Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0153/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                Ж.Баянжаргал,          

Хохирогч                                           Д.М,

Хохирогч                                           Д.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Төгсбаяр,

Шүүгдэгч                                      Ц.Х  нарыг оролцуулж шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Болортуяагаар хөтлүүлэн

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Хд холбогдох 2139001060144 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Х нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нисэхийн 1-03 тоотод байрлах иргэн Д.Мгийн гэрт хохирогч Д.Ттай “манай нөхрийг түлхлээ...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой хэсэгт нь цохиж, мөн 28,5 см урттай хутгаар цээж, зүүн гуянд хутгалж түүний эрүүл мэндэд зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Д.Ттай ноцолдож байхад нь салгахаар босож ирсэн Д.Мгийн зүүн шилбэнд хутгаар зүсэж, түүний зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр түүнээс дээш хүнийг” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн  үед:

Хохирогч Д.Мгийн өгсөн:... Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн орчим өөрийн гэр болох Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 1-03 тоотод эхнэр Д.Тын, хүү Тэмүүжин нарын хамт унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Би хэн бэ гэж асуухад Болорчулуун байна гэж хэлэхээр нь би орноосоо босоод хаалгаа онгойлгоход Болорчулуун, Гантогтох, Ц.Х нар орж ирсэн. Гантогтох гэрт орж ирээд та яагаад өөрөө хүн хутгалчихаад Болорчулуун ахыг хутгалсан гэж гүтгэсэн юм бэ гэж хэлэхээр нь би хутгалаагүй Болорчулуун хутгалсан гэж хэлээд гэрийнхээ зүүн талын орон дээр дотуур хувцастайгаа завилаад сууж байхад манай эхнэр Д.Т босож ирээд яагаад хүн унтуулахгүй байгаа юм гэж хэлээд Гантогтохыг түлхсэн чинь Ц.Х яагаад манай нөхрийг түлхээд байгаа юм гэж хэлээд Ц.Х, Д.Т хоёр гэрийн зүүн талд харанхуйд зодолдоод байхаар нь салгах  босох гэтэл миний зүүн хөлийн өвдөгний доогуур иртэй зүйлд зүсэгдэх шиг болсон. Тэгсэн чинь манай эхнэр болъё Ц.Х чи намайг хутгалчихлаа шдээ гэж хэлсэн. Тэгээд би асаагуурын гэрэл тусгаж харахад миний эхнэр Д.Тын цээж болон зүүн гуяны ард талаас цус гараад тогтохгүй байхаар нь би Болорчулууны хамт даавуу ураад цус гарч байсан зүүн хөлийг нь боосон. Тэгээд 7056103-т залгаад түргэн дуудсан. Би 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэрлэн сумын Нисэхийн 1-03 тоотод гэр барьж буусан юм. Хэрэг гарах үед манай гэр гэрэлгүй харанхуй байсан болохоор Ц.Хг хаанаас хутга авч Д.Тыг хутгалсанг хараагүй. Гэхдээ миний бодлоор манай гэрийн гал тогооны шүүгээнээс хутга авсан байх гэж бодож байна. ...Болорчулуун, Гантогтох, Ц.Х нар манай гэрт ирэхдээ архи уусан байсан. ...Би Болорчулуун, Гантогтох, Ц.Х нарыг ямар зорилгоор манай гэрт ирснийг мэдэхгүй. Гэрт орж ирээд Гантогтох намайг чи хүн хутгалчихаад Болорчулуун ахад тохоод байгаа юм уу гэж асуусан. Энэ талаар ярих гэж ирсэн байх гэж бодож байна. ... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 1-04 тоотод 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Болорчулуун ах согтуу байхдаа Идэрсайхан гэх хүнийг хутгалчихсан юм. Энэ талаараа одоо шалгагдаж байгаа. Тухайн үед би хамт архи уусан юм. Харин яагаад Гантогтох чи хүн хутгалчихаад Болорчулуун ахад тохоод байгаа юм уу гэж хэлснийг мэдэхгүй байна. ...Миний биед зүүн шилбэнд зүсэгдсэн шарх үүссэн. Энэ гэмтлийг Ц.Х миний эхнэр Д.Тыг хутгалах үедээ зүсчихсэн. ...Миний эхнэр Д.Т зуухны таг авч хүн цохисон асуудал огт байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Хд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү....гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/, Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

Хохирогч Д.Тын өгсөн:...Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн орчим Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 1-03 тоотод нөхөр Д.М хүү Тэмүүжин нарын хамт унтаж байхад Болорчулуун байна хаалгаа гээд гэрийн хаалгыг тогшсон. Манай нөхөр Д.М босоод хаалгаа онгойлгоход Болорчулуун, Гантогтох, Ц.Х нар орж ирсэн. Гантогтох орж ирээд манай нөхөрт хандаж чи хүн хутгалчихаад Болорчулуун ах руу тохоод байгаа юм уу гэсэн утгатай юм яриад байсан. Би юуны талаар ярьж байгааг ойлгоогүй. Манай нөхөр хариуд нь би хутгалаагүй Болорчулуун ах өөрөө хутгалсан гэж хэлж байсан. Би босоод та нар хар шөнө ирчихээд юун хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлээд Гантогтохыг гэрээс гар гээд түлхсэн чинь Ц.Х хөөе чи яагаад байгаа юм гээд намайг үсдсэн. Би Ц.Хгийн гарыг тавиулах гээд гэрийн зүүн урд хэсэгт харанхуйд ноцолдсон. Ноцолдож байхад Ц.Х шалан дээр унаад босож ирээд зүүн хөлийн гуянд, дараа нь цээжинд хөхний гол хэсэгт хутгалсан. Би больё Ц.Х чи намайг хутгалчихлаа гэж чангаар хэлсэн. Тэгээд манай нөхөр Д.М асаагуурын гэрэл тусгахад миний цээж болон зүүн хөлийн гуяны гадна талаас цус ихээр гарч байсан. Манай нөхөр Болорчулууны хамт орны дэвсгэр даавуу урж миний хөлийг боосон. Тэгээд манай нөхөр эмнэлэг дуудсан. Болорчулуун, Гантогтох, Ц.Х нар манай гэрээс гараад явсан. Манайх тухайн үед Нисэхийн 1-04 тоотод буугаад 4-5 хонож байсан. Цахилгаанаа залгуулаагүй гэр гэрэлгүй харанхуй байсан болохоор Ц.Хг хаанаас хутга авсныг хараагүй. Би маргааш нь эмнэлгээс ирэхэд манай гэрийн гал тогооны шүүгээнд байсан бугын эвэр шиг шар өнгийн бариултай хутга байхгүй байсан. Тэр хутгыг л авч намайг хутгалсан байсан гэж бодож байна. ...Болорчулуун, Гантогтох, Ц.Х нар манай гэрт ирэхдээ архи уусан байсан. Архи үнэртэж байсан. ...Миний цээжинд болон зүүн хөлийн гуяны гадна хэсэгт хутгалуулсан шарх үүссэн. Энэ шархыг Ц.Х надад учруулсан. ...Би зуухны таг авч хүн цохисон асуудал байхгүй. ...Би тухайн үедээ Д.Мгийн зүүн хөл зүсэгдсэнг мэдээгүй. Маргааш нь Д.Мгээс зүүн хөлийнх нь шилбэнд зүсэгдсэн гэж мэдсэн. Харанхуйд Ц.Х хутгаар зүсчихсэн гэж надад хэлсэн. ...Би өмнө нь Ц.Хтай маргалдаж муудаж байсан асуудал байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна. Ц.Хд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/, Би эмчилгээний зардал гэж хүүгээсээ 200,000 төгрөг зээлсэн, түүнийг Ц.Хгаар гаргуулмаар байна. Би гомдолтой байна гэв.

Гэрч Т.Гантогтохын өгсөн:... Би эхнэр Ц.Х, хүү Ганцолмон нарын хамт Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төв Чингис хотод 2021 оны 03 дугаар сарын 01-ний орой Нисэхийн 1-04 тоотод 22 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд Хүрэлчимэг, Болорчулуун, ээж Цэрэнханд, өвөө Чулуунбилэг, миний төрсөн эгч Наранмижид, хүргэн ах Зулзага, шар Эрдэнээ нар байсан. Би гэртээ ороод Улаанбаатар хотоос гарахад эхнэрийн хүргэн ах Болдоо гэх хүн авч өгсөн 750 граммын Чингис архийг гаргаад тэнд байсан хүмүүс бүгд хувааж уусан. Бид нар архиа 2021 оны 03  дугаар сарын 02-ны шөнө 24 цаг 30 минутын орчим ууж дуусахад эгч Наранмижид, хүргэн ах Зулзага, шар Эрдэнээ нар харих гээд явсан. Тэгээд сууж байтал Болорчулуун Намнансүрэнгийнд очъё гэхээр нь эхнэр бид хоёр хамт явсан. Нисэхийн 1-03 тоотод Намнансүрэнгийн гэрт 2021 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн орчим очиход хашааны хаалга нь цоожтой байсныг Болорчулуун онгойлгоод гэрийнх нь хаалгыг тогшиход Намнансүрэн онгойлгосон. Бид гурав гэрт ороход гэр гэрэлгүй харанхуй юм харагдахгүй байсан. Болорчулуун гэрэл тусгаж харахад гэрийн зүүн талын орон дээр Д.Т, хүүхэдтэйгээ хэвтэж байсан. Намнансүрэн хаалга тайлчихаад гэрийн зүүн орон дээр завилаад өмдгүй дотуур хувцастайгаа суусан харанхуй байсан болохоор сайн юм харагдахгүй байсан. Би Намнансүрэнд хандаж чи одоо хүн хутгалчихаад Болорчулуун ах руу тохоод байгаа юм уу гээд ярьж байсан чинь Д.Т орноосоо босож ирээд намайг түлхсэн чинь эхнэр Ц.Х чи яагаад байгаа юм чамтай яриагүй байхад гэж хэлсэн чинь Д.Т дуугай бай гичийн минь гээд Ц.Хтай ноцолдож байгаад гэрийн зүүн урд талын шүүгээний урд Ц.Хг унагаах шиг болсон. Тэгээд тэр ноцолдож байтал Д.Т Ц.Х чи намайг хутгалчихлаа больё гэж хэлсэн. Тэгээд асаагуурын гэрэл тусгаад хартал Д.Тын зүүн гуяны гадна талаас нь цус гарч байсныг Болорчулуун ах Намнансүрэн нар орны даавуугаар цусыг нь тогтоож боосон. Гэр дотор харанхуй гэрэлгүй байсан болохоор би Ц.Хг хаанаас хутга аваад Д.Тын хаана нь хэдэн удаа хутгалсныг хараагүй. Тэгээд бид гурав харих гээд Намнансүрэнгийн гэрээс гараад явж байхад Ц.Х бие засна гээд айлын жорлон орохоо явсан. Энэ хооронд Болорчулуун ах нэг шар бариултай хутга гутлынхаа түрийнээс гаргаж ирээд надад өгөхөд би юун хутга юм гэж асуухад Болорчулуун ах Ц.Х Д.Тыг дүрсэн хутга гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нисэхийн 2 дугаар гудамжны хамгийн зүүн талын айлын хашааны зүүн талаас нь хашааг нь давуулаад чулуудчихсан. Хүрэлтяа бие засаад ирэхээр нь Д.Тыг хутгалсан хутгыг айлын хашаа руу чулуудчихсан гэж хэлэхэд Ц.Х юм хэлээгүй... Би Намнансүрэн гэж Д.Мг хэлж байна. Би Намнансүрэн гэж дууддаг юм. ...Би Намнансүрэнгийн шилбэнд хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй. Гэр дотор гэрэлгүй харанхуй байсан. Д.Т Д.Мгийн хөлийг зуухны тагаар шидсэнийг асаагуурын гэрэл тусгаж байсан болохоор харсан. Д.М миний хөлийг шидчихлээ гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

Гэрч Б.Болорчулууны өгсөн:.... Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 1-04 тоотод гэртээ хадам ээж Цэрэнханд, эхнэр Хүрэлчимэг, өвөө Чулуунбилэг, Наранмижид, Зулзага, шар Эрдэнээ нарын хамт байж байтал хотоос Ц.Х, Гантогтох нар хүү Ганцолмонгийн хамт ирсэн. Ганцолмон халуун усанд түлэгдээд хотод эмчилгээ хийлгэж байгаад ирж байгаа юм. Тэр гурав ирээд 750 граммын хэмжээтэй архи гаргаад бид нар бүгдээрээ хувааж уугаад дуусахад Наранмижид, Зулзага, шар Эрдэнээ нар харилаа гээд явсан. Би Гантогтох, Ц.Х нарт хандаж Намнансүрэнгийн гэрт очих уу энд ойрхон буусан байгаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав Намнансүрэнгийн гэр болох Нисэхийн 1-03 тоотод ирэхэд хашааны хаалгаа төмөр гинжээр цоожилсон байхаар нь би гогцоог нь мултлаад онгойлгоод гэрийнх нь хаалгыг тогшиход Намнансүрэн онгойлгосон. Бид гурав гэр дотор ороход гэрэлгүй харанхуй байсан. Би асаагуурын гэрэл тусгаж харахад Д.Т хүүхэдтэйгээ гэрийнхээ зүүн орон дээр хэвтэж байсан. Харин Намнансүрэн хаалга тайлчихаад зүүн орон дээрээ завилаад дотуур хувцастайгаа нүцгэн суусан. Гантогтох Намнансүрэнд хандаж чи хүн хутгалчихаад Болорчулуун ах руу тохоод байгаа юм уу гэхэд Д.Т орноосоо босож ирээд Гантогтохыг түлхсэнээс болоод Ц.Х Д.Т хоёр хоёр биенээ гичий нохойгоор дуудаад харанхуйд ноцолдоод эхэлсэн. Тэгээд гэнэт Д.Т Ц.Х больё чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.Х харанхуйд надад нэг хутга өгөхөөр нь би хутгыг нь аваад гутлынхаа түрийнд хийсэн. Би асаагуурын гэрлээ тусгаад харахад Д.Тын зүүн хөлийн гуяны гадна талаас нь цус гарч байхаар нь Намнансүрэнтэй хамт хөлийг нь орны даавуугаар боосон. Тэгээд бид гурав харих гээд Намнансүрэнгийн гэрээс гарсан. Харих замдаа Ц.Х айлын жорлон орж бие засах хооронд би Ц.Хгийн надад өгсөн хутгыг Гантогтоход өгөхөд Гантогтох юун хутга юм гэхээр нь би Ц.Х Д.Тыг дүрсэн хутга гэж хэлсэн. Гантогтох надаас авсан хутгыг айлын хашаа давуулаад чулуудчихсан. Ц.Х бие засчихаад ирэхэд нь нөгөө хутгыг айлын хашаанд хаячихсан гэхэд юм дугараагүй. ...Би Намнансүрэн гэж Д.Мг хэлж байна. Би Намнансүрэн гэж дууддаг юм....гэх мэдүүлэг /хх-ийн 54 хуу/

Гэрч Ц.Хүрэлчимэгийн өгсөн:...Би Ц.Х гэх хүнийг танина. Ц.Х бол миний төрсөн эгч байгаа юм. Манай гэр бүл Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 1-04 тоотод эгч Ц.Х, хүргэн ах Гантогтох, дүү Ганцолмон, миний нөхөр Болорчулуун, ээж Цэрэнханд хойд аав Чулуунбилэг нарын хамт амьдардаг. Манай ам бүлээс ажил эрхэлдэг хүн байхгүй. Манай гэр бүл халамжийн мөнгөөр амьдардаг айл. Ц.Х эгч одоо 9 сартай жирэмсэн. Ц.Х эгч өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Тамхи татдаг. Архи уудаг. Зан аашны хувьд бага зэрэг ууртай. Ц.Х эгчийн хүү Ганцолмон халуун усанд түлэгдээд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу/

Гэрч Д.Цэрэнхандын өгсөн:...Би Ц.Х гэх хүнийг танина. Ц.Х бол миний том охин байгаа юм. Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг Нисэхийн 1-04 тоотод том охин Ц.Х, бага охин Хүрэлчимэг, хүргэн Гантогтох, Болорчулуун, зээ хүү Ганцолмон, нөхөр Чулуунбилэг нарын хамт амьдардаг. Зээ хүү Ганцолмон халуун усанд түлэгдээд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ирсэн. Ганцолмон бол Ц.Х, Гантогтох хоёрын хүүхэд байгаа юм. Манай гэр бүлд ажил төрөл хийдэг хүн байхгүй. Халамж хүнсний талоноор л ахуй амьдралаа залгуулдаг айл. Миний охин Ц.Х зан аашны хувь төлөв даруу бага зэрэг хурдан ууртай хүн. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Тамхи татдаг. Одоо Ц.Х 9 сартай жирэмсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/,

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар    сарын 10-ны өдрийн 131 дугаартай дүгнэлт: 1. Д.Тын биед цээж, зүүн гуянд шарх, зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх цээж, зүүн гуянд шарх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр, зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.3. Дээрх цээж, зүүн гуянд шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...  гэх /хх-ийн 74-75 хуу/ дүгнэлт,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар    сарын 10-ны өдрийн 132 дугаартай дүгнэлт: 1. Д.Мгийн биед зүүн шилбэнд зүсэгдсэн шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зүүн шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц, ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх зүүн шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...  гэх /хх-ийн 79-80 хуу/ дүгнэлт,

Яллагдагч Ц.Хгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:... Би өмнө нь болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн. Өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, би Д.Мгийн хөлийг хутгаар зүсээгүй тэр үед зүгээр өмд хувцсаа өмссөн зүсэгдээгүй байсан ...гэх мэдүүлэг,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14 хуу/,

 

Ц.Хгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 11 хуу/

Ц.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-125 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 194, 195, 196 хуу/

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нисэхийн 1-03 тоотод байрлах иргэн Д.Мгийн гэрт хохирогч Д.Ттай “манай нөхрийг түлхлээ...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой хэсэгт нь цохиж, мөн 28,5 см урттай хутгаар цээж, зүүн гуянд хутгалж түүний эрүүл мэндэд зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Д.Ттай ноцолдож байхад нь салгахаар босож ирсэн Д.Мгийн зүүн шилбэнд хутгаар зүсэж, түүний зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр түүнээс дээш хүнийг” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

               

Шүүгдэгч Ц.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн боловч хохирогч Д.Мгийн зүүн хөлийн шилбэнд хутгаар зүсч хохирол учруулаагүй гэх ч энэ нь  хэрэгт авагдсан хохирогч Д.М, Д.Т, гэрч Т.Гантогтох, Б.Болорчулуун, Ц.Хүрэлчимэг, Д.Цэрэнханд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна иймээс шүүгдэгчийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Т нь эмчилгээний зардалд 200,000 төгрөг зарцуулсан, үүнийгээ шүүгдэгчээс нэхэмжилнэ гэх боловч энэ тухайг нотолсон нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтгүй байх тул хохирогчийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Хохирогч Д.Т нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өөрийн өмд, подволкийг буцаан авахгүй устгуулна гэснийг дурьдав. 

Хохирогч  Д.М, Д.Т нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Иймд шүүгдэгч Ц.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр түүнээс дээш хүнийг” гэх хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ц.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 28,5 см урттай шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хохирогч Д.Тын хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн фудволк 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй болно.

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Булган овогт Цэрэнхандын Ц.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр түүнээс дээш хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хг 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 28,5 см урттай шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн фудволк 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хохирогч Д.Т нь эмчилгээний зардлын нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж  иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.УЯНГА