Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00108

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01602 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1920 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК, Х.Бнарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 86.103.137 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х ХХК болон Х.Бнар нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ12/244 тоот зээлийн шугамын гэрээгээр 450.000 ам долларыг жилийн 13.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хос Хас ХХК, иргэн Ц.Батжаргалын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон Х ХХК-ийн Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн зориулалттай, 20.000 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2 удаа сунгасан. Зээлдэгч нар үндсэн зээлд 450.000 ам.доллар, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 570.480.29 ам.долларыг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хос Хас ХХК үндсэн зээлийн үлдэгдэл 16.109.34 ам.долларыг төлж өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлсэн бөгөөд зээлдэгч Х ХХК, иргэн Х.Бнар зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөгүй байна. Иймээс зээлийн хүүгийн төлбөрт 33 707.45 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,193.08 ам.доллар, нийт 35,900.54 ам.доллар буюу 86.103.137.12 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 658.666 (70200) төгрөгийн хамт гаргуулж, зээлдэгч зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд Х ХХК Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай, 20.000 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Х” ХХК, Х.Бнар шүүхэд гаргасан тайлбартаа: Х ХХК болон Хос Хас ХХК-иуд хамтран ажиллахаар болж улмаар 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 450.000 ам.долларыг хамтран зээлж №ЗГ-12/244 дугаар гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд бид төлбөрийг хуваарийн дагуу төлсөөр ирсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сард хамтран зээлдэгч Хос Хас ХХК-иас зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө суллан авч дахин хөрөнгө босгох хэрэгтэй тул барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг Х ХХК-д гаргасан. Хос Хас ХХК зээлийн гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр болох 16.109,34 ам.долларыг төлж Х ХХК-аас барьцаа хөрөнгөө суллуулсан байсан. Үүнийг бид эс зөвшөөрч тухайн үед Х ХХК-д мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Х ХХК тохиролцсон нөхцлийг зөрчиж, бидний тавьсан болзол болох гэрээний хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийг зөвшөөрсөн байхад уг төлбөрөөс өөр төлбөрийг төлүүлэн барьцааг чөлөөлсөн нь буруу болсон. Хэдийгээр барьцаа хөрөнгөөс хамтран зээлдэгч Хос Хас ХХК-ийн хөрөнгийг чөлөөлүүлсэн боловч анх байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. Тиймээс 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2017/12 албан тоотод дурдсан хэмжээний төлбөрийг хүлээн зөвшөөрөх бөгөөд харин үлдэх төлбөрийг хамтран зээлдэгчээс гаргуулах нь зөв. Иймээс хамтран хариуцагчаар Хос Хас ХХК-ийг татан оролцуулах нь зүй ёсны юм. Түүнчлэн анхнаасаа хоёр компанийн хамтран ажиллахаар бизнесийн зориулалтаар хамтран зээлсэн зээлийг Х.Бнадад хариуцуулахаар шаардаж буй нь буруу, уг зээлээс хувьдаа ямар нэгэн байдлаар зарцуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01602 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК, Х.Бнараас 61.070.621.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 18677296271263 тоот дугаартай 20.000 м.кв талбайтай, 000300531 дугаар гэрчилгээтэй, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658.666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК, Х.Бнараас улсын тэмдэгтийн хураамжинд 463.303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1920 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 463.303 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1920 тоот магадлалаар Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01602 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн нэхэмжлэлийн үндсэн шаардлага өөрчлөгдөөгүй харин ч нэхэмжлэлийн хэмжээг багасгасан байдаг. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, тооцоолол дээр маргаагүй бөгөөд өмнө гаргаж байсан тайлбартаа зээлийн хүүний төлбөрийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч “Хос Хас” ХХК төлөх талаар маргадаг. Нэхэмжлэлийн хэмжээг багасгах хүсэлт тавьж шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч талтай урьдчилан уулзалтууд ч хийж байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хэмжээг өөрийн эрхийн хүрээнд хасч багасгаж байхад “хэдийн хугацааны хүүг хассан” эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл жишээ нь 12 сарын хүү авах байсныгаа багасгаад 8 сарын хүү авч болно. Шүүхээс 3 удаа шүүх хуралдааны зарласан бөгөөд хариуцагч өмгөөлөгч авах болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг хүлээн авч 3 ч удаа хойшлосон. 3 дах удаа шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны тов тогтооход хэргийн оролцогчдоос санал асууж 2018.0.6.27-ны өдрийн 12:30-н минутад товлосон. Хариуцагчийн “хүндэтгэн үзэх шалтгаан нь шүүх хуралдаан давхацсан” гэсэн байсан бөгөөд хариуцагчийн давхцсан шүүх хуралдаан 8:30 минутад байсан. Шүүгчийн туслах шүүх хуралдаан хойшлуулах шалтгаан арилсан талаар тэмдэглэл үйлдсэн байна.

Иймээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1920 тоот магадлалыг хүчингүй болгож Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01602 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Х нь “Х” ХХК болон Х.Бнараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 86.103.137 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан, шүүх хуралдааны явцад төлбөрийн хэмжээг 61.070.621 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хүүг хангалттай төлсөн гэж маргажээ.

Зохигчийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн шугамын гэрээгээр “Х” ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Баяндалай, Ц.Батжаргал нар нь нэхэмжлэгчээс 450.000 ам долларыг жилийн 13.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн, уг гэрээнд 2013 оны 12 дугаар сарын 27, 2014 оны 12 дугаар сарын 30-ний өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 5-ний өдөр хүртэл сунгасан. Мөн 2013 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн Барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүрэгт “Х” ХХК-ийн эзэмшлийн 20.000 м.кв газрын барьцаалжээ /хэргийн 9-19 дүгээр тал/.

Зээлийн шугамын гэрээний эхний 2 хуудас хэрэгт авагдсан байх ба талууд зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.-т зааснаар бичгээр байгуулсан гэж үзэх боломжгүй болно.

Хариуцагч нар нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 570.480.29 ам доллар төлсөн, мөн зээлдэгч “Хос хас” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 7-ний өдөр зээлийн үлдэгдэл төлбөрт 16.109.34 ам доллар төлж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлсэн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлд дурджээ.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нараас нэхэмжилж буй дээрх төлбөр ямар хугацаанд хамаарч байгаа, түүнийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхой бусаас гадна “Хос хас” ХХК зээлийн гэрээнд оролцсон эсэх, зээлдэгч нар зээлийн төлбөрт нийт хэдэн төгрөг хэрхэн яаж төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1920 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 463.303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ