хохирогч Т.Ганчимэгийн биед учирсан гэмтлийг харуулсан “09/05/2021, T.Ganchimeg 21 Female. Khentii negdsen emneleg” гэсэн бичлэгтэй дүрс оношилгооны зургийг хүлээн  авсан тухай тэмдэглэл /хх-ийн 51 хуу/,

 

Б.Бийн  иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 67 хуу/

Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81, 82 хуу/

Хохирогч Т.Ганчимэгийн гаргасан “...Б нь уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн учраас одоо ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно”  гэсэн тодорхойлолт /хх-ийн 80 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 3Б-19 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох бэр Т.Ганчимэгтэй маргалдаж,  улмаар  түүнийг өшиглөж эрүүл мэндэд нь “ахар сүүлний гадна доод сэртэнгийн цууралт бүхий гэмтэл” буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.  

               

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Т.Ганчимэг, гэрч А.Алтанзул, Г.Алтантуяа, Г.Анхтуяа, насанд хүрээгүй гэрч А.Алтантулга, гэрч А.Арсланбаатар, Г.Алтансүх нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.   

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 85 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 88-89 хуу/ үйлдэн, яллагдагчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал танилцуулсныг яллагдагч Б.Б хүлээн зөвшөөрч, уг шийтгэлийг 4 сарын хугацаанд биелүүлэхээ илэрхийлэн /хх-ийн  96 хуу/  гарын үсэг зуржээ. 

Аймгийн Прокурорын газраас Б.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд харшлаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон” зэрэг заалтуудыг хангасан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Т.Ганчимэг нь “Б.Бт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай тодорхойлолт  /хх-ийн 80 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн Т.Ганчимэгийн биед учирсан гэмтлийг харуулсан “09/05/2021, T.Ganchimeg 21 Female. Khentii negdsen emneleg” гэсэн бичлэгтэй дүрс оношилгооны зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалах баримт бичгийн журмын дагуу хэргийн хамт архивлах нь зүйтэй болно.

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Б Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар Т.Ганчимэгийн биед учирсан гэмтлийг харуулсан “09/05/2021, T.Ganchimeg 21 Female. Khentii negdsen emneleg” гэсэн бичлэгтэй дүрс оношилгооны зургийг хэрэгт хавсаргаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалах баримт бичгийн журмын дагуу хадгалсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.УЯНГА